Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 753

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч А.Нямсүрэн,

хохирогч Г.Цогбадрах,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бөх лам овогт Жаргалсайханы Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911018590902 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 11-ний Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Модерн номадс ресторанд тогооч ажилтай, ам бүл 6, эх, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 28-574 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бөх лам овогт Жаргалсайханы Ж.Б /РД: ХЕ87041113/,

 

Шүүгдэгч Ж.Б нь бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Ж.Бын өгсөн мэдүүлэг: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Цогбадрахын өгсөн мэдүүлэг: 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны шилжих шөнө би гэрт нь оруулах гээд зогсож байхад Б.Санчиртай уулзуулахгүй гээд гэртээ ор гээд Б.Санчир руу муухай харсан. Тэгсэн Б.Санчир над руу муухай харахаар нь яах гээд байгаа юм бэ гэхэд шил хагалаад над руу дайрсан. Би шилийг нь газар хаяулаад байж байхад та манай аавыг мэдэх үү гээд аавыгаа дуудсан. Удалгүй аав нь ирээд чи миний хүүхдийг зоддог хэн юм бэ? гээд намайг цохисон. Би 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн. Би хэрэг гарсны дараа 1 дүгээр эмнэлэгт хэвтэж эмчээс зөвлөгөө авахад намайг яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. Надад шүүхийн шатанд 156.000 төгрөг өгсөн. Энэ мөнгө нь эмчилгээний өмнөх шинжилгээний төлбөр байсан. Яаралтай хагалгаа нь 1.500.000 төгрөгийн үнэтэй гэсэн. Мөнгө байхгүй байгаа учраас хагалгаанд орж чадаагүй байгаа гэв.

Шүүгдэгч Ж.Б нь өөрийн төрсөн хүү 15 настай З.Санчиртай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 27 дугаар гудамжинд өөрийн хүүхэд Б.Санчирыг өмөөрөн хохирогч Г.Цогбадрахтай зодолдож, улмаар "нуруунд зулгаралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал" бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулиин 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Цогбадрахын биед учирсан эрүүний сэртэнгийн хугарал гэмтлийг миний хүү Санчир түүнийг цохих үед гэмтэл гэж бодож байна. Харин бусад гэмтэл буюу цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бид 2 ноцолдоод газар унах үед үүсээн гэмтлүүд юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 56х/,

хохирогч Г.Цогбадрахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 03-ны орой 00 цаг өнгөрч байхад манай эхнэр Оюунчимэг гадаа байгаа охин дүү Оюундэлгэрийг оруулаад ирээч гэхээр нь гэрийн гадаа гудамжиндаа гарсан чинь гудамж өгсөөд 2 айлын дээд талд Оюундэлгэр нь нэг эмэгтэй найзын хамт зогсож байсан. Тэр хоёр дээр яваад очтол хажуугаас нэг эрэгтэй хүүхэд хүрээд ирсэн. Тэр хүүхдийг Санчир гэдэг хүүхэд байсан бөгөөд тэр хавьд элдэв болохгүй зүйл хийгээд байдаг болохоор нь би түүнд дургуй байдаг болохоороо түүн рүү муухай хараад ойртсон чинь Санчир над руу муухай хараад өөдөөс инээгээд байхаар нь би түүнд "ахын дүү яагаад инээгээд байгаа юм бэ" гэсэн Санчир цаашаа эргээд газарт байсан пивоны шил аваад шонгийн хөлөнд цохиж хагалаад гартаа барьчихаад надаас "та манай ахыг болон аавыг мэдэх үү? Манай ахтай зодолдох уу?" гээд байхаар би түүнийг барьж аваад цамцаар нь толгойг нь бүтээж доош нь дараад түүнд "ахын дүү оролдох юмаараа оролдоорой. Аав, ахыгаа дууд" гэж хэлсэн чинь Санчир гартаа байсан хагархай шилээ газар хаяхаар нь би түүнийг тавьсан. Тэгээд Санчир утсаар хүн дуудаад байсан. Санчирын аав гээд нэг эрэгтэй бид нар дээр хүрээд ирсэн бөгөөд уг эрэгтэй намайг шууд заамдаж аваад "чи манай хүүхдийг зоддог хэн юм бэ?" гээд намайг түлхэж унагаагаад бид хоёр газар дээр хамт унаж хоорондоо ноцолдон дээр доороо ороод байж байхад би Санчирын аав гэх хүний дээр гараад доошоо хараад сууж байтал хажуугаас Санчир миний баруун эрүүний хэсэгт хөлөөрөө 2, 3 удаа өшиглөсөн. Мөн миний толгойн дагзны зүүн хэсэгт гараараа 4, 5 удаа цохисон. Тэгээд би цохилт аваад хэсэгхэн зуур манараад Санчирын аавын доор нь орсон байсан. Тэгээд ноцолдож байгаад Санчирын аавын доороос босож ирж байтал цагдаа нар ирсэн. Санчир намайг аавынх нь дээр гарсан үед миний эрүү рүү өшиглөж уг гэмтлийг надад учруулсан. Бусад гэмтлүүд Санчирын аавтай ноцолдоод газар дээр өнхөрч байх үед миний биед үүссэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,

гэрч Т.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би нөхрөө 00 цаг өнгөрч байхад Оюундэлгэрийг дуудаад оруулаад ирээч унтаж амармаар байна гэж хэлээд гадагшаа гаргасан. Тэгээд 20 гаран минут хүлээгээд дүү болон нөхөр аль аль нь орж ирэхгүй болохоор нь араас нь гадагшаа гарсан чинь манай гудамжны дээд үзүүрт гэрэлтэй шонгийн доохон талд манай нөхөр Цогбадрах, дүү Оюундэлгэр, Оюундэлгэрийн найз Тэгшээ болон Санчир гээд тэр хавьд байдаг хүүхэд хамт зогсож байсан. Намайг яваад очиход Санчир манай нөхөр лүү муухай хараад зогсож байсан. Манай нөхөр түүнд хандаж "чи яагаад над руу мухай хараад байгаа юм" гэсэн чинь өөдөөс нь "яасан юм бэ? яадаг юм бэ?" гэх мэтээр хэг ёг гээд байсан. Гэнэт Санчир газар байсан архины шил аваад шонгийн хөлөнд цохиж хагалаад гартаа бариад зогсоод "чи яах юм бэ" гээд байсан. Гэтэл манай нөхөр түүнийг "шилээр намайг дүрэх гэж байгаа юм уу" гээд түүний нүүрэнд нь нэг удаа гараараа алгадсан чинь Санчир утсаар аав руугаа залгаад дуудсан. Тэгээд манай аав энэ хавийн атаман, манай аавтай нэг нэгээрээ үзчих юмуу гээд хэрэлдээд зогсож байтал Санчирын аав гээд нэг эрэгтэй хүн манай дүү Оюундэлгэрийн хамт гудамжны доод үзүүрээс хүрээд ирэнгүүтээ аав нь манай нөхрийг дэгээдэж газарт унагаагаад түүнийг цохиод байсан. Манай нөхөр ч бас өөдөөс нь заамдаж аваад ноцолдсон. Тэр хоёр газар ноцолдоод өнхөрч байхад Санчир хажуугаас нь орж ирээд манай нөхрийн нүүрэнд нь 2,3 удаа өшиглөж, гараараа цохисон. Би Санчирыг татаж салгаж аваад байж байхад цагдаа нар ирсэн..." гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30х/,

насанд хүрээгүй гэрч Т Оюундэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Санчирын аав нь ирэнгүүт Цогоо ахыг заамдаж аваад жалганы уруу унагаасан. Тэгээд тэр хоёр газар дээр хамтдаа унаад ноцолдож өнхөрөөд байсан. Тэр үед замаар цагдаагийн машин явж байхаар нь би зам руу цагдаа дуудахаар гүйсэн. Зам дээр очтол цагдаагийн машин намайг анзаараагүй явчихсан. Би буцаад очтол Цогоо ах Санчирын аав нар ноцолдсон хэвээрээ Цогоо ах доор нь орчихсон Санчирын аав нь дээр нь гарсан байдалтай байсан бөгөөд энэ үед Санчир хажуугаар нь ороод Цогбадрахыг нэг удаа гараараа цохиж байгаа харагдсан. Энэ үед хажууд нь Цогоо ахын эхнэр Оюунчимэг эгч Цогоо ах, Санчирын аав нарыг салгах гээд голоор нь ороод чирэгдээд байсан. Ингээд байж байтал удалгүй цагдаа нар ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/,

насанд хүрээгүй гэрч А.Тэгшдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...нилээн удаж байгаад Санчирын аав нь ууртайгаар хүрч ирээд "чи хүүхэд яагаад байгаа юм бэ" гэж хэлээд Цогоог цээжинд нь түлхсэн чинь Цогоо нь зөрүүлээд Санчирын аавыг хувцаснаас нь заамдаж авсан. Тэгээд тэр хоёр бие биенээ...зууралдаад газарт унаж өнхөрөөд байсан. ...Тэр орчим байсан хүмүүсээс хэн нэгэн нь цагдаа дуудсан байсан бөгөөд цагдаа иртэл Цогоо болон Санчирын аав хоёр бие биенээ үснээс нь зулгаагаад ноцолдоод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 8245 дугаартай шинжээчийн "...Г.Цогбадрахын биед эрүүний баруун талын үений сэртэнгийн хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн' шанаа, баруун нүдний дээд зовхи, хамар, нуруу, зүүн гарын сарвуу, баруун шуу, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл топгоогдлоо. Дзэрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чаварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Эрүүний баруун талын үений сэртэнгийн хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нуруунд зулгаралт, баруун гарын сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тус Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэсэн дүгнэлт /хх-ийн 43х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ж.Быг бусадтай бүлэглэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Цогбадрах нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Ж.Бын үйлдлийн улмаас өөрт учирсан гэмтэл, хохиролд нэхэмжлэх зүйлгүй... ” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ж.Бд ял шийтгэл оногдуулахдаа өөрийн төрсөн хүүд нийгэмд биеэ зөв зохистой авч явахыг зааж сурган хүмүүжүүлэх, өөрөө биеэр үзүүлэхийн оронд өсвөр насны хүүхдийг улам өөгшүүлэн нийлж хүн зодож байгааг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар өндөр гэж үзэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилгоор тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулав.   

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Бөх лам овогт Жаргалсайханы Ж.Быг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Быг 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял   шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Бд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргэ хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ