| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 197/2026/01481/И |
| Дугаар | 210/МА2026/01156 |
| Огноо | 2026-05-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/01156
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ094673 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 26,500,000 төгрөгийг, жилийн 39.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. /хх-7-9/
4. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зохигч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр БГ094673 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, уг гэрээгээр ******* улсын дугаартай, ******* маркийн автомашин барьцаалсан. /хх-63-64/
Ийнхүү үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, нэхэмжлэгч нь автомашины эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдлаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
5. Анхан шатны шүүх үндсэн үүргийн хувьд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, хэргийн 6 дахь талд авагдсан *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл зээлдэгч нь банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа, санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, гадаад валютын арилжаа болон итгэлцлийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хариуцагчид зээл олгосон болох нь тогтоогдсон. /хх-6/
Иймээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
6. Талууд дээрх зээлийн гэрээгээр сар бүр тогтсон хугацаанд зээл, зээлийн хүүг төлөх, ийнхүү төлснөөр гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 26,500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,263,202 төгрөг, нийт 29,763,202 төгрөг төлөх, зээлийг төлөөгүй хугацаа хэтэрвэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
7. Зээлдүүлэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө болох 26,500,000 төгрөгийг зээлдэгч *******ийн өмчлөлд шилжүүлэн өгч гэрээний үүргээ гүйцэтгэсэн болох нь хэргийн 33-34 дэх талд авагдсан ******* банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар, зээлдэгч ******* нь гэрээгээр тохиролцсон зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүүгийн төлбөр 632,514 төгрөг төлснөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь зээл хүүгийн тооцоолол баримтаар тус тус тогтоогдсон, энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хх-9-10/
8. Харин хариуцагч нь фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн үүрэг бүрэн дуусгавар болсон гэж тайлбар гаргасан нь маргааны зүйл болжээ.
9. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу зээлдүүлэгч нь шүүхийн шийдвэргүйгээр буюу хуульд зааснаар фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчаас гаргуулан, эзэмшилдээ шилжүүлэн авсан байна. /хх-36/
10. Фидуцийн гэрээ нь үндсэн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулж, үүргийг дуусгавар болгох зорилгоор хийгддэг боловч фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдахгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг өмчлөлд шилжүүлсэн фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч нь бодитойгоор гаргуулан авсан тохиолдолд гагцхүү энэхүү гэрээний үүрэг дуусгавар болох бөгөөд ийнхүү дагалдах эрх дуусгавар болсон нь үндсэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй юм.
Тиймээс нэхэмжлэгч нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан боловч зээлийн төлбөрийг бүрэн төлж хүрэлцэхгүй тохиолдолд үүрэг зохих ёсоор биелэгдээгүй гэсэн үндэслэлээр үлдэх төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй ба энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
11. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасныг залруулж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
12. Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоосон *******-ийн 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлангаар тээврийн хэрэгслийг 15,666,666 төгрөгөөр үнэлсэн, ийнхүү үнэлэхдээ автомашиныг хүлээлцэх үед техникийн оношилгоо хийлгэсэн, уг оношилгоогоор тээврийн хэрэгсэлд урд босоо солих, зүүн хойд пиланз солих, хойд наклад солих, үндсэн хабрид батарей алдаа заасан, 4 дугуй өөр /солих/ гэсэн байх ба дээрх засвар, үйлчилгээ хийхтэй холбогдон гарах зайшгүй зардал 2,338,000 төгрөгийг хассан байна.
13. Тиймээс фидуцийн гэрээний дагуу автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэмжээг үнэлгээний тайланд тусгасан хэмжээгээр тогтоох нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасанд нийцэх ба анхан шатны шүүх тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх үеийн үнэлгээний тайланг үнэн зөв гэж дүгнэсэн боловч үндсэн зээл 14,266,514 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Иймд, үндсэн зээлийн үлдэгдэл 26,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 3,432,514 төгрөг нийт 29,932,514 төгрөгөөс хариуцагчийн хүүгийн төлбөрт төлсөн 632,514 төгрөг болон тээврийн хэрэгслийн үнэлгээ 15,666,666 төгрөгийг хасаж тооцоход хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 13,633,334 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 197/ШШ2026/09309 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 13,633,334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,166,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ж.ЛХАГВАСҮРЭН