Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 836

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч С.Энхтуул,

Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Тод холбогдох эрүүгийн 1811 03462 1040 дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Түмэн-Өлзийгийн Төрболд, 1995 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Ай Эй ХХК-нд армартурчин, ам бүл 3, өвөө, эмээ нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 89-1296 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД: УК95081152/

 

Шүүгдэгч Т.Т нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ Т.Т нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10 дугаар гудамж 513 тоотод орших нийтийн байрны 6 тоотод С.Өнөрдаваатай маргалдан улмаар хутгалж зүүн өгзөгөнд шарх, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Т.Тоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Т.Тоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-50-51/ “..2018 оны 12 дугаар сарын 06-ны оройхон 19 цагийн орчим л байх Амарбаясгалан гараад ойрхон манай ажлын залуу байдаг юм. Тэдний гэрт нь очиж мөнгө авъя гээд хамтдаа гараад хуучин захын хойд талд нь байх нийтийн байранд очоод 1 дүгээр давхарт нь байх нэг өрөөнд ортол мөнгө авах хүн нь байгаагүй. Найз нь гэх Өнөрдаваа нь Хосоо байхгүй та хоёр гар гээд бид нарын дунд маргаан болсон ба би хаалганы хажуу талын тавиур дээр байсан хутгыг хэрэлдэж байх үедээ авч байсан. Нэг мэдсэн чинь Өнөрдавааг хутгалчихсан байсан..” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч С.Өнөрдаваагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-25-26/ “..манай найз Хосбаяр нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах нийтийн байрны 6 тоотод амьдардаг юм. Синий хувьд Хосбаяртай 7-8 хоног хамт амьдарч байгаа юм. Хосбаяр нь ATM сервист хамгаалагч ажил хийдэг болохоор өнөөдөр ирээгүй юм; өнөөдөр хоёр эмэгтэй найз болох Отгоо, Сүнжээ нарын хамт хоол идээд сууж байсан чинь гаднаас урьд нь Хосбаяртай хамт ажиллаж байсан гэх Амраа гэх залуу, үл таних залуугийн хамт орж ирээд Хосоо хаана байна утасны цаана юу гээд томроод байгаа юм бэ гэж хэлсэн, тэгээд би мэдэхгүй ээ хөгшөөн гэж хэлсэн чинь туранхай дэлдэн залуу хар царайтай нь шүүгээн дээр байсан урт нарийн хутгыг аваад өгзөг хэсэг рүү хоёр удаа хутгалсан. Мөн зүүн талын чихний хэсэгт хутгаараа исгэх шиг болсон..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Хосбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-30-31/ “..2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд өрөө түрээслэж амьдарч байна. Манай найз Өнөрдаваа нь сүүлийн 7-8 хоногийн хугацаанд надтай хамт амьдарч байгаа юм. Тэгээд өнөөдөр ажилдаа явчихаад орой19 цаг 30 минутын үед тараад гэр лүүгээ явсан. Гэртээ 20 цаг өнгөрч байхад ирэхэд гэрт Өнөрдаваа, найз эмэгтэй Отгоо, Сүнжээ болон урьд нь хамт ажиллаж байсан Амарбаясгалан, хамт явж байсан залууг нь танихгүй хүн байсан. Тэгтэл Амарбаясгалантай хамт явж байсан туранхай, дэлдэн, хар царайтай залуу нь гартаа хутга барьчихсан Өнөрдавааг хутгалчихсан байсан. Өнөрдаваа газар хэвтсэн байдалтай байсан..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14445 дугаартай дүгнэлтэнд: “/хх-37/ ..С.Өнөрдаваагийн биед зүүн өгзөгөнд шарх, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ..Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.." гэх шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-23/ болон шүүгдэгч Т.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-83/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10 дугаар гудамж 513 тоотод орших нийтийн байрны 6 тоотод С.Өнөрдаваатай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүнийг хутгалж, түүний биед “зүүн өгзөгөнд шарх, зүүн чихний дэлбэнд зулгаралт” бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Тоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Тод оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Т.Тод торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч Т.Т нь хохирогчийн эмчилгээний зардалд 240.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч С.Өнөрдаваа нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн урт нь 25.5 см ажлын хэсгийн урт нь 15 см урттай, хар цагаан хосолсон өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Түмэн-Өлзийгийн Төрболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Түмэн-Өлзийгийн Төрболдыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тод оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Т.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт нь 25.5 см ажлын хэсгийн урт нь 15 см урттай, хар цагаан хосолсон өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР