Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 760

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч С.Энхтуул,

Шүүгдэгч Д.Рэнчэндорж,

Шүүгдэгч М.Э,

Шүүгдэгч Б.Б, /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Рэнчэндорж, М.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1911 02357 0993 дугаартай хэргийг 2019 оны 10 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, Бодонгууд овгийн Дашдондогийн Рэнчэндорж 1960 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баян уул суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Энх чанар” ХХК-нд ариутгалын ажилтан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 32-0532 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:ЖО60011470/

 

2. Монгол Улсын иргэн, Харчин овгийн Монхоодойн Эрдэнэсувд, 1987 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Энх чанар” ХХК-нд ариутгалын ажилтан, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 5-95 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ХК87092904/

 

3. Монгол Улсын иргэн, Халбин овгийн Батчулууны Батзориг, 1984 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Энх чанар” ХХК-нд ариутгалын ажилтан, ам бүл 2, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-526 тоотод оршин суух хаягтай урьд 2003 оны 12 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн /РД:ЧГ84041113/

 

Шүүгдэгч Д.Рнь 2019 оны 09 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1-56 тоотод Т.Сугарбаатарын зүүн хацрыг заазуураар зүсэж мөн толгойн тус газарт нь тоосгоор цохин баруун хацар, баруун зулайд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ,Чингэлтэй дүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1-56 тоотод Ч.Норжмаатай маргалдан улмаар нүүрэн тус газар нь шаазан аягаар цохиж баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хүзүүний хугарал, дээд уруулд шарх, уруулын дотор салстад шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1-56 тоотод Ч.Норжмаагийн нуруу руу хүрзээр 1 удаа цохиж бүсэлхийн баруун, зүүн талд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Рмэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт М.Э мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

 

Шүүгдэгч Д.Рэнчэндоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-63-64/: “..Тус өдөр би ажлын газрыхантайгаа хамт пиво ууж сууж байгаад Эрдэнэсувдыг гэрт хүргэж өгөх далимдаа Батзориг гэх хүнтэй уулзаж, Эрдэнэсувдыг битгий архи уулгаад бай гэж хэлэх гээд өдрийн 13-14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо , Жаргалант 0005б тоотод очсон чинь Батзориг өөр хүнтэй хамт байхаар нь би Соёрхол нэртэй архи 2 шилийг авч өгөөд бид 5 архиа хувааж уугаад байж байснаа санаж байна, түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна, нэг ухаан орох үед гадаа харанхуй болчихсон Сугарбаатар гэх залуугийн нүүрнээс нь цус гарчихсан “Та намайг ийм болгочихсон шүү дээ, яаж байгаа юм бэ гэж хэлээд сууж байсан бөгөөд би уучлалт гуйгаад төрсөн дүү Цогтжавыг дуудаад гэртээ хүргүүлсэн..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-35, 58-59/: “..Норжмаагийн уруул, шүд хэсэгт учирсан гэмтлийг би аягаар цохиод тийм болгочихсон юм. Баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хүзүүний хугарал, дээд уруулд шарх, уруулын дотор салстад шарх, цус хуралт зэрэг гэмтлүүдийг би аягаар цохиж үүсгэсэн... гэх мэдүүлэг

 

Шүүгдэгч Б.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-36-37, 69/: “..Сугарбаатар Эрдэнэсувдыг "би чамайг ална даа яаж байгаа юм бэ" гээд дайраад  байхаар   нь  уур  хүрээд   гэрээс  гараад  хүрз  аваад  орж  ирээд Сугарбаатарыг цохих гээд Норжмаагийн нуруу хэсэгт нь цохисон..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Т.Сугарбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-25/ “.2019 оны 09 сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 1-56 тоот Батзоригийн гэрт өөрийн найз эмэгтэй болох Норжмаа түүний найз Эрдэнэсувдын хамтаар очих үед Батзориг байсан ба бид 4 нийлж 0,750 граммын Хараа уугаад амраад өглөө нь буюу 2019 оны 09 сарын 05-ны өдөр өглөө ажилдаа Эрдэнэсувд яваад 13 цагийн үед Эрдэнэсувд Рэнчэндорж 2 архи уусан байдалтай хүрж ирээд бид 5 нийлээд 2 шил 0,750 граммын Соёрхол, 0,500 граммын Соёрхол гэдэг архи хувааж уугаад сууж байсан чинь Эрдэнэсувд “Би нөхрөөсөө салж байгаа, надад хэцүү байна” гэж хэлээд байж байсан чинь Рэнчэндорж Батзоригт хандаад “Эрдэнэсувд нөхрөөсөө салж байгаа, салахаар нь чи миний дүүг хайрлаж хамгаалах хэрэгтэй шүү” гэж хэлээд дайраад байсан бөгөөд төд удалгүй надруу хараад "Батзоригоо чи муу юм ойлгож байна уу?" гэж хэлээд надруу дайраад байхаар нь "Ахаа би Сугар байна шүү дээ, би Батзориг биш шүү дээ" гэж хэлсэн чинь Рэнчэндорж заазуур барьчихсан далайсан чинь миний зүүн талын хацар хэсэгт зүсэгдсэн бөгөөд тухайн үед миний хацраас цус гараад би зугтаагаад гэрээс нь гарсан чинь Эрдэнэсувд, Батзориг 2 зогсож байсан чинь тэр хоёр "Хүүе наад нүүр амаа яасан юм бэ? " гэж асуухаар нь нь би юу болсон талаар хэлээд зугтаагаад гудамжинд байж байгаад буцаад очсон чинь Рэнчэндорж гэх ах "Зоригоо Батзоригоо" гээд урдаас гараад ирэхээр нь би "Батзориг биш, Сугараа байна шүү дээ" гэж хэлсэн чинь миний араас тоосго барьчихсан хөөж байгаад миний толгойн тус газар нь тоосгоор цохиод авах үед миний нүүр толгойноос цус гараад байхаар нь би гэрт ороод сууж байсан чинь Рэнчэндорж ах ухаан орсон бололтой уучлаарай ахын дүү, би архи уухаараа балай болчихдог юм. Уучлаарай, цагдаад битгий хэлээрэй, хохирлыг чинь бүрэн барагдуулна гэсэн..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Норжмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-30-32/ “..Рэнчэндорж ах гэрээс гараад буцаж орж ирэхдээ гартаа заазуур барьчихсан Сугарбаатарыг Батсүхтэй андуураад нүүрийг нь заазуураар цохиод зүсчихсэн чинь Сугарбаатар гэрээс гараад зугтаах үед Рэнчэндорж ах араас нь хөөгөөд тоосго барьж аваад Сугарбаатарын толгой луу нь тоосгоор цохисон..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Норжмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-23/ “..2019 оны 9 сарын 04-ний өдөр өөрийн найз залуу Сугарбаатар, найз Эрдэнэсувдтай хамт Батзоригийн гэрт очъё гээд бид хоёр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 1-56 тоотод очоод бид 4 хамтдаа архи уугаад хоносон юм. 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө Эрдэнэсувд ажилдаа явлаа гээд яваад 13 цагийн үед өөрийн ажлын газрын ах Рэнчэндорж гэх хүнтэй хамт Эрдэнэсувд ирэхдээ 0.750 граммын Соёрхол гэдэг архи аваад ирсэн бөгөөд бид 5 архи уугаад 0.500 граммын Соёрхол уугаад юм яриад байж байсан чинь Эрдэнэсувд нөхрөөсөө салж байгаа талаараа яриад уйлаад байсан. Батсүх хажууд нь суугаад тайвшруулаад сууж байсан чинь Рэнчэндорж ах Батсүхд хандаад "Наад эмэгтэй чинь нөхрөөсөө салж байгаа, дээрээс нь чи утсаа авахгүй, хамт байж, амьдарч чадах юмуу" гэж хэлээд уурлаад байсан бөгөөд төд удалгүй Рэнчэндорж ах гэрээс гараад буцаж орж ирэхдээ гартаа заазуур барьчихсан Сугарбаатарыг Батсүхтэй андуураад нүүрийг нь заазуураар цохиод зүсчихсэн чинь Сугарбаатар гэрээс гараад цугтаах үед Рэнчэндорж ах араас нь хөөгөөд тоосго барьж аваад Сугарбаатарын толгойлуу нь тоосгоор цохих үед би Эрдэнэсувдыг “Чамаас болчихлоо яаж байгаа юм бэ?” “Салгаач чамаас болчихлоо” гэж хэлсэн чинь Эрдэнэсувд “Би ямар ийм болгосон юмуу? Чи одоо юу гээд байгаан” гэж хэлээд миний уруул шүд хэсэгт шаазан аягаар 1 удаа цохисон чинь миний 2 шүд уначихаар нь би цагдаа дуудна гэж хэлээд гэрийн орон дээр хэвтэж байсан чинь Батзориг хүрз барьчихсан миний нуруу хэсэгт 1 удаа хүрзээр цохисон..” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: /хх-36-37/ “..Сугарбаатар Эрдэнэсувдыг "би чамайг ална даа яаж байгаа юм бэ" гээд дайраад  байхаар  нь  уур  хүрээд  гэрээс  гараад  хүрз  аваад  орж  ирээд Сугарбаатарыг   цохих   гээд   Норжмаагийн   нуруу   хэсэгт   нь   цохисон   юм. Ч.Норжмаагийн баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хүзүүний хугарал, дээд уруулд шарх, уруулын дотор салстад шарх, цус хуралт, бүсэлхий баруун, зүүн талд цус хуралт зэрэг гэмтлүүдийг Эрдэнэсувд үүсгэж, бүсэлхийн баруун зүүн талд цус хуралт гэмтлийг би учруулсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.Сугарбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-29/ “..М.Э   Ч.Норжмаагийн   нүүр   лүү   нь   том   шаазан   аягаар цохичихсон ..” гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч О.Болороогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-51-53/ “..Ч.Норжмаагийн биед баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хүзүүний хугарал, дээд уруулд шарх, уруулын дотор салстад шарх, цус хуралт гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэл, бүсэлхийн баруун, зүүн талд цус хуралт гэмтэл нь мөн адил гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №10835 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд: /хх-45/ “..1.Т.Сугарбаатарын биед баруун хацар, баруун зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх баруун хацрын шарх гэмтэл нь ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун зулайн шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн үэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №10836 дугаар дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд: /хх-44/ “..1. Ч.Норжмаагийн биед баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний хүзүүний хугарал, дээд уруулд шарх, уруулын дотор салстад шарх, цус хуралт, бүсэлхийн баруун, зүүн талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Хоёр нүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 10% нөлөлөнө..” гэх дүгнэлт, шүүгдэгч Д.Рэнчэндоржийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-74/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-80/, шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-94/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-96/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-106/, шүүгдэгч М.Эын иргэний үнэмлэхний хуулбар /хх-108/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-110/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

2019 оны 9 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1-56 тоотод шүүгдэгч Д.Рэнчэндорж, М.Э, Б.Б хохирогч Т.Сугарбаатар, Ч.Норжмаа нар архи ууж сонтуурсан үедээ шүүгдэгч Эрдэнэсувд “Би нөхрөөсөө салж байгаа, надад хэцүү байна” гэж үглэн шүүгдэгч Рэнчэндорж Батзоригт хандаад “Эрдэнэсувд нөхрөөсөө салж байгаа, салахаар нь чи миний дүүг хайрлаж хамгаалах хэрэгтэй шүү” Батзориг, Сугарбаатар зэрэгт хэлэх зэргээр хэрүүл маргаан эхлэж улмаар шүүгдэгч Д.Рхохирогч Т.Сугарбаатарын зүүн хацрыг заазуураар зүсэж мөн толгойн тус газарт нь тоосгоор цохин түүний биед биед баруун хацар, баруун зулайд шарх гэмтэл бүхий гэмтэл, шүүгдэгч М.Э нь хохирогч Ч.Норжмаатай маргалдан улмаар нүүрэн тус газар нь шаазан аягаар цохиж баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний хүзүүний хугарал, дээд уруулд шарх, уруулын дотор салстад шарх, цус хуралт бүхий гэмтэл, шүүгдэгч Б.Б нь хохирогч  Ч.Норжмаагийн нуруу руу хүрзээр 1 удаа цохиж бүсэлхийн баруун, зүүн талд цус хуралт бүхий гэмтэл тус тус үүсгэжээ.

 

Хохирогч нарт учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын дээрхи үйлдлийн улмаас хохирогч нарт хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч нар хохирогч нарыг цохиж зодсон, үүний улмаас тэдгээрт хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Рэнчэндорж, М.Э, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Рэнчэндорж, М.Э, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Рэнчэндорж, М.Э, Б.Б нарт оногдуулсан дээрх ялыг шүүгдэгч нарын хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч Т.Сугарбаатар, Ч.Норжмаа нар шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Д.Рэнчэндорж, М.Э, Б.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Рэнчэндорж, М.Э, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см урт, үүнээс ажлын хэсэг нь 16 см урт, ногоон өнгийн бариултай 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бодонгууд овогт Дашдондогийн Рэнчэндорж, Харчин овогт Монхоодойн Эрдэнэсувд, Халбин овогт Батчулууны Батзориг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рэнчэндорж, М.Э, Б.Б нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Рэнчэндорж, М.Э, Б.Б нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Рэнчэндорж, М.Э, Б.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Рэнчэндорж, М.Э, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см урт, үүнээс ажлын хэсэг нь 16 см урт, ногоон өнгийн бариултай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Рэнчэндорж, М.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР