Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1516

 

 

 

 

 

 

 

 

 

“Мон цемент билдинг материалс” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

                                                         

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7  дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05101 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Мон цемент билдинг материалс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Нацагдоржид холбогдох

 

Сургалтын гэрээний төлбөр 21 573 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ажилласан хугацааны цалин 5 878 700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Золзаяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Баясгалан,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Соёл-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэнж сант” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 09–ний өдөр иргэн Р.Нацагдоржтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Дорноговь аймаг, Өргөн суманд байрлах, компанийн үйлдвэрийн цахилгаан хэлтэст кип автоматжуулалтын инженерийн албан тушаалд үндсэн цалин 700 000 төгрөг, томилолтын зардал 500 000 төгрөгийн цалинтайгаар 6 сарын туршилтын хугацаатайгаар талууд харилцан тохиролцсон. “Сэнж сант” ХХК нь ажилтны мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр талууд сургалтын гэрээг байгуулж, Р.Нацагдоржийг БНХАУ-ын “Хуашин цемент” ХХК-ийн сургалтад 2015 оны 1 дүгээр  сарын 15-наас 2015 оны 4 дүгээр сарын 27-ныг хүртэлх өдрүүдэд хамруулсан. Ийнхүү сургалтанд хамрагдахад унааны зардал, сургалтын төлбөр, байрны буюу зочид буудалд сургалтын нийт хугацаанд байрлуулсан зардал буюу өдрийн 2 хоолыг тогоочоор бэлтгүүлэн хийж өгч, өглөөний хоолны мөнгийг сард 800 юаниар тооцож суралцагчид олгож байсан зардалууд багтсан. Энэхүү сургалтын гэрээний нийт зардал нь гэрээний 2-т заасны дагуу 21 573 000 төгрөг бөгөөд сургалтын гэрээний дагуу “… гэрээ эсхүл хөдөлмөрийн гэрээ талуудын хэн нэгний санаачлагаар цуцлагдсан бол төлбөл зохих сургалтын өртөгийг үл маргах журмаар компанийн тогтоосон хугацаанд компанид төлөх  үүрэгтэй” буюу ажилтан тус гэрээг байгуулснаас хойш 1 жилийн дотор ажил олгогчийн болон ажилтны санаачилгаар цуцлагдсан тохиолдолд гэрээний зардлыг ажилтнаар нөхөн төлүүлэхээр гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу дээрх сургалтанд хамрагдаж гэрээний 3.а-д заасны дагуу сургалтыг амжилттай төгсөөд компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус компанид нэг жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан бол сургалтын өртөгийн 25 хувийг 3.б, 3.в-д заасны дагуу нийт 3 жил компанид ажилласан бол сургалтын төлбөрийг бүрэн төлөгдсөнд тооцохоор гэрээ хийсэн. Р.Нацагдорж БНХАУ-д суралцаж ирээд туршилтын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон учир ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг шинэчлэх санал гаргаж аж үйлдвэр автоматжуулалтын хэсэгт үйлдвэрлэл, автоматжуулалтын инженерийн албан тушаалд 1 500 000 төгрөгийн цалинтайгаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг ажилтанд өгсөн боловч гэрээнд шалтгаангүйгээр гарын үсэг зураагүй. Ажил олгогчийн зүгээс ажилтантай удаа дараа уулзаж, цалинг нэмэх, тохиролцох талаар ярьж байсан боловч 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажлаас гарах өргөдлөө ажил олгогчид өгсөн. Ажилтан өргөдөл өгч ажил олгогчоос тушаал гартал 30 хоногийн хугацаанд ажил гүйцэтгэх ёстойг хэлсээр байхад дур мэдэн ажил хаяж явсан. Р.Нацагдоржийн ажлаас гарах өргөдөл өгсөн хугацаанаас хойш ажил хүлээлцэх 30 хоногийн хугацаанд компанийн удирдлагууд ажиллах боломж олгон цалин нэмэгдүүлье, бид нар өндөр зардлаар сургасан ажилтнаа ажлаас гаргах хүсэлгүй байна гэхэд би англи, хятад хэлтэй учраас ажиллахгүй гэдгээ хэлсээр ирсэн. Улмаар бид ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, ажил хүлээлцэх хугацаа тогтоож, сургалтын гэрээний дагуу 21 573 000 төгрөгийг төлөхийг хэлсээр байсан боловч өнөөдрийг хүртэл тойрох хуудсаа бөглүүлээгүй, ажлаа хүлээлцээгүй байгаа болно. Утсаар залгахад би ажилд орсон хөдөө ажиллаж байгаа, завгүй байна гэдэг хариу өгдөг. Ийнхүү манай компани нь өөрийн зардлаар бага бус хэмжээний 21 573 000 төгрөгөөр ажилтнаа БНХАУ-д 3 сарын хугацаатайгаар сургаад компанидаа тогтвортой ажиллуулж, цалинг нь нэмж, ажиллах бололцоо олгосоор байхад ажиллаас гарч, компанийн нууцад хамаарах мэдээллийг устгаж, өнөөдрийг хүртэл сургалтын гэрээний дагуу 21 573 000 төгрөгийг төлөхгүй байгаад манай компани хохирч байна. Иймд сургалтын гэрээний дагуу 21 573 000 төгрөгийг Р.Нацагдоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, сурч боловсрох эрхтэй билээ. Үүний дагуу л ажиллаж амьдарч яваа залуу хүн байна. “Сэнж сант” ХХК нь надтай хөдөлмөрийн гэрээ, сургалтын гэрээ байгуулсаныг би үгүйсгэхгүй. Харин сургалтын гэрээний дагуу 21 573 000 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд сургалтад суусан бөгөөд очоод сураагүй, эргэж ирээгүй үйлдэл хийгээгүй болно. “Сэнж сант” ХХК-ийн захирал Г.Ариунхишиг нь хариуцсан ажилдаа маш хариуцлагагүй, ажилласан хугацааны цалинг минь хугацаанд олгоогүйд би гомдолтой байдаг.           Сургалт чанаргүй явагдсан талаар би мэдэгдэж байсан бөгөөд миний бие сурах биш, багшлах үүргийг хийж байсан. Анх намайг ажилд ороход 2 000 000 төгрөгөөс дээш цалин авах боломжтой гэж байсан боловч, гэрээг шинэчилэн хийх саналыг өгөхдөө 1 000 000 төгрөгөөр, миний ажиллах нөхцөлийг хэвийн гэж үзсэн учраас гэрээ байгуулаагүй. Миний бие орон сууцны 8 хувийн зээлд хамрагдах гэтэл миний нийгмийн даатгалыг 600 000 төгрөгөөс төлсөн байснаас хамрагдаж чадаагүй. Миний хувьд 8 дугаар сард ажилдаа очоогүй нь үнэн юм. 7 дугаар сард наадмын 5 өдөр ажилласан хөлсөө авах хүсэлтээ хэлж байсан.             Сургалтын гэрээний үүрэг биелэгдээгүй гэрээний тэгш эрхийн зарчим алдагдсан. Компанид ямар хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй, төсөвлөгдөөгүй зардал гарсан гэж ойлгохгүй байна. Европын сэргээн босголтын банкнаас сургалтын санхүүжилт хийгдсэн бол тус банкны эрх зөрчигдөж байгаа юм бишүү. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Р.Нацагдорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр тус компанид кип автоматжуулалтын инженерийн албан тушаалд ажиллахаар болсон. Эхний 6 сарыг туршилтын хугацаа хэмээсэн бөгөөд дахин гэрээг сунгахаас миний бие татгалзсан. 2015 оны 5 дугаар сард ажилласан хугацаа 24 өдөр бөгөөд энэ нь ажлын 264 цаг үүнээс илүү цаг 96 бөгөөд ажлын хөлс 1 028 500 төгрөг, 6 дугаар сарын цалин дансанд огт ороогүй, 24 өдөр үндсэн цалин 1 200 000 төгрөг илүү цаг 88 үүний хөлс 937 200 төгрөг, 7 дугаар сард 16 өдөр ажилласны цалин 666 600 төгрөг, баяр ёслолын 5 өдрийн хөлс 916 000 төгрөг, бүгд  4 748 300 төгрөг дээр, 7 дугаар сарын 20-ноос хойш 9 өдрийн цалин 400 000 төгрөг, 8 дугаар сарын 20 хүртэл 14 өдрийн цалин 730 400 төгрөг нийт 5 878 700 төгрөгийн цалин хөлс огт олгоогүйд гомдолтой байна. Иймд ажилласан хугацааны цалин болон илүү цагийн хөлс нийт 5 878 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ажил олгогчийн зүгээс ажилтантай удаа дараа уулзаж, цалинг нэмэх, тохиролцох талаар ярьж байсан боловч 2015 оны 7 дугаар сарын 20–ны өдөр ажлаас гарах өргөдлөө ажил олгогчид өгсөн. Р.Нацагдорж нь сургалтын гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 5 дугаар сарын илүү цагийн мөнгө 771 429 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын цалин 1 854 545 төгрөг,  2015 оны  7 дугаар сарын цалин  1 140 000 төгрөг буюу нийт 3 765 974  төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцож суутгахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан хариуцагч Р.Нацагдоржоос сургалтын төлбөр 3 452 829  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мон цемент билдинг материалс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 120 171 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар “Мон цемент билдинг материалс” ХХК-иас ажилласан хугацааны цалин 3 765 974 төгрөгийг гаргуулж, Р.Нацагдоржид олгож, сөрөг нэхэмжлэлээс 2 112 725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Нацагдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 70 125 төгрөгийг гаргуулж, “Мон цемент билдинг материалс” ХХК-д  олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Р.Нацагдорж нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, “Мон цемент билдинг материалс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 75 205 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа давж заалдах гомдолдоо:  Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүлийн 44.2-т заасан шаардлага хангасан нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудыг  үнэлээгүй. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг сургалтанд хамруулсаныг нотлох хангалттай, өөрт байх бүхий л нотлох баримтуудаа гаргаж өгсөн бөгөөд эдгээр нотлох баримтуудыг орчуулгын товчоогоор орчуулуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Шүүхийн шийдвэрээр БНХАУ-д байрлах зардал 7 016 724 төгрөг, танхим сургалтын зардал 9 940 359 төгрөг, үйлдвэрлэлийн дадлага 2 533 817 төгрөг зэргийг дээрх хуулийн заалтаар шаардлага хангасан нотлох баримтгүй гэж хангаагүй байна. Гэтэл эдгээр төлбөрийг нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                                                                           

            Нэхэмжлэгч “Мон цемент билдинг материалс” ХХК нь хариуцагч Р.Нацагдоржид холбогдуулан сургалтын гэрээний төлбөр 21 573 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилласан хугацааны цалин 5 878 700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Мон цемент билдинг материалс” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө “Сэнж сант” ХХК гэсэн оноосон нэртэй байсан ба тус өдөр хуулийн этгээдийн оноосон нэрээ өөрчилсөн байна.

 

            Хариуцагч Р.Нацагдорж нь 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Сэнж сант” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанид кип автоматжуулалтын инженерийн албан тушаалд туршилтын 6 сарын хугацаатай ажиллахаар тохиролцжээ. /хх-ийн 42-44 дүгээр тал/

 

            Ажилтан Р.Нацагдоржийг туршилтын хугацаанд ажиллаж байх үед буюу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр талууд сургалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил олгогч нь ажилтныг БНХАУ-ын Хуашин цементийн үйлдвэрт, 3 сарын мэргэшүүлэх сургалтанд хамруулж, сургалттай холбоотой зардал 21 573 000 төгрөгийг төлөх, ажилтан нь  сургалтыг дүүргэж ирээд компанид 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 32-35 дугаар тал/

 

            Хариуцагч Р.Нацагдорж нь сургалтын гэрээний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны  4 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд БНХАУ-д сургалтанд хамрагдсан болон сургалтыг төгсөж ирээд тус компанид үргэлжлүүлэн ажиллаагүй үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

            Анхан шатны шүүх хариуцагч Р.Нацагдоржийг сургалтын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул сургалттай холбоотой гарсан зардлыг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь Р.Нацагдоржийг сургалтанд хамруулахад гарсан бодит зардал буюу гэрээний үүргийн зөрчлөөс учирсан бодит хохирлын хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

 

            Хэдийгээр талууд сургалтын гэрээнд сургалттай холбоотой гарах зардлыг 21 573 000 төгрөг байхаар тусгасан байх боловч энэ нь сургалтын туршид дээрх зардал гарахыг баримтад тулгуурлаж бодитоор тооцож гаргасан гэх боломжгүй, түүнчлэн уг заалт нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч байгууллага нь сургалтад хамрагдаж буй ажилтнуудад гэрээний нөхцөлийг санал болгосон, уг заалтад хариуцагч Р.Нацагдоржийн зүгээс өөрчлөлт оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д гаргасан зардлаа шаардах эрхийг өөртөө олгосон нөхцөлийг, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнд санал болгосон тохиолдолд уг заалт хүчин төгөлдөр бус байх журамтай тул нэхэмжлэгч нь уг заалтыг  үндэслэн 21 573 000 төгрөгийг бүхэлд нь шаардах эрхгүй гэж үзлээ. 

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагч Р.Нацагдоржоос  3 452 829 төгрөгийг сургалтын зардалд гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх боловч шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлохдоо хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн үүрэг гэж үзсэн нь буруу болжээ.

 

            Талуудын байгуулсан сургалтын гэрээ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан, гэрээний үүргийн харилцааг үүсгэсэн,  189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ байх тул  нэхэмжлэгч нь  гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой шаардлагаа мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар сургалтын гэрээний зардалтай холбоотой бодитоор учирсан хохирлоо арилгуулах агуулгаар шаардах эрхтэй юм.

 

            Түүнчлэн талууд ажилтан Р.Нацагдоржийн 2015 оны 5, 6, 7 дугаар сарын цалинг олгоогүй талаар маргаагүй ба нэхэмжлэгч “Мон цемент билдинг материалс” ХХК-иас хүлээн зөвшөөрсөн 3 765 974 төгрөгийг гаргуулж хариуцагч Р.Нацагдоржид олгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05101 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

             1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 …” гэснийг, “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1” гэж,

             2 дахь заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 …” гэснийг, “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1” гэж,

             3 дахь заалтын “… 56.1 …” гэснийг, “56.2” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 815 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ        

                                   

                                            ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА                                                                               

                                                                                                  Г.ДАВААДОРЖ