Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/01160

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/02208 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр 118,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Хариуцагч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жил хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Ингэхдээ нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн төрсөн эгчийн нөхөр *******ийг хохирогчийн төлөөлөгчөөр оролцож байсан. Анхан шатны шүүхээс хохирогчийн төрөл садангийн хүн биш гэж үзэж сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэх боломжгүй гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 511 дүгээр зүйлд заасан үндэслэлээр иргэний журмаар шийдвэрлэх боломжтой болохоор нээлттэй үлдээсэн тул талийгаачийн төрсөн эцэг ******* нь хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүний сэтгэлд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрөө, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлэхтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсний дагуу хохирогч ******* нь 1999 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Тухайн хэрэг болсон үед 24 настай байсан. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт Үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоолоор 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 4,715 төгрөг буюу сард 792,000 төгрөг байхаар нэмэгдүүлсэн. Тогтоолын дагуу 792,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 118,800,000 төгрөгийг амь хохирогчийн төрсөн эцэг *******т гаргаж өгнө үү. Нас барах хүртлээ нэг гэртээ амьдарч байсан бөгөөд бид хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн баримтыг гаргаж өгсөн гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас буцааж болзошгүй алдаа гаргаж эрдэнэт хүний насыг хохироосон нь үнэн. Үүндээ туйлын гэмшиж, үйлдсэн гэмээ ухааран өнөөдөр шүүхээс оногдуулсан хорих ялыг 421 дээр нээлттэй хорих ангид өөрийн биеэр эдэлж байна. Би, тухайн үед үйлдсэн гэмээ чин сэтгэлээсээ ухааран харамсаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч талаас гарсан зардал гэж нэхэмжилсэн мөнгө болох 13,385,000 төгрөгийг ямарваа нэгэн асуулт, тайлбар татгалзалгүйгээр бүрэн төлсөн. Үүний дараа ах, дүү, найз нөхдийн маань цуглуулсан 7,000,000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн. Өөрийн чадахын хэрээр гэмээ ухааран боломжоороо тусалсан бөгөөд тухайн үед шүүхийн шийдвэрээр намайг хохирогчид төлөх аливаа өр төлбөргүй болохыг дурдсан. Одоогоор миний бие хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд эрхэлсэн ажилгүй, орлогогүй, ажил хийх боломжгүй болсон. Би, өөрт байсан бүхнээ шавхан өгсөн, тэрээр одоо эд хөрөнгөгүй, орлогогүй байгаа тул хохирогчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй байна. Түүнчлэн би нэг оюутан 2 сурагч, нэг цэцэрлэгийн насны нийт 4 хүүхэдтэй, одоо эхнэр нь ганцаараа өрх гэрээ авч явах, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, сургах, хооллох, хувцаслах, тэжээн тэтгэх гээд бүхий л ачааг нуруун дээрээ үүрч яваа. Би, эхнэртээ тус нэмэр болж чадахгүй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг төлөх боломжгүй. Сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр нь хэдэн төгрөг болохыг одоо ч тодорхойлоогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч нь хэдий төлөх боломжгүй ч гэсэн хорих ангиас гарсныхаа дараа өөрийнхөө боломжоор цалингаасаа төлнө. Тиймээс график гаргаж тохиролцъё гэх хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй болон нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа утсаар холбогдсон боловч тохиролцолд хүрч чадаагүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 99,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, илүү нэхэмжилсэн 19,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 652,950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ...Шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч нь татгалзлаа нийт 4-н үндэслэлийн дагуу тайлбарлаж, мэтгэлцсэн бөгөөд энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгасан атлаа шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгаагүй, үүний үр дүнд тус шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн гаргасан тайлбарт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд үүний үндсэнд тогтоох хэсэг нь уншиж сонсгосноос зөрүүтэй бичигдсэн байна.

Тодруулбал, хариуцагч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зардал болох 13,385,000 төгрөг, шүүх хуралдааны шатанд 7,000,000 төгрөг нийт 20,385,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 8-р хуудасны ар тал, шийтгэх тогтоолын 8 дахь талын 1.5 дахь хэсэг буюу Хохирол, хор уршиг тодорхойлсон хэсэгт тусгагдсан байдаг.

Харин хохирогчоос гарсан баримтаар нотлогдож буй хохирлын хэмжээ нь 11,215,939 төгрөг болохыг Прокурорын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоож, энэ тухай яллах дүгнэлтийн хавсралтдаа дурдсан байдаг бөгөөд уг яллах дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүх хуралдаанд гаргаж өгөн хавтаст хэрэгт бэхжүүлж, шүүх хуралдааны явцад шинжлэн судлуулсан.

Дээрхээс харахад хариуцагч ******* нь уг гэмт хэргээс үүдэлтэй нийт гэм хорын хохиролд 9,000,000 төгрөгийг илүү төлсөн байх бөгөөд уг төлбөрийг нийт хохирлын хэмжээнээс хасаж тооцох нь зүйтэй гэсэн байр сууринаас мэтгэлцсэн болохыг шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дах талд тусгасан байх боловч шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2.1-т буюу хариуцагчийн өмгөөлөгч татгалзлын үндэслэлдээ ...Сүүлд төлсөн 7,000,000 төгрөгийг хохирлоос хасаж тооцох үндэслэлтэй гэх тул хасаж тооцох шаардлагатай... гэж хэлсэн хэмээн зөрүүтэй дурдсан байна.

Мөн түүнчлэн, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны шийдвэрийг уншиж сонсгохдоо хариуцагчийн илүү төлсөн 7,000,000 төгрөгийг хохирлын хэмжээнээс хасаж, хариуцагчаас 92,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн боловч бичгээр гаргасан шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн илүү төлсөн төлбөрийн талаар дүгнэлт хийгээгүй мэт орхиж, тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт мөн энэ тухай дурдалгүй хариуцагчаас нийт 99,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хэмээн бичигдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 119.2 дахь хэсэгт дурдсаны дагуу шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, ийнхүү танилцуулан сонсгомогц хүчинтэй болдог бөгөөд уг хүчинтэй шийдвэрийг 119.3 дахь хэсэгт дурдсаны дагуу бичгээр үйлдэхдээ зөрүүтэй үйлдэж, уг шийдвэрт бүрэлдэхүүн уншиж танилцалгүй гарын үсэг зурсан байх тул энэхүү алдааг зөвтгөж өгнө үү.

4.2. Хэрэгт цугларсан баримтыг бүх талаас нь бүрэн бодитой үнэлээгүй.

Хариуцагч нь нийт 20,385,000 төгрөгийг өөрийн үйлдсэн гэм буруугийн хохиролд төлж барагдуулсан бөгөөд үүнээс 11,215,939 төгрөг нь учирсан бодит хохирол байх тул үлдсэн 9,000,000 төгрөгийг эдийн бус гэм хорын хохирлын дүнгээс хасаж тооцох нь хуульд нийцнэ. Энэ талаар хариуцагчийн зүгээс өөрийн тайлбар, татгалзлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй хамгаалан мэтгэлцэх байр сууринаас оролцож ирсэн бөгөөд холбогдох баримт нотолгоонуудыг ч хэрэгт гарган өгсөн байхад шүүх бүрэлдэхүүн уг тайлбарт хууль ёсны дүгнэлт хийгээгүй, хүлээн зөвшөөрч эсхүл эс зөвшөөрч буйгаа шүүхийн шийдвэртээ үндэслэлтэй дурдаагүй байх тул тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хариуцагчийн учруулсан гэм хор нь нэхэмжлэгчид бүхэлдээ эдийн болон эдийн бус хохирол учруулсан байх ба эдгээрийг нийлүүлэн гарч буй дүнг хариуцагч нэхэмжлэгчид төлөх нь хуульд нийцнэ. Гэтэл хариуцагчийн илүү төлсөн төлбөрийг тооцож тогтоолгүй, энэ тухай үндэслэл бүхий дүгнэлт гаргалгүй шүүх шийдвэрлэсэн байгаа нь шүүх бүрэлдэхүүн хэргийг болон нотлох баримтыг бүх талаас нь бүрэн бодитой үнэлэх зарчимтай зөрчилдөж буй бөгөөд хариуцагчийн илүү төлсөн 9,000,000 төгрөгийг нийт төлөх төлбөрийн хэмжээнээс хасаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

4.3. ...Анхан шатны шүүх эрхээ хэтрүүлэн шүүх хуралдааныг хоёр удаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг үндэслэн хойшлуулсан. Нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мөн нэмэлтээр нотлох баримт гаргаж өгөх хүсэлт ч гаргаагүй, бүр цаашлаад 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын зүгээс Хэргийг цугласан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэж хэлсэн байхад шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч талд удаа дараа боломж олгон, давуу байдал үүсгэж, мэтгэлцэх зарчмыг зөрчин 2 ч удаа мэтгэлцээн бүрэн дууссаны дараа шүүх хуралдааныг хойшлуулж буй уг үйлдэл нь шударга ёсонд үл нийцнэ.

Гэр бүлийн эсхүл онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэгдэж буй маргаан биш, нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөх өөрийн үүргийг бүрэн биелүүлээгүй, хэрэг маргаанд ахин эсхүл нэмэлтээр шинжээч томилох шаардлагагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй байхад тус заалтыг хэрэглэн шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт гаргуулахаар даалгасан, мөн түүнчлэн өмнө нэг удаа уг заалтыг баримтлан хойшлуулсан байхад ахин уг заалтыг ашигласан зэрэг нь бүхэлдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон тэгш эрхийн зарчмыг зөрчсөн үйлдэл болсныг дурдах нь зүйтэй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулан хуульд нийцүүлэн зөвтгөж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч хайран сайхан хүүгийн минь амь насанд хохирол учруулсан атлаа яагаад гомдол гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Илүү мөнгө өгсөн гэх гомдлын тухайд хасаж болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан сэтгэцэд учирсан гэм хор арилгуулж, нөхөн төлбөрт 118,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, өөрийн чадахын хэрээр гэмээ ухааран боломжоороо тусалсан, тухайн үед шүүхийн шийдвэрээр намайг хохирогчид төлөх аливаа өр төлбөргүй болохыг дурдсан, миний бие хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд эрхэлсэн ажилгүй, орлогогүй байгаа тул хохирогчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй, сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр нь хэдэн төгрөг болохыг одоо ч тодорхойлоогүй байгаа гэж тайлбарлан маргажээ.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/531 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-5-10/

 

4. Нэхэмжлэгч ******* нь талийгаач *******ийн эцэг болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул тэрээр хуульд заасан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

5. Дээрх шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн үр дагаврыг хариуцах үүрэг бүхий этгээдээс иргэний журмаар нэхэмжлэл гарган шаардах эрхтэй байна.

 

5.1. Мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн үр дагаврыг арилгуулж, нөхөн төлбөр гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. гэж тус тус заасантай нийцжээ.

 

6. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасан.

 

6.1. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж заасан ба нэхэмжлэгч нь энэ зүйлд заасан гэмт хэргийн хохирогч болсон учир шүүх нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилсны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №ЕГО825/3784 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 4 дүгээр зэрэглэлд хамаарч байгааг тогтоожээ.

 

6.2. Тиймээс Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай тогтоол-оор баталсан аргачлалын 3.3-т хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. гэж зааснаар нэхэмжлэгч *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг 99,000,000 төгрөгөөр /150х660,000 төгрөг/ тогтоосон нь зөв.

 

7. Харин хариуцагч би ах, дүү, найз нөхдийнхөө цуглуулсан 7,000,000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн тул уг 7,000,000 төгрөг сэтгэцэд учирсан хохирлоос хасаж тооцох үндэслэлтэй гэсэн тайлбар гаргасныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэж дээрх 99,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг хасаж тооцон хариуцагч *******аас 92,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч анхан шатны шүүхийн шийдвэртээ хариуцагчаас 99,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

8. Хэрэгт цугларсан баримтыг бүх талаас нь бүрэн бодитой үнэлээгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Тодруулбал, анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн тул дээрх гомдол үндэслэлгүй байна.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 192/ШТ2025/38648 дугаар Шинжээч томилж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай, мөн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШТ2026/00087 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт гаргуулах тухай тогтоолоор шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар тус тус шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байх ба хариуцагчийн өмгөөлөгч 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан журмаар гомдол гаргасныг мөн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШТ2026/00177 дугаар тогтоолоор хянаад тогтоолыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хх-89-92, 119-120, 135-137/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болохоор зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******аас 92,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШШ2026/02208 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас 92,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 652,950 гэснийг 617,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч *******гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН