| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1243/Э |
| Дугаар | 1261 |
| Огноо | 2019-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 1261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч М. Эрдэнэзаяа /томилолтоор/,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Г яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03745 1557 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Г
Холбогдсон хэргийн талаар:
Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндө” хоолны газрын орчим иргэн И.Гэрэлт-Одтой маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар мэдүүлсэн тул хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Гэрэлт-Одын өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 24-ний 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах “Сан дурсахуй” гэгдэх бааранд найз Мээдээгийн хамт орсон. Тэнд өмнө нэг суманд амьдардаг байсан Батмагнай, ганаа /Б.Г / гэгдэх 2 ахтайгаа таарсан. Тухайн бааранд ороод 4 шил пиво уусан. Тэгээд бид 4 тухайн баарнаас гараад юм яриад бөхийн өргөөний хойд талын буудал хүртэл такси барьсан. Таксинаас буугаад юм яриад зогсож байгаад Ганаа /Б.Г / гэх хүн чи муу хамгаалагч хийгээд их том болжээ гээд гэнэт гэнэдүүлээд зохиод авсан нэг юм доошоо үсрээд явчихаар нь хартал үүдэн 2 шүд маань уначихсан байсан. Тэгээд шүдээ аваад өндийгөөд хартал Ганаа зугтаачихсан байсан. Би тэгээд цагдаа дуудсан. Харин Батмагнай Ганааг дуудаад Ганаа ирж цагдаа нар Ганааг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Мэнд-Амарын өгсөн: ...Таксинд явж байхад Б.Г гэх залуу И.Гэрэлт-Од руу хэрүүлийн шинжтэй үгээр дайраад байсан. Удалгүй бөхийн өргөөний хойд талын буудал дээр бууцгаасан. Би Д.Батмагнай гэх залуутай хамт тамхи татахаар ойрхон байх хогийн савны тэнд очоод тамхиа татаж байхад Б.Г гэх залуу И.Гэрэлт-Од руу дайраад орилж байгаад цохиод зам гараад зугтсан. Тэгэхээр нь би Д.Батмагнай гэх залууг зугтаж магадгүй гэж бодоод барьж байгаад И.Гэрэлт-Одод хандаад цагдаа дууд гээд бүгд зам гарч Б.Г гэх залуу дээр очоод цагдаа ирэхийг хүлээгээд удалгүй цагдаа ирээд Б.Г болон И.Гэрэлт-Од нарыг цагдаа нар аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Батмагнайн өгсөн: ...бөхийн өргөөний замын хойд талд “Шөлөндө” гэх нэртэй хоолны газарт И.Гэрэлт-Од энд орж идээд гаръя гэхэд би хариуд бид хоёр хоол идэхгүй орж амарлаа маргааш тэмцээнтэй гэхэд И.Гэрэлт-Од мөнгө байхгүй бүгдээрээ хамт хоолонд оръё гээд байхаар нь би И.Гэрэлт-Одод арван мянган төгрөг өгчихөөд тамхи татах гээд “Шөлөндө” гэх нэртэй хоолны газрын баруун урд талд байх хогийн савны дэргэд очоод байж байхад И.Гэрэлт-Од Б.Г ахтай маргалдаж эхэлсэн. И.Гэрэлт-Од Б.Г ахыг харанхуй газар очиж зодолдъё гээд байсан. Тэгэхээр нь би салгах гээд тэр хоёрт хандаж нэг нутгийн хүмүүс байж маргалдаж муудаад яах вэ гэж хэлээд салгасан. Салгаад эргэж хараад алхах гэхэд И.Гэрэлт-Одыг Б.Г ах цохиод зам хөндлөн гарч зугтсан. Удалгүй И.Гэрэлт-Од цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд Б.Г ахын араас очиж уулзана гээд бид гурав зам гараад очоод Б.Г ахтай уулзаад арав орчим минутын дараа цагдаа ирээд И.Гэрэллт-Од, Б.Г нарыг авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 7877 дугаартай шинжээчийн:
1. И.Гэрэлт-Одын биед зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, зүүн доод үүдэн 2, 3, 4-р шүдний сулрал, доод уруулын зүүн талын доод гадаргуун язарсан шарх, дотор салстын язарсан шарх, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Б.Г ын: ...Буугаад И.Гэрэлт-Од болон түүний найз болох Ч.Амармэнд нарт хоол ид гээд Д.Батмагнай 10.000 төгрөг өгсөн. Тэр хоёр хоол идэхгүй архи авч ууна гээд байхаар нь би И.Гэрэлт-Одтой маргалдаж байгаад түүний нүүрэн хэсэгт нэг удаа баруун гараараа цохиод зугтаасан. И.Гэрэлт-Од цагдаад дуудлага өгсөн байсан ба надтай Д.Батмагнай утсаар яриад И.Гэрэлт-Одын шүд нь унасан байна гэж хэлээд хаана байгааг асуугаад араас удаагүй хүрээд ирсэн. И.Гэрэлт-Од надтай ирж уулзаад байж байхад цагдаа нар ирээд И.Гэрэлт-Од бид хоёрыг цагдаа нар авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Б.Г ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Б.Б.Г ын урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24, 25, 28-30, 31-37, 39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндө” хоолны газрын орчим иргэн И.Гэрэлт-Одтой маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч И.Гэрэлт-Од, гэрч Ч.Мэнд-Амар, Д.Батмагнай, яллагдагчаар өгсөн Б.Г нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7877 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч И.Гэрэлт-Од нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 120.000+8000=төгрөгийн төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлснийг шүүгдэгч Б.Г нь төлж барагдуулсан талаар нотлох баримт байхгүй байх тул шүүгдэгч Б.Б.Г аас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх-ийн 18, 20 дугаар тал/
Хохирогч И.Гэрэлт-Од гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж, шүүх хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. /хх-ийн 50 дугаар тал/
Хохирогч И.Гэрэлт-Од энэ гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Борын Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г ыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б.Г т оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Борын Б.Г аас /РД: / 128.000 /нэг зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Иваны Гэрэлт-Одод /РД:/ олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч И.Гэрэлт-Од нь цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ