| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 191/2025/06629/И |
| Дугаар | 210/МА2026/00579 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00579
2026 03 16 210/МА2026/00579
“*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/00122 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөр, алдангид 25,166,142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Манай компани хариуцагч “*******” ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №22164072, СА 24/12/22 тоот эд хөрөнгийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан хамтран ажилласан бөгөөд дээрх хугацаанд дараах 3 даатгалын тохиолдол үүссэн боловч хариуцагч тал нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.
Үүнд: нэхэмжлэгч компанийн “Pizza Hut” Хархорин салбарт ашигладаг эйркондейшн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажиллахгүй болж 2,225,000 төгрөг, “Pizza Hut” Сансар салбарт ашигладаг эйркондейшн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажиллахгүй болж 6,171,000 төгрөг, “Pizza Hut” Номин-32 салбарт ашигладаг эйркондейшн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ажиллахгүй болж нийт 8,381,428 төгрөгийн хохирол учирсан. Эдгээр тохиолдлын шалтгааныг гэрээний 2 дугаар зүйлийн 2.14-т заасны дагуу мэргэжлийн байгууллагаар шалгуулахад гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан цахилгааны эрсдэл үүссэн буюу цахилгааны хэлбэлзлийн улмаас мотор шатсан болохыг тодорхойлсон. Бид гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 24/190 тоот, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 24/195 тоот, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 24/212 тоот албан бичгээр тохиолдол тус бүрийн нөхөн төлбөрийн баримтыг бүрэн хүлээлгэн өгөхөд хариуцагч “*******" ХХК нь гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хугацааг зөрчиж гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.
1.2. Талуудын хооронд байгуулсан Эд хөрөнгийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т “Эд хөрөнгийг түүний өртгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулсан нөхцөлд гарсан бодит хохирлыг 100% нөхөн төлнө” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрсдийн бүхий л эд хөрөнгийг 100% өртөг үнээр буюу анхны худалдан авсан үнийн дүнгээр нь даатгуулсан ба гэрээний хавсралтад дээрх эд хөрөнгүүдийг талууд харилцан тохиролцон барилгын нэг хэсэг гэж үзэж, Барилга, түрээсийн сайжруулалт хэсэгт оруулан даатгуулсан.
1.3. “*******” ХХК нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсантай холбоотойгоор маргааныг бид Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлэхэд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 9/3624 тоот албан бичгээр “*******” ХХК нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байх тул 5 даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг “*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Иймд, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч ******* ХХК-иас нийт 25,166,142 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлд тус компанийн “Pizza Hut” нь Хархорин, Сансар, Номин-32 салбарт ашигладаг эйркондейшнуудыг талуудын хооронд байгуулагдсан Эд хөрөнгийн багц даатгалын гэрээний хавсралтад заасан барилгын нэг хэсэг гэж үзэж Барилга, түрээсийн сайжруулалт хэсэгт оруулан даатгуулсан гэжээ. Даатгалын гэрээгээр тохиролцсон тухайн Барилга, түрээсийн сайжруулалт гэх ойлголт нь зөвхөн үйл ажиллагаа явуулж буй барилга буюу объектыг дангаар нь ойлгоно. Мөн талууд тохиролцсон тохиолдолд барилгын нэг хэсэг гэж үзэж барилгатай холбоотой эд хөрөнгүүдийг хамтад нь даатгах тохиолдол байдаг. Нэхэмжлэгч нь өөрийн даатгуулсан Барилга, түрээсийн сайжруулалт хэсэгт үндсэн барилгаас гадна Сүлжээ, кабель, камерыг барилгын нэг хэсэгт хамааруулж даатгуулсан байгаа нь даатгагдсан эд хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлээс харагдана. “Pizza Hut” Хархорин салбарын "Түрээсийн сайжруулалт": 373,801,458 төгрөг, Сүлжээ, кабель, камер: 10,752,500 төгрөг, нийт 384,553,958 төгрөгийн хөрөнгө “Pizza Hut” Сансар салбарын "Барилга" 1,126,950,000 төгрөг, Сүлжээ, кабель, камер: 47,362,791 төгрөг, нийт 1,174,312,791 төгрөгийн хөрөнгө “Pizza Hut” Номин-32 салбарын "Түрээсийн сайжруулалт" 135,333,962 төгрөг, Сүлжээ, кабель, камер 3,550,000 төгрөг, нийт 138,883,962 төгрөгийн хөрөнгө тус тус даатгуулсан байна.
Эйркондейшныг барилгын нэг хэсэг гэж үзэх боломжгүй бөгөөд түүнийг барилгаас салган авах боломжтой бие даасан тусдаа эд хөрөнгө юм. Хэрэв тус хөрөнгийг барилгын нэг хэсэг гэж үзэж даатгуулсан бол сүлжээ, кабель, камер-тай нэгэн адил тусад нь үнэлж, эд хөрөнгийн жагсаалтад оруулан бүртгэж даатгах байсан. Иймд, манай байгууллага тус эйркондейшнуудыг барилга, түрээсийн сайжруулалт хэсэгт оруулж даатгаагүй бөгөөд тус хөрөнгүүд нь даатгагдсан зүйлсийн жагсаалтад байхгүй даатгагдаагүй хөрөнгүүд учраас Эд хөрөнгийн багц даатгалын гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1-т “... даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан...” гэж заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Мөн нэмэлтээр тодруулга өгөхөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ашиглалт, засварын зүүн төвөөс нэхэмжлэгчид илгээсэн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 32/186 тоот албан бичигт танай байгууллага нь өөрийн эзэмшлийн цахилгааны дэд өртөөг хариуцсан цахилгаанчинтай байх, дэд өртөөнд жил тутам засвар үйлчилгээ хийж байх шаардлагатай байгааг анхаарна уу. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2.2.4-д “Хэрэглэгч нь нарийн мэдрэгчтэй тоног төхөөрөмж хэрэглэж байгаа бол гүйдэл, хүчдэлийн хэлбэлзлээс хамгаалах төхөөрөмж тавьсан байх” гэж заасны дагуу тоног төхөөрөмждөө фазын болон хэт хүчдэлийн хамгаалалт суурилуулах, мөн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/1146 тоот албан бичигт цахилгаан шугам сүлжээнд үүсэж байгаа гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөллөөс болж буй хүчдэлийн хэлбэлзлээс сэргийлэх техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг өөрсдийн эзэмшлийн сүлжээнд авч хэрэгжүүлэх талаар мэдэгдсэн. Хэрэв нэхэмжлэгч нь арга хэмжээг аваагүйгээс даатгагдсан эд хөрөнгүүдэд эрсдэл учирсан тохиолдолд энэ нь мөн Эд хөрөнгийн багц даатгалын гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1-т “Даатгалын тухай хуулийн 8.5 санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн...” гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл болохыг анхаарах шаардлагатай. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-д холбогдох 25,166,142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Талууд анх гэрээг байгуулахдаа даатгалын зүйлийг тохиролцож, ямар хөрөнгүүд хамаарахыг тодорхойлохдоо даатгуулагч талаас даатгагдсан хөрөнгийн жагсаалтыг цахим шуудангаар хүргүүлж, тухайн хөрөнгийг даатгалд хамруулах хүсэл зоригоо илэрхийлж, даатгагч талаас тухайн хөрөнгийг даатгалд хамруулдаг ажил хэргийн тогтсон заншлын харилцаатай болох нь нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогддог. Гэвч шүүх нь уг нөхцөл байдал, даатгуулагч талын хүсэл зоригийн илэрхийллийг даатгагч тал хүлээн авсан байгааг үнэлэлгүй, энэхүү маргааныг шийдвэрлэхэд хамгийн чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлыг судлан тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн.
Тодруулбал, манай компанийн ажилтан “******* ХХК-ийн ажилтанд 2022 оны 12 сарын 02-ны өдөр имэйл хаягаар хүргүүлсэн гэрээний төслийн хавсралтад ...Жич: Барилгын үнэлгээнд агааржуулалтын системийн үнэлгээ багтсан болно... гэж тусгасан нь үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн боловч уг нөхцөл байдлыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, нотлох баримтаар үнэлээгүй. Даатгалын зүйл буюу даатгагдах хөрөнгийн жагсаалтыг даатгуулагч талаас "...бич: барилгын үнэлгээнд агааржуулалтын системийн үнэлгээ багтсан болно...” “даатгалын үнэлгээг хавсралтаар илгээж байна. Асууж тодруулах зүйл байвал холбогдоно уу” хэмээн шуудан илгээсэн. Үүний хариуд хариуцагч тал буюу даатгагч талаас уг хүсэл зоригийн илэрхийллийн хүлээн зөвшөөрөхгүй талаар аливаа татгалзал ирүүлээгүй ба “Гэрээний төсөл хүргүүлж байна. Та бүхэн саналаа тусгана уу” хэмээн хариу ирүүлсэн байдаг. Үүнийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасны дагуу тайлбарлах нь зүйтэй юм.
4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан №22164072, СА 24/12/22 тоот Эд хөрөнгийн даатгалын гэрээний хураамжид нийт 26,526,466 төгрөг төлсөн.
Үүнээс даатгалын гэрээний 6.1-т заасан “Барилга, барилгын сайжруулалт” 14,178,147,745.33 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг даатгуулж, уг хөрөнгийн 0.060% буюу 8,506,888.6 төгрөг даатгалын хураамж төлсөн. Даатгалын гэрээний Хавсралт №2-1-д заасны дагуу “Барилга, түрээсийн сайжруулалт” хэсэгт Хархорин салбарт 384,553,958 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө, Сансар салбарт 1,174,312,791 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө, Номин 32 салбарт 138,883,962 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг тус тус даатгуулсан. Иймд, холбогдох бүхий л хураамжийг гэрээгээр тохиролцсон ёсоор төлсөн тул даатгалын хураамжийг төлөөгүй гэж үзсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.3. Иргэний хуулийн 84 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар гал тогооны эйркондейшныг барилгатай холбоотой агааржуулалтын систем гэж үзэх үндэслэлгүй байх ба хөдлөх хөрөнгө гэж үзэхээр байна” гэсэн байгаатай дараах үндэслэлээр санал нийлэхгүй байна.
Тодруулбал, шүүх нь талуудын гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн гэрээндээ тодорхойлсон "барилгын сайжруулалт" гэх гэрээний нэр томьёог Барилгын тухай хуульд заасан "барилгын ажил" гэх байшин барилга барих ойлголттой хамаатуулан үзэж, хуулийг алдаатай тайлбарлан хэрэглэсэн байна.
Тухайн рестораны салбаруудын барилгын зурагт хэдэн ширхэг агааржуулагчийг хаана байршуулсныг тодорхой харуулсан байгаа бөгөөд эдгээр нь барилгын тухай хуульд заасны дагуу барилгын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжид тооцогддог. Иймд, уг тоног төхөөрөмжүүдийг барилга, байгууламжийг засварласан, тоноглосон ажиллагаанд хамааруулж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.
Бид даатгалын гэрээг байгуулах үед "Барилга, түрээсийн сайжруулалт", "Барилга, барилгын сайжруулалт" гэсэн ангилалд уг эйркондейшнуудыг хамруулна хэмээн итгэж, үүнийхээ ч дагуу гэрээ байгуулахын өмнө болон дараа хүсэл зоригоо илэрхийлж байсан нь мөн дурдсан баримтуудаар нотлогдоно.
Тус даатгалын гэрээ бол Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Даатгалын багц дүрэмд заасны дагуу гэрээний загвар буюу даатгалын бүтээгдэхүүнийг зохицуулагч байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр даатгагч талаас даатгуулагчид санал болгож буй, хуулиар тодорхойлоогүй, байнга хэрэглэгдэх урьдчилан тогтоосон нөхцөл бүхий сайн дурын даатгалын гэрээ буюу өөрөөр хэлбэл Иргэний хуулийн Гуравдугаар дэд бүлэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ юм.
Хэрэв талуудын гэрээний нэр томьёо тодорхойгүй, эсхүл маргаан дагуулж буй тохиолдолд Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана.” гэж заасан болон мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна." болон 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно." гэж заасны дагуу санал хүлээн авагч талд ашигтайгаар, гэрээний агуулга, талуудын гэрээ байгуулах үеийн хүсэл зоригийг тогтоох замаар тайлбарлах ёстой байсан гэж үзэж байна.
4.4. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 9/3624 шийдвэрээр даатгагч нөхөн төлбөр олгох ёстой гэж тогтоосон байхад шүүх буруу тайлбарласан. Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.4, Төрийн албаны тухай хуулийн 7.1.1, 7.1.6, 7.1.7, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч "*******” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, талуудын байгуулсан гэрээнд дүгнэлт хийж маргааныг урьдчилан шийдвэрлүүлснийг шүүх харгалзан үзээгүй.
4.5. Шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлээгүй тул тухайн тооцоололтой холбоотой санхүүгийн баримтуудыг гаргаж өгөх хүсэлтэй байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
5. Давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. “Нэхэмжлэгч талын даатгуулсан гэх эйркондейшн нь хөдлөх эд хөрөнгө байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал тухайн эд хөрөнгийг барилга түрээслэн сайжруулах хэсэгт хамааруулж, барилгын үндсэн үнэлгээ дотор багтаж байгаа гэж даатгуулсан гэх тайлбарыг өгдөг. Гэвч барилга нь тусдаа үнэлгээтэй, үл хөдлөх эд хөрөнгө байдаг. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргаж, тухайн эд хөрөнгийн үнийг тусад нь нэхэмжлэх болохоор эйркондейшн нь тусдаа өөрийн гэсэн үнэлгээтэй эд хөрөнгө болоод байдаг. Харин даатгуулах болохоор тухайн эд хөрөнгө нь өөрийн гэсэн тусдаа үнэлгээгүй үл хөдлөх эд хөрөнгө мэтээр даатгасан гэж тайлбарлаад байдаг.
Тухайн эд хөрөнгө нь хөдлөх, бие даасан хөрөнгө учир уг эд хөрөнгийг даатгуулах ёстой бол эд хөрөнгийн үнэлгээг гаргаж, зохих ёсны даатгалын хураамж төлснөөр уг эд хөрөнгө нь даатгалын зүйл болж даатгагдсан гэж үздэг. Гэтэл тухайн эйркондейшныг манай байгууллага гэрээгээр даатгаагүй бөгөөд энэ нь барилга түрээслэн сайжруулах хэсэгт хамааралгүй гэж үзэж байна. Барилга түрээслэн сайжруулах гэх гэрээний багц хэсэг дотор барилгын үнэлгээг сүлжээ, кабел, камер буюу хөдлөх эд хөрөнгүүдийг тусдаа өөрийнх нь үнэлгээгээр үнэлж, даатгуулсан байдаг. Үүнтэй адилхан нэхэмжлэгч тал маргаан бүхий эйркондейшныг сүлжээ, кабел, камер гэх эд хөрөнгүүдийн адил тусдаа өөрийн гэсэн үнэлгээгээр нь даатгалын хураамж төлж даатгуулах ёстой байсан гэж үзэж байна. Тиймээс даатгалын гэрээнд заасан бусад шалтгаанаар нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийг хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор нь үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан цахилгааны хэлбэлзлийн улмаас 3 салбарын агаар сэлгэгч шатаж хохирол учирсан тул даатгалын нөхөн төлбөр, алдангид 25,166,142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...агаар сэлгэгч даатгаагүй тул нөхөн төлбөр олгохгүй...” гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр №22164072 СА24112/22 дугаартай “Эд хөрөнгийн багц даатгалын гэрээ” байгуулагдаж, даатгагч “*******” ХХК нь барилга, барилгын сайжруулалт, машин тоног төхөөрөмж, гал тогооны тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил, компьютер тоног төхөөрөмж, бараа материалыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шөнийн 00 цаг хүртэл 1 жилийн хугацаатай галын, байгалийн, цахилгааны, сан техникийн, ус чийгийн, гуравдагч этгээдээс хохирол учруулах бүх төрлийн эрсдэл, үйлдвэрийн ослын, хулгай, хулгайн сэдлээр хохирол учруулах, дээрэм, дээрмийн сэдлээр хохирол учруулах эрсдэлүүд үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгох, даатгуулагч “*******” ХХК нь даатгалын хураамж төлөхөөр харилцан тохиролцсон. /хх17-22, 99-104/
3.2. Дээрх гэрээний хавсралтаар, “Даатгалын зүйлийн ерөнхий мэдээлэл”, “Даатгалын зүйлийн дэлгэрэнгүй мэдээлэл салбар тус бүрээр” гаргаж, нийт 25,274,897,405.88 төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий хөрөнгөд 33,437,047 төгрөгийн даатгалын хураамж төлсөн үйл баримт тогтоогдсон.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.
4. Зохигч, тэдгээрийн хооронд даатгалын гэрээ байгуулагдсан, даатгалын хураамж төлсөн болон цахилгааны хэлбэлзлийн улмаас нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн барилгад суурилуулсан агаар сэлгэгчийн мотор шатсан үйл баримтын талаар маргаагүй ба харин гэмтсэн эд хөрөнгө нь даатгагдсан эд хөрөнгөд хамаарах эсэх талаар маргажээ.
5. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2-т “Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна” гэж, 431.4-т “Даатгалын гэрээнд дараахь нөхцөлийг тусгана” гээд 431.4.1-д “даатгалын зүйл” гэж, мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ” гэж тус тус заасан.
Тодруулбал, даатгалын гэрээгээр тодорхой эд хөрөнгийг даатгуулах буюу даатгуулсан зүйл тодорхой байх, улмаар даатгалын тохиолдлын улмаас түүнд эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох бөгөөд зохигчийн байгуулсан даатгалын гэрээг үзвэл Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д “Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ” гэж зааснаар даатгуулсан зүйлд гэм хорын улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох агуулгатай байна.
6. Гэвч талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эд хөрөнгийн багц даатгалын гэрээ байгуулагдсан боловч хэргийн баримтаар маргаан бүхий агаар сэлгэгч төхөөрөмжийг даатгасан гэж үзэх боломжгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Үүнд:
6.1. “*******” ХХК-ийн ажилтан “*******” ХХК-ийн ажилтанд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр илгээсэн захиа, түүнд хавсаргасан файлд үзлэг хийсэн тэмдэглэлд хөрөнгийн нэр, тоо ширхэг, үнэлгээ бүхий жагсаалт авагдсан. Уг жагсаалтад “…жич: барилгын үнэлгээнд агааржуулалтын системийн үнэлгээ багтсан болно…” гэж тэмдэглэгдсэн байна.
Уг баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний төсөлд барилгын үнэлгээнд агааржуулалтын системийн үнэлгээг багтаах санал гаргасан боловч хариуцагч тал уг саналыг хүлээн авч, баталгаажуулсан гэж үзэх идэвхтэй үйлдэл илэрхийлээгүй байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох хэдий ч энэ нь гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрсөн гэсэн агуулгыг шууд илэрхийлэхгүй ба гэрээний нөхцөлд дээрх байдлаар санал оруулсныг хариуцагч нь хариу зөвшөөрсөн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, агааржуулалтын систем /агаар сэлгэгч төхөөрөмж/-ийн шинж байдал, нэр төрөл, тоо хэмжээ, үнэ зэргийг тооцож тогтоосон баримтгүй, барилгын үнэлгээнд хэрхэн тооцогдсон нь тодорхойгүй байна.
Хэрэгт авагдсан даатгалын гэрээ болон түүний хавсралтад даатгагдсан эд хөрөнгийн жагсаалтыг тодорхойлон тусгасан байх бөгөөд уг жагсаалтад агаар сэлгэлтийн төхөөрөмжийг тусгайлан нэрлэн заагаагүй, түүний үнэлгээ Барилга, түрээсийн сайжруулалт хэсэгт орсон гэх баримтгүй, барилгын бүрэлдэхүүн хэсэгт тооцон даатгалын хамгаалалтад хамруулсан талаар талууд тохиролцсон нь тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, 25,274,897,405.88 төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий хөрөнгөд маргаан бүхий агаар сэлгэгч төхөөрөмж хэдэн төгрөгөөр үнэлэгдэж, даатгагдсан болох нь тодорхой бус байна.
6.2. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.7-д “ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй” бол гэрээ байгууладсанд тооцохоос гадна мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д зааснаар гэрээг тайлбарлахад зохигчийн ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж болно.
Гэвч хэргийн баримтаар талууд урьд өмнө даатгалын гэрээ, хэлэлцээр байгуулж байгаагүй, тэдгээрийн хооронд тогтсон харилцаа байхгүй байх тул ажил хэргийн тогтсон заншлын дагуу саналыг хүлээн авсан гэх үндэслэлгүй учир энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.3. Нэхэмжлэгч нь өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан Эд хөрөнгийн багц даатгалын гэрээний хавсралтаар “Даатгалын зүйлийн дэлгэрэнгүй мэдээлэл салбар тус бүрээр” гаргаж, уг мэдээлэлд үндэслэн даатгалын үнэлгээ, хураамжийн хэмжээг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний чөлөөт байдлын зарчим бодитой хэрэгжсэнийг илтгэх тул гэрээг бүхэлдээ стандарт нөхцөл бүхий гэрээ байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд, даатгалын гэрээ стандарт нөхцөл бүхий гэрээ тул санал хүлээн авагч талд ашигтайгаар, гэрээний агуулга, талуудын хүсэл зоригийг тогтоох замаар тайлбарлаж шийдвэрлэнэ гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хангагдахгүй.
6.4. Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2-т заасан эд юмсын дагалдах зүйлийн хувьд тухайн эд зүйл үндсэн эд юмстайгаа аж ахуйн болон зориулалтын хувьд салшгүй холбоотой эсэхээс хамаарах юм. Гэтэл агаар сэлгэлтийн төхөөрөмж даатгалын зүйл тодорхой байх зарчмын хүрээнд даатгалын тохиолдолд бий болохоос өмнө буюу гэрээ байгуулах цаг мөчид анхнаасаа барилгын үндсэн бүрдэл хэсэг аль эсхүл дагалдах зүйл байсан нь тодорхойгүй байна.
7. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд, хэрэгт авагдсан гэрээ, хавсралтад заасан “Даатгалын зүйлийн дэлгэрэнгүй мэдээлэл салбар тус бүрээр” гэх баримтад гал тогооны агаар сэлгэх төхөөрөмж гэж бичигдээгүй, “Барилга, түрээсийн сайжруулалт, “Барилга, барилгын сайжруулалт” хэсэгт агаар сэлгэлтийн төхөөрөмж ороогүй тул даатгаагүй, үнэлгээг тохироогүй, даатгалын хураамж төлөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул даатгалын хураамжийг бүрэн төлсөн байхад шүүх төлөөгүй гэж үзсэн нь буруу гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол мөн хангагдахгүй.
8. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/3624 тоот албан бичгээр даатгагч “*******” ХХК-д даатгуулагч “*******” ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг олгохыг мэдэгдсэн нь шүүхийн журмаар гэрээний талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд даатгагчаас нөхөн төлбөрийг гаргуулах эсэхийг шийдвэрлэхэд шууд баримтлах үндэслэл биш тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авахгүй.
Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар даатгагч, даатгуулагч нарын хооронд үүссэн маргааныг тэдгээрийн гомдлоор шийдвэрлэх эрхтэй боловч тухайн байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөнтэй холбоотой талуудын маргааныг шүүх нотлох баримтад үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэнэ.
9. Нэхэмжлэгчийн “нэхэмжлэлийн шаардлагын дүн буюу хохирлын дүнг тооцохын тулд нотлох баримт шаардлагатай байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан нотлох баримт бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй тул тооцоололтой холбоотой баримт гаргаж өгөх хүсэлтэй” гэх гомдол үндэслэлгүй.
Учир нь, нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо өөрөө нотлох үүрэгтэй, энэ эрхээ анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхээс өмнө хэрэгжүүлэх ба ийнхүү хүсэлт санал гаргаагүй тул шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэхгүй, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
10. Иймд, агаар сэлгэгч төхөөрөмжийг даатгагдсан зүйлд хамруулан үзэх боломжгүй тул даатгалын нөхөн төлбөр, алданги шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/00122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Ц.ЦЭРЭНДУЛАМ