| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0769/Э |
| Дугаар | 775 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 775
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч Ц.Батбямба /томилолтоор/,
Шүүгдэгч Б.Д /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Гэлэнгүүд овогт Батхуягийн Дашнямд холбогдох эрүүгийн 1911 01879 0954 дугаартай хэргийг 2019 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Гэлэнгүүд овогт Батхуягийн Дашням, 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, МН товер ресторанд зөөгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 16-739б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:УХ00210313/.
Шүүгдэгч Б.Д нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул-2” худалдааны төвийн ар талын гудамжинд хохирогч А.Алтанбаганы “Самсунг Эс-6” загварын гар утсыг “яриад өгье” гэж хуурч аваад зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч Б.Даас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-32-33/ “..2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 08-09 цагийн орчимд ажлаа тараад гэрлүүгээ харьж явах замдаа “Нарантуул 2” захын ар талын гудамжинд нэг ахтай таараад утсаараа ганц яриулаач гэж хэлээд, тухайн хүний утсыг аваад ганц нэг танил хүмүүс рүүгээ залгаж ярьсан юм. Энэ үед хэргийн хохирогч ах буруу хараад зогсож байсан. Тэгээд би утсаар ярьчихаад тухайн хүний утсыг аваад шууд яваад өгсөн. Тэгээд тэр өдрөө би гэртээ унтаж амарсан, харин маргааш өглөөнөөс нь ажилдаа явсан бөгөөд өөрөө барих утасгүй болохоор тухайн хохирогчийн утсыг өөрийнхөө юнителийн 86196096 дугаарын симээ хийгээд утсыг ашиглаж байсан юм. Ингээд гар утсыг 1 cap орчим бариад явж байхад, Цагдаагийн газраас залгаж байна, ирж хэргийн талаар ганц хоёр юм тодруулж асуух зүйл байна гэж хэлээд намайг дуудсан, би цагдаагийн газар дээр ирж мэдүүлэг өгөөд, дээр дурдсан гар утсыг авсан талаараа үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн юм..” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Алтанбаганаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-9/ “..2019 оны 7 дугаар сарын 07-ны өглөө 08-09 цагийн хооронд өчигдөр орой нь Хайлаастад байдаг Цогтбаатар гэдэг найзындаа хончихоод гэрлүүгээ явж байгаад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны энд байдаг Нарантуул-2 худалдааны төвийн ар талын гудамжинд нэг залуу араас хүрч ирээд "ахаа хаа хүрч яваа юм бэ" гээд сугадаад хүүхэд шиг надад туслаад байсан. Тэгээд "ахаа утас байвал нэг яриулаа ч" гэж хэлэхээр нь утсаа өгчихөөд удаачгүй эргэж хараад тамхи татаад нөгөө залуу ч нэг охинтой л яриад байх шиг байсан. Тэгээд зогсож байсан чинь эргээд харсан чинь байхгүй болчихсон...Туранхай цагаан царайтай, үсээ хөөрхөн засчихсан, 170 см орчим өндөртэй 20 нээх их хэтрээгүй залуу байсан. Одоо харвал таних байх гэж бодож байна...Самсунг эс-6 загварын гар утас, 2018 оны 11 сард шинээр нь 350 мянган төгрөгөөр худалдаж авч байсан, содон шинж тэмдэг гэвэл голын жижиг товчлуур нь хагарчихсан байсан. Мөн гадуураа хавтастай гэртэй байсан. Гэрэн дотор нь иргэний үнэмлэх: жолооны үнэмлэх, хаан банк, голомт банкны карт хүмүүсийн нэрийн хуудаснууд байсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Ү.Хүслэнзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-13/ “..2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр би Хайлаастад эгчийндээ байхад манай найз Б.Д над руу 99142111 дугаарын утсаар надруу ярьж "намайг уулзъя, хаана байна гэж хэлсэн, харин тэр үед би гэртээ байна, одоо уулзах боломжгүй гэж хэлсэн юм. Харин энэ үед надруу ярьсан утасныхан сүлжээ унаад сайн сонсогдохгүй байсан. Тэгээд утсаа салгасан юм..” гэх мэдүүлэг,
Дамно ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гаргасан “..Самсунг эс-6 маркийн гар утас 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны карт 1 ширхэг, голомт банкны карт 1 ширхэг нийт 197.500..” гэж үнэлгээний тайлан /хх-13/, шүүгдэгч Б.Дын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, хорооны тодорхойлолт /хх-37/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул-2” худалдааны төвийн ар талын гудамжинд хохирогч А.Алтанбаганы “Самсунг Эс-6” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч авсан байна.
Шүүгдэгч Б.Дын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүний гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Дыг “хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч тус бүрийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Дд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Дамно ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гаргасан “..Самсунг эс-6 маркийн гар утас 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны карт 1 ширхэг, голомт банкны карт 1 ширхэг нийт 197.500 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шүүгдэгч Б.Д нь хохирогч А.Алтанбаганад учирсан 197.500 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэлэнгүүд овогт Батхуягийн Дашнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР