| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 192/2025/07637/И |
| Дугаар | 210/МА2026/00580 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00580
2026 03 16 210/МА2026/00580
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/00005 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 52,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******/цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. “Миний бие хариуцагч “*******” ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл гэрээт нягтлан бодогч, үндсэн нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын эхээр захирал *******нь офиссынхоо түрээсийг өгч чадахгүй байна, та хэдэн хувийн хүүтэй ч байсан хамаагүй мөнгө олж өгөөч, зээлээд өгөөч гэж гуйсны дагуу 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 12,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн юм. Нийт 52,000,000 төгрөгийг хариуцагч *******гуйсны дагуу 30,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5030243000 дугаарын данснаас “*******” ХХК-ийн “*******” дахь ******* тоот данс руу 5,000,000 төгрөгөөр 6 удаагийн шилжүүлгээр, *******буюу миний охин Хаан банкны ******* дугаарын данснаас *******хадам ээж болох *******Хаан банкны ******* дугаарын дансанд 5,000,000 төгрөгөөр 2 удаа, 2,000,000 төгрөгөөр 1 удаа, 3,000,000 төгрөгөөр 1 удаа, 7,000,000 төгрөгөөр 1 удаа тус тус шилжүүлж байсан. Гэвч *******нь байр, автомашины зогсоолоо зараад миний мөнгийг өгнө гэж байсан боловч одоо болтол өгөхгүй байгаа болно.
Иймд, “*******” ХХК-аас 52,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 4600$ буюу буцаалт гэсэн гүйлгээ нь энэ зээлийн төлбөрт тооцогдох үндэслэлгүй бөгөөд уг мөнгийг зээлдүүлэхээс өмнө би өөрт бэлэн байсан 4,600 ам.долларыг бэлнээр зээлдүүлсэн ба энэ нь тусдаа асуудал. Энэ зээл төлөгдсөн тул миний бие нэхэмжлэлдээ бичээгүй, нэхэмжлэлд хамаарахгүй. Би, компанийн нягтлан учраас захирлын хий гэсэн гүйлгээг шивж оруулдаг бөгөөд захирал тусдаа “Васко” төхөөрөмж ашиглаж, уг гүйлгээнүүдийг хийдэг. Надад ямар ч гүйлгээ хийх эрх байхгүй. Мөн эдгээр гүйлгээнүүдийг харахад компанийн үйл ажиллагаатай холбоотой гарсан гүйлгээнүүд байхаас гадна, захирлын ээж *******бензины мөнгө, утасны төлбөр компанийн засвар үйлчилгээнд зарцуулсан мөнгөнүүд байгааг анхаарч үзнэ үү.” гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. “Манай компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан *******52,000,000 төгрөг зээлсэн. Тэрээр компанийн данснаас касс руу гэх нэрээр өөрийн данс руугаа мөнгө шилжүүлэн авах байдлаар зээлээ буцаан авч байсан. Тухайлбал, Компанийн *******ны MN 4800 1500 ******* тоот данснаас: 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 40,000 төгрөг, мөн 1,558,480 төгрөг болон 500,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1,200,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 21,320 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 80,000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан нь зээлийн эргэн төлөлтөд тооцогдсон. Мөн 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэх захирал *******миний бие өөрийн М-банкны 8010787888 тоот данснаас 15,552,600 төгрөг, нийт 24,257,400 төгрөгийг *******буцаан төлсөн болно. Иймд, нэхэмжилсэн дүнгээс 27,742,600 төгрөгийг төлөх дутууг зөвшөөрч байна” гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 52,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 417,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хэргийн бодит байдалтай нийцүүлэн үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Хариуцагч “*******" ХХК-ийн захирал *******нь нэхэмжлэгч *******2024 оны 3, 4-р саруудад нийт 52,000,000 төгрөг зээлсэн бөгөөд үүний зарим хэсгийг буцаан төлсөн. Энэ тухай баримтаа хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайлбал,
- Нягтлан бодогчоор ажиллаж байсан *******нь компанийн данснаас өөрийн хувь дансандаа 8,704,800 төгрөгийг шилжүүлэн авч, хувьдаа ашигласан.
-2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дээрх зээлийн төлбөрт зориулан нөхрөөсөө авч 4,600$ буюу 15,552,600 төгрөгийг буцаан төлсөн. Энэ тухайгаа гүйлгээний утга дээрээ бичсэн байна.
Нэхэмжлэгч тал хэргийн бодит байдлыг гуйвуулж, ямар нэгэн баримтгүйгээр талуудын хооронд өөр зээлийн харилцаа байсан мэтээр тайлбарлаж шүүхэд эргэлзээ төрүүлж байна. Хариуцагч компанийн захирал нь *******нь нэхэмжлэгч *******52,000,000 төгрөгөөс өөр зээл авч байгаагүй бөгөөд хэрэгт өөр зээлийн энэ талаар баримт байхгүй.
4.2. Анхан шатны шүүх "... хариуцагч нь 4,600$ шилжүүлсэн төлбөрийг зээлийн төлбөрт тооцуулна гэж тайлбарласан хэдий ч дээрх гүйлгээний утгаас үзэхэд "4,600$ буцаалт *******" гэсэн нь дээрх зээлийн төлбөрт төлсөн гэх үндэслэлгүй байна..." гэж дүгнэсэн нь нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагад нийцээгүй дүгнэлт болсон.
Өөрөөр хэлбэл, хариуцагч тал авсан зээлийнхээ зарим хэсгийг төлж буй төлбөрийг нь өөр зээлийн харилцаанд үүссэн төлбөр гэж үзэж байгаа бол энэ харилцаагаа баримтаар нотлох ёстой юм. Тухайлбал, 4600$-ийн зээлийг хэзээ, хэрхэн өгсөн тухай баримт байхгүй, энэ зээлийн талаарх гомдлын шаардлага, мэдэгдэл, хоорондын харилцааг нотлох баримт огт байхгүй байхад нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн өөр зээлийн харилцаа байсан мэтээр дүгнэх нь талуудын нотолгооны зарчмыг ноцтой зөрчсөн шүүхийн дүгнэлт болох юм.
4.3. Нэхэмжлэгч тал компанийн данснаас хувийн дансандаа 8,704,800 төгрөгийг шилжүүлэн авсан байна. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд аливаа байгууллагын нягтлан бодогч касс руу /нэхэмжлэгчийн тайлбараар/ гаргаж буй гүйлгээг хэн нэгэн албан тушаалтны дансанд шилжүүлж болохгүй юм. Энэхүү хувьдаа ашигласан гүйлгээ бүрийг тэрээр компанид өгсөн зээлийн төлөлтөд зориулж байсан тул зээлийн төлбөрөөс хасч тооцох ёстой юм. Энэ тухай талууд ажил хүлээлцэх үедээ хэлэлцэн тохиролцсон гэх боловч нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгэж, касс руу гэх гүйлгээний утгыг гуйвуулан тайлбарлаж, компанийн хэрэгцээнд ашигласан мэтээр тайлбарлаж байгаа болно. Энэ талаар дансны хуулга, нотлох баримтыг хэрэгт өгсөн хэдий ч анхан шатны шүүхээс нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлэхгүй, бодит байдлаас зөрүүтэй дүгнэж шийдвэрлэсэн байна.
Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/00005 дугаартай шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаас төлөх ёстой үлдэгдэл төлбөрийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. “Хариуцагч нь нэхэмжлэгчээс 52,000,000 төгрөг авсан талаар маргадаггүй буюу хүлээн зөвшөөрдөг. Манай талын зүгээс тухайн 52,000,000 төгрөгөөс буцаан төлсөн гэх 24,257,400 төгрөгийг 2 баримтаар үгүйсгэдэг. Хариуцагч тал компанийн данснаас нэхэмжлэгч *******8,704,800 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж өөртөө хэрэглэсэн, энэ нь зээлийн буцаан төлсөн үнийн дүнд тооцогдоно гэж маргадаг. Гэвч тухайн мөнгө компанийн үйл ажиллагаанд компанийн зарлагын баримтуудаар зарцуулагдсан байдаг. *******хариуцагч компанийн нягтлан бодогч учир гүйцэтгэх захирлын зөвшөөрөлгүйгээр компанийн данснаас ямар нэгэн гүйлгээ хийх, мөнгө гаргах эрхгүй. Уг мөнгө тухайн үед юунд зарцуулагдсан талаарх баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгч хэрэгт хавсаргуулсан. Анхан шатны шүүх банкны дансны гүйлгээний утга болон гарсан зарлагын баримтуудыг дэлгэрэнгүй байдлаар шинжлэн судалсан бөгөөд шүүхийн шийдвэрийн 5.2-д зааснаар шүүгч шийдвэрийн үндэслэлээ хангалттай дүгнэж бичсэн байдаг. 4600 ам.долларын тухайд уг мөнгийг талуудын хооронд үүссэн зээлийн харилцааны 52,000,000 төгрөгөөс тусдаа бэлнээр зээлдүүлсэн байдаг. Мөн тухайн компанийн захирал *******болон түүний гэр бүлийн хүн н.Амартүвшин нараас 4600 ам.долларыг “4600 ам.доллар буцаалт” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн үйл баримтууд тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан буюу 52,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 52,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь “...нэхэмжлэгч нь манай компанийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа компанийн данснаас касс руу гэх нэрээр мөнгө шилжүүлж 24,257,400 төгрөгийн зээлийг буцаан авч, 27,742,600 төгрөг үлдсэнийг төлөхийг зөвшөөрч байна...” гэж тайлбар гаргасан.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******нь *******“Хаан банк” ХК дахь данснаас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 12,000,000 төгрөг, түүнчлэн *******өөрийн эзэмшлийн данснаас 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 8 удаагийн гүйлгээгээр 40,000,000 төгрөгийг, нийт 52,000,000 төгрөгийг “зээл” гэсэн утгаар “*******” ХХК-ийн дансанд шилжүүлсэн үйл баримтыг зөв тогтоосон. /хх3-11/
Мөн зохигчийн хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй боловч мөнгө шилжүүлсэн дээрх харилцааг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.
Хариуцагч нь 52,000,000 төгрөгийг зээлж авсан талаар маргаагүй бөгөөд 4,600 ам.доллар буюу 15,552,600 төгрөг болон 8,654,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн эсэх нь талуудын хувьд маргааны зүйл болжээ.
4. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна.
4.1. Хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн ******* дахь дансны хуулга баримтаар, “касс руу, *******” гэх утгаар 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 5000 төгрөг, 300,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, 40,000 төгрөг, 1,558,480 төгрөг, 500,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1,200,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 21,320 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 50,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 80,000 төгрөг, нийт 8,654,800 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. /хх-52-54/
4.2. Дээрх 8,654,800 төгрөгийн гүйлгээг хариуцагч зээл төлсөн гэж тайлбарлаж байхад нэхэмжлэгч нь компанийн нягтлан бодогч хийж байсан тул захирал миний данс руу мөнгө хийж би компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж өөрөөр тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******Хаан банкин дахь дансны хуулгаас дээрх хугацаанд гарсан зарлагын гүйлгээний утгыг үзвэл нэхэмжлэгч *******дээрх мөнгийг хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн данснаас “urdee hairtai”, “сургалтын буцаалт”, “thanks”, “зээл төлөлт” гэх утгаар зарлага гарсныг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй, уг 8,654,800 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбарыг дэмжих баримт, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт хэрэгт авагдаагүй.
Иймээс уг мөнгийг хариуцагчийн зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцож, нийт өрийн дүнгээс хасч тооцно. /хх-61-72/
5. Харин хариуцагчийн төлөөлөгч *******нь өөрийн М банкны данснаас 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 4600 ам.доллар буюу 15,552,600 төгрөгийг 52,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарлана.
Хэрэгт авагдсан М банкин дахь *******дансны хуулганд 15,552,600 төгрөгийн гүйлгээний утгыг “4600$ буцаалт *******” гэж бичсэнээс үзэхэд талуудын хооронд 52,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаанаас өөр тусдаа харилцаа байсан, ам.долларын ханш тодорхой тусгагдаагүй, буцаалт гэх утгаар шилжүүлж байгаа нь 52,000,000 төгрөгийн зээлийг төлж байгаа утгыг шууд илэрхийлээгүй байна.
Иймээс хариуцагчаас нэхэмжлэгчид дээрх утгаар шилжүүлсэн 15,552,600 төгрөгийг 52,000,000 төгрөгийн зээлээс хасч тооцох үндэслэлгүй юм.
Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааны хүрээнд талуудын хооронд мөнгө шилжүүлсэн гүйлгээний утгыг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэж, зээл 52,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 8,654,800 төгрөгийг хасч үлдэх 43,345,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасантай нийцнэ гэж үзлээ.
6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/00005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 43,345,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******олгож, нэхэмжлэлээс 8,654,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын “…417,950…” гэснийг ”…374,676…” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,237 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Ц.ЦЭРЭНДУЛАМ