Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1269

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогч, шүүгдэгч Ц.М, Л.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.М, Л.Т нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03687 .... дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Ц. М

2. Монгол улсын иргэн, Л.Т

Холбогдсон хэргийн талаар:

Ц.М, Л.Тнар нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин моторс” ХХК-ийн байранд гэр бүлийн маргаанаас үүдэн харилцан зодолдох явцдаа бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ: Би өдөрт 100 гаран хүнтэй машины талаар мэдээлэл өгч холбогддог. Тэр хүмүүсийн ихэнх нь эрэгтэй хүмүүс байдаг. Над руу залгах үед би Т ийг байна гэж мэдээгүй. Утас дуугарах үед завгүй байсан тул туслах хүүхдээ утас аваад байхгүй гээд хэлчих гэж хэлсэн гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т мэдүүлэхдээ: Намайг тухайн үед согтуу байсан гэж хэлсэн нь худлаа. Өөр хэлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж,бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Л.Т өгсөн: ...Ц.М  гэх эмэгтэйгээс болж 2 удаа 6 жилийн хугацаанд гэр бүлийг минь үймүүлснийг мэдээд миний сэтгэл санаа маш хэцүү байна. Миний зүрх толгой өвдөж байгаа тул маш их гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

...Би хань ижилтэйгээ удаан амьдарсан учраас утсаар ярьж байгаа, нууцаар ярих гэх мэт нь сэжигтэй санагдахаар нь хонуудаар явдаг байсан нь санаанд орсон юм. Тэгээд би "Юнител" компанийн утасны дугаар шүүж хардаг, сайтаар өмнө нь Ц.М ийн барьдаг байсан 99050587 дугаарыг хардаг байсан. Утсан дээр нь хүртэл харахаар байдаггүй байсан. Сүүлийн үед 89886965 дугаартай байнга ярьсан байхаар нь сайтаар харахад сүүлийн 3 cap өдөрт 10-20 удаа залгаж, хамгийн доод талдаа 5, дээд талдаа 17-20 минут ярьдаг байсныг харсан. Хартал Номин холдингийн дугаар байхаар нь харчихаар ажлын 70130612 дугаараар залгаад Уянгатай яръя гэхэд тийм хүн байдаггүй гэхээр нь би дууг нь таньсан. Яагаад би дууг нь таньсан бэ гэхээр 2013 оноос нөхөр Тогтохбаяр луу байнга согтуу залгаад, ирээд ав гэдэг байсан тул би сайн мэдэж байсан юм. Ц.М ийг байна гэж би таньж мэдээд нөхөр лүүгээ залгаад чи ахиад намайг хуурлаа, чи явдалтай хэвээрээ байгаа шүү дээ гэхэд утсаа тасалсан. Манай ажил дээр орж ирсэн 99111281 дугаараас залгатал Ц.М  утсаа аваагүй, 80606077 дугаараас залгахад мөн адил аваагүй. Дараа нь аваад ярихад Ц.М  байна уу гэхэд тийм хүн байдаггүй гэж хэлсэн. Холбогдож чадаагүй болохоор би Номин холдингийн дугаар луу залгаад 89886965 дугаарыг асууж захиалга өгөх гэсэн юм, холбогддоггүй гэж хэлэхэд Баянзүрх дүүргийн салбарын Ц.М  гэдэг хүний дугаар ажил дээр нь очоод уулзаж болно гэж хэлээд би мэдсэн юм. Тэгээд би ажил дээр нь очоод за сайн уу, би чамтай уулзах гэж ирлээ гээд хүлээлгийн талбай шиг задгай ажлын сандалнууд дээр суух гэхэд үгүй гараад уулзъя гэж хэлээд босохоор нь би энд яагаад уулзахгүй байгаа юм бэ? Айгаа юу гээд цүнхээрээ цохиж авсан. Ийшээ очъё гэж байгаад машинуудын зогсоол дээр очсон. Очоод чи одоо болиоч, ичиж амьдар, нөхөртэй болооч гэж хэлэхэд солиороод бай, би нөхөртэй чинь уулзаагүй, танай нөхөр чинь байнга над руу залгаад байгаа гэж хэлсэн. Залгахаар нь чи боль гэж хэлж болдоггүй юм уу гэхэд чи 5-20 минут ярихдаа болиоч гэж хэлээд яриад байдаг юм уу гэж хэлсэн. Чи яг одоо миний нөхөрлүү залгаадах гэхэд дугаарыг нь мэдэхгүй гэж байгаад залгуулахад утсан дээрээ Тогтохбаяр гэж хадгалсан байдаг. Байнга залгадаг гэхээр нь би чи өөрөө сэтгэлээ татчихаж болдоггүй юм уу, чи больчихсон байхад эрэгтэй хүн хүчиндчихгүй байлгүй дээ гэж хэлсэн. Нэг мэдэхэд миний нүүрлүү алгадахаар нь би гарыг нь автал зөрүүлж цохихоор нь би үсдсэн юм. Би жолооч, худалдагчтайгаа ирсэн ба худалдагч Батцэцэг намайг хайж ирээд салгасан ба Ц.М ийн ажлын эмэгтэй ажлын талаар асуусан. Би Тогтохбаярыг аваад ир, өөрөө салдаггүй гэхээр нь би эрэгтэй хүн чамд дурлаа л биз, чи өөрөө энгэрээ сул тавихгүй байж чаддаггүй юм уу, чамд ичих нүүр байна уу гэж хэлсэн. Тогтохбаяртай уулзъя гээд машин руугаа очоод эргээд ирэхэд Ц.М  байхгүй байсан тул буцаж ороод оффис дээр нь очиход 2, 3 охидоос Ц.М ийг асуухад байхгүй гэсэн. Буцаад машинаараа тойрч байгаад фэйсбүүкээр харж байсан Ц.М ийн охин явж байхыг хараад охиноос нь Ц.М ийн охин мөн үү гэж асуухад мөн гэсэн. Би охинд нь бид хоёр цохилцчихоод явж байна, үйлийн үр гэж байдаг, миний нөхрөөс салахгүй утсаа авахгүй байна чи ийм хөөрхөн охин байж энэ асуудлыг таслан зогсоо гэж хэлэхэд би ийм юм мэдээгүй ш дээ эгчээ гэж байсан ухаантай охин байна лээ. Ц.М  надад өмнө нь танай нөхөр мөнгөгүй гөлөг юм билээ, би танай нөхөр шиг биш мөнгөтэй хүмүүстэй явдаг гэж хэлж байсан. Би хань ижлээ хэн нэгэнд мөнгөгүйгээр нь дуудуулмааргүй байна. Би өмнө нь өргөдөл өгч байсан, миний биед хүнд хохирол учирсан байсан ч амьдралаа бодоод гомдолгүй гээд буцааж авч байсан. Энэ олон жилийн дараа амьдралаа нэг хүүхнээс болж дуусгаж байгаадаа маш их гомдолтой байна. Би бачуураад зүрх маш хүчтэй цохилж байгаа. Аль алинд нь хөхөрсөн зүйл байгаа байх. Биеийн гаднах байдал биш сэтгэл зүй нь илүү гүн дарамтанд байна. Энэ үйл явдлаас хойш өөрийн сэтгэлийг зохицуулж чадахгүй зүрхний эм уугаад, сэтгэл санааны байдлаас болж бүтэн нойртой ч хонож чадахгүй байна. Энэ үйл явдлаас хойш миний нөхөр Тогтохбаяр миний зүрх мууг мэддэг учир надтай утсаар ч ярьж чадахгүй зүрх хаагдана гэж айж байгаа тул худалдагчтай ярьж байгаа. Мөн энэ асуудлыг мэдээд 2016 оны 06 дугаар сарын 21-ний Сүхбаатар дүүрэгт салах өргөдлөө өгсөн... Би 2013 онд би "Жоби төв"-д ажилладаг байсан. Тэр өдөр 4 дэх өдөр амардаг өдөр байхад нөхөр ирэхгүй байсан юм. Жобигийн ард талын дэлгүүрээс би байцаа авчихаад гарахад цагаан машины жолооны ард талын суудал дээр Ц.М , арын сандал дээр буржгар үстэй хүүхэн, манай нөхөр арын суудал дээр суусан торонд бэлэн гоймон, архи хийсэн байсан. Тухайн үед би нэг эмэгтэйтэй харилцаатай байгаа ч Ц.М ийг гэж мэдээгүй тул жолооны ард сууж байсан хүүхэн гэж мэдээгүй юм. Тэгээд би машиныг нь онгойлгоод Тогтохбаярыг авах гэтэл машинтайгаа намайг чирч, би унаж гэмтэл авсан. Энэ үйл явдлыг харж байсан хүмүүс чи хүн чирч аллаа ч гэж ярьж байсан. Машинаа эргүүлэхэд цагдаагийн эргүүлийн машин байсан тул цагдаа согтуу юм уу эрүүл юм уу, хүн чирлээ гэж хэлээд цагдаагийн хэсэг рүү бид нар явсан. Цагдаагийн хэлтэс дээр очоод цагдаа та тайван бай гэж хэлсэн. Би энэ хүмүүсээс хамгийн сүүлд орж ирсэн ба миний нөхрийг согтуу байсан тул эрүүлжүүлэхэд хийж, машинд байсан 2 хүүхнийг ханаруу харуулж зогсоосон байсан. Би орж ирээд миний нөхөртэй уулзаад байгаа хүн Ц.М ийг гэдгийг мэдээд чи юм байна гэж хэлээд алгадсан. Алгадахад хажууд байсан цагдаа та яах гэж гар хүрч байгаа юм бэ гэж хэлсэн. Би өргөдлөө бичээд очих завдалгүй Ц.М  толгой нь өвдөж, бүх шүд нь хөдөлсөн гэсэн өргөдөл миний нэр дээр гаргасан байсан. Би өргөдлөө өгөөд шүүх эмнэлэг дээр очиж үзүүлэхэд миний бүтэн бие хөхрөлттэй, бяцралттай байсан. Дараа нь надад шүүх хурал болно та гэр бүлээрээ ийм асуудалд орж муугаа үзэж байхаар зохицсон нь дээр гэж хэлэхээр нь гэрийнхнийгээ бодсон. Жишээ нь охин маань сэтгэл зүйч байхад гэр бүлийнхээ нэрийг бодоод нөхөртөө би ийм заваан үйл явдлыг туулаад гарлаа, дахиж тийм алдаа гаргаваа гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ц.М ийн өгсөн: ...Эмчийн дүгнэлтээр гайгүй гарсан юм шиг боловч  хүзүү, гар огт хөдлөхгүй юм. Нөхөр нь над руу дахиж битгий залгаасай. Гол нь миний охины ажил гэр хаягийг мэдэж байгаа юм билээ. Би хүүхдүүдээсээ айж байна. /хх-н 15-р тал/

...Би 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байхад 9911, 7713-тай дугааруудаас миний утасруу залгаад Уянга байна уу? Уянгатай ярих гэсэн юм гэж хэлсэн. Мөн ажил дээрээ очсоны дараа 8066-тай дугаараас миний утас руу олон залгасан. Энэ үед би худалдааны зөвлөхөд утсаа өгөөд сэлбэг асуувал тайлбарлаж хэлээд намайг асуувал тийм хүн байхгүй гээд хэлчих гэж хэлсэн. Гэтэл заал зохион байгуулагч Ц.М тэй яръя гэж байна гэхээр нь унтраачих гэж хэлээд утсаа унтраагаад ажлаа хийгээд байж байсан. Ажлаа хийгээд 18:00 цагийн үед компьютер дээрээ суугаад байж байтал Т  гэх эмэгтэй нэг эмэгтэйн хамт ороод ирсэн. Надад чамтай уулзах гэж ирлээ гэж хэлэхээр нь би хүлээлгийн танхим руу аваад орсон. Юу ярих гэсэн талаар асуухад юм ярих гэж ирлээ, янхан минь манай нөхөр чамруу ярьсан байна, юу ярьсан юм гээд заалаар дүүрэн орилоод байсан. Чанга орилоод байсан тул би ажилчдаасаа санаа зовоод хоёулаа гараад яръя гэсэн. Намайг сандлаас босоход 2 удаа цүнхээрээ толгойруу цохиод янхан гээд орилоод байсан. Орилж байхыг сонсоод манай ажлын касс охин хүрээд ирсэн. Та яаж байгаа юм бэ гээд Т өд касс охин хэлсэн. Ингээд би гараад шатаар бууж байхад миний араас цүнх болон гараараа цохиод байсан. Би хурдхан шиг гаръя гээд ажлын хамт олон, үйлчлүүлэгчдээс санаа зовоод гарсан. Яг ажлын үүдэн дээ бас цохиод байсан. Урд нь гарахаар цохиод байсан тул хажууд нь гараад нөхрөө дуудчих гурвуулаа яръя гэж хэлсэн. Машины зогсоолны ард ирэхэд хамт явж байсан эмэгтэй гэнэт хажууд ирчихсэн хараад зогсож байсан. Ингээд Т  миний үснээс зулгаагаад тонгойлгоод өвдөгөөрөө гэдэс болон нүүр рүү өвдөглөөд, хэд хэдэн удаа сэгсчиж байсан. Босч ирээд харахад газраар дүүрэн үс болсон байсан. Мөн хоёр хүүхдийг чинь үргүй болгоно, нэг нь найз залуутайгаа тусдаа гарсан, нэг нь чамтай байдаг биздээ би бөө хүн гэж хэлсэн. Энэ үед би охиддоо санаа зовоод хоёр охиныхоо хагалгаанд орсоныг нь санаад зүрх өвдөөд юу ч хэлж чадахгүй хэсэг зогссон. Ингээд би Т тэй хамт явж байсан махлаг охиноос чи Т ийн нөхөр болох Тогтохбаяр лyy залгаад өг л дөө гэж хэлэхэд утсаа нэг удаа харчихаад залгаагүй  болов уу зогсож байгаа нь харагдсан. Т  над руу ойртох болгонд архи болон согтууруулах ундаа үнэртэж байсан ба хэлсэн үг нь бодогдоод миний хөл дайвалзаад ухаан балартаад ухаан алдаж унах гээд байсан. Ингээд Т  согтуу байгааг нь мэдээд учраа олохгүй юм байна гээд нөхөрлүү нь залгасан. Т ийн нөхөр Тогтохбаярын утас холбогдохгүй, хэлэх зүйлээ үлдээнэ үү гэсэн юм л сонсогдоод байсан. Чи ахиад залга, манай нөхрийн утсыг яасан гээд намайг ахиад үсдээд байсан. Намайг зодож байхдаа цүнхээ газар шидэхэд хамт явж байсан эмэгтэй нь цүнхийг нь авсан. Би энэ хооронд үсээ боох гэхээр үс туг тугаараа унаад байсан. Удалгүй манай ажлын касс охин ирээд хоёулаа 32-луу бараа зөөе гээд байсан. Намайг авах гэсэн арга байсан байх, би дараа болъё харин цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Манай касс охиныг ажилруу явсны дараа “чи бэлгийн харьцаанд орохдоо орилж чарлаад байдаг болохоор манай нөхөр чам руу яриад байгаа байх, чи нөхрийг маань мөнгөгүй гэчихээд юундаа утсаар яриад байгаа юм” гэж хэлээд ахиад зодох гээд байсан. Миний толгой эргээд автобус налаад зогсоход автобустай налуудаад дахиад зодох гээд дайраад байсан. Би салгах гэхэд миний үснээс зуураад газар унаад, би дээр нь гарчихсан. Миний өмсөж явсан хувцас болон дотуур хувцасыг бүгдийг нь урсан. Ингээд би хамт явж байсан охиноос нь чи Тогтохбаярыг бас цагдаа дуудаад өг, гарыг нь миний үснээс нь салгаад өгөөч гэснээр гарыг нь тавиулаад босч ирсэн. Би цагдаа дуудна, чам шиг согтуу хүүхэнтэй юу ч ярихгүй гэхэд орилоод яваад өгсөн.Энэ өдрөөс хойш Т  надтай огт холбоо бариагүй. Би танихгүй дуудлагыг огт авахаа больсон. Харин Т ийн нөхөр Тогртохбаяр 2019.06.24-ний өдөр залгасан. Би дуудлагыг аваагүй байж байтал манай ажлын газар явж байсан. Би харчихаад нуугдаад кассан дээр хүрээд ир ярих юм байна, уулзъя гэх хэлэхээр нь зугтаагаад явчихсан. Хоёр хоногийн дараа 88-тай дугаараас залгаад “манай эхнэрийн эгч надтай уулзсан. Зөрчлийн хуулиар ажлын байран дээр зодсон гээд зөндөө торгуулах юм байна. Чи өргөдлөө авчихаач” гэж надад хэлсэн. Би “ажлаа зүгээр хийж байхад намайг ажлын байран дээр зодсон. Чи гэртээ энэ асуудлаа зохицуулахгүй яасан юм бэ. Одоо ч гэсэн эхнэр чинь намайг яах ч юм билээ. Чи эхнэрээ аваад ирээ гурвуулаа асуудлаа шийдье” гэхэд Тогтохбаяр “миний бүх юмыг манай эхнэр ээжид өгчихсөн гэсэн” гэж хэлсэн. Ингээд би “чиний амьдрал надад хамаагүй. Битгий ахиж над руу залгаарай. Т  над руу яриад уучлалт гуйвал би өргөдлөө буцаана. Ахиж чамайг над руу залгавал шууд эхнэрт чинь хэлнэ шүү, битгий миний амьдралд гай болоод бай” гэж хэлэхэд уучлаарай гэж хэлээд утсаа тасалсан. Энэ явдлаас хойш над руу огт залгаагүй. ..гэх мэдүүлэг /хх-ийн 35-38-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Нэргүйбаатарын өгсөн: ...Би 17:00 өнгөрч байх үед “Бүрд” худалдааны төвд таксинд явж байсан юм. Энэ хоёр  хүүхэн миний машинд сууж “Номин моторс” ороод буцаад явна гэж хэлсэн. Ирээд энэ 2 хүн дотогш ороод 20-30 минут болоход би “Номин моторс” руу ороод юм үзэж байсан. Гарч ирэхэд энэ  хоёр хайсан дээр сууж байсан. Тэгээд автомашины зогсоол руу нэг явчихаад “Бүрд” худалдааны төв рүү явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Нэргүйбаатарын өгсөн: ...Би 17:00 өнгөрч байх үед “Бүрд” худалдааны төвд таксинд явж байсан юм. Энэ 2 хүүхэн миний машинд сууж “Номин моторс” ороод буцаад явна гэж хэлсэн. Ирээд энэ 2 хүн дотогш ороод 20-30 минут болоход би “Номин моторс” руу ороод юм үзэж байсан. Гарч ирэхэд энэ 2 хайсан дээр сууж байсан. Тэгээд автомашины зогсоол руу нэг явчихаад “Бүрд” худалдааны төв рүү явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Хонгорцэцэгийн өгсөн: ...Ц.М  зохион байгуулагч бид нар бүгд 2 давхарт хамт ажилладаг юм. Ажил тарах үеэр ойролцоогоор 17:00 цаг өнгөрч байхад хоёр эмэгтэй чамтай уулзаадахъя гэж хэлэхэд нь зохион байгуулагч уулзъя гэсэн юм. Тэгээд тэр 2 хүлээлгийн танхим болох кассын ард талын сандал руу явсан. Гэнэт чанга дуугараад эхлэхээр нь би очсон юм. Намайг очиход юу болоод байна аа? Үйлчлүүлэгчид байхад яагаад чанга ярилцаад байгаа юм гэхэд зохион байгуулагч энд уулзахгүй, гадаа гарч уулзъя гээд нэг  давхар руу буух гэж байхад манай дэлгүүрт ирсэн эмэгтэй Ц.М ийн дагз руу гараараа цохиод авсан. Би доошоо бууж болохгүй тул тэр хоёр гадагш гарсан. Миний мэдэж байгаагаар хүлээлгийн танхимд зууралдсан байдалтай байж байсан санагдаж байна. Нилээн байж байгаад худалдааны төлөөлөгчөө би ажлын байран дээрээ үлдээгээд араас нь очиход байрны ард хэсэгт байж байсан ба зохион байгуулагч үсээ гараараа самнаж байгаа нь харагдсан. Би хартал үс нь маш их унаж байсан. Намайг очиход Ц.М  чи орж бай гэсэн учраас би дотогш орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Батцэцэгийн өгсөн: ...Би Т  гэдэг хүнийг танина миний ажил болох “Бүрд” гэдэг худалдааны төвд хамт худалдагчаар ажиллаад 5 жил гаруй  болж байна. Би 2019 оны 06 дугаар сарын 19-нд ажлын эгч болох Т  Жуков орж хүнтэй уулзана гэхээр нь машинд нь дөхөж буухаар суусан. Ингээд “Номин” худалдааны төвд ирж  би ариун цэврийн өрөө орохоор харин Т  эгч хүнтэй уулзахаар хамт орсон. Ингээд Т  эгч уулзах хүнтэйгээ хүлээлгийн өрөө рүү харин би ороод би ариун цэврийн өрөө орсон бөгөөд намайг удалгүй гараад ирэхэд хүн байхгүй байсан. Тэгэхээр нь худалдагчаас нь нөгөө хоёр хүн хаашаа явсан бэ гэж асуутал гадагшаа гараад явсан гэж хэлсэн. Ингээд би доошоо бууж үүдэнд нь хүлээж байтал худалдагч охин гарч ирээд тус барилгыг тойрон явсан. Төд удалгүй нөгөө худалдагч нөгөө хоёр хүн чинь энд байна хэмээн хэлэхээр нь би очтол нөгөө барилгын ард Т  эгч нэг үл таних эмэгтэйтэй маргалдаж байсан. Ингээд тэр хэрүүл хийж байгаад үсдэлцээд газар унан нэг нэгнийхээ дээр ороод байсан тул би салгаад Т  эгчийг тэр газраас салган авч явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 7662 дугаартай шинжээчийн:

1. Ц.Ц.М ийн биед тархи доргилт, хуйхны баруун чих ар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, нуруу, мөчдөд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 7858 дугаартай шинжээчийн:

1. Л.Т биед тархи доргилт, тархины баруун тал бөмбөлгийн эдийн гүн дэх цус хуралт, баруун бугалга, шуу, зүүн тохой, шуу, баруун, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт, баруун шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/,

- Шүүгдэгч Л.Т , Ц.М нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70, 72, 73, 75, 76 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Ц.М, Л.Тнар нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин моторс” ХХК-ийн байранд гэр бүлийн маргаанаас үүдэн харилцан зодолдох явцдаа бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.М, Л.Т нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7662, 7120 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.М, Л.Тнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Хохирогч Ц.М, Л.Тнар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримт 120.000 төгрөгийн тус тус хавтаст хэрэгт ирүүлж, тус бүр хохирлоо  нөхөн төлөгдсөнд тооцуулж, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 42, 49, 98, 100 дугаар тал/

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.М, Л.Тнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.М, Л.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Л. Т ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.М, Л.Тнарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.М, Л.Тнар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.М, Л.Тнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ