| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 305/2025/00963/И |
| Дугаар | 215/МА2026/00015 |
| Огноо | 2026-05-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 215/МА2026/00015
2026 05 05 215/МА2026/00015
Говь-Алтай аймгийн ******** сумын
********-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, шүүгч Б.Н, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 305/ШШ2026/00135 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын ********-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********** сумын ******* баг *** - *** тоотод оршин суух Х овгийн Н.Н-т холбогдох,
** - ** УН улсын дугаартай, 936 дугуйт ковш тракторыг буцаан авах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
ковш тээвэрлэсэн зардал, засварлах явцад эрүүл мэндээрээ хохирсонтой холбогдуулан гарсан эмчилгээ сувилгааны зардал нийт 18,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Н.Н, түүний өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: ** - ** УН улсын дугаартай, 936 дугуйт ковш тракторыг буцаан авах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Тус сум нь 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тендер зарлан ковш худалдаж авсан бөгөөд 2014 оноос хойш жил бүр хогийн цэгийг түрж, хумьж ажиллуулж байсан. 2019 онд хогийн цэгийг түрж байх үеэр ковшийн мотор эвдэрч, тухайн үед корона вирус гарч хил гааль хаагдсан. Мөн засварлах төсөв, санхүүгийн боломжгүй байсан тул нярав Р.Т-ын хашаанд хадгалсан. 2022 онд тухайн үеийн сумын Засаг дарга Б.Б ковшийг засварлуулж ашиглалтад оруулах зорилгоор аймаг руу ачуулсан байна. Гэвч ачилт хийсэн том оврын тээврийн хэрэгслийн жолооч Н.Н (утас: 88*******) нь манай байгууллагатай холбогдон ковшийг буцаан өгөхөөс татгалзаж, нэмэлтээр 7,500,000 (долоон сая таван зуун мянга)-н төгрөг төлөхийг шаардсан байна. Иймд дээрх асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулж, манай байгууллагын өмч болох ковшийг буцаан авах арга хэмжээ авах шаардлагатай байгаа тул холбогдох шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. 2023 оны эхээр манай сумын ковшийг авч явсан байдаг. Би өмнө нь сумын Засаг даргын албыг 2021 оны 10 сар хүртэл хашиж байсан. 2019 оны 12 сард энэ ковшоор ажил хийж гүйцэтгэж байх явцад эвдэрсэн. Бид нар ковшийг засварлахын тулд моторыг нь заавал Хятадаас авах шаардлагатай байсан боловч тухайн үед дэлхий нийтээр корона цар тахлын өвчин тархсан байсан нөхцөл байдлаас шалтгаалаад засаж чадаагүй. Ингээд би 2021 оны 10 сард ажлаас гарчихаад 2024 оны 02 сарын 08-нд буцаад ажилдаа томилогдсон. Энэ үед хил гааль нь чөлөөтэй нээгдсэн байсан учраас тухайн ковшийг янзлахаар хайсан боловч огт байхгүй байсан. Манай ажилтнууд, нярав, нягтлангууд огт мэдэхгүй байсан. Энэ ковшийг нь манайх зөвхөн хогоо түрэх ажлаас өөр ажилд зарцуулдаггүй, элэгдэл маш багатай. Хамгийн гол нь мотор л эвдэрсэн байсан. Тэгээд асууж сураглахаар мэдэж байгаа хүн огт байгаагүй, бичиг баримтыг нь хүртэл авч явсан байсан. Бичиг баримт нь хувь хүний нэр дээр байгаа засварлаж болно. Гэхдээ бичиг баримт нь яагаад байхгүй байгаа талаар лавлахад Б.Б дарга авч явсан байсан. Тэгээд би эрж сурсаар байгаад 2023 онд актлах шийдвэр гаргаж байгаа гэсэн. Яагаад, хэн зөвшөөрсөн юм гэхэд сумаас зөвшөөрсөн хүмүүс огт байхгүй. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн “Орон нутгийн өмч хөрөнгийг захиран зохицуулах журам” дээр 3 удаа өөрчлөгдсөн байгаа юм. Эхний журам дээр тухайн техник тээврийн хэрэгслийг 10-аас илүү жил эзэмшиж ашиглаж байсан хүн давуу байдлаар өөртөө шилжүүлж акталж болно гэсэн заалт байгаа. Тэр нь сүүлийн 2 журам дээр хасагдаад зөвхөн тухайн тээврийн хэрэгслийг сэлбэг хэрэгслээр болон өмчийг өөр байгууллагад шилжүүлж болох замаар л актлах ёстой байсан. Тийм учраас бид нар энийг эрж хайгаад болохгүй болохоор нь хуулийн байгууллагад хандсан. Н.Н гэдэг хүнтэй бол нэг л удаа холбогдсон. Тэгээд холбогдоод асуухад “би энийг тээвэрлэх явцдаа гэмтсэн. Та нар миний гарсан зардлыг төлөх юм бол би буцааж өгөх боломжтой” гэсэн. Та бүгд ч гэсэн мэдэж байгаа. Төсвийн байгууллага бол тухайн жилийнхээ урд оныхоо төсвийнхөө төсөөллөөр дараа ондоо санхүүжиж байдаг учраас тийм зардлыг бид нар нэмж тавих боломж байхгүй. Тухайн ковшоор юу хийдэг юм гэхээр манайх зөвхөн хогийн толгой болон тохижилтын ажлыг л хийдэг. Тэр бол жилд маш бага цагаар хийх боломжтой ажил. Тэгээд энэ ажлыг бид нар жилд 8 орчим сая төгрөгийн түрээс төлж хүнээр хийлгэж байгаа учраас ковшоо засуулчих юм бол бага зардлаар үр дүнтэйгээр ажил гүйцэтгэгдэх боломжтой гэсэн үүднээс тухайн ковшийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
3. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Энэ ковшийг би яагаад засварлах гэж нааш нь тээвэрлэж ирсэн бэ гэвэл тухайн үед тэр Засаг дарга байсан Б.Б гэж залуу надтай ирж уулзсан. Намайг их судалсан байсан. Ковшоор ингэж мэргэшсэн засварлах чадвартай хүн гэж намайг судлаад надтай уулзаад “та энийг засаж янзалж өгөөч” гэж 2022 онд надад санал тавьж байсан. Тухайн үед би **** - *** сумын Соёлын төвийн барилга дээр туслан гүйцэтгэгчээр очиж ажиллаж байхад Засаг дарга нь надтай уулзаад “ашгүй та хүрээд ирсэн байна. Та янзалж өгөөч” гэхээр нь “зав зай муутай. Би энд ажил төрөл хийж байгаа” гэж хэлсэн. Өвөл нь дахин дахин над руу яриад байсан л даа. “Танаас өөр ерөөсөө энийг нэг янзлах хүн алга байна” гээд өвөл над руу холбогдонгуут би нэг унааны зав гаргаад тэгээд 2023 оны 02 сарын 14-нд очиж кранаар тээвэрлэж ачиж ирсэн. Тээвэрлэхээсээ өмнө Засаг даргатай нь яриад “би ингээд очлоо шүү” гэхэд “танд тээврийн хөлсийг чинь өгөх мөнгө одоогоор шийдэгдээгүй байна. Та өөрөө ачиж аваачаад янзалж байгаарай” гэсэн. Би тэр ковшийг тээвэрлэж авчирч байж л яг юу нь эвдэрсэн байна гэдгийг тогтоохгүй бол тэнд очоод тэр өвлийн хүйтэн нөхцөлд сум дээр олон хонох ямар ч боломж байхгүй байсан тул тээвэрлэж авчраад сайн үзэж байж яг ямар, ямар сэлбэг хэрэгтэй болохыг тогтооно гэсний үндсэн дээр би өөрөөсөө тээврийн хөлс, түлш хийгээд кранаар нааш нь тээвэрлэж ирээд өөрийнхөө хашаанд завсарлах санаатай явсан. Өвөл хүйтэн байсан учраас кран өглөө асахгүй байх гээд шөнийн 2 цагийн орчимд буулгах явцдаа би краны нэг талын 2-ыг нь оосорлосон байсан. Тэр чинь кран дээр ачсан учраас бараг 4, 5 метр өндөр болчихсон. Миний ковш бол араар нь тойроод явчихдаг хүндрүүлэгчтэй байдаг. Гэтэл тэр ачиж ирсэн ковшийг би өмнө харж үзээгүй байсан учраас араар нь алхах гэтэл хойд тал нь онгорхой нүхтэй төмөр байсан. Тэр хэсгээр тойрч гарах үндэслэл байхгүй байсан учраас би копут дээгүүр нь давж гарах гэтэл копут нь ямар ч боолтгүй сул, савлагаатай байсан юм билээ. Тэгээд краны нөгөө талын 2 дэгээг оосорлохын копут дээр нь гарах гэж байгаад савлагаатай байсныг нь мэдэхгүй учраас хөл алдаж газар унаад тархиндаа маш хүнд гэмтэл авсан. Гавал яс дух хэсэгтээ цөмрөөд тэрнээс хойш би ухаан алдаад бараг 2, 3 сар эмнэлгээр явсан. Харин ачтай сайн эмч нарын буянд өдий зэрэгтэй ингээд хөл дээрээ алхаж байгаадаа би эмч нартаа их талархдаг. Тэгээд би “эрүүл мэндээрээ ингээд хохирчихлоо, та нар миний хохирлыг барагдуулж өгөөч” гээд өмнөх Засаг даргатай нь холбогдсон. Би сэлбэгийнх нь үнийг судалсан чинь анх тохирсон үнээсээ бүр давчихсан байсан. Тэгээд нэгдүгээрт ах нь эрүүл мэндээрээ хохирчихлоо. Хоёрдугаарт ковшийн засвар нь чи бид хоёрын ярьж тохирсноос давчихсан юм байна. Наадахыг чинь засварлах ямар ч боломжгүй юм байна шүү” гэсэн. Тэгэхэд Засаг дарга нь “тэгвэл 1 унаа тааруулж байгаад авахыг бодъё. Та гэмтэж бэртчихдэг ёстой маш их харамсалтай юм боллоо” гээд надтай 2, 3 холбогдсон байх. Би тэгээд ямар ч байсан ахынхаа тээврийн зардлыг өгчих. Дээр нь миний эрүүл мэндийн зардлыг яах вэ? Би чамаас бүрэн бүтэн нэхэмжлэхгүй. 7, 8 сая төгрөг өгчихгүй юу” гэж хэлсэн. Удаа ч үгүй Б.Б нь Засаг даргын ажлаа өгчихсөн юм билээ. Тэгээд одоо болтол тэр ковш нь шанага нь салчихсан, арын боолт нь байхгүй яг л анх ачиж ирсэн тэр хэвээрээ манай хашаанд байж байгаа. Дараа нь Авлигатай тэмцэх газраас намайг энэ ковшийн асуудлаар гэрчээр дуудаж байцаахаар дуудсан л даа. Би тэр байцаагчид нь “манай хашаанд хэвээрээ байж байгаа” гэж хэлсэн. Байцаагч нь өөрөө очиж үзэж танилцаад тэр **** - ***сумаас бас 1, 2 хүн ирсэн. Нэг нь лав нярав нь гэж байсан. Би тэр хүмүүсийг нь танихгүй. Тэгээд 2 хүн үзэж харчихаад “энэ яг манай ковш хэвээрээ байна. Шанага нь салчихсан байсан. Ар талынх нь нэг яндангийнх нь төмөр утас нь хүртэл хэвээрээ байна” гэдгийг өөрсдөө нүдээрээ ирж харж үзчихээд явсан. Авлигатай тэмцэх газрын байцаагч нь болохоор “та нар хоорондоо зохицох асуудал байна” гэсэн. Дараа нь **** - *** сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэсэн байх. Нэг хүн надтай утсаар холбогдоод “ковшоо авъя” гээд хэлэхээр нь би “та нар миний эрүүл мэндийн хохирол тээврийн хөлсийг барагдуулсан цагт буцааж өгөхөд ямар ч татгалзах шалтгаан байхгүй” гэдгээ хэлсэн. Би татгалзах шалтгаан байхгүй гэдгээ удаа дараа уламжилж байгаа. Тэгэхэд дахин дахин намайг эрүүл мэндийн байдал, сэтгэл санааны хохиролд оруулаад шүүх цагдаагаар явуулаад байдаг нь ямар учиртай юм. Би ерөөсөө энийг ойлгохгүй байгаа. Иймд миний сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэх байна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ковш тээвэрлэсэн зардал, засварлах явцад эрүүл мэндээрээ хохирсонтой холбогдуулан гарсан эмчилгээ сувилгааны зардал нийт 18,000,000 төгрөг гаргуулах тухай.
5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь 2023 оны 02 сарын 14-ний өдөр тухайн үеийн **** - *** сумын Засаг дарга байсан Б-ийн хүсэлтээр тус сумын эвдрэлтэй байсан ковшийг засварлаж ашиглалтанд оруулах зорилгоор өөрийн зардлаар тэвштэй кран хөлслөн аймгийн төвд авчраад өөрийн хашаанд буулгах явцдаа краны дэгээ оосорлож өгөх гээд ковшны арын кабин дээрээс халтирч хөл алдан өндрөөс газар унан тархиндаа хүнд гэмтэл авч яаралтай тусламжаар эмнэлэгт очин гавал тархины хүнд хагалгаанд орсон билээ. Улмаар биеэ бага зэрэг сайжирсны дараа дээрхи ковшийг засварлах гэтэл сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдээд тохиролцсон засварын үнээс хэт өндөр туссан тул дээрхи учрыг Засаг дарга Б-д уламжлахад унааны эв тааруулаад буцааж авъя гэж хэлсэн билээ. Тус эвдэрхий ковш одоо хүртэл манай хашаанд ачиж ирээд буулгасан хэвээр байгаа бөгөөд жич **** - *** сумын Засаг даргын Тамгын газрын дарга, няравын хамт очиж үзээд хэвээр байгааг баталсан болно. Мөн 2025 оны хавар АТГ-аас намайг дуудан байцаагч нь тус эвдэрхий ковшийг үзэж танилцаад та нар хоорондоо тохиролцох асуудал гээд дээрхи ковш ашиглалтаас гарч актлагдсан болохыг надад мэдэгдсэн болно. Миний бие тус эвдэрхий ковшийг буцааж өгөхийг өмнөх Засаг даргад хэд хэдэн удаа уламжилж байсан билээ. АТГ-ын шийдвэр гарсны дараа тус сумын Тамгын газрын даргад миний өөрийн тээвэрлэж ирсэн зардал, эрүүл мэндийн зардлыг төлөөд ковшоо аваарай гэж хэлсэн болно. Учир начраа гарган хэлсээр байтал тус сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс намайг АТГ, шүүх цагдаад дуудуулан сэтгэл санааны гүн хямралд оруулж байгаа болно. Гавал тархины хүнд хагалгааны улмаас толгой эргэж 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өндрөөс унаж эгэмний хугарал оноштойгоор хагалгаанд орж эгэм ясандаа ялтас тавьж хадуулсан болно. Жич: эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай баримтыг хавсаргасан болно. Тус сумын Тамгын газрын зүгээс намайг удаа дараа чирэгдүүлж байгаа тул миний эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийг 100% барагдуулаад эвдэрхий ковшоо авахыг тус сумын Засаг даргын Тамгын газарт уламжилж байна. Иймд Н.Н миний эрүүл мэнд, эд хөрөнгө сэтгэл санааны хохирол болох тээвэрлэсэн краны зардал 2,000,000, эхний хагалгааны эм тариа 1,500,000, Улаанбаатар хот зардал 1,000,000, эмчилгээний дэр 600,000, 2023.04.24-нд хагалгаанд орж тархиндаа ялтас тавиулсан эм тариа эмчилгээний зардал 1,000,000, 2025.01 сард Улаанбаатар хотод толгойны компьютер томографи 450,000, тархины цахилгаан бичлэг 350,000, Улаанбаатар хот руу машинаар явсан зардал 1,000,000, эрүүл мэнд сэтгэл санааны хохирол ороод бүгд 18,000,000 төгрөгийг **** - ***сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн ашиглалтаас хасаж акталсан ковшийг иргэн надаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй болно гэжээ.
6. Сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар: **** - *** сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулж гаргасан Н.Н-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Н.Н нь тухайн үеийн сумын Засаг дарга Б.Б-тэй тохиролцож ковшийг засварлахаар өөрийн зардлаар тээвэрлэсэн гэх асуудлыг мэдэхгүй. Төрийн байгууллага, албан тушаалтан эрхийн акт, гэрээгүйгээр хэн нэг этгээдээр төсвийн хөрөнгийг захиран зарцуулах, засварлуулах боломжгүй. Манай сумын Засаг даргын Тамгын газар, Санхүү төрийн санд ковш эвдэрсэн, засварлуулна гэх гэрээ, хэлцэл байхгүй. Н.Н нь 2023 оны 02 дугаар сар, 2024 оны 09 дүгээр сард гэмтэж бэртсэн нь **** - *** сумын Засаг даргын Тамгын газрын мэдэх асуудал биш. Үнэхээр ковш засварлах гэж байгаад гэмтсэн үү, өөр бусад байдлаар гэмтсэн үү гэдгийг мэдэхгүй. Иргэн Н.Н болон **** - *** сумын Засаг даргын Тамгын газрын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, энэ хүн өөрийнхөө аюулгүй ажиллагааг хангах, гэмтэж бэртэхгүй байх зэрэг асуудал нь бидний мэдэх зүйл биш. Сум өөрийн хөрөнгөө авья гэхээр шалтаг, шалтгаан гаргаж өгөхгүй байх арга гэж харж байна. 2023 оны эхэнд гэмтсэн гэж байгаа боловч хөрөнгөө авья гэхээр эрүүл мэндээр хохирсон гэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Говь-Алтай аймгийн засварчид өөрсдөө бензин шатахуунаа хийгээд хүнд механизм тээвэрлээд засварладаг жишиг өнөөдөр байхгүй. Говь-Алтайд битгий хэл монголд байхгүй. Харин орон нутгийн хөрөнгөө авъя гэхээр ашиглалтаас хасч акталсан хөрөнгийг чинь өгөхгүй гэж байгаа нь Н.Н болон Б.Б нарын завших, гувчуулах санаа зорилготой байсныг илтгэж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд түүний хууль бус эзэмшлээс **** - ***сумын Засаг даргын Тамгын газрын ковшийг гаргуулж өгнө үү гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Н.Н-аас ** - ** УН улсын дугаартай, 936 дугуйт ковш тракторыг биет байдлаар гаргуулан Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газарт олгож, Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газраас ковш тээвэрлэсэн краны зардал 2,000,000 төгрөг, эхний хагалгааны эм тариа 1,500,000 төгрөг, Улаанбаатар хот зардал 1,000,000 төгрөг, эмчилгээний дэр 600,000 төгрөг, 2023.04.24-нд хагалгаанд орж тархиндаа ялтас тавиулсан эм тариа эмчилгээний зардал 1,000,000 төгрөг, 2025.01 сард Улаанбаатар хотод толгойны компьютер томографи 450,000 төгрөг, тархины цахилгаан бичлэг 350,000 төгрөг, Улаанбаатар хот руу машинаар явсан зардал 1,000,000 төгрөг, эрүүл мэнд сэтгэл санааны хохирол ороод нийт 18,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Н-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагч Н.Н-аас гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ..... шийдвэрлэжээ.
8. Хариуцагч Н.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүх **** - *** сумын Засаг даргын Тамгын газрын ковш тракторыг буцаан авах тухай үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан Ковш тээвэрлэсэн зардал засварлах явцад эрүүл мэндээрээ хохирсонтой холбогдуулан гаргасан эмчилгээ сувилагааны зардал нийт 18,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.2 дахь заалтанд сөрөг нэхэмжлэл нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой юм уу эсхүл гэм хор учруулсаны улмаас үүссэн нэхэмжлэл аль болох нь тодорхойгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Говь-Алтай аймгийн **** - *** сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөл эзэмшлийн ковшийг Засаг даргын хүсэлт зөвшөөрлийн үндсэн дээр Н.Н би засварлаж ашиглалтанд оруулах зорилгоор тээвэрлэж буулгаж засварлах явцдаа биедээ хүнд гэмтэл авч улмаар эрүүл мэнд сэтгэл санааны хохирол учирсан.
Говь-Алтай аймгийн **** - *** сумын Тамгын газар болон Засаг дарга ковшоо авъя гэхэд авч болно. Би танай байгууллагын өмчлөлийн ковшийг засаж янзлах гэж байгаад эрүүл мэндээрээ хохирсон одоо ажил төрөлгүй биеийн байдал хүнд байгаа эмчилгээний зардалд 7,500,000 төгрөг өгчихөөч одоогийн байдлаар гарсан бодит зардал гэж 2 жилийн өмнө хэлж байсан. Анхан шатны шүүх ковш тээвэрлэж буулгаж засварлах явцад миний биед учирсан хүнд гэмтэл цаг хугацаа орон зайны хувьд шууд шалтгаант холбоотой байхад сөрөг нэхэмжлэл гаргасан эмчилгээ сувиллагааны зардлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
9. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ковш тээвэрлэхэд гарсан зардал 2,000,000 төгрөгийг төлнө, шүүхээс шийдвэр гарвал эмчилгээний зардлыг төлөх боломжтой гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
11. Нэхэмжлэгч тус аймгийн **** - *** сумын Засаг дарга нь 2022 онд засуулахаар өгсөн ** - ** УН улсын дугаартай ковш трактороо хариуцагч Н.Н-аас нэхэмжилж, хариуцагч Н.Н нь тус тракторыг засварлах үед гэмтэж эрүүл мэндэд нь учирсан хохирол, тээвэрлэхэд гарсан зардал 2,000,000 төгрөг нийт 18,000,000 төгрөгийг сөрөг нэхэмжилжээ.
12. Ковш тракторыг засуулахаар шилжүүлэн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч байгууллага нь ** - ** УН улсын дугаартай ковш тракторын өмчлөгчийн хувьд өөрийн хөрөнгөө хариуцагч Н.Н-аас шаарджээ. Хариуцагч Н.Н уг ковш тракторыг засварлахаар хүлээн авсан ба буцаан өгөхөөс татгалзаагүй, зохигчид энэ талаар маргаагүй байна. Нэхэмжлэгч байгууллага нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр худалдан авсан техникээ нийлүүлэгч иргэнээс нэр шилжүүлэн аваагүй талаар тайлбарлажээ. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрлэжээ.
13. Хариуцагч Н.Н-ын тус тракторыг засварлах үед гэмтэж эрүүл мэндэд нь учирсан хохирол, тээвэрлэхэд гарсан зардал 2,000,000 төгрөг нийт 18,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагчийн төлөөлөгчөөс тээвэрлэхэд гарсан зардал 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул энэ хэмжээгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
14. Үлдэх 16,000,000 төгрөгний эрүүл мэндэд учирсан хохирлын тухайд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулсанаас хариуцлага хүлээх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна. Нэхэмжлэгч байгууллага нь Н.Н-т ажил гүйцэтгэх захиалга өгсөнөөрөө түүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм. Н.Н-ын биед учирсан хохирол нь нэхэмжлэгч байгууллагын хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учираагүй байна.
15. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 305/ШШ2026/00135 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг...” гэж нэмж, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч Н.Н-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Говь-Алтай аймгийн **** - *** сумын Засаг даргын Тамгын газраас ковш тээвэрлэсэн краны зардал 2,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Н-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 16,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.О
ШҮҮГЧИД Б.Н
Ш.Б