| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 106/2017/0270/Э |
| Дугаар | 513 |
| Огноо | 2017-07-06 |
| Зүйл хэсэг | 148.3., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 513
Б.Батхангайд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Гансүх, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Баясгалан,
ялтан Б.Батхангайгийн өмгөөлөгч С.Энхбат,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Батхангайгийн өмгөөлөгч С.Энхбатын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Батхангайд холбогдох 201626022352 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Далх гарьд овгийн Бадамдоржийн Батхангай, 1966 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 12-11 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФБ66113051/,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн.
Б.Батхангай нь урьд энэ хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр иргэн Ч.Түвшинжаргалыг “Архангай аймгийн Цахилгаан түгээх сүлжээний дарга болгож өгнө, холбогдох хүмүүстэй ярьсан байгаа” гэж итгүүлэн, хуурч мэхлэх аргаар 2013 оны 1 дүгээр сарын 16-ны 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 25.715.000 төгрөгийг нь залилан мэхэлж авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Батхангайгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Б.Батхангайн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож,
Далх гарьд овгийн Бадамдоржийн Батхангайг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батхангайг 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Батхангайд оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, Б.Батхангай төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,
Б.Батхангайд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж шийдвэрлэжээ.
Ялтан Б.Батхангайгийн өмгөөлөгч С.Энхбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан. Шинээр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Батхайнгайн учруулсан хохирол нь үлэмж хэмжээний хохиролд орж байгаа бөгөөд тэрээр учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээж байгаа, мөн чихрийн шижин өвчтэй байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү.” гэв.
Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, хэргийн зүйлчлэл тохирсон. 2017 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж, хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү гэснийг хэлэлцэх шаардлагагүй. Шинэ Эрүүгийн хуульд залилан мэхлэх гэмт хэрэг нь 2-8 жил хорих ялтай тул эрх зүйн байдлын хувьд дээрдүүлсэн хууль юм. Иймд онодуулсан ял шийтгэлийг хасаж тооцох үндэслэлтэй байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Б.Батхангай нь урьд энэ төрлийн хэрэг үйлдэж, 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар ялаас өршөөгдөж байсан байх ба Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын бие төлөөлөгч, туслахын үүрэгт ажил гүйцэтгэж байхдаа иргэн Ч.Түвшинжаргалыг “Архангай аймгийн Цахилгаан түгээх сүлжээний дарга болгож өгнө, холбогдох хүмүүстэй ярьсан байгаа” гэж итгүүлэн, хуурч мэхлэх аргаар 2013 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” нэртэй хоолны газарт бэлнээр 10.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 44 дүгээр байрны хоолны газарт 3.000.000 төгрөгийг бэлнээр, 2013 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 22 удаагийн данс хоорондын шилжүүлгээр 7.315.000 төгрөгийг Ч.Түвшинжаргалын “Хаан” банкны 5135113211 тоот данснаас, 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 28 удаагийн данс хоорондын шилжүүлгээр 3.110.000 төгрөгийг 5135342683 тоот данснаас, 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 18 удаагийн бэлэн мөнгөний шилжүүлгээр 2.290.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5041071738 тоот дансанд авч нийт 25.715.000 төгрөгийг нь залилан мэхэлж авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
ялтан Б.Батхангайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2012 оны сүүлээр миний танил Очирбат гэх хүн над руу утсаар яриад “дүүгээ өөртэй чинь уулзуулмаар байна, ажил төрлийн талаар ярих хэрэгтэй байна” гэхээр нь би гар утасныхаа дугаарыг өгөөд “ямар асуудлаар уулзах гэж байгаа юм, өөрийг нь ирээд уулз” гэж хэлсэн. Тэгээд 2013 оны эхээр намайг хөдөө явах гэж байхад Очирбатын дүү Түвшинжаргал нь ирж уулзаад “Архангай аймагт очиж ажиллах хүсэлтэй байна” гэдгээ надад хэлсэн. Би тэр үед “хөдөө явах гэж байна, буцаж ирээд уулзана” гэж хэлээд явсан. Би Түвшинжаргалаас ямар санаа оноо байна гэж асуусан. Гэтэл Түвшинжаргал нь “Архангай аймгийн эрчим хүчний салбарт ажиллах хүсэлтэй байна, энэ талаар надад туслаач” гэж хэлсэн. Тэгээд би хөдөө явж ирээд Түвшинжаргалтай уулзана гэдгээ Очирбат болон Түвшинжаргал нарт хэлсэн. Түвшинжаргал нь өөрөө эхэлж санаагаа гаргаад “ямар нэгэн асуудал байхгүй, мөнгө төгрөгийг нь өгнө” гэж хэлсэн. Тэгээд би холбогдох хүмүүстэй нь уулзаад холбоо бариад Түвшинжаргалд хэлсэн. Тэгсэн Түвшинжаргал нь “ямар ч асуудал байхгүй, би мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. 2013 оны 1 дүгээр сарын эхээр Түвшинжаргал над руу ярьж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын Тунелийн ойролцоо ирээд надад анкет болох бэлэн 10.000.000 төгрөгийг өгсөн. Тэгээд энэ асуудлаар нь холбогдох хүмүүстэй нь холбоо бариад өөрийг нь холбогдох хүмүүстэй нь биечлэн уулзуулсан. Үүнээс хойш энэ асуудлын талаар Түвшинжаргалд өөрт нь утсаар байнга хэлж байсан. Нөхцөл байдлын хувьд засгийн газар өөрчлөгдөөд орон тоон дээр нь өөр хүн томилогдсон. Энэ чиглэлээр би өөр хүмүүстэй нилээд олон удаа уулзсан. Ер нь бол иргэний хувьд би Түвшинжаргалтай энгийн харьцаатай байсан. 4 жилийн дараа Түвшинжаргал нь хүнээс мөнгө зээлээд надад өгсөн талаараа хэлсэн. Тэр байдал нь өөрт нь хүндээр тусаад надад хандаад “энэ асуудлыг яаралтай шийдэж өг, мөнгөө буцааж авъя” гээд байсан. ...Миний “Хаан” банкны данс 5041071738 гэсэн данс байгаа. Би энэхүү нэг дансаар л мөнгө авдаг байсан.” гэх мэдүүлэг /хх1, х86-88/,
хохирогч Ч.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2013 оны 1 дүгээр сарын үеэр миний хамаатны ах Очирбаттай хамт ажилладаг Батхангай гэх хүнийг таньдаг болсон. Б.Батхангай нь тэр үед Архангай аймгийн Жаргалант сумын засаг даргын ажлыг хийж байсан гэсэн. Тэгээд 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Батхангайтай Баянзүрх дүүргийн ойролцоо уулзахад Батхангай нь ажил төрөлд оруулж өгөх талаар надад хэлээд удаагүй 3 хоногийн дараа Батхангай над руу яриад бичиг баримтаа 10.000.000 төгрөгийн хамт аваад ир Архангай аймгийн цахилгаан түгээх сүлжээний салбарын даргын албан тушаалд ажилд оруулж өгнө холбогдох хүмүүстэй ярьчихлаа, эрчим хүчний яам болон бусад хүмүүстэй уулзсан байгаа” гэхээр нь би 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны Баруун хүрээ салбарт ороод өөрийнхөө “Хаан” банкны 5135113211 тоот данснаас 10.000.000 төгрөгийг аваад уг банкнаас гараад хажууд нь байсан “Скай” хоолны газарт бэлнээр Батхангайд өгсөн. Удаагүй Батхангай нь “эрчим хүчний сайд Сономпилийн зөвлөхөд чиний бичиг баримт мөнгийг өгсөн” гэж хэлсэн. Тун удахгүй болохоор хүлээгээд байж бай гэж хэлсэн. Тэгээд 2, 3 сар өнгөрсөн. Хэсэг хугацаа өнгөрөөд би Батхангай руу “одоо яах юм” гээд л хэсэг ярьсан. Түүнээс хойш 2013 оны 7 дугаар сарын 8-ны үеэр би Батхангай руу яриад “одоо болъё, бүтэхгүй бол мөнгөө буцаагаад авмаар байна” гэж хэлэхэд Батхангай нь “эрчим хүчний газрын даргад хэлсэн байгаа, түр хүлээж бай” гэж хэлээд бас хэсэг хугацаа өнгөрсөн. Тэгээд дараа жил нь буюу 2014 онд Батхангай нь надад “ажил хөөцөлдөөд яваад байна, мөнгө хэрэгтэй байна” гэж хэлээд надаас мөнгө авч эхэлсэн. Тухайн үедээ “хүнтэй уулзмаар байна, яаж хоосон уулзах вэ” гэж хэлдэг, мөн мөнгөгүй юм чинь яаж ажил бүтэх вэ” гэж хэлдэг. Ингээд Б.Батхангай нь надаас авсан мөнгийг би өөрийн “Хаан” банкны хуулгыг авчирч өгсөн байгаа, мөн хүснэгтээр гаргасан байгаа нь нийт би өөрийнхөө “Хаан” банкны 5135113211 тоот данснаас Батхангайгийн “Хаан” банкны 5041071738 тоот данс руу нийт 23 удаа 8.411.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн би өөрийнхөө “Хаан” банкны 5135342683 тоот данснаас Батхангайгийн “Хаан” банкны 5041071738 тоот данс руу нийт 28 удаа 3.110.000 төгрөгийг шилжүүслэн байгааг хүснэгтээр гаргасан. Мөн дансны хуулгуудыг авч ирсэн байгаа. 2014 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 44 дүгээр байрны хоолны газарт Батхангайд бэлнээр 3.000.000 төгрөгийг өгсөн. Тэр үед Батхангай нь “одоо ажлыг нь хурдан бүтээж өгнө” гэж хэлээд л авсан. Ингээд нийтдээ Батхангай нь намайг ажилд оруулж өгнө гэж хэлээд бэлнээр 13.000.000 төгрөг, банкны дансаар 11.521.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн би Батхангайгийн 5041071738 тоот данс руу бэлнээр 2.290.000 төгрөгийг хийсэн байгаа. Ингээд нийтдээ 26.811.000 төгрөгийг Батхангайд өгсөн байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх1, х69-71/,
гэрч М.Очирбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Гурван жилийн өмнө буюу 2013 оны үеэр манай хамаатны дүү болох Түвшинжаргал нь “Архангай аймагт нутагтаа очиж хуучин ажилдаа ормоор байна, туслах хүн байна уу” гэж надаас асууж байсан тэгэхээр нь би танил Батхангай тааралдаад ярилцаад байж байтал Батхангайг би “чи юу хийж байгаа юм” гэж асуухад Батхангай надад “Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын хөдөө орон нутаг хариуцсан зөвлөхийн ажлыг хийж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь гэнэт Түвшинжаргалын хэлж байсан нь санаанд ороод Б.Батхангайд “манай нэг дүү Архангай аймаг руу нутаг руугаа ажилд орох гэсэн юм, чамд туслах боломж байна уу” гэж Б.Батхангайгаас асуухад тухайн үед Батхангай нь надад “тэр харин болох байх шүү, тэр дүүгээ надтай уулзуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Түвшинжаргал руу залгаад “Улсын Их Хурлын гишүүний туслах Б.Батхангай гэх хүн тусалж чадах юм шиг байна. Чи гар утсаар нь ярьж байгаад ирж уулз” гэж хэлээд Б.Батхангайгийн дугаарыг Түвшинжаргалд өгсөн. Түүнээс хойш би хөдөө явсан. Тэр хооронд Түвшинжаргал нь Б.Батхангайтай уулзсан юм байна лээ. Тэгээд Б.Батхангай нь Түвшинжаргалаас “мөнгөний хэрэг байна” гэж хэлээд эхлээд 10.000.000 төгрөгийг зээлүүл гэсэн юм байна лээ. Түвшинжаргал хүүхдүүддээ зарцуулахаар хурааж байсан мөнгөө Б.Батхангайд өгсөн. Тэгээд сүүлд Б.Батхангай нь Түвшинжаргал руу залгаад “чиний ажил яг бүтэх гэж байна, өнөө маргаашгүй бүтнэ” гэж хэлээд 2-3 удаа мөнгө авсан гэсэн. Мөн Б.Батхангай нь өөрөө “Эрдэнэт хотод очиж ажиллахаар болсон, гишүүн намайг Эрдэнэт хотод ажиллуулах гэж байгаа, өөрөө тэндээ очоод энэхүү Түвшинжаргалыг ажилд оруулах асуудлыг шийдэж өгнө” гэж хэлээд 2-3 жил дамнуулаад мөнгө авсаар байгаад их мөнгө авсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх1, х72-74/,
хохирогч Ч.Түвшинжаргалын “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх1, х16-61/, “Хаан” банкны Депозит дансны орлогын мэдүүлэг /хх1, х112-117/, ялтан Б.Батхангайгийн “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх1, х155-181/, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 378 дугаар захирамж /хх1, х188/, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 378 дугаар захирамжийн хавсралт /хх1, х182/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх1, х183-184/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Ялтан Б.Батхангайн өмгөөлөгч С.Энхбатын гаргасан “...Б.Батхангайд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн, ялыг тэнсэж хянан харгалзах” тухай давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Болдбаатарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Б.Батхангайд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2-т залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүх хуралд ялтан Б.Батхангайгийн өмгөөлөгч С.Энхбатын гаргасан “...биеийн эрүүл мэндийн байдал, хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг харгалзан хорих ялыг торгох ялаар солих” тухай хүсэлт, прокурор А.Баясгалангийн гаргасан “...хорих ялыг дүйцүүлж хасах боломжтой” тухай тайлбар зэрэгт үндэслэн Б.Батхайнгайд Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Далх гарьд овгийн Бадамдоржийн Батхангайг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Далх гарьд овгийн Бадамдоржийн Батхангайг залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батхангайг 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Бадамдоржийн Батхангайг хорих мянган нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,
мөн шийтгэх тогтоолд: “Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Батхангайгийн цагдан хоригдсон 47 хоногийг торгох ялын 705 /долоон зуун тав/ нэгжээр тооцож эдлэх ялаас 705,000 /долоон зуун таван мянга/ төгрөгийг хассугай.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Батхангайд торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг тус тус оруулсугай.
4. Бадамдоржийн Батхангайг нэн даруй сулласугай.
5. Ялтан Б.Батхангайгийн өмгөөлөгч С.Энхбатын гаргасан “Оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Д.ГАНСҮХ
Ц.ОЧ