Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 851

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Гангантөгсийн Гүррагчаад холбогдох эрүүгийн 1811 02124 0982 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигин овогт Гангантөгсийн Гүррагчаа 1982 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 359 тоот хашаанд түр оршин суух /Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл гудамжны 7-4 тоотод оршин суух албан ёсны хаягтай/, хэрэг хариуцах чадвартай /РД: ЕЭ82030278/.

Шүүгдэгч Г.Г нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ Г.Г нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “дүү Мөнх-Эрдэнэд чинь их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Б.Энхбаатараас 3.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ө.Отгонтуяад Монгол улсын их сургуулийн Эрх зүйн ангийн бакалаврийн диплом гаргаж өгнө гэж хуурч Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах Урт цагааны орчим дүү Ө.Даваахүүгээр дамжуулж 6.500.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Г.Ггаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Г.Ггаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-33-34/ “..2018 оны 3 дугаар сарын сүүлээр Гантөмөр найз маань дахин Шведээс холбогдож надад “...бас нэгэн өөр хүний диплом гаргаад өгөөч, манай эгч Отгонтуяагийн найз байгаа юм, бас Шведэд амьдардаг юм. Чи түүнд бас нэг диплом гаргаад өгөөч” гэхэд нь би түүнээс ямар диплом гаргуулах талаар асуухад Гантөмөр нь надад “...Монголд ах нь байдаг юмаа. Нэрийг нь Энхбаатар гэдэг юм, тэр хүнтэй уулзаарай” гэж хэлээд миний дугаарыг Энхбаатарт өгсөн байсан ба би Энхбаатартай утсаар яриад “..дүүгийн чинь дипломны үнэ 3.5 сая төгрөг болно, Урт цагаан дээр уулзъя” гэж хэлсэн. Энхбаатар бид 2 урт цагаан дээр уулзаж, би түүнд “...дүүгийн чинь дипломны мөнгө 3.5 сая төгрөг болно” гэж хэлж байсан ба тухайн үед Энхбаатар нь өөрийн дүүгээс миний тухай сонссон бололтой нэг их олон зүйл бодолгүй шууд л надад бэлэн 3.5 сая төгрөгийг өгч байсан..2018 оны эхээр миний хувьд санхүүгийн байдал маш хүнд байдалтай байсан ба олон жижиг өртэй, ажилгүй байсан үе бөгөөд мөнгөний хэрэгцээ маш их байсан учраас Гантөмөрийн диплом гаргуулъя гэсэн санааг нь ашиглаад, Гантөмөрийг Шведэд байгаа учраас диплом гаргуулна гэсэн мөнгийг нь аваад, өр ширээ дарчихаад Монголд ирэхээс нь өмнө буцаагаад төлчихнө гэсэн бодолтойгоор мөнгийг нь авсан юм...Батсайхан гэх хүнийг би анх цагдаад баригдсан үедээ айж санаа зовсноосоо болоод зохиож ярьсан ба үнэн хэрэгтээ тийм хүн байгаагүй..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Энхбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-21-22/ “..2018 оны 3 дугаар сарын 21-ний едөр Гүррагчаа гэх хүнд 3.500.000 төгрөгийг бэлнээр Урт цагааны урд талбайд өгсөн ба мөнгө өгөх болсон шалтгаан бол Гүррагчаа гэх хүн нь “Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бизнесийн удирдлага, маркетинг” мэргэжлээр манай дүү Энххишигийн нөхөр Мөнх-Эрдэнэд диплом гаргаж өгнө гэж байсан юм...Гүррагчаа нь надад Мөнх-Эрдэний бичиг баримтыг 3.500.000 төгрөгийн хамт авчраарай гэж хэлсэн...Мөнгө авах үед Гүррагчаа нь надад “диплом 14 хоногийн дараа гарна. тиймээс холбогдоод дипломыг өгнө” гэж хэлсэн..” гэх мэдүүлэг,

Хохирогч Ө.Отгонтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-75-76/ “..2018 оны 3 дугаар сард би Швед улсад байсан. Миний дүү Гантөмөр надад манай найз Гүррагчаа Монголд их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гэж байна, та гаргуулж авах уу гэж асуусан. Би дүүгээсээ баталгаатай гаргаж өгч чадах хүн мөн юм уу гэж асуухад "баталгаатай эгчээ, манай ангийн хүүхэд, багын найз маань байгаа юм" гэж хэлэхээр нь итгээд мөнгөө өгсөн юм...би МУИС-ийн эрх зүйн диплом гаргуулахаар 6.500.000 төгрөг өгсөн.,.2018 оны 6 дугаар сарын 15-нд ирсэн. Ирээд би өөрөө Гүррагчааг хайж эхэлсэн. 14 хоногийн дотор диплом чинь гарна гэж хэлээд 2018 оны 4 сарын 15-ны өдрөөс хойш гар утсаа унтраагаад алга болсон..” гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Даваахүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-82-83/ “..Отгонтуяа эгчийн шилжүүлсэн 6.5 сая төгрөгийг Гүррагчаад бэлнээр өгсөн. Үүнээс хойш би Гүррагчаа руу залгаж эгчийн дипломыг нь асуухад Гүррагчаа нь надад “удахгүй эгчийн чинь дипломыг би гаргаад өгнө, тиймээс хүлээж байгаарай” гэж хэлсэн ба үүнээс хойш түүний утас нь холбогдохоо больсон...Миний санаж байгаагаар Улсын сургуулийн диплом гаргаж өгнө гэж тохиролцсон байх. МУИС-ийн диплом гаргаж өгнө хэмээн ярьж байсан санагдаж байна. Гүррагчаа гэх хүн нь Боловсролын яаманд ажилладаг хүнээр тус дипломыг гаргуулна хэмээн ярьж байсан...Анх Гүррагчаа гэх хүн нь 2017 онд манай Шведэд байгаа төрсөн ах Гантөмөртэй фэйсбүүкээр холбогдож “танай Шведэд байгаа Монголчуудаас их сургуулийн диплом гаргуулах хүсэлтэй 4-5 хүн байвал надад хэлээрэй” гэсэн утга бүхий зүйлийг манай ахад хэлж байсан гэж би сонссон..” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Ггийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-133/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “дүү Мөнх-Эрдэнэд чинь их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж итгүүлж, иргэн Б.Энхбаатараас 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан,

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ө.Отгонтуяад” Монгол улсын их сургуулийн Эрх зүйн ангийн бакалаврийн диплом гаргаж өгнө” гэж итгүүлж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах Урт цагааны орчим дүү Ө.Даваахүүгээр дамжуулж 6.500.000 төгрөг тус тус авсан байна.

Шүүгдэгч Г.Ггийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж шүүгдэгчийн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэж шүүгдэгч Г.Гг “бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ггаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Гг “хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Г.Гг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Гд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Энхбаатарт 3.500.000 төгрөг, хохирогч Ө.Отгонтуяад 6.500.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч нар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Г.Гг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Гангантөгсийн Гүррагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 5. Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР