Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 750

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Номинзул,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Х.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хангал овогт Хүрэлцогтын Х.Лд холбогдох 1911018610882 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цэргийн цагдаа зохицуулагч мэргэжилтэй, Натурал Текстайл группд борлуулагч ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 26-502  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хангал овогт Хүрэлцогтын Х.Л, РД: УХ-99063078

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Л нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 4-98 тоот хашаанд байсан хохирогч Г.Батчулууны эзэмшлийн 43-80 УБУ улсын дугаартай “Тоёота Спасио” загварын тээврийн хэрэгслийг угааж өгнө гэж түлхүүртэйн авч үлдсэн боловч машин эзэмшигч Г.Батчулууны зөвшөөрөлгүйгээр тухайн тээврийн хэрэгслийг авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

­­­­­­­­­шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Х.Лын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Найзтайгаа уулзахаар Батчулуун ахын 43-80 УБУ улсын дугаартай Тоёота Спасио загварын тээврийн хэрэгслийг түүнээс зөвшөөрөл авалгүйгээр унаж Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 3,4 дүгээр хороолол руу унаж очсон. Тэгээд найзтайгаа уулзаж сууж байгаад түүнээс салаад гэнэт мөнгө олох зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртад байх Монгол шилтгээнд Платинум 2019 шоу болж байгааг мэдээд 1 хүнийг 10.000 төгрөгөөр 4 хүн авч шоу хүргэж өгч 40.000 төгрөг олоод... 43-80УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Зурагтын ойролцоо СОД Монголын шатахуун түгээх станцын хажуу талд байрлуулаад, түлхүүрийг нь урд талын дугуйны цаад талд нуугаад өөрөө гэр болох Бэлхэд байх зусланд очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52х/,

хохирогч Г.Батчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэй 4-98 тоот хашаанд байх одоогоор миний ажил хөдөлмөр эрхэлдэг газар надад тус болоод хажууд байж байдаг зүс таних дүү Э.Санчир гэх залуугийн гэрт нь урд өдөр нь ажлаасаа орой тарсан болохоор тэдний гэрт хоносон юм. Тэгээд маргааш нь гарч явах гэж байгаад өөрийн эзэмшлийн 4380УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тухайн өдөр баасан гариг байсан учир явдаггүй өдөр байж таараад тээврийн хэрэгслийг уг айлын хашаанд үлдээх шаардлагатай болсон юм. Тэгээд явахдаа Э.Санчирын хамтаар ажилруугаа явсан. Тэгээд гарах гээд гэрт нь Х.Л нь өөрийн нэг найз болох Билгүүн гэх найзын хамтаар үлдээд ах орой иртэл чинь зүгээр байж байхаар машиныг чинь угаах уу гэхээр нь тэг тэг гэж итгээд тээврийн хэрэгслийнхээ түлхүүрийг үлдээгээд угаагаад сайн хаалга үүдийг нь сайн цоожлоорой гэж хэлээд тухайн үед тээврийн хэрэгслийг аваад явна гэж санаагүй юм. Тэгээд ажилдаа яваад орой 22 цагийн орчимд Х.Лтай цуг үлдсэн найз Билгүүн нь ажил дээр ирээд ахаа таны машин Санчирын хашаанд байхгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд 23 цаг өнгөрч байхад ажлаа тараад Э.Санчир болон Билгүүний хамтаар тээврийн хэрэгсэл байсан хашаанд ирэхэд тээврийн хэрэгсэл байхгүй Х.Л унаад гараад явсан байсан. Тэгээд Э.Санчир , Билгүүн хоёр одоо ингээд хүрээд ирэх байх түр цагдаад хэлэлгүй байж бай гэхээр нь юу юу ч болоогүй цагдаад мэгдээд яах вэ гэж бодоод 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 05 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд 12 цаг хүртэл харсан боловч ирэхгүй болохоор нь өргөдлийг зохих ёсоор нь гаргаж тээврийн хэрэгслийг зарлуулсан юм. Тэгээд тээврийн хэрэгсэл алдагдсанаас хойш Х.Лын гар утсны дугаар огт холбогдохгүй байсан. Тэгээд байж байхад 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 48 минутанд "Li" гэсэн фэйсбүүк хаягаар Х.Л нь над руу "agaa mashin chn zuragtni shine etsees klonkin hajuugaar bichilrvv yvdag zamruu ergeed yag klonkin door bgaa tvlhvvrig n joloochin talin urd duguini ard ulugtsun bga uuchilaarai agaa awaachij uguuguid dvv n baynhongort bnaa yaj heleh uchraa olku bsin uuchilaarai" гэсэн чат мессенжир ирсэн юм. Тэгээд тэр мессежийг аваад цагдаад мэдэгдээд тухайн үед шалгаж байсан байцаагчийн хамтаар уг газарт нь очиход миний 4380УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг "Сод монгол" клонкийн доод талд ертөнцийн зүгээр зүүн талруу харуулж байрлуулсан байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг шалгаж үзэхэд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн байсан. Алдагдахаас өмнө 50.000 төгрөгөнд хийсэн байсан шатахууныг бараг дуусгаад тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/,

гэрч Э.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Намайг Энхтогтох овогтой Билгүүн гэдэг бөгөөд өчигдөр өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн найз Х.Лтай хамт Чингэлтэй дүүргщн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах найз Санчирын гэрт байж байсан чинь Батчулуун ах өөрийн Тоёото Корало спасио гэх нэртэй /би дугаарыг нь мэдэхгүй байна/ мөнгөлөг өнгийн машинаа угааж байгаад гэнэт 13 цагийн үед ажилдаа явах болоод тэр өдөр нь машины нь дугаар явдаггүй байсан болохоор машинаа үлдээх болсон юм. Тэгсэн чинь Х.Л "ахаа би машиныг чинь гүйцээгээд угаагаад өгчихье, та яараад байх чинь, та ажилдаа яваа" гэж хэлээд Батчулуун ахын машиныг угааж дуусгасан байх. Тэгээд би өдөржин тэнд хамт байж байгаад орой 20 цагийн үед ганцаараа Батчулуун ахын Тэнгис кино театрын тэнд байдаг биллиардын газар очсон. Намайг Санчирын гэрээс гарахад Х.Л болон Батчулуун ахын машин хашаанд нь байсан. Тэгээд намайг Батчулуун ахын ажил дээр очоод удаагүй цаг гаран байж байсан чинь Батчулуун ах намайг чи ер нь Санчирын гэрт очоод Х.Лтай хамт байж бай гэхээр нь би за гэж хэлээд Санчирынд очиход Батчулуун ахын авто машин байхгүй, бас Лхамжав байхгүй, ах Санчирын гэр нь цоожтой байсан. Тэгээд би энэ талаар буцаж Батчулуун ахын ажил дээр очоод Батчулуун ахад хэлсэн чинь Батчулуун ах Х.Лын 88872827 гэсэн дугаарын утас руу нь залгаж үзсэн чинь Х.Лын утас нь дуудаж байсан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд Батчулуун ах тэр өдрөө хүлээгээд байсан болов ч Х.Лын гар утас нь холбогдохоо болиод одоог хүртэл ирэхгүй Х.Лын хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болохоор нь өнөөдөр Батчулуун ах цагдаад гомдол гаргасан..., гэх мэдүүлэг /хх-ийн 37х/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14х/, “Тоёота Спасио” маркийн 43-80 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохирогчид 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 31х/, Дамно ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ЧД2-19-423 дугаартай "...Тоёота Спасио маркийн 43-80 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5.500.000 төгрөг..." гэх үнэлгээний тайлан /хх-ийн 44х/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Шүүгдэгч Х.Лыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Батчулуунд учирсан хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэлийн баримт хэрэгт авагдаагүй байх ба хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Лд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хангал овогт Хүрэлцогтын Х.Лыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Х.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4. 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Х.Лд шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас доошгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Г.Батчулуун нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.БАТГЭРЭЛ