Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ХШТ/24

 

                                                                         Х.Б, Л.У нарт

                                                        холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Х.Б, Л.У нарын өмгөөлөгч Д.Айбек, Х.Зулхаш, шүүгдэгч Х.Б, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны  өдрийн 2024/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/61 дүгээр магадлалтай, Х.Б, Л.У нарт холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Б-ын гаргасан гомдлоор 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.Б, 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, **** аймгийн **** сумын **** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **** аймгийн **** сумын **** оршин суух хаягийн бүртгэлтэй, РД: ****,

Л.У, 1995 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, **** аймгийн **** сумын **** нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, эхийн хамт **** аймгийн **** сумын **** оршин суух хаягийн бүртгэлтэй, РД: ****,

Шүүгдэгч Х.Б нь **** аймгийн **** сумын ****-аар ажиллаж байхдаа **** аймгийн **** сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж улмаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулах болон татгалзсан албан бичгийг компаниудад хүргүүлснээс хойш ажлын 6 хоног болоогүй байхад буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “****” ХХК-тай гэрээ байгуулж, бусдын шударга өрсөлдөх боломжийг хязгаарлаж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Л.У нь **** аймгийн **** сумын ****оор ажиллаж байхдаа **** аймгийн **** сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яамнаас **** аймгийн **** сумын ****т албан бичиг илгээж, улмаар түүний **** гэх мэйл хаяг руу материал илгээх талаар мэдэгдсээр байхад материалыг хугацаанд нь илгээгээгүй өөрийн хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасан “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэсэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, мөн зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад буюу “****” ХХК-д давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.У-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Х.Б-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Айбек нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие **** сумын **** аар ажиллаж, тус сумын төвд баригдах 2,5 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер захиалагчаар оролцохдоо нээлттэй тендер шалгаруулах журмыг сахиж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцүүлэн сонирхогч этгээдийг тэгш оролцох боломжоор хангаж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах”, 24 дүгээр зүйлийн 24.3-т  “Тендер хүлээн авах эцсийн хугацааг 30-аас доошгүй хоногоор тогтоох” гэж заасныг биелүүлэн, хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар Үнэлгээний хороог тусгайлан байгуулж, захиалагчаас хараат бус ажиллах бүх нөхцөлийг бүрдүүлэн өгч, хэн нэгэнд давуу байдал олгоогүй, тэгш чөлөөтэй оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлж, сонгон шалгаруулах эрхийг Үнэлгээний хороонд өгч, тус хорооны гаргасан Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7-д заасан журмаар гаргасан үнэлгээний дүгнэлт шийдвэрийг захиалагчийн хувьд сахин биелүүлэн ажилласан.

Томилогдсон Үнэлгээний хороо  2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн үнэлгээний дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрхийг “****” ХХК-д олгож, тухайн компанийг сонгон шалгаруулсан учир Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нээлттэй тендер сонгон шалгаруулалтад оролцсон “****” ХХК болон “****” ХХК-д тус тус мэдэгдэж, улмаар гэрээ байгуулах эрх олгож, Үнэлгээний хорооны шалгаруулж дүгнэлт гаргасан “****” ХХК-тай захиалагчийн хувьд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулсан.

Тендерийг нээж тендер сонгон шалгаруулаад оролцсон “****” ХХК, “****” ХХК-ийн тендерийн материалыг хянан үзэж, Үнэлгээний хороо 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “****” ХХК-ийг шалгаруулж, гэрээ хийх эрх олгосон ба дүнгийн талаар “****” ХХК болон “****” ХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдэж, 6 хоног болсны дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ялсан аж ахуйн нэгж “****” ХХК-д гэрээ байгуулсан болно. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэх хуулийн заалтыг зөрчөөгүй бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Талууд болох “****” ХХК, “****” ХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн. “****” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан байна. Хэрэв 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг нэмж тооцвол 7 хоног болох ба 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэг хоног гэж тооцвол 6 хоногт гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй үйлдэл гэж харж байна. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн 28 дугаар зүйлийг 28.3-т “шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна" гэж , 28.7.4-т “Хамгийн бага үнэтэй тендерийг “Хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж, 28.14.6-д “Санхүүгийн саналын энэ хуулийн 28.2-28.7 дахь хэсгийг баримтлан үнэлж, гэрээ байгуулах эрхийг "хамгийн сайн гэж үнэлэгдсэн оролцогчид олгоно гэжээ. Иймд хамгийн бага үнийн санал гаргаж, хамгийн сайн үнэлгээ үнэлгээний хороо өгч шалгарсан, түүнд гэрээ байгуулах эрх олгож “****” ХХК-д гэрээ байгуулсан нь давуу байдал олгосон асуудал биш юм. Энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Би Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн болохоос бус урвуулан ашигласан зүйлгүй. “Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх, зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийх, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, эрх мэдлээ хэтрүүлэхийг хэлнэ гэжээ. Тэгвэл шүүгдэгч Х.Б надад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хуульд заасан журмаар оногдсон эрх хэмжээний хүрээнд худалдан авах ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий шалгарсан этгээдэд гэрээ байгуулсан явдал нь тухайн заалтад хамаарахгүй юм. Давуу байдал гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар тодорхойлсон бөгөөд өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал олгосон байдаг.

Шүүгдэгч X.Б би хэн нэгэнд давуу байдал олгоогүй, зөвхөн шалгарсан “****” ХХК-тай хуульд заасан чиг үүргийн хүрээнд гэрээ байгуулсан юм. Шүүгдэгч Х.Б намайг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дугаар зүйлд заасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах” гэх заалтыг зөрчиж, нэгээс хоёр хоногийн өмнө гэрээ байгуулсан гэж үзвэл энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйл /Хайнга хандах/ гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд “Албан тушаалтан, албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, өөрийн үүрэг үйл ажиллагааг явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, цаг хугацаа алдсан нь алдаа гаргахад хүргэсэн байхыг ойлгоно” гэжээ. Тэгвэл шүүгдэгч Х.Б нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар ажлын 6-аас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулах байтал 2023 оны 11 дүгээр сарын 29-өөс 2023 оны 12 дугаар сарын 05 хүртэл ажлын 6 хоног болоогүй байхад гэрээ байгуулсан гэж үзвэл энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш мөн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, цаг хугацаа алдсан үйлдэл” болох бөгөөд “Хайнга хандах” гэмт хэргийн шинжтэй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Х.Б надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Х.Б хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар үнэлгээний хороог тусгайлан байгуулж, захиалагчаас хараат бус ажиллах бүх нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд тус хороо нь тендер сонгон шалгаруулалтыг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу тендер хүлээн авах эцсийн хугацааг 30-аас доошгүй хоногоор тогтоож ажилласан. Үнэлгээний хороо нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тендер сонгон шалгаруулалтыг дуусгаж, **** буюу захиалагчид зөвлөмж ирүүлсэн. Тодруулбал, тендер шалгаруулалтад 2 компани оролцож, тэдгээрээс "****" ХХК илт хуулийн шаардлага хангасан тул үнэлгээний хорооноос тус компанийг тендерийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тухай зөвлөмж ирүүлснээр миний бие Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар гэрээ байгуулах эрх олгох, тендерт шалгасан эсэх талаарх албан бичгийг сонгон шалгаруулалтад оролцсон 2 компани тус бүрд хүргүүлсэн. Улмаар эрх олгосноос хойш 6 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар гэрээ байгуулах эрх олгосон компанитай “Замын зураг, төсөв боловсруулах гэрээ” байгуулсан. Гэтэл тендерт оролцсон компани болох "****" ХХК нь Сангийн яамд “тендерийн баталгааг хянаж үзсэнгүй” гэх гомдол гаргасан. Уг гомдлыг Сангийн яам хянаж үзээд Тамгын газарт албан бичиг илгээсэн боловч тус албан бичиг шуудангаар хугацаандаа ирээгүй, 14-20 хоногийн дараа ирсэн. Тус хугацаанд бид гэрээ байгуулж, урьдчилгаа санхүүжилтийг олгож, ажлаа эхлүүлсэн байсан.

Гэтэл 2024 он гарсны дараа Авлигатай тэмцэх газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж заасныг зөрчиж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд намайг гэм буруутайд тооцсоныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Миний бие 7 хоног өнгөрсний дараа гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааг тооцсон. Гэтэл ажлын 1 хоног дутуу гэх үндэслэлээр намайг буруутгасан. Иргэний хуулийн хугацаа тооцох зарчмаар 6 хоног хангалттай өнгөрсөн гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбарлаж хэлсэн боловч намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Би Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн болохоос биш албан тушаалаа урвуулан ашигласан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Х.Зулхаш хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хоёр шатны шүүх Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэх ойлголтыг Эрүүгийн хуульд “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэж тайлбарлажээ. Гэтэл Х.Б нь тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу захиалагчийн хувиар оролцож, мөн хуулийн 46.1-д зааснаар үнэлгээний хороо байгуулж, 46.1.3-т зааснаар үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн тендер сонгон шалгаруулалтад ялсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан. Тендерийн үнэлгээний хороо нь тендер сонгон шалгаруулалтад сонирхогч этгээдийг тэгш боломжоор ханган оролцуулж, мөн хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, 30 хоногийн хугацааг сахин биелүүлж, тендер сонгон шалгаруулалтын бүхий л үйл ажиллагааг хуульд заасан журам, хугацаанд явуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тендер сонгон шалгаруулалтыг үнэлгээний хороо сонгон шалгаруулж, 2 аж ахуйн нэгжийн ирүүлсэн материалыг хянан үзэж, хамгийн бага үнийн санал гаргасан "****" ХХК-ийг шалгаруулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ.” гэж заасан. Иймд сонгон шалгаруулалтад оролцсон 2 аж ахуйн нэгж дотроос хамгийн бага үнийн санал гаргасан "****" ХХК-ийг шалгаруулсныг хууль зөрчөөгүй, хуульд заасны дагуу ажилласан гэж үзэж байна. Үнэлгээний хороо "****" ХХК-ийг тендер сонгон шалгаруулалтад шалгаруулж, гэрээ байгуулах эрхийг захиалагчаар оролцсон Х.Б-т олгосон учир тэрээр 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тендерт оролцсон 2 компанид хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлж, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу 7 хоног өнгөрсний дараа “****" ХХК-тай гэрээ байгуулсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “ажлын 6 хоногийн дараа гэрээ байгуулах ёстой атал 5 дахь хоногт гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн. Энэ нь албаны бүрэн эрх, албан тушаалын байлаа урвуулах ашиглах гэмт хэргийн шинжтэй” гэж дүгнэсэн тул шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу үнэлгээний хороо байгуулагдсан учраас үнэлгээний хорооны шийдвэрийг захиалагч өөрчлөх эрхгүй. Энэ талаар мөн хуулийн 29 дүгээр зүйлд тодорхой тусгасан.

Х.Б нь талуудад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдэж, 7 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон. Мэдэгдсэн үйл баримт, гэрээ байгуулсан үйл баримт хоёрын хооронд 7 хоногийн хугацаа өнгөрсөн. Гэтэл анхан шатны шүүх Х.Б-ыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу ажлын 6 хоногийн дараа гэрээ байгуулах ёстой байсан” хэмээн буруутгасан. Гэвч 1 хоног өнгөрсөн ч, өнгөрөөгүй байсан ч нэгэнт үнэлгээний хороо “****” ХХК-ийг сонгон шалгаруулж, үнэлгээний дүгнэлт гаргасан тул Х.Б тус компаниас өөр компанитай гэрээ байгуулах эрхгүй. Анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж чадалгүй хуулийг буруу хэрэглэсэн. Хэрэв Х.Б-ын үйлдлийг хуульд заасан хугацааг баримтлалгүйгээр, хуульд заасан хугацаанаас өмнө гэрээ байгуулсан гэж үзвэл түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна.

Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 381 дүгээр тогтоолд “албан тушаалын байдалд хайнга хандах гэдэг нь захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон чиг үүргийг биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргээ биелүүлээгүй буюу цаг хугацаа алдсан, цаг хугацааны алдаа дутагдал илэрснийг ойлгоно” гэж тусгагджээ. Иймээс Х.Б-ыг хуульд заасан 6 хоногоос өмнө гэрээ байгуулсан гэж үзвэл түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг агуулж байна. Хэрэв үүний дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татвал Х.Б-ын үйлдлийн улмаас төр, нийгэмд учирсан ямар нэгэн хохирол, хор уршиг байхгүй. Энэ нь шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан хохирлын талаарх баримтуудаар нотлогдоно. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон тул Х.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Д.Айбек хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч Х.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол, өмгөөлөгч Ш.Зулхашийн гаргасан тайлбартай санал нэг байна” гэв.

Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...хэргийг хэргийн бүрдэл хангагдаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалтгүй, эргэлзээтэй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон нотлох баримт хангалтгүй атал шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, хэргийн 81 дүгээр талд авагдсан баримтаар “****” ХХК буюу тендерт ялагдсан компани нь тендерийн баталгааг гаргаж, бичиг баримтын бүрдлийг хангасан атал “****” ХХК буюу тендерт ялсан компани нь тендерийн баталгаа ирүүлээгүй, бичиг баримтын бүрдлийг хангаагүй болох нь тогтоогдсон. Үнэлгээний хороо уг нөхцөл байдалд тендер сонгон шалгаруулалт явуулж, улмаар захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар прокурор, шүүхийн хэн аль нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймээс гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, нөхцөл байдлыг шалгаж тодруулсны эцэст хууль зүйн дүгнэлт хийх боломжтой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг” хэлнэ гэж, 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана.” гэж тус тус заасан атал тендер сонгон шалгаруулалт явуулсан нь бүхэлдээ хууль зөрчсөн байна. Авлигын гэмт хэргийн объектив шинж нь субъектив шинжээ тодорхойлдог. Энэ гэмт хэрэгт нэр бүхий хүмүүсийг шалгаж, хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцөл, нотлох баримт болон хэргийг сэргээн тогтоогдсон үйл баримтын хоорондын уялдаа холбооны талаар хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт нотолбол зохих байдлыг тодруулж хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:         

1.Хяналтын журмаар шүүгдэгч Х.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

2.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.У-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Х.Б-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Д.Айбек нарын гомдлыг үндэслэн хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

3.Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, прокурор, дээд шатны прокурорын  гомдол, эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцдэг.

Харин хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болно.

4.Энэхүү хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, хуулийг зөв оновчтой тайлбарлан хэрэглэхэд гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн авч хэрэгжүүлээгүй байна.

5.Прокуророос цагаатгагдсан этгээд Л.У-г **** аймгийн **** сумын ****оор ажиллаж байхдаа **** аймгийн **** сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яамнаас **** аймгийн **** сумын **** газарт албан бичиг илгээж, улмаар түүний **** гэх мэйл хаяг руу материал илгээх талаар мэдэгдсэн байхад материалыг хугацаанд нь илгээгээгүй, өөрийн хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр хуульд заасан гомдлыг эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, мөн зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлджээ.

Хоёр шатны шүүх 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 5.1.1,  5.1.2, мөн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дугаартай “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 4.6-д зааснаар үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь тендерийн баримт материалыг Сангийн яаманд хүргүүлэх үүрэг хүлээхгүй, үүргийг захиалагч хүлээх тул Л.У нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаар албан бичгийг хүлээн авсан боловч тендертэй холбоотой материалыг явуулаагүй үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.

Цагаатгагдсан этгээд Л.У-г **** аймгийн **** сумын ****ын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар ****ийн ажилд, мөн ****ын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/14 дугаар тушаалаар **** суманд 2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх сумын төвийн хатуу хучилттай авто замын зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр буюу нарийн бичгээр тус тус томилсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

5.1.Гэмт хэргийн субъектийн нийтлэг шинжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд насыг, 6.3 дугаар зүйлд хэрэг хариуцах чадвартай байдлыг тодорхойлох замаар хуульчилсан бол хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдэд байх онцлог шинжийг субъектийн тусгай шинж гэж үздэг.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсгийн диспозицид тухайн гэмт хэргийг тусгай шинж бүхий этгээд үйлдсэн байхыг зааж өгснөөр илрэн гарна.

Гэмт хэргийн субъектийн тусгай шинжийг дийлэнхдээ Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийн диспозицид үндсэн бүрэлдэхүүн болгон хуульчилдаг бол зарим тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоодог байна.

Гэмт хэргийн тусгай субъектийн нийтлэг шинжийг харгалзан хууль тогтоогч тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид бие даасан бүлэг болгон хуульчилдаг бөгөөд үүний тод жишээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21, 22, 23, 28 дугаар бүлгүүд юм.

“Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон...” үйлдэл байхаар хуульчилжээ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох бөгөөд бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэмт санаа, зорилгыг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тодорхойлох боломжтой байдаг.

5.2.Прокурорын яллах дүгнэлтэд Л.У-г **** аймгийн **** сумын ****, авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргын үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбоотойгоор хоёрдмол утгатай ялласан байхад шүүх зөвхөн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга тендерийн баримт материалыг Сангийн яаманд хүргүүлэх үүрэг хүлээхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Монгол Улсын Сангийн яамнаас тендер шалгаруулсан шийдвэрт гомдол гаргасан тухай мэдээлэл агуулсан материалыг **** гэх мэйл хаяг руу Л.У-д **** аймгийн **** сумын ****оор ажилладаг байдлыг захиалагч гэж үзэж, эсхүл сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувьд илгээсэн эсэх, түүнчлэн **** гэх мэйл хаяг ямар ажлын хэрэгцээ шаардлагын улмаас Монгол Улсын Сангийн яамны ажилтанд байсан болохыг тодруулах шаардлагатай.

6.Хэрэгт гэрч Т.М-ын “...Материал сангийн яам руу явуулах гэж байгаад нөгөө компаниудаас гомдол байхгүй гэж сумын Засаг даргын тамгын газрын дарга руу ярьсан гэхээр нь материал явуулах шаардлага байхгүй байх гэж ойлгоод явуулаагүй. Нэгэнт “****” ХХК гомдлоо татсан гэсэн болохоор явуулах шаардлагагүй гэж ойлгосон. Энэ асуудал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхлэхээр нь Сангийн яам руу явуулсан...”, гэрч Д.О-ийн “...тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичгийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Л.У-д мэйл хаягаар нь хүргүүлж эх хувийг 14 хоногийн дотор хүргүүлсэн. Гомдол гарснаас хойш хуульд заасны дагуу 14 хоногийн дотор захиалагч материалыг манайд буюу Сангийн яаманд ирүүлэх ёстой. Гэтэл захиалагч **** аймгийн **** сумын ****аас ирүүлээгүй. ...ирүүлэх талаар түүний утас руу нь залгаж холбогдож байсан боловч Л.У нь надад хэлэхдээ “****” ХХК нь Сангийн Сангийн яаманд гаргасан гомдлоо татаж авсан гэж хэлсэн...”, гэрч Ч.М-ын “...**** сумын **** Х.Б гэсэн шиг санагдаж байна, нэрийг нь буруу санаж байж магадгүй энэ хүн миний **** дугаарын утас руу залгаж /над руу залгасан дугаарыг одоо санахгүй байна/ гомдлоо татчих, дараагийн удаа хамтарч ажиллаж болно гэсэн утгатай зүйлийг хэлсэн, тэгэхээр нь би за гэж хэлээд тендерийн баталгаанд байршуулсан мөнгөө цуцлуулж авсан...” гэх мэдүүлгүүд авагдсан байна.

Монгол Улсын Сангийн яамнаас Л.У-д **** гэх мэйл хаягаар илгээсэн тендер шалгаруулсан шийдвэрт гомдол гаргасан тухай мэдээлэл агуулсан материалын талаар цагаатгагдсан этгээд Л.У, эсхүл түүгээр дамжиж Х.Б-т ирж тасарсан болох, уг нөхцөл байдал Х.Б-ын холбогдсон хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэхийг тодруулах нь зүйтэй.

7.“****” ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/437 тоот албан бичгээр **** аймгийн **** сумын ****аас зарласан “Сумын төвийн хатуу хучилттай авто замын зураг төсөв” гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтай холбогдуулан гомдол гаргасан болох нь  Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/9236 тоот албан бичгээр нотлогдож байна.

Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналд “****” ХХК тендерийн баталгаа хэсэгт тэмдэглэл /1хх 81/ хийгдээгүй байна.

“****” ХХК тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй бол 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт зааснаар захиалагч тухайн тендерээс татгалзах үүрэгтэй байсан эсэхийг бүрэн бодитойгоор шалгах шаардлагатай тул энэ талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй.

8.Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц хэргийн үйл баримтыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 61 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

                       ДАРГАЛАГЧ                                         Ч.ХОСБАЯР

                                ШҮҮГЧ                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                      Б.ЦОГТ