Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 797

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ц.Батбямба,

Шүүгдэгч Л.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Бт холбогдох эрүүгийн 1911 0226 11034 дугаартай хэргийг 2019 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Хамба овогт Лувсандоржийн Батбаяр, 1968 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрвэс” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 13-584 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД: ГО68011576/

 

Шүүгдэгч Д.Батбаяр нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёмбо” караоке бааранд хохирогч Т.Нансалмааг бусадтай хардан маргалдаж, улмаар түүнийг цохиж, гудамжинд хөлөөрөө цээж рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь цээжний баруун талын 5, 6-р хавирга ясны хугарал, цээжний баруун хөндийн голомтлог хий хуралдалт, цээжний зөөлөн эдийн няцрал, хэвлийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Л.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-29-31/ “..Би 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 13 цагт Нансалмаа руу залгаад танилцсаныхаа 7-н жилийн ойгоо тэмдэглэе гэж хэлээд Нансалмаатай 100 айлд нэг караокед уулзаж, нэг шил “Соёрхол” нэртэй 0.75 граммын савлагаатай архи, нэг нэг “Тайгер” нэртэй 0.5 граммын савлагаатай пиво уугаад. Тэндээс гараад таксигаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 7-н буудлын автобусны буудлын хажуугийн “Соёмбо” нэртэй бааранд орж үргэлжлүүлээд архи, пиво уусан. Бид хоёр маргалдаад би гарч явснаа санаж байна. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. 23 цагийн үед буцаад “Соёмбо” баар луу ороод иртэл Нансалмаа үүдэн талын ширээнд нэг үл таних залуутай сууж байсан. Тэгээд очоод хүүхэд шигээ залуутай сууж байх юм ичээч гэж хэлж байснаа санаж байна. Тэгээд ерөөсөө санахгүй байна. Бид хоёр 7-н жилийн өмнө танилцаж байсан. Түүнээс хойш хааяа уулзаж юм ярьж суудаг. Нансалмаагийн Хаан банкны дансанд 500.000 төгрөг, хүү Цогтцэнгэлийн Хаан банкны дансанд 300.000 төгрөг шилжүүлсэн..” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Т.Нансалмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-9-10/ “..2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би ажил дээрээ байхад 11 цагийн үед Батбаяр над руу залгаад өнөөдөр ямар өдөр билээ, чи мэдэж байна уу. 7-н жилийн өмнө энэ өдөр хоёулаа танилцаж байсан шүү дээ гээд над руу залгаад байсан. Намайг автобусны буудал дээрээс Батбаяр тосож аваад караоке руу ороод “Эдэн” гэх нэртэй архи уугаад байж байтал гэнэт Батбаяр анх танилцаж байсан газраа очье гээд 7-н буудлын “Соёмбо” караоке руу явсан. Тэгээд миний зүс таних залуу таараад надтай мэндэлтэл Батбаяр намайг тэр залуутай хардаад, уурлаад гараад явсан. Батбаяр буцаж орж ирээд намайг гудамж руу чирч оруулаад зодсон ... Батбаяр намайг усны гуталтай хөлөөрөө миний цээж рүү өшиглөсөн хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна..” гэх мэдүүлэг,

 

Гэрч  Э.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19-21/ “..Орой 20 цагийн орчим байх манайхаар байнга үйлчлүүлдэг Нансалмаа эгч нэг эрэгтэйн хамт орж ирээд нэлээн суусан. Тэр хоёр хоорондоо маргалдаад хамт орж ирсэн 50 орчим насны ах нэг цохиж аваад, чирээд аваад гарсан, Хэсэг хугацааны дараа Нансалмаа эгч үс нь сэгсийсэн намайг зодчихлоо гэсээр орж ирсэн өөр ямар нэг зодоон болоогүй..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10305 дугаартай дүгнэлтэнд: /хх-23/ “..Т.Нансалмаагийн биед цээжний баруун талын 5, 6-р хавирга ясны хугарал, цээжний баруун хөндийн голомтлог хий хуралдалт, цээжний зөөлөн эдийн няцрал, хэвлийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэх шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Л.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, ажлын газрын тодорхойлолт /хх-37/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-54/, хохирогч Т.Нансалмаагийн эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /хх-46-50/, хохиролын мөнгө шилжүүлсэн Голомт банкны гүйлгээний баримт /хх-41-42/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Батбаяр нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соёмбо” караоке бааранд хохирогч Т.Нансалмааг бусадтай хардан маргалдаж, улмаар түүнийг цохиж,  хөлөөрөө цээж рүү нь өшиглөж цээжний баруун талын 5, 6-р хавирга ясны хугарал, цээжний баруун хөндийн голомтлог хий хуралдалт, цээжний зөөлөн эдийн няцрал, хэвлийн цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ.

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Баас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Бт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч Т.Нансалмаа нь шүүгдэгч Л.Баас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хамба овогт Лувсандоржийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Лувсандоржийн Батбаярыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР