Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 951

 

 

 

 

 

        2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/00951

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Цолмон даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 2-1 тоотод оршин суух, Сутай овгийн Сэрээжавын Уранмандах /НЭ82123107/- ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 41 байр 2-23 тоотод оршин суух, Олхонууд овгийн Цэвээний Итгэл /НЭ81112278/-д холбогдох.

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ц.Саранчимэг, нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Уранмандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Миний бие нь Ц.Итгэлтэй 2006 онд гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдарсан. Бид 2006 оны 07 сарын 06-ны өдөр охин И.Цэлмэгийг төрүүлсэн. Нөхөр Ц.Итгэл нь 2008 онд Япон улсад ажиллахаар явсан ба одоог хүртэл ирээгүй тэндээ амьдарч байгаа юм. Охин маань одоо Зуунмод сумын Хүмүүн цогболбор сургуулийн 5 дугаар ангид суралцаж байгаа.  Бидний хэн хэн нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон. Иймд Ц.Итгэлтэй  бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин И.Цэлмэгийг миний асрамжид үлдээж, эцгээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож өгнө үү. Бид эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

Нэхэмжлэгч С.Уранмандах шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ...Миний бие нь Солонгос улс руу явах болсон тул намайг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэжээ.

 

Хариуцагч Ц.Итгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа... С.Уранмандахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Ц.Итгэл, С.Уранмандах нар 2006 онд гэрлэлтээ бүртгүүлж 2006 онд охин И.Цэлмэгийг төрүүлсэн. Ц.Итгэл нь Япон улсад ажиллаж, амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг зохигч тэдгээрийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Уранмандах хариуцагч Ц.Итгэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.Уранмандах хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсч энэ тухайгаа бичгээр шүүхэд мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Ц.Итгэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг Ц.Саранчимэгт олгосон байх ба тухайн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байна.

Цэвээний Итгэл, Сэрээжавын Уранмандах нар нь 2006 оны 02 сарын 17-ны өдөр гэр бүл болсныг Төв аймгийн Зуунмод сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2006 оны 08 сарын 01-ний өдөр  бүртгүүлж, 2006 оны 07 сарын 06-ны өдөр И.Цэлмэгийг төрүүлж өсгөн, гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн 0033311 -172 тоот, хүүхдийн төрсний 0214090/Г-232 гэрчилгээнүүд, охин И.Цэлмэг эсэн мэнд, сургуульд суралцаж байгаа болох нь өрхийн эмч, Хүмүүн цогцолбор сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахаар хэн аль нь харилцан тохиролцсон байдал, хариуцагч Ц.Итгэлийн 2008 оноос хойш Япон улсад амьдарч байгаа зэргийг үндэслэж, тэдгээрт шүүхээс эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Бага насны хүүхэд И.Цэлмэгийг эх С.Уранмандахын асрамжид үлдээхээр эцэг эх тохиролцсон мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдийн саналыг харгалзан үзэж эхийн асрамжид үлдээж, эцэг Ц.Итгэлээс хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.

 Тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч Ц.Итгэлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164300 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Сутай овгийн Сэрээжавын Уранмандах /НЭ82123107/, Олхонууд овгийн Цэвээний Итгэл /НЭ81112278/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2006 оны 07 сарын 06-ны өдөр төрсөн И.Цэлмэгийг эх С.Уранмандахын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт зааснаар И.Цэлмэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ц.Итгэлээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

5. Гэр бүлийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх,  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх,  үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Ц.Итгэлээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Уранмандахад, тэмдэгтийн хураамж 28209  төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                              Б.ЦОЛМОН