Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/01210

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2026/03814 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 20,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь *******ийн хүсэлтээр түүний найз *******д 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр *******гийн ******* банкны ******* тоот данс руу 20,100,000 төгрөгийг шилжүүлэн зээлсэн. ******* нь *******ийг сайн таньдаг учраас түүний найзад мөнгө зээлж, гүйлгээний утгыг *******т гэж бичиж шилжүүлсэн. *******гээс 20,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь, 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр *******гийн эхнэр *******д түүний найз ******* 20,000,000 төгрөгийг 1 цагийн хугацаатай зээлээч гэх хүсэлт тавьсан. *******гийн эхнэр тухайн хүсэлтийг зөвшөөрч, уг мөнгийг *******ийн өгсөн данс болох ******* гэх хүний ******* банкны ******* данс руу *******т гэх утгаар 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 51 минутад шилжүүлсэн. Харин ******* нь уг мөнгийг тухайн өдрийн 17 цаг 28 минутад *******гийн эзэмшлийн ******* банкны ******* тоот данс руу буцаан шилжүүлсэн. Иймд, дээрх гүйлгээг *******гийн эхнэрээс *******т богино хугацааны зээлдүүлсэн мөнгийг буцаан авсан үйлдэл бөгөөд ******* *******тай ямар нэгэн гэрээ байгуулж зээл аваагүй. *******гийн эхнэр, ******* нар БНСУ-д хамт сурч байсан. Хамтарч компани байгуулсан боловч огт үйл ажиллагаа явуулж байгаагүй. 2025 оны 05 дугаар сараас эхэлж ******* нь *******гийн эхнэрээс 3-7 хоногийн хугацаатай хүүтэй мөнгө зээлж хүүг нь буцааж нэг, хоёр өдрөөр гурав өдрөөр гэж зээлж байгаад 20,000,000-50,000,000 төгрөг гэж явсан. Ингэж мөнгө зээлж авахдаа ******* өөрийнхөө, нөхрийнхөө, өөр бусад хүмүүсийн дансаар мөнгийг шилжүүлж авдаг байсан. Тухайн өдөр яг энэ байдлаар ******* гэх хүний данс руу мөнгө шилжүүлж авсан. *******гийн эхнэр *******ээс 100 гаруй сая төгрөгийн, найз нь 300 гаруй сая төгрөгийн авлагатай цагдаагийн байгууллагад гомдол гаргаад явж байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох 20,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

... Шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр нотлох баримтыг үнэлж тайлбарлан хэргийг шийдвэрлэдэг юм бол, банкны дансны хуулга гэх нотлох баримтыг ямар шалгуураар үнэлж тус шийдвэрийг гаргасан нь тодорхойгүй. Мөн тус шийдвэрт ******* түүнд зээлүүлсэн гэсэн тайлбарыг хэлсэн, түүнд гэдэг нь хэнийг хэлж байгаа вэ, *******т зээлсэн 20,000,000 төгрөгөө буцаан авсан гээд байна уу, эсвэл *******д зээлсэн 20,000,000 төгрөгөө буцаан авсан гээд байна уу ойлгоогүй. Эрх ашиг нь хөндөгдөөд мөн л хохирогч юм бол, холбогдох этгээдийг шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа.

...Эрх зүйн маргааны төрлийг шүүхээс тодорхойлох ёстой байтал хууль мэдэхгүй иргэн зээлсэн мөнгөө нэхэж шүүхэд хандахдаа зээлийн гэрээний үүрэгт 20,100,000 төгрөг гаргуулах тухай гэж бичиж шаардлагаа тодорхойлоогүй байтал дээрх хуулийг баримтлан талуудын хооронд зээлийн гэрээ байхгүй, зээлийн харилцаа үүсээгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгааг зөвөөр дүгнэж өгнө үү.

Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарт үндэслэж өөрийн дотоод үнэмшлээр хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Шийдвэрт дурдсан ...харин нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс зээлийн гэрээний үүрэг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна... гэх тайлбар нь *******ээс мөнгөө нэхэмжилж болно гэж тайлбарлаад байх шиг байна. Зээлийн харилцааны дагуу 20,100,000 төгрөгийг нэхэмжилж *******ийг шүүхэд өглөө гэхэд би аваагүй нотлох баримт байхгүй учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг мөн л хэрэгсэхгүй болгоно. Зээл авсан хүнд холбогдуулаад нотлох баримтыг нь хавсарган шүүхэд нэхэмжлэл гаргахаар хариуцагчийн тайлбараар шийдвэрт дурдсан байдлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

...Шүүхээс хариуцагчийг нь зааж тодорхойлж өгөөд, мөн эрх зүйн маргааныг шууд зээлийн гэрээ гэж дүгнэж хариуцагчийн тайлбарт үндэслэн баримтыг дотоод итгэл үнэмшлээр үнэлж нэхэмжлэгчийг хохироож байгаад гомдолтой байна. Шийдвэрт дурдсан бусад зүйл заалт бүрд гомдол санал байгаач, энэ маргаанд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг хамааралгүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Тухайн өдрийн өглөө ******* гэх хүн манай эхнэр лүү залгаж, 20,000,000 төгрөгийг нэг цагийн хугацаатай зээлээч гэж хэлсэн. Энэ талаар хариу тайлбартаа дурдсан. Манай эхнэр тухайн мөнгийг найзаасаа буюу ******* гэх хүний данснаас 1-2 цагийн хугацаатай зээлсэн. 1 цагийн дараа 20,000,000 төгрөг нь миний данс руу орж ирсэн бөгөөд тухайн мөнгийг эхнэрийнхээ найзын данс руу буцаан шилжүүлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь ...өөрийн охин ******* болон түүний найз ******* нарын хүсэлтээр найз *******д 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 20,100,000 төгрөгийг зээлдүүлсэн, гүйлгээний утгыг *******т гэж бичиж шилжүүлсэн гэх үндэслэлээр хариуцагч *******гээс 20,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Хэргийн баримтаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* болон *******, *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хооронд удаа дараа харилцан мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэлд дурдсан 20,100,000 төгрөг дээрх мөнгөн хөрөнгөтэй холбоотой эсэх, нэхэмжлэгч ******* нь уг мөнгийг хариуцагч *******гийн дансанд шилжүүлэхдээ чухам ямар хүсэл зоригийн үндсэн дээр шилжүүлсэн, тэдгээрийн хооронд ямар харилцаа үүссэн буюу мөнгөн хөрөнгө шилжсэн үндэслэл, түүнтэй холбоотой үйл баримтыг бүрэн тогтоох шаардлагатай, эдгээр нөхцөл байдлуудыг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй.

Тодруулбал, зохигчийн маргааны зүйл болох 20,100,000 төгрөгийг ******* нь *******д, аль эсхүл *******т зээлүүлсэн, эсхүл *******гаас *******д шилжүүлэхэд үүнийг *******д буцаан шилжүүлж байгаа болон урьд өмнө зохигчоос гадна *******, *******, ******* нарын хооронд шилжүүлсэн мөнгөн шилжүүлэгтэй холбоотой эсэхийг тогтоох шаардлагатай байжээ.

 

5. Түүнчлэн, хариуцагч нь 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр миний эхнэр *******д түүний найз ******* нь 20,000,000 төгрөгийг 1 цагийн хугацаатай зээлээч гэж хүсэлт тавьсны дагуу түүний өгсөн данс болох ******* гэх хүний ******* банк дахь ******* данс руу *******т гэх гүйлгээний утгаар тухайн өдөр 16 цаг 51 минутад 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн, ******* нь уг мөнгийг тухайн өдөр буюу 17 цаг 28 минутад миний эзэмшлийн ******* банкны ******* тоот данс руу буцаан шилжүүлсэн, бидний дунд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй,өгсөн мөнгөө буцааж авсан, би энэ мөнгийг аваагүй, ******* авсан гэж тайлбарлаж маргасан байхад *******гаас нэхэмжлэгч ******* руу, *******аас ******* руу шилжүүлэгдсэн мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгөтэй холбоотой эсэх, мөнгийг хэн авч захиран зарцуулсан эсэх зэрэг нөхцөл байдлыг бүрэн тодруулахгүйгээр зөвхөн дансны хуулгад үндэслэж 20,100,000 төгрөгийг зээл гэж нэхэмжилснийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2026/03814 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН