| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/00643/И |
| Дугаар | 210/МА2026/01159 |
| Огноо | 2026-05-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/01159
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/02642 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь *******д 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус төвийн Ерөнхий захирлын Б/166 дугаар тушаалаар хуулийн зөвлөхийн ажилд томилогдсон. Дараа нь тус төвийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/194 тоот тушаалаар 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүний нөөцийн албаны даргын тушаалд томилогдсон. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр *******ийн ******* чөлөөлөгдсөнтэй холбоотой ерөнхий захирлын үүргийг орлон гүйцэтгэгчээр ******* томилогддог. Томилогдсон цагаасаа хойш тэрээр нэхэмжлэгчид ажлаа өг, ямар нэгэн асуулгүй ажлаа өгчих, одоо энэ Удирдлагын зөвлөл багаа бүрдүүлчихсэн байна, танай удирдлагын зөвлөл татан буугдаж байна, тийм учраас чи ажлаа өг гэдэг удаа дараа дарамталсан. Албан тушаалын тодорхойлолтод заасан ямар зөрчил гаргасан тухай огт *******д мэдэгддэггүй. Удаа дараалан ийм дарамт үзүүлсэн. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б/455 дугаар тушаалаар ******* хүний нөөцийн албаны даргаас чөлөөлсөн. Энэхүү тушаал хууль зүйн үндэслэлийнхээ хувьд алдаатай гарсан. Нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн. Нотлох баримт хуурамчаар бүрдүүлдгийг *******ийн ******* түр орлон гүйцэтгэгч, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэдэг хууль зүйн агуулгаар *******г илт хуулийн буруу үндэслэлээр чөлөөлсөн. Чөлөөлж байгаа хугацаанд хуулийн зөвлөхийн албан тушаалаас мөн чөлөөлөгдсөн. Ямар нэгэн хуулийн зөвлөхөөс чөлөөлсөн тушаал одоо хүртэл байхгүй. Зөвхөн хүний нөөцийн албан тушаалаас чөлөөлсөн. ******* нь 2019 онд Буриадын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Энэ тухай диплом, баримтуудаа бүгдийг нь гаргаж өгсөн. Тийм учраас илт хууль бус тушаалаар ажлаас чөлөөлж байгаа нь боломжгүй юм. Тийм учраас өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон *******ийн Хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн томилж өгнө үү. Мөн 303 өдөр хүртэл 46,384,452 төгрөг цалин олговор нэхэмжилнэ гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
...******* нь хууль бусаар ажилд томилогдсоны дараа өөрийн багийг бүрдүүлэх нэрийдлээр Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хүний нөөцийн албаны даргаар ******* томилсон үйлдэл нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг ноцтойгоор зөрчсөн.
...*******ийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай ерөнхий захирлын тушаалаар тасгийн эрхлэгч, албаны даргын ажлын байрны тодорхойлолтыг баталж, мөрдөн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ******* нь өөрөө ажилд орох үедээ батлуулсан ажлын байрны тодорхойлолтын В хэсэгт байх Ажлын байранд тавигдах шаардлага хэсгийн мэдээллийг өөрийн боловсрол, мэргэжил, туршлагад тохируулан өөрчилсөн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны А75 дугаар тушаалын баталгаажсан ажлын байрны тодорхойлолтод албаны даргын боловсрол хэсэгт магистр ба түүнээс дээш зэрэгтэй байхыг шаардсан байтал *******гийн ажлын байрны тодорхойлолтод бакалаврын зэрэгтэй байж болохоор өөрчлөн найруулсан, мөн үндсэн мэргэжлийн сургалтад хамрагдсан буюу дипломтой байх гэсэн шаардлагатай байтал өөрийн тодорхойлолтод эрх зүйч, хуульч, хүний нөөцийн менежер гэж өөрчлөн найруулсан болох нь Төрийн албан хаагчийн анкетаар нотлогдож байгаа.
******* нь анх ажилд орж байх үедээ Төрийн албан хаагчийн анкетад /2021 оны 08 дугаар сард/ Буриадын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн бакалаврын зэрэгтэй гэсэн байх бөгөөд Хуульчдын холбоонд бүртгэлгүй, хүний нөөцийн мэргэжлээр суралцсан болон өөр мэргэжил эзэмшсэн талаар огт дурдагдаагүй байна. ...Авлигатай тэмцэх газрын дүгнэлтэд нэр дэвшигч ******* нь *******ийн Хүний нөөцийн албаны даргаар томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй байх тул тухайн албан тушаалд Төрийн албаны тухай хууль, бусад салбарын хууль тогтоомжид заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцсэн этгээдийг нэр дэвшүүлж, Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн томилох асуудлыг шийдвэрлэнэ үү гэж дүгнэсэн байтал ******* сонгон шалгаруулалтад оролцуулалгүйгээр ажлаас халагдах хүртэл ажиллуулсан нь хууль зөрчсөн.
Дээр дурдагдсан дүгнэлт, ******* анх ажилд орох үедээ бүрдүүлсэн баримт бичгийг хянаж үзэхэд *******ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан ******* нь *******тай үгсэн хуйвалдаж, анх ажилд авахдаа Хүний нөөцийн албаны даргын ажлын байрны шаардлагад нийцээгүй боловсрол, мэргэжил, туршлагатай *******д тааруулан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэлгүйгээр өөрчилж, бичиг баримт бүрдүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д заасанд нийцэж байгаа тул ажлаас чөлөөлөх тушаалд уг хуулийн заалтыг үндэслэл болгосон. ...Иймд, дээр дурдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар гомдол гаргагч *******г *******ийн Хүний нөөцийн албаны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 38,753,094 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулан гомдол гаргагч *******д олгож, гомдол гаргагчийн нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж гомдлыг хангаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 351,715 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүнгээс их хэмжээний мөнгийг ажилгүй байсан хугацааны цалин олговорт тооцон олгохоор шийдвэрлэсэн нь дээр дурдсан Улсын Дээд шүүхийн тайлбар болон хуулийг ноцтой зөрчсөн.
Мөн шүүхээс *******гийн цалинг тодорхойлохдоо 2024 оны 09, 10, 11 дүгээр сарын дундаж цалин хөлснөөс тооцон үнийн дүнг тодорхойлсон байна.
...Хүний нөөцийн албаны даргын үндсэн цалин нь 2024 оны 09, 10, 11 дүгээр сард 1,621,000 төгрөгөөр тогтоосон байтал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 25-д нэг сарын дундаж цалинг 2,685,862 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгч *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг гаргуулсан. Тус лавлагаагаар ******* нь 2025 оны 01 дүгээр сараас эхлэн Нийслэлийн хүрээ амаржих газарт ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа болох нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговор тооцон *******д мөнгө олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 12 дугаар сард хөдөлмөрийн гэрээ цуцлагдсаны дараа 2025 оны 01 дүгээр сараас эхлэн Нийслэлийн хүрээ амаржих газарт ажиллаж байсан нь тогтоогдож байхад шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн.
...******* нь хууль бусаар ажилд томилогдсоны дараа өөрийн багийг бүрдүүлэх нэрийдлээр Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд *******ийн хүний нөөцийн албаны дарга ******* томилсон үйлдэл нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам-ыг ноцтойгоор зөрчсөн.
*******ийн захирлын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/75 дугаартай ерөнхий захирлын тушаалын 2 дугаар хавсралтаар ...тасгийн эрхлэгч, албаны даргын ажлын байрны тодорхойлолт...-ыг баталж, мөрдөн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ******* нь өөрөө ажилд орох үедээ батлуулсан ажлын байрны тодорхойлолтод, дээр дурдсан А/75 тоот тушаалаар баталгаажсан АБТ-ын В хэсэгт байх Ажлын байранд тавигдах шаардлага хэсгийн мэдээлэл-ийг өөрийн боловсрол, мэргэжил, туршлагад тохируулан өөрчилсөн болох нь тогтоогдож байна.
Авлигалтай тэмцэх газрын дүгнэлт болон ******* анх ажилд орох үедээ байсан ******* нь *******тай үгсэн хуйвалдаж, анх ажилд авахдаа хүний бүрдүүлсэн баримт бичгийг хянаж үзэхэд *******ийн ерөнхий захирлаар ажиллаж нөөцийн албаны даргын ажлын байрны шаардлагад нийцээгүй, үндсэн мэргэжлийн боловсрол, мэргэжил, туршлагагүй *******д тааруулан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэлгүйгээр өөрчилж бичиг баримт бүрдүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д заасанд нийцэж байгаа тул ажлаас чөлөөлөх тушаалд уг хуулийн заалтыг үндэслэл болгосон.
...Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар олон тооны баримт материалыг нотлох баримтаар гаргаж өгсөн байтал шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ тухайн баримтуудыг хооронд нь харьцуулан, хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл болон тус хэрэг маргаанд прокурор оролцуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээн авахаас татгалзаж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байсан талаар дурдах нь зүйтэй байна. Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч талын зүгээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан асуудлыг шийдвэрлэсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргаж байна. ...Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага нь бие даасан шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын дагалдан нэмэлт шаардлага юм. Нэхэмжлэгчийн хувьд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулъя гэх шаардлагыг шүүхэд гаргасан. Гэхдээ бичгээр гаргахдаа 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр анх ажилгүй байсан хугацааны нийт цалин хөлсийг ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 33,960,960 төгрөг гэж өгсөн байсан. Түүний дараа хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед шүүгч нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлагын үнийн дүн нь хэд вэ гэж дахин асуусан. Үүний дагуу 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгч шүүх хуралдааны үед тодорхой хэлсэн. ...Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн гэх агуулгатай хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн авч байсан цалин хөлсийг анхан шатны шүүх зөв бодсон.
...Хариуцагч талын зүгээс төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмыг ноцтойгоор зөрчиж, *******г ажилд томилсон гэх агуулгын талаар ярьдаг. Төсвийн байгууллагын нэгжийн дарга төрийн үйлчилгээний байгууллагын нэгжийн даргыг ажилд томилоход Төрийн албаны зөвлөлийн 2019 оны төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам үйлчлэхгүй. Энэ журам нь төрийн үйлчилгээний байгууллагын дарга буюу удирдлагыг томилох, сонгон шалгаруулахад үйлчилдэг. Тиймээс хариуцагч талыг үйлчлэх журмын талаар буруу ойлгож байна гэж үзэж байна. Түүнчлэн энэ талаарх асуудлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д заасан үндэслэлийг баримталж ажлаас чөлөөлсөн. Гэтэл тушаал болон хэрэгт авагдсан баримтуудаар дээрх хуулийн зүйл заалтад заасан зөрчил гарсан болох нь тогтоогдоогүй. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг чухам ямар зөрчил гаргасны улмаас ажлаас чөлөөлж байгаа нь тодорхой биш, зөвхөн ажлаас чөлөөлсөн гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлөх тухай тушаалд болон хууль журмын үндэслэлийн талаар бичсэн байдаг боловч чухам ямар зөрчилд буруутгаж байгаа талаар уг тушаалыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид танилцуулж, тайлбар аваагүй, мөн тушаалд тодорхой тусгаагүй. Энэ талаарх асуудлыг мөн анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11-д заасныг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж тушаалын хууль зүйн үндэслэлд бичсэн байдаг боловч яг тушаалын агуулга дээр энэ хуулийн заалт доторх олон зөрчлүүдийн чухам алийг нэхэмжлэгч гаргасан гэж буруутгаж байгаа талаар тушаал дээр тусгаагүй, зөвхөн анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргах үедээ тухайн тушаалыг хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11-д заасныг бүхэлд нь зөрчсөн гэх агуулгаар тайлбараа гаргасан. ..Авлигатай тэмцэх газрын албан бичиг учир дутагдалтай буюу өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн журмын дагуу томилох ёстой байсан байна гэж Төрийн албаны зөвлөлийн баталсан журмыг буруу тайлбарласан албан бичиг ирсэн. Анхан шатны шүүх мөн энэ талаарх асуудлыг зөв дүгнэсэн. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан урьд эрхэлж байсан Хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн, би бичиг баримт хуурамчаар үйлдээгүй... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...******* томилсон үйлдэл нь Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг ноцтойгоор зөрчсөн, ... ажилд орох үедээ ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлага хэсгийн мэдээллийг өөрийн боловсрол, мэргэжил, туршлагад тохируулан өөрчилсөн... гэж тус тус тайлбарлан, маргажээ.
3. ******* нь хөдөлмөрийн эрхийн маргааны талаарх гомдол гаргасныг ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр талууд хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэхээр харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон байх ба тэрээр 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гомдлын шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт нийцсэн байна.
4. Талууд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, ******* нь хүний нөөцийн албаны даргын ажилд ажиллах, ******* нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангаж, цалин хөлс олгох нөхцөлийг харилцан тохиролцсоноор тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүсжээ.
5. Улмаар, *******ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/455 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6, 83 дугаар зүйлийн 83.3, Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11.м заалтыг тус тус баримтлан хүний нөөцийн албаны дарга *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор зохицуулсан.
6.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь Оросын холбооны улсын Буриадын Улсын их сургуулийг хууль эрх зүйн чиглэлээр суралцаж төгссөн, бакалаврын зэрэгтэй, мөн 2021, 2022 онуудад хүний нөөц, хөдөлмөрийн харилцааны сэдвээр багц цагийн сургалтад тус тус хамрагдаж байсан болох нь тогтоогдож байх ба тэрээр ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох ямар нэгэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдоогүй байна.
6.2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11.м Байгууллага, эмнэлгийн захирал албадын дарга, тасгийн эрхлэгч нарын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн эмнэлэг, тасаг, нэгжийн үйл ажиллагаа доголдсон, аюулгүй байдалд нөлөөлсөн зөрчил дутагдал гарсан, ЭХЭМҮТ-ийн удирдлага тухайн нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байна гэж үзвэл ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар ажлаас хална гэсэн заалтыг баримталсан боловч ийнхүү ноцтой зөрчил гаргасныг шалгаж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх ба энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
6.3. Түүнчлэн нэхэмжлэгчийг ажилд орох үедээ ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлага хэсгийн мэдээллийг өөрийн боловсрол, мэргэжил, туршлагад тохируулан өөрчилсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй: 43.2.2-т ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх гэж зааснаар ажлын байрны тодорхойлолтыг батлах нь ажилтны биш ажил олгогчийн үүрэг бөгөөд ажилтныг ажилд орох үед баталгаажуулж өгсөн ажлын байрны тодорхойлолтыг ажилтан өөрчилсөн гэх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй юм.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч *******ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/455 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж зөв дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
7.1 Хэргийн 65 дугаар талд авагдсан Авлигатай тэмцэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05/9574 дугаар Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичигт Нэр дэвшигч ******* нь *******ийн Хүний нөөцийн албаны даргаар томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй байх тул тухайн албан тушаалд Төрийн албаны тухай хууль, бусад салбарын хууль тогтоомжид заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцсэн этгээдийг нэр дэвшүүлж, Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн томилох асуудлыг шийдвэрлэнэ үү гэж дурдсан боловч хариуцагч *******ийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/194 дугаар тушаалаар *******г 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Хүний нөөцийн албаны даргаар томилсон байна.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь анх Хүний нөөцийн албаны даргын албан тушаалд томилогдохдоо тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол, журам-ын 7 дугаар зүйлийн 7.2 Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд нэр дэвшүүлнэ гэж заасныг зөрчиж, сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албанд томилогдсон нь гэж үзэх үндэслэлтэй.
7.2. Энэ нь иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажил горилогчдод тэгш, шударга хандах тухай төрийн албаны чадахуйн зарчим /мерит/-д нийцээгүй байна.
Нэхэмжлэгч *******гийн хувьд энэ зөрчлийг мэдэж байсан ба энэ хугацаанд зөрчлийг арилгаж, зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад орсон болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд анхнаасаа хууль бусаар томилогдсон гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь анхнаасаа Хүний нөөцийн албаны даргын албан тушаалд томилогдохдоо зохих хууль, журмын дагуу томилогдоогүй байх тул түүнийг урьд ажиллаж байсан дээрх ажил, албан тушаалд буцаан томилох үндэслэлгүй.
Дээрх агуулгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...*******г томилсон үйлдэл нь Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмыг ноцтойгоор зөрчсөн... гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/02642 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ж.ЛХАГВАСҮРЭН