Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2018/0243/З |
Дугаар | 221/МА2020/0096 |
Огноо | 2020-02-06 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2020/0096
“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХК-ийн
Нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У болон С.Х, хариуцагч Ж.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 603 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, газрын хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 603 дугаар шийдвэрээр: 1. Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.7-д заасныг тус тус баримтлан “А” ХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зрхицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц-д холбогдуулан гаргасан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/01 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 11 дүгээр сараас эхлэн “А” ХК-д шалгалт хийж эхэлсэн ба 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн хэрэг үүсгэн хагас дутуу шалгаад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.30 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэл болгон 1/01 дугаартай торгуулийн шийтгэл ногдуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Санхүүгийн зохицуулах хороо 2018-2019 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд “А” ХК-иас гадна ганцхан компанид зөрчлийн шийтгэл ногдуулсан нь энэ тайлбар үндэслэлтэйг нотолно. Хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй компани хөрөнгө татан төвлөрүүлж зээл авсан байхад торгууль ногдуулж буй нь хуулийн үндэслэлгүй юм. Монгол Улсын хэмжээнд үндэсний мөнгөн тэмдэгтээс бусад гадаад валютаар гүйлгээ хийдэг компаниудын дансны мэдээлэл хаана ч байдаггүй, гадаад валютаар хийгдсэн орлого, гүйлгээ хянагддаггүй, энэ орлого зарлагад татвар ногдуулдаггүй үйл баримтын талаар Татварын Ерөнхий газраас албан бичиг ирсэн байна. Энэ нь Санхүүгийн зохицуулах хороо зөрчил гаргасан этгээдэд тэгш бус хандсаныг давхар нотлох баримт юм. Мөн Санхүүгийн зохицуулах хороо Зөрчлийн тухай хуулийн дагуу манайхаас гадна нэг компанид торгуулийн шийтгэл ногдуулсан, Ингэхдээ аж ахуйн нэгж зөрчил гаргасан байхад иргэнд ногдуулах торгуулийн шийтгэлийн хэмжээгээр аж ахуй нэгжийг торгосон байна. Монголбанк ганцхан байгууллагад буюу төрийн яаманд гадаад валютаар гүйлгээ хийх зөвшөөрөл авч байсан тухай албан бичиг байна. Мөн Монгол банкнаас “А” ХК нь манайхаас зөвшөөрөл авбал зохих зохицуулалттай этгээд биш гэсэн албан бичиг ирүүлсэн байгаа. Санхүүгийн зохицуулах хороо Клирингийн системд холбогдоогүй нь тэгш бус хандах үндэслэлийг буй болгож байгаа төдийгүй хэрэгжих нөхцөл Монгол Улсад бүрдээгүйг харуулж байна. Тухайлбал, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Монголбанк үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгоно. Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 6.18-д Төлбөр Тооцоог Үндэсний Мөнгөн Тэмдэгтээр Гүйцэтгэх тухай хуулийн 5.1-д заасны дагуу Төлбөр Тооцоог Үндэсний Мөнгөн Тэмдэгтээр Гүйцэтгэх тухай уг хуулийг зөрчсөн асуудлыг шийдвэрлэх эрхтэй этгээд нь Монгол банк болон Санхүүгийн Зохицуулах хороо гэж заасан байна. Санхүүгийн Зохицуулах хороо нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу Санхүүгийн Зохицуулах хорооны хяналтаас гадуурх хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй ба зөвхөн хяналт тавьдаг этгээдүүдээ байнга торгож, үйл ажиллагааг хязгаарладаг, хуулийн хэрэгжилтийг тэгш мөрдүүлж ажилладаггүй болно. Зээл нь Төлбөр Тооцоог Үндэсний Мөнгөн Тэмдэгтээр Гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “бараа, ажил, үйлчилгээ”-ний “үйлчилгээ” гэдэгт хамаарахгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.14-д “үйлчилгээ” гэж зөвлөх үйлчилгээ болон бусад үйлчилгээ” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үйлчилгээ” гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг ойлгоно гэж тус тус заасан. Эдгээр зохицуулалтуудын дагуу зээл нь бараа ажил үйлчилгээнд хамаарах үндэслэлгүй болно. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу Монгол Улсын мөрдөх үүргийг хүлээн зөвшөөрсөн ба 7,9 болон 39-р стандартад дурдсаны дагуу бонд нь санхүүгийн хэрэглүүр бөгөөд хөрөнгө оруулалт юм. Бондын зээл авснаар “А” ХК нь ашиг орлого олоогүй төдийгүй гадаад руу урсах валютын урсгалыг бага хэмжээгээр ч гэсэн дотооддоо татан төвлөрүүлсэн болно. Ам.доллар зээлээр авсан нь Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлд зохицуулсан байдаг 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан заалтад хамаарч байна. Валют нь мөнгө гэдэг ойлголтыг илэрхийлэх учир хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Төлбөр тооцоог үндэсний тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “үндэсний мөнгөн тэмдэгт” болон 3.1.4-т заасан “гадаад валют” буюу “гадаад мөнгөн тэмдэгт” (тухайлбал ам.доллар), “гадаад валют” –ны аль аль нь хамрагдахаар байна. Шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн “А” ХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг зөв шийдвэрлэжээ.
“А” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Өрийн бичиг гаргах тухай” 17/20 дугаар тогтоолоор “А” ХК-ийн 1000 долларын нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, нэрлэсэн хүү 9-10 хувь, купон төлбөрийг 3 сар тутам, үндсэн төлбөрийг хугацааны эцэст буцаан төлөх нөхцөлтэй, 1000 ширхэг, нийт 1,000,000 /нэг сая/ долларын өрийн бичгийг хаалттай хүрээнд гаргахаар шийдвэрлэснээс 250,000 доллартай тэнцэх хэмжээний өрийн бичиг эргэлтэнд гаргаж, хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол...хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заажээ.
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч Ж.Цэдэндамбын 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/01 дугаартай шийтгэлийн хуудсаар “А” ХК-ийн гаргасан гадаад валютаар үнэ тогтоосон, зарлан сурталчилсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу торгуулийн шийтгэл буюу дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /40.000.000 төгрөгийн/ шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулахаар тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллагыг хуулийн 5.1-д “Банкинд Монголбанкны хянан шалгагч, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч хяналт тавина” гэсэн байх тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч Ж.Ц-ыг хяналт, шалгалт хийх эрх бүхий этгээд биш гэж үзэх үндэслэлгүй.
Хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй компани хөрөнгө татан төвлөрүүлж зээл авсан байхад торгууль ногдуулж байгаа нь үндэслэлгүй, “А” ХК иргэдээс зээл авсан бөгөөд энэ нь бараа, ажил үйлчилгээнд хамаарахгүй гэсэн гомдлын тухайд:
Компанийн бонд /өрийн бичиг/ нь уг хуулийн этгээд шаардлагатай хэмжээний мөнгийг тодорхой хугацааны дараагаар тодорхой хэмжээний хүүтэйгээр эргэн төлөхийг баталж байгаа хэлбэрээр санхүүжих боломж учраас хөрөнгийн зах зээлээс урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтийн эх үүсвэр татах зорилготой бөгөөд энэ талаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д тодорхойлсон бөгөөд үнэт цаас гаргагчаас тогтоосон хугацаа дуусмагц үндсэн төлбөр болон хүүг мөнгөн хэлбэрээр, эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр тухайн үнэт цаасыг эзэмшигчид эргүүлэн төлөх буюу гаргаж /худалдаж/ байгаа бондыг худалдан авах төлбөр, бонд гаргагчаас худалдан авагчид бондын үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж буй үйл ажиллагаа нь төлбөр тооцооны үйл ажиллагаа юм.
Хэрэгт авагдсан баримтаар “А” ХК нь нэрлэсэн үнийг 1000 ам.доллараар тогтоож, нийт 1.000.000 ам долларын өрийн бичиг гарган сурталчилж, иргэн, аж, ахуйн нэгжтэй ам.долларын бонд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улмаар бондын төлбөрийг тус үйл ажиллагааны андеррайтер буюу зуучлагч “Ард секюритиз ҮЦК” ХХК-ийн ХАС банкин дахь дансаар ам доллараар хүлээн авсан болох нь тогтоогдсон байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх: 1.2 дахь хэсэгт “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют,...-аар үнэ тогтоосон, эсхүл зарлан сурталчилсан бол” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж, 4.4-т “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно” гэжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “үйлчилгээ” гэдгийг бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагаа гэж тодорхойлсноос үзэхэд компаниас бонд гаргасан үйл ажиллагааг “үйлчилгээ” биш гэж үзэх боломжгүйн зэрэгцээ дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг нь зах зээл дээрх валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалан иргэн, хуулийн этгээдийн санхүүгийн эрсдэл хүлээхээс сэргийлэх зорилгоор Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан банк, банк бус санхүүгийн байгууллагатай иргэн, хуулийн этгээд мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой гэрээ байгуулахдаа түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангах боломжийг хуульчилсан зохицуулалт байна.
Түүнчлэн “А” ХК-аас “мэдэгдэлд дурдсан өрийн бичгийг хаалттай хүрээнд гаргасан ба олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тухайлбал олон нийтийн радио, телевиз, сонин, хэвлэл зэрэг хэрэгслээр зар сурталчилгаагаа хүргээгүй, зөвхөн манай компанийн ажлын байранд хүрэлцэн ирж, сонирхсон харилцагчиддаа танилцуулах, мэдээлэл өгөх зорилгоор брошурыг хаалттай хүрээнд, зөвхөн сонирхол илэрхийлсэн боломжит хөрөнгө оруулагч нарт өгч байсан” гэснээс үзэхэд тус компани брошур хэлбэрээр долларын бонд сурталчилсан гэдгээ үгүйсгээгүй төдийгүй энэ үйлдлийг “...зарлан сурталчилсан” зөрчлийг гаргаагүй гэж шүүх дүгнэх боломжгүй.
Нөгөөтэйгүүр “А” ХК-ийн ам.долларын бондыг худалдан авсан нэр бүхий 17 иргэнд хариуцлага хүлээлгээгүйд хяналт шалгалт хийсэн захиргааны байгууллагыг буруутгах боломжгүйн зэрэгцээ “бусад иргэн хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй, ялгамжтай хандаж байгаа” гэх агуулгаар гаргаж байгаа гомдол гаргагчийн тайлбар нь хариуцагчийг Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй, иймд Санхүүгийн зохицуулах хороог шалгалт хийхдээ тэгш бус хандсан гэх гомдол үндэслэлгүй.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН