Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2026/00137

 

 

 

 

 

 

 

 

    2026           01            16                                       210/МА2026/00137                                        

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/07075 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 55,158,127 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******646.15 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан. 2017 онд өөрийн өмчлөлийн газар дээрээ 2 давхар барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс манай барилгын хойно байрлах “*******” ХХК нь “Хүсэл төв”-ийн бохир усны цооног буюу ёмкостийг албаар цоолж бохир нь манай барилга болон газар руу орж их хэмжээний хохирол учруулаад байна. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бохир усны цооног буюу ёмкостьний 2 ширхэг хоёр зуугийн бочкины хэмжээтэй цоорсон байсан нүхийг 2 тал нийлж нөхсөн. Үүнээс 10 хоногийн дараа хашаа руу урсаж орж байсан бохир ус илт багассан.

1.2. Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн 2019.06.19-ний өдрийн 02-03-354/59 дүгнэлтээр иргэний эзэмшлийн газрын урд, хойд хэсгээс авсан хөрсөнд нян үзүүлэлтээр урд хэсгийн /№1/ хөрсөнд колититр /1 гр-д/ 0.0001, клостриуд перферингенс титр /1 гр-д/ 0.01, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч /1гр-д/ илэрчээ. Хойд хэсгийн №2 хөрсөнд колититр /1 гр-д/ 0.01, клостриуд перферингенс титр /1гр-д/ 0.01, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч /1 гр-д/ илрээгүй. Лабораторийн 00003228 дугаартай сорилгын хариугаар Шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд урд хэсгийн /№1/ хөрсний нян шалгалтын үзүүлэлтээр Хөрс, Хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний норм, хэмжээ стандарттай харьцуулахад их бохирдолтой гэсэн хариу гарсан.

1.3. 2019.10.18-ны өдрийн 02-15/911 дугаартай ******* дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчийн албан бичгээр:... Шинжилгээний 19-630 дугаартай сорилтын дүнгээр гараашны урд хэсгээс авсан бохир усны үзүүлэлтүүд нь Хүрээлэн байгаа орчин, Усны чанар, Хаягдал ус ерөнхий шаардлага MNS4943:2015 стандартаас их байна гэсэн хариу гарсан.

1.4. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч 2019.08.30-ны өдөр талуудыг байлцуулан хяналт шалгалт хийж, *******шинээр барьж буй барилгын суурийн хэсэгт нэвчин орж байгаа хөрсний усыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид шинжилсэн дүгнэлтээс үзэхэд Хаягдал ус, ерөнхий шаардлага MNS4943:2015 стандартын харьцуулсан үзүүлэлттэй байна. Энэ нь иргэн *******шинээр барьж буй барилгын зэргэлдээ байрлаж буй “Хүсэл төв”-ийн барилгын бохир усны цооног гэмтэж, хөрсөнд бохир ус алдаж байгааг илэрхийлж байна гэж үзсэн.

Мэргэжлийн хяналтын газрын байцаагч “*******” ХХК-ийн захирал *******д 2019.11.01-ний өдрийн дотор “Хүсэл төв”-ийн барилгын бохир усны цооногийг засварлаж, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах ажлыг гүйцэтгэж 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор албан бичгээр хариу өгөх албан шаардлага хүргүүлсний хариуг хариуцагч нь “Хүсэл төв”-ийн бохир усны цооногоос бохир ус алдаж болзошгүй гэх алдаа дутагдал гарсан бөгөөд 2019.05.23-ны өдөр “Хүсэлт төв”-ийн бохирын цооног доороо 2 цоорхой байсныг битүүлсэн гэх хариуг ирүүлсэн.

Хариуцагч нь барилгынхаа бохир усны цооногоос бохир ус алдаж байгааг засварлаж, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүй байгаа нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 “өөрийн эзэмшилд байгаа төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх”, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” заалтуудыг тус тус зөрчиж бидэнд их хэмжээний хохирол учруулаад байна.

1.5. Тухайн үед нь би барьж байгаа байшингийнхаа дээд хэсэгт трактор оруулж бохир ус хаанаас гарч байгааг тогтоохоор газар 5 метр ухсан. Миний барилга доороос биш барилгын харалдаа өнцгөөс ус урсаж орж ирээд байсан, 3 метр ухаад хөрс нь ногоорсон, өмхий үнэртэй, ус нь бүлтрэх маягтай гарч ирээд байсан. Хүсэл төвийн менежер залууд танай бохир чинь ийм байна шүү ухаад үзлээ гээд нүдэн дээр харуулаад шороогоор булсан, 4,400,000 төгрөгийн зардал гарсан. Өөрийн байшингийн В1 давхрын гэмтсэн, хагарал үүсэж овойж хөлдсөн дахин ашиглах боломжгүй болсон шал, байшингийн суурь буюу цемент дээр асуудал үүсэж дахин ашиглах боломжгүй болсон хөрсийн солиод цемент дахин хийлгэж шалаа хийлгэх хүсэлтэй байгаа.

1.6. Иймд гэм хорын хохирол 55,185,127 төгрөг гаргуулах шаардлагаа багасгаж, бохир ус нэвчин орсноос болж ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлын хөлс болох 4,400,000 төгрөг, ажлын байр, гараашны зоорины давхрын хуучин бетон шалыг солих, шинээр бетон шал цутгах нийт өртөг болох 25,127,850 төгрөг, нийт 29,527,850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани нь Хүсэлт төвийн барилгыг 2000 онд барьж, 2016 онд өргөтгөсөн бөгөөд үүнээс хойших хугацаанд ямар нэг байдлаар хөрш зэргэлдээ айлууд руу ус урсан орж байгаа гэх гомдлыг гаргаж байгаагүй, харин иргэн Ш.******* нь 2017 онд манай барилгаас 2 айлын хашааны цаана байрлах хашааг худалдан авч 3 давхар барилга барьж эхэлсэн билээ. Ингээд 2019 оны 2 дугаар сард өөрийн хашаа, барилгын доороос ус тунаж эхэлснийг манайхаас гарсан гэж Ш.******* манайх руу ийнхүү шударга бусаар хандаж эхэлсэн.

2.2. Манай компани барилгынхаа 2 дамжиж шүүдэг бохир ус агуулах савныхаа нэгийг нь бүрэн булж ажиллуулахаа больсон, үлдсэн бохирын ус хуримтлуулах сав нь ямар нэг цоорхойгүй тул бохир ус тэдний барилга руу урсаагүй болох нь тодорхой болсон. Үүнийг дахин нягталж шалгах зорилгоор *******хамт манай тал байлцаж түүний хашаан дотор ус гарч байгаа газрыг трактороор ухаж үзэхэд газрын гүний 4 метр орчмоос гүний усны судал урсаж байсныг манай тал зургаар баримтжуулж авсан. Манай барилгын бохирын усны сав нь газрын гүний 2-3 метрт булагдсан тул 2-3 метрийн төвшинд ус газрын хөрсөнд нэлэнхийдээ тархсан байх ёстой байсан, харин газрын хөрсөнд дотор судал үүсгэж урсгах боломжгүй гэдэг нь энгийн хэнд ч ойлгомжтой баримт билээ. Иймд манай барилгын бохирын ус алдагдаж *******газрын хөрсийг бохирдуулсан гэх тайлбар нь илтэд үндэслэлгүй юм. Манай компани 7 хоногт 3 удаа, 1 удаад 15 тоннын ёмкость бүхий машинаар бохирын цооногоос усыг соруулж цэвэрлүүлдэг бөгөөд хоногт дунджаар 4-6 тонн ус хэрэглээд түүнийгээ бүрэн соруулж авдаг тул *******барилга руу бохир ус урсах боломж огт байхгүй. Манай компанийн усны хэрэглээ ийм байхад *******барилгын доороос гарсан ус нь 1 тонны даац бүхий портер машинаар 4-6 удаа соруулж асгаж байгаагаас үзвэл өдөрт 6 тонн ус гарч байсан, эндээс үзвэл түүний соруулж асгаж байгаа ус нь манай хэрэглэсэн уснаас их ус гарсан нь харагдсан юм. Манай компанийн барилгын бохирын савнаас одоогоор ус алдагдсан зүйл огт байхгүй, ёмкость бүрэн битүүмжлэлтэй байгааг бид нотлох болно.

2.3. Түүнчлэн Улаанбаатар хотын хөрс бүхэлдээ бохирдолтой, үүний дотор ******* дүүргийн 14 дүгээр хороо буюу нэхэмжлэгчийн барилга байршиж байгаа 7 буудал орчмын хөрс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас баталсан хөрсний бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээнээс олон дахин илүү бохирдолтой байдаг болсон нь Монголын хөрс судлалын холбооны явуулсан судалгаагаар нотлогдож байгаа болно. Нөгөө талаас манай компанийн эзэмшлийн Хүсэлт төвийн бохирын цооногоос бохир ус урсаж иргэн *******барилга руу орсон гэх нотлох баримт байхгүй, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн албан шаардлага нь манай бохир ус *******барилга руу орсныг тогтоосон баримт биш юм. Ш.******* нь уг 3 давхар, нэг давхартаа 360 м талбай, нийтдээ 1080 м барилгыг аж ахуйн зориулалтаар бариулахдаа Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хөрсний шинжилгээ хийлгээгүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилгын зураг төслөө батлуулаагүй хууль зөрчиж бариулсан, уг барилга нь Сэлбэ голоос 51 метрийн зайд оршиж байгаа, энэ нь угаасаа бохирдолтой, гүний ус нэвчдэг хөрсөнд өөрсдөө судалгаагүйгээр барилга бариулчхаад бусдаас хууль бусаар мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус байна.

2.4. 2019 онд бороо хур ихтэй жил байсан бөгөөд үүний улмаас хөрсний ус ихээр тунаж барилгын суурь руу нэвчиж байгааг холбогдох мэргэжилтнүүд өнгөрсөн зуны турш ярьсаар ирсэн ба Зайсангийн барилгууд бүхэлдээ усанд автсан, Ривер гардан хотхоны оршин суугчид усанд автсан гэх олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан тул уг баримт нь нийтэд илэрхий үйл баримт болсон билээ. Ш.******* нь 2019 оны 2 сарын сүүлээр өөрийн барилгын хажуугаар ус нэвчсээр байна гэж ярьж, Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргасан нь өөрийнх нь нэхэмжлэлд дурсан нөхцөл, цаг хугацааны үр дагаврыг үгүйсгэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ барилгын сууриндаа дахин бетон цутгахад 50,658,127 төгрөгийн материалын зардал, 4,400,000 төгрөгийн ажлын зардал гарсан гэжээ. Ш.*******ыг барилгын эвдэрсэн гэх барилгын хэсэг нь ойролцоогоор 100м орчим талбай байхад их хэмжээний талбай засах мэтээр төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Бетон цутгасан гэх нотлох баримт байхгүй, ийнхүү барилгын сууриа дахин цутгасан талаар манай компанид мэдэгдээгүй, хэрэв манайхаас болж ийнхүү дахин суурь цутгаж байгаа бол энэ талаар манайд мэдэгдэж акт баримтаар нотлох ёстой.

2.5. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа бетон зуурмагийн үнэ гэгч нь бодит бус, шуналын сэдэлтээр мөнгө нэхэмжилж байгаа болох нь одоогийн М250 марктай ер нь шалыг М150-M200 маркийн бетон зуурмагаар цутгадаг/ бетон зуурмагийн зах зээлийн дундаж ханш нь 1 м-д 146,000 төгрөг /НӨАТ орсон үнэ/ байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнээр тооцоход 360 м бетон зуурмагийн үнэ нэхэмжилсэн байна. Хэрэв эдний барилга нь 360 м суурийн талбайтай гэж тооцоод суурийг 20 см цутгасан гэж үзвэл нийтдээ 72 м бетон зуурмаг шаардлагатай, 10,512,000 төгрөгийн зардал гарна гэдэг бодит жишээг шүүхэд гаргаж өгөх болно гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-aaс 14,763,925 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,763,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,740.64 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 231,769 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр Хүсэл төвийн нэвчин орж буй бохир ус нь нэхэмжлэгч талд 25,126,850 төгрөгийн, ажлын хөлс 4,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч байгаа боловч нийт 29,526,850 төгрөгийн хохирлоос тавин хувийг ханган 14,763,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрт “харин нэхэмжлэгч нь “барилгыг барихдаа зохих зөвшөөрөл аваагүй, хөрсийг шинжлүүлээгүй” болох нь хэрэгт цугларсан баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон тул гэм хорын хохирлын хэмжээг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар багасгах үндэслэлтэй гэж дүгнэв” гэжээ. Тухайн барилга нь 21x9 харьцаатай, 2 давхар, нийт 378 м.кв, талбайтай бөгөөд зоорины давхрын талбайг оруулан тооцох боломжгүй юм. Барилга хот байгуулалтын сайдын 2018.12.31-ний өдрийн №218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн түвэгшлийн ангиллын зориулалтыг хүчин чадлаар тогтоох дүрэм”-ийн дагуу барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж юм. Нэхэмжлэгчид учирсан хохирол нь нэхэмжлэгчийн барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө мэдэж болох байсан байгалиас гарч байгаа хөрсний ус бус харин хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас үүссэн хохирол юм. Ийнхүү хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан болох нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019.10.29-ны өдрийн №02-07-378/788 тоот Дутагдал арилгуулах тухай албан албан шаардлага, НМХГ-ын төв лабораторийн хөрсний шинжилгээ, 2019 оны 10 сарын 10-ны өдөр хийсэн бохир усны шинжилгээ, 2020.04.23-ны өдөр “*******”-ын “*******” ХХК-ийн “Хүсэлт төв”-ийн бохирын худаг буюу Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усанд хийсэн шинжилгээний хариунуудаар нотлогдож байгаа юм.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасан бөгөөд яг гэм хор учруулсан тухайн хариуцагчийн үйлдлээс урьдчилан сэргийлэх боломжгүй, уг хохирол учрахад нэхэмжлэгчийн зүгээс гаргасан ямар нэгэн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэх боломжгүй юм.

Тиймээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 25,126,850 төгрөгийн хохирлыг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

5. Давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Манайхаас бохирын ус гарч байна гэж гомдол гаргаснаас хойш нөхцөл байдал өөрчлөгдөөд 6 жилийн хугацаанд ажил гүйцэтгэсний хөлс 4,400,000 төгрөг, шал янзлуулсан хөлсөнд 25,000,000 төгрөг нэхэмжилсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хувьд тухайн барилга Нийслэлийн өмчлөлд 8 сард шилжсэн бөгөөд 700,000,000-800,000,000 төгрөгөөр үнэлгээ хийгдсэн. Нэхэмжлэгч үнэлгээний мөнгөө аваад барилгаа буулгаж байгаа. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа 4,400,000 төгрөгийг төлье. Үлдсэн төлбөрийг төлөх боломжгүй.

5.2. Нэхэмжлэгчийн барилга “B1” давхартайгаа нийлээд 3 давхар том барилга тул  тусгай зөвшөөрөл, зураг төслийн дагуу баригдах бага түвэгшилтэй барилгад хамаарна. Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд болон Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А/230, А/127 дугаар тушаалаар батлагдсан усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын Эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөх журмын 2.3-т онцгой хамгаалалттай бүс буюу Сэлбэ голын эргээс 50 метрээс доошгүй зайд 3 давхар түвэгшилтэй барилга барьж болохгүй гэж заасан. Иймд барилга барих үедээ буюу барилгын суурийг ухаж суваг гаргахдаа мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаагүйгээс болж асуудал үүссэн.

5.3. “*******” ХХК-ийн бохирын усны цооног цоорхой байсантай холбоотой урсаж орсон ус юм уу, эсвэл хөрсний ус юм уу гэдгийг нь тогтоогоогүй. 2022 онд давж заалдах шатны шүүхээс “хөрсний ус мөн эсэх, шинжилгээ хийлгээгүй” гэх агуулгаар хэргийг буцаасан. Тунаж байгаа ус нь бохирын цооногийн ус уу, эсвэл хөрсний ус уу гэдгийг ялгахын тулд шинжилгээ хийлгэх байсан. Тус шинжилгээг хийлгэснээр “*******” ХХК гэм буруутай эсэхийг тогтоох ёстой боловч хоёр жилийн хугацаанд шинжилгээ хийлгэх газар олдоогүй. Тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний байцаагч дүгнэлт гаргасан. Ус суваг удирдах газрын шинжээч ажиллаж байж нянгийн бохирдолтой эсэхийг нь тогтооно. Гэтэл өөрсдөө хараад бохирын цооног нь цоорхой байсны улмаас бохир ус гарсан гэж ярьдаг. Хоёр жилийн хугацаанд шинжээч олдоогүй учраас энэ талаарх номыг хэрэгт хавсаргасан. “*******” ХХК-ийн орчмын нянгийн бохирдолтой.

Анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал “барилга Сэлбэ голоос 50 метрийн зайд байгаа хөрсний ус өнөөдрийг хүртэл нэвчиж байгаа” гэж тайлбарладаг. “*******” ХХК гэм хор учруулсан гэдэг нь бүрэн тогтоогдоогүй гэжээ.

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч Ш.******* нь ******* хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 646.15м2 газар дээр Б1 давхартайгаа нийлээд 3 давхар барилгын угсралтын ажлыг 2017 онд эхлүүлсэн байдаг. Энэ нь Барилгын тухай хууль болон Барилга хот байгуулалтын сайдын 2018.12.31-ний өдрийн 218 дугаар тушаал /тухайн үед хэрэгжиж байсан тушаал бөгөөд энэ нь 2021 онд шинэчлэгдэн 211 дугаар тушаал болсон/-д заасны дагуу барилгын ажлын тусгай зөвшөөрөл, зураг төслийн дагуу баригдах бага төвөгшилтэй барилга, орон сууцанд хамаарна. Мөн түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан онцгой хамгаалалтын бүс буюу Сэлбэ голын эргээс 50 метрээс доошгүй зайд 3 давхар төвөгшилтэй барилгын ажил эхлүүлж хууль зөрчсөн мөртөө нэхэмжлэгч нь барилгын суурийг ухаж суваг гаргахдаа мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүй, суурийг ухсан хойноо тунаж байгаа ус нь бохирын цооногийн ус, эсхүл хөрсний усны алин болох, уг ус нь хариуцагчийн барилгаас нэхэмжлэгчийн барилга руу урсаж орсон эсэхийг тогтоогоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилгын сууриас гарч байгаа усны чанарыг тодорхойлох эх үүсвэрийг олоход инженер геологийн судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулахаар олон байгууллагад хандсан ч дүгнэлт гаргаж өгөх байгууллага олдоогүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй. Нэгэнт мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргах боломжгүй бол бид бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулаагүй гэдгээ нотлохын тулд анхан шатны шүүх дээр дараах судалгааны баримтыг иш татаж, судалгааны номыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайлбал: 2019 оны 01 дүгээр сард зохион байгуулагдсан Нийслэлийн Байгаль орчны газар, НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй” сэдвээр зохион байгуулсан хэлэлцүүлэгт “... Улаанбаатар хотын хөрснөөс дээж аван судлахад 88 хувь нь нянгийн бохирдол илэрч хөрс их хэмжээгээр бохирдсон тухай, гадаргад ойрхон буюу 1.5 м гүн худгийн усанд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол их байгаа бол 47 метр гүн худгийн уснаас хүртэл нян илэрч байгаа тухай,... 2018 онд нян судлалын үзүүлэлтээр "их бохирдолтой” үнэлэгдсэн цэгүүдэд “7 буудал үйлчилгээний төв” орсон тухай судалгаа байна.

6.2. Угаасаа нян судлалын үзүүлэлтээр их бохирдолтой гэж үнэлэгдсэн цэгүүдэд бүртгэлтэй газраас нян судлалын шинжилгээ хийхэд нянгийн бохирдолтой гарах нь зүйн хэрэг. Гэтэл нянгийн бохирдолтой гарсан тул "7 буудал үйлчилгээний төв"-ийн бохир ус хөрсөнд нэвчиж нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд гэм хор учруулсан гэж дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн барилга бол голын эргээс 50 метрийн зайнд онцгой хамгаалалтын бүсэд байрлалтай объект, өөрөөр хэлбэл хөрсний ус байнга нэвчиж байдаг. Хөрсний ус өнөөдөр ч нэвчиж, барилгын суурь чийгтэй байгаа тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр хэлдэг. Ш.******* нь барилгын суурийг ухаж суваг гаргахдаа мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаагүйгээс болж суурийг ухсан хойно ус тунаж байгаа нь бохирын ус юм уу, эсхүл хөрсний усны алин болохыг тогтоож чадаагүй, барилгын тухай хууль зөрчиж бага төвөгшилтэй барилгын ажил эхлүүлсэн нь нэхэмжлэгчийн өөрийн нь буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчид хохирол учирсан болохоос манай “7 буудал” ХХК-ийн гэм буруу биш гэж дүгнэж байна.

6.3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/07075 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Барилгын тухай хууль зөрчсөн үйлдэл байхгүй, зөвшөөрөл авах шаардлагагүй. Тус барилга нь амины орон сууц.  Гарааш болон амины орон сууц нь хоёр тусдаа, гарааш хэсэгт нь хохирол учирсан. Манай барилга Сэлбэ голоос зайтай оршдог. Гол маргаан нь хөрсний ус мөн эсэх асуудлын талаар маргадаг. Лабораторийн шинжилгээгээр бохир ус стандартаас илүү гарч байна гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг үндэслээд мэргэжлийн хяналтын газраас буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан акт үйлдсэн нөхцөл байдал байдаг. Бохир усны сав цоорхой байсан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. 25 тонны бохир усны цооногийн сав нь цоорхой байсан. Өмнө нь бохир усны саваа соруулж байсан гэх баримт байдаггүй. Бохир усны цооногоо бөглөснийхөө дараа бохир усаа соруулж байсан баримтуудаа илрүүлсэн. Үүнээс өмнө бүх ус нь хөрсөнд шингэж байсан нь тогтоогддог.

7.2. Дахин төлөвлөлтөд орсон учраас хохирол арилсан гэж ярьдаг. Дахин төлөвлөлтөд ороход тодорхой хэмжээний үнэлгээ хийдэг бөгөөд тус үнэлгээнээс нь эвдэрсэн шалны үнэлгээ хасагдсан. Бидэнд өгөх нөхөн төлбөрөөс хасагдаж байгаа хохирол учраас хохирол арилсан гэж үзэхгүй. Эдгээр үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 29,527,850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, барилга баригдаж байхад сууриас ус гарсны улмаас зоорины давхрын шал хагарч гэмтсэн, овойж хөлдөн дахин ашиглах боломжгүй болсон нь хариуцагч ******* ХХК-ийн хариуцан ажиллуулдаг Хүслэн төвийн барилгын бохир хадгалдаг газарт булагдсан сав цоорсны улмаас бохир ус нэвчин орж хохирол учруулсан гэж тодорхойлсныг хариуцагч нь нэхэмжлэгчийн барилгын хөрс руу бохирын ус нэвчин орсноос шалтгаалж нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан гэх үндэслэлгүй, нэхэмжлэгч анх барилга барихдаа хөрсний шинжилгээ хийлгээгүй, хөрсний ус, чийгээс шалтгаалж бетон шал хагарах, овойх нөхцөл байдал үүссэн байх магадлалтай гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн болон хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт, хэрэгт авагдсан талуудын тайлбар, бичгийн нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

3.1. Нэхэмжлэгч *******барилгын бетонон суурьт гарсан хагарал байгалийн хүчин зүйлээс болсон, эсхүл хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон эсэх, маргааны үйл баримтад хамаарах ямар нөхцөл байдлын улмаас барилгын бетонон шалыг бүхэлд нь солих шаардлагатай болсон, бохирын ус нэвчиж орсноос хэрэглэх боломжгүй болсон, эсхүл бохирын ус нэвчсэний улмаас эрүүл мэндийн хувьд ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс бүхэлд нь солих гэж байгаа эсэх нь тогтоогдоогүй байна.

3.2. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид гэм буруугийн талаар маргаж, маргаан бүхий асуудлыг тодруулахаар шинжээчээр мэргэжлийн байгууллагуудыг удаа дараа томилсон боловч шинжээчээр ажиллах боломжгүй гэсэн хариу өгсөн баримт хэрэгт авагдсан.  

3.3. Анхан шатны шүүх хариуцагчийн хариуцан ажиллуулдаг Хүслэн төвийн бохирын цооногт байрлуулсан сав /ёмкость/ 2 газар цоорсныг талууд хамтдаа бөглөж битүүлсэн, дээрх цоорхойг битүүлснээс хойш ус гарахаа больсон, өмнө нь хөрснөөс их хэмжээний ус гарч, нэхэмжлэгчийн барьж буй барилгын хөрсөнд нэвчсэн баримтыг хариуцагчийн бохирын ус хөрсөөр дамжин барилгын суурьт нэвтрэн орсонтой шалтгаант холбоотой гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үнэлсэн нь тодорхойгүй, тодруулбал, ******* дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны 02-15/411 дугаартай албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн Сорилтын тайлан, зохигчийн тайлбар, гэрэл зураг зэргээс 2019 онд нэхэмжлэгчийн барьж буй барилгын суурийн хэсэгт хөрснөөс бохир ус гарсан, тухайн цаг хугацаанд гарч байсан гэж үзэхдээ хариуцагчийн татгалзалд хамаарах Улаанбаатар хот, ******* дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудал орчмын хөрс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан хөрсний зөвшөөрөгдөх хэмжээнээс олон дахин илүү бохирдолтой талаар судалгааны дүн гарсан гэх тайлбар, судалгааны дүн бүхий баримтыг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй тул хариуцагчийн шүүхэд өгсөн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэж үзнэ.

Иймээс “...нэхэмжлэгч нь хөрсний шинжилгээ хийгээгүйн улмаас барилгын суурийн дор тунасан ус нь бохирын цооногийн ус, эсхүл хөрсний усны алин болох нь тодорхойгүй, хариуцагчийн гэм буруу тогтоогдоогүй” гэх агуулгатай хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. 

4. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно. 

5. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/07075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 231,770 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 305,589 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД

 

 

                      ШҮҮГЧ                                     О.ОДГЭРЭЛ

 

 

                                                                                        Ц.ЦЭРЭНДУЛАМ