| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0840/Э |
| Дугаар | 848 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 848
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр
Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
Шүүгдэгч М.Хорол-Эрдэнэ /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Хд холбогдох эрүүгийн 1911013991042 дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Монгол овгийн Мягмарсүрэнгийн Хорол-Очир, 1995 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эйч Би Жи Эм ХХК-д жолооч ажилтай. Ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 1-2а тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 700000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: УЗ95102213/
Шүүгдэгч М.Х нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын хашаанд иргэн Т.Энхтөртэй зам хааж зогссон гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дөрөвдүгээр хавирганы хугарал, цээжийн зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд зулгаралт, цус хуралт, цээжний баруун урд дээд хэсэг, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч М.Хоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Шүүгдэгч М.Хоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-48-49х/ “... 2019 оны 5 дугаар сарын 06-ны орой 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгийн барилага барьж байсан ажлын талбайд миний 03-76 УНМ улсын дугаартай ХОВО маркын ачааны машины дугуй хагараад дугуйгаа солих гээд байж байтал крантан дээрээ гэрлийн шон аччихсан том машин араас ирээд сигналдаад байсан юм. Тэгэхээр нь би “байж байгаачээ одоохон дууслаа” гэж хэлчээд байж байтал дахиад сигнаалдаад байсан ба “чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлтэл машинаасаа бууж ирээд надруу ирээд элдэв янзаар хэлээд байсан. Тэгэхээр нь би “одоо дууслаашдээ угаасаа дугуйгаа авчихсан байна байна” гэж хэлээд дугуйгаа сольж байтал манай захирал Хоролоо ирээд зөв шаардлага тавьсан юм. Крантай машины жолооч өөдөөс нь өөр юм яриад сонсохгүй маргалдаад эхлэхээр нь би дундуур нь ороод хоёуланг нь 2 тийш нь түлхээд салгатал крантай машины жолооч ах надруу ирээд миний энгэрээс зуураад цамц ураад тавьхгүй зууралдаад байж байгаад тэр хүнтэй хамт явж байсан хоёр хүнд нь энэ хүнийгээ аваачээ гэтэл тэр хоёр хүн ирээд салгах гэж оролдсон боловч салгаж дийлэхгүй байхаар нь би тэр крантай машинтай жолооч ахыг хүчтэй түлхээд автал миний зүүн шанааруу цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун гараараа тэр хүний баруун шанаа руу цохьсон юм. Тэгээд хажуунаас талбайн инженер нэг туслах ажилтантай ирээд салгах гэж зууралдаад д хажуу тийшээ зууралдаж байгаад бөөнөөрөө 6 хүн бүгд унсан. Тэгээд л бүгд босоод л тарж байтал тэр крантай машины жолооч ах надруу чамайг би цагдаад өгнө гэж хэлэхээр нь би тэгээрэй гэж хэлчихээд машиныхаа дугуйг сольж дуусгаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Т.Энхтөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-15-17х/ “..2019 оны 5 дугаар сарын 06-ны оройны 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 240 хүүхдийн цэцэрлагийн барилгын хашаанд барилгын талбайд байсан барилгын материалыг хашаанаас гаргах захиалагч компаний хүсэлтийн дагуу хашаанаас барилгын материалыг гаргах гээд хөдлөх гэтэл 0376 дугаартай Хово машин зам хөндлөн зогссон байсан ба би сигналдах үед гадна байсан жолооч надруу харахаар нь би гараараа урагшлаад өг гэж дохисон ба миний өөдөөс байж байлдаа пиздаа минь гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад юу гэж хүн хараагаад байгаа юм уурлах шалтгаан юу байна гэж хэлтэл би танай хүнд чинь хэлсэн ш дээ гэж хэлээд намайг хэл амаар доромжилсон юм. Тэгээд байж байтал цаанаас нь ахалж байсан цагаан сорочкин цамцтай, махлаг залуу гарч ирээд чи одоо юу гээд байгаа юм бэ бид нар ажил хийж байна гэж хэлэхээр нь би танай хүнд чинь гарах гээд сигналдсан чинь намайг хараагаад хэл амаар доромжлоод байна гэж хэлтэл намайг заамдаж түлхчихээд газраас 2 чулуу аваад ална шүү гэхээр нь цохь цохь гэж хэлсэн ба чулуугаа газарт хаяад намайг хоолойгоор боогоод байж байтал манай краны жолооч Мандах ирж салгаад би буцаан кран дээрээ иртэл миний ардаас надтай маргалдсан залуу срочиктой залуу 2 жолоочтойгоо хамт ирсэн. Ирээд намхан жолооч нь намайг заамдаж авсан ... Хар футболктой залуу / Хорол-Очир/ миний шанаа хэсэгрүү гараараа хэд хэдэн удаа цохисон дараа нь унасан байхад өшиглөх шиг болсон ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5630 дугаартай дүгнэлтэнд: /хх-40х/ “...Т.Энхтөрийн биед гэмтэл учирсан байна. Тархи догилт, баруун дөрөвдүгээр хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд зулгаралт, цус хуралт, цээжний баруун урд дээд хэсэг, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, баруун дөрөвдүгээр хавирганы хугарал, цээж, баруун хөлний эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт,
Гэрч Б.Хоролоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-20-21х/ “... надтай хэрэлдээд машинаа зайлуулаач гээд хэрэлдээд байж байтал манай 0376 автомашины жолооч Хорол-Очиртой зууралдаад байхаар нь салгах гэтэл газарт бүгдээрээ унасан юм. Тэгээд босч ирээд дахин зууралдаад байж байтал 4785 автомашины жолооч Мөнхнасан ирээд салгасан юм ...” гэх мэдүүлэг
Гэрч Т.Мандахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-22-25х/ “..Энхтөрийг заамдаад авахаар нь бид нар салгатал дугуй өгч байсан хар хувцастай залуу ирээд Энхтөрийг өшиглөөд, хөлийг мушгисан юм ..хар хувцастай залуу ирээд Энхтөрийг өшиглөөд хөлнөөс нь мушгисан, срочиктой залуу Энхтөрийг 2,3 удаа боож авсан...” гэх мэдүүлэг
Гэрч Х.Хүрэл-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-26-27х/ “...Цаанаас дахиж хар футболктой залуу ирээд боож унагаагаад нуруу хавирга хэсэгт нь өшиглөсөн ... Зам тавьж өгөөгүйгээс болж маргалдсан...” гэх мэдүүлэг
Гэрч Г.Гандоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-25-29х/ “...бид хоёрыг гараад очиход Энхтөр хэвтчихсэн Хорол-Очир хажууд нь зогсчихсон тонгойгоод байж байсан. Энэ үед хамт байсан хүмүүс нь салгах гээд байж байсан ба би Дэлгэрмөрөнгийн хамтаар очоод салгасан юм...” гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Х нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын хашаанд иргэн Т.Энхтөртэй “зам хааж зогссон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дөрөвдүгээр хавирганы хугарал, цээжийн зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүнд зулгаралт, цус хуралт, цээжний баруун урд дээд хэсэг, зүүн бугалганд цус хуралт” бүхий гэмтэл үүсгэжээ.
Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Хоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Хд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч М.Хд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч М.Х нь хохирогчийн эмчилгээний зардалын 158.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Т.Энхтөр нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Х нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Мягмарсүрэнгийн Хорол-Очирд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мягмарсүрэнгийн Хорол-Очирд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР