| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1242/Э |
| Дугаар | 1260 |
| Огноо | 2019-08-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.У |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 1260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Г овогт С.Н яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00480 .... дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С.Н
Холбогдсон хэргийн талаар:
С.Н нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 10 минутын үед Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул худалдааны төвийн өргөтгөлийн хойд хаалганы баруун талын авто зогсоол бүхий замд “Хьюндай Бонго” маркийн 59-09 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Болортуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: Би хэрэг гарах үед ажлаасаа гараад “Нарантуул” зах дээр ачигчаар ажиллаж байсан юм. Миний ажиллаж байсан газрын захирлын эхнэр нь намайг Дорнод аймаг руу жимс, хүнсний ногоо ачуулаад ир гээд автомашинаа бариулж явуулсан юм. Тэгж явж байгаад 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчим энэ осол гаргасан. Осол гарсан даруйд хохирогчийг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Хохирогчийн хохиролд 500.000 төгрөгөөр 2 удаа нийт 1.000.000 төгрөгийн туслалцаа үзүүлсэн. Би автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Болортуяагийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчим би өөрийн дүү Нарангарав, түүний хүү Гантулга, охин Уранзаяа нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” зах руу очихоор явсан. Бид нар өргөтгөл рүү орж гурил будаа авчихаад авто зогсоол дээр явж байтал /ертөнцийн зүгээр баруун урагшаа/ баруун талаас ачааны авто шүргэхэд би үүргэвчтэй зүйлтэйгээ унахдаа зүүн хөлөө савж газар унасан. Тухайн үед зүүн хөл маш өвдөж байсан. Намайг алхаж явахад манай дүү 2 хүүхэдтэйгээ түрүүлээд явсан. Осол гарсны дараа ээжийгээ дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Дариймаагийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчим манай охин бага охин Б.Нарангарав нь өөрийн хоёр хүүхэд болон Болортуяагийн хамт “Нарантуул” зах орно гээд явсан ба “Нарантуул” захын зүүн талын өргөтгөл рүү орж гурил, будаа авчихаад буцаад өргөтгөл дотор ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байхад нь ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт явж байсан ачааны машин зүүн эргэхдээ буюу урагшаа зогсоол руу орохдоо манай охиныг шүргээд охин маань газар унахдаа зүүн хөлөө газар савж унаад хөлийнхөө хурууг гэмтээсэн. Б.Болортуяагийн эм тариа, таяганд ойролцоогоор 500 орчим мянган төгрөг зарцуулсан. Энэ бүхний баримт байхгүй, хаячихсан. Эмчилгээний зардалд жолоочоос 1 сая төгрөг өгсөн. Манай охин Б.Болортуяа өөрөө сонсголгүй, хэлгүй ба бид нарын яриаг дохио зангаагаар ойлгодог ба энэ ослын талаар цагдаагаар явж болохгүй гээд байгаа. Тухайн үед манай бага охин хоёр хүүхэдтэйгээ явж байсан учраас том охин Б.Болортуяаг өөрийнхөө хажууд дагуулж яваагүйгээс болж тухайн зам тээврийн осол гарсан байна лээ. Тийм болохоор уг хэргийг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Л.Батзаяагийн өгсөн: ...Миний автомашинд Дорнод аймаг ачуулах жимс, хүнсний ногоог ачсан байсан ба жолооч Төгсбаяр байхгүй байсан учраас ачигч Нэргүйг манай эхнэр Баярцэцэг хүргээд өгчих гэж хэлсний дагуу С.Н автомашиныг жолоодож явсан байна лээ. Дорнод аймгийн зогсоол “Нарантуул” захын өргөтгөлийн урд хэсэгт байрладаг. Тэр хоёрын хооронд ойролцоогоор 600 орчим метр газар байгаа байх гэж бодож байна. С.Н г жолоо барих эрхгүй гэдгийг манай эхнэр Баярцэцэг, жолооч Төгсбаяр бид нар мэдэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5798 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Болортуяагийн биед зүүн тавхайн эрхий хурууны үзүүрийн шивнүүрийн далд хугарал, завь хэлбэрийн ясны далд хугарал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Чулуунсүх гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/,
- Хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9 дүгээр тал/,
- Тээврийн хэрэгслийн жолоочийн лавлагаа /хх-ийн 68 дугаар тал/,
- Шүүгдэгч С.Н н оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63, 64, 66 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Н нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 10 минутын үед Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн хойд хаалганы баруун талын авто зогсоол бүхий замд “Хьюндай Бонго” маркийн 59-09 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Болортуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Болортуяагийн өгсөн “...Бид нар өргөтгөл рүү орж гурил будаа авчихаад авто зогсоол дээр явж байтал /ертөнцийн зүгээр баруун урагшаа/ баруун талаас ачааны авто шүргэхэд би үүргэвчтэй зүйлтэйгээ унахдаа зүүн хөлөө савж газар унасан. Тухайн үед зүүн хөл маш өвдөж байсан. Намайг алхаж явахад манай дүү 2 хүүхэдтэйгээ түрүүлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/, гэрч Ц.Дариймаагийн өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчим манай охин бага охин Б.Нарангарав нь өөрийн хоёр хүүхэд болон Болортуяагийн хамт Нарантуул зах орно гээд явсан ба Нарантуул захын зүүн талын өргөтгөл рүү орж гурил, будаа авчихаад буцаад өргөтгөл дотор ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байхад нь ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт явж байсан ачааны машин зүүн эргэхдээ буюу урагшаа зогсоол руу орохдоо манай охиныг шүргээд охин маань газар унахдаа зүүн хөлөө газар савж унаад хөлийнхөө хурууг гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 5798 дугаартай шинжээчийн “...Б.Болортуяагийн биед зүүн тавхайн эрхий хурууны үзүүрийн шивнүүрийн далд хугарал, завь хэлбэрийн ясны далд хугарал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Н г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Болортуяад 1.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр гаргасан хүсэлтэндээ болон хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ илэрхийлсэн байна. /хх-ийн 16-17, 72 дугаар тал/,
Гэвч хохирогч Б.Болортуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хохирогч Б.Болортуяа нь хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч С.Н г бусад баримтаар төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч С.Н нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 66 дугаар тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүгдэгч С.Н н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч С.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд С.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г овогт С.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар С.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар С.Н нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Н нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар С.Н н тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Н н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хохирогч Б.Болортуяа нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ