| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/00992/и |
| Дугаар | 952 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 952
| 2016 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2016/00952 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 12 гудамж 32 тоотод оршин суух, Саадагт овгийн Галбадрахын Должинсүрэн /НК88053029/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Бүрэн сумын 1 дүгээр баг Төхөм 7 гудамж 9 тоотод оршин суух, Түмий овгийн Лувсандоржийн Мэндбаяр /НК85073118/-т холбогдох
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Должинсүрэн, хариуцагч Л.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Должинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Л.Мэндбаяртай 2006 онд танилцаж, 2007 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2007 оны 11 сарын 28-ны өдөр охин М.Номундарийг төрүүлсэн.
Бид хамтран амьдрах хугацаанд зан харьцааны таарамжгүй байсан тул 2009 оноос тус тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тул гэрлэлтийг цуцалж, охин М.Номундарийг өөрийн асрамжинд үлдээж, хариуцагч Л.Мэндбаяраас тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Л.Мэндбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Бид 2007 онд гэрлэлтээ бүртгүүлж, охин М.Номундарь төрсөн. Бид тус тусын амьдралтай би 2 хүүхэдтэй гэр бүлтэй болсон тул Г.Должинсүрэнтэй бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалж өгнө үү. М.Номундарийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө, эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Должинсүрэн хариуцагч Л.Мэндбаярт холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Галбадрахын Должинсүрэн, Лувсандоржийн Мэндбаяр нар нь 2006 оны 06 сарын 13-ны өдөр гэр бүл болсныг Иргэний гэр бүл байдлын бүртгэлд 2007 оны 03 сарын 29-ний өдөр бүртгүүлж, 2007 оны 11 сарын 28-ны өдөр Мэндбаярын Номундарийг төрүүлж өсгөн гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн 0029513 2007/09, хүүхдийн төрсний 0034749 -6 гэрчилгээний хуулбарууд, М.Номундарь Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогболбор сургуулийн 4 дүгээр ангид суралцаж байгаа тухай тус сургуулийн нийгмийн ажилтаны тодорохойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас тус тусдаа амьдарч байгаа, тэдгээрийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон бөгөөд гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон байдлыг үндэслэн шүүхээс эвлэрэх хугацаа өгөхгүйгээр цуцлах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д...”гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн хэний асрамжид үлдээхээр харилцан тохиролцож болно” гэжээ.
Охин М.Номундарийг эх Г.Должинсүрэнгийн асрамжид үлдээхээр эцэг, эх харилцан тохиролцсон мөн хүүхдийн амьдрах орчныг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй ба түүний өсөж дассан орчныг солих шаардлагагүй байх тул эхийн асрамжид үлдээж, эцэг Л.Мэндбаяраас тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.
Тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч Г.Должинсүрэнгийн төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Л.Мэндбаяраас нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164300 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Саадагт овгийн Галбадрахын Должинсүрэн /НК88053029/, Түмий овгийн Лувсандоржийн Мэндбаяр /НК85073118/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 11 сарын 28-ны өдөр төрсөн Мэндбаярын Номундарийг эх Г.Должинсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2007 оны 11 сарын 28-ны өдөр төрсөн М.Номундарийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Л.Мэндбаяраар тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Должинсүрэнгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Л.Мэндбаяраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН