Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00285

 

Ц.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар   

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02467 дугаар шийдвэртэй, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2243 дугаар магадлалтай,

Ц.А-гийн нэхэмжлэлтэй,

“М Т Т-” ХХК-д холбогдох,

 Ажил гүйцэтгэх гэрээний доголдол, хохиролд нийт 14.688.018 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-гийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт:  “М Т Т-” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Тэнүүн Апартмент 9 давхар орон сууцны 5 давхарт, 502 тоот, 56078 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 900 000 төгрөгөөр тооцож нийт 107 882 000 төгрөгөөр захиалан бариулсан. Гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулснаар гэрээнд заасан сууцыг захиалагчид 2013 оны 03 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэрээний 3.1-д гүйцэтгэгч нь орон сууцыг 2.2-т заасны дагуу ашиглалтад хүлээлгэн өгснөөр захиалагч талд орон сууцыг актаар хүлээлгэн өгнө гэж заасан байхад орон сууцыг актаар хүлээлгэж өгөөгүй. Миний бие анх тохирсон ёсоор барилгын хийц, дотор гадна засал, халаалтын систем зэрэг нь тоо хэмжээ, чанарт тохирсон ёсоор байгаа эсэхийг актаар хүлээж авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан боловч надад хүлээлгэж өгөөгүй. Гэрээнд заасны дагуу төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг Төрийн банкнаас 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээний дагуу жилийн 8 хувийн хүүтэй 75 500 000 төгрөгийг зээлж авч төлж барагдуулсан. Оршин суугчдын ярианаас талбайн зөрүү гарч байна гэдгийг сонсоод гүйцэтгэгч компанид барилгын талбайг хэмжиж хүлээлгэн өгөхийг шаардсан боловч хариу өгөөгүй. ...2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэмжилт хийлгэхэд 50.69 буюу 6.09 м.кв дутуу гэсэн дүгнэлт гарсан. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ буюу орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан бөгөөд орон сууц бэлэн болоогүй, дөнгөж карказ нь боссон барилга байсан. 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барилгыг барьж дуусгасан бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр улсын комисс барилгыг хүлээж авсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч гэрээ байгуулах буюу 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр барилга баригдаж дуусаагүй байсан. Хариуцагч гэрээний 3.1-д зааснаар орон сууцыг өнөөдрийг хүртэл актаар хүлээлгэж өгөөгүй тул талбайн зөрүүний хохирол 11 571 000 төгрөг, банкны хүүнд төлсөн 3 000 000 төгрөг, хэмжилт хийлгэсэн үйлчилгээний хөлс 117 018 төгрөг, нийт 14 688 018 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан  хариу  тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Худалдах-худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ хоёрын аль нь байгуулагдсан болохыг тодруулж байж шүүх асуудлыг шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч Ц.А- нь 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг төлж, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, энэ өдрөө 27 364 000 төгрөгийг төлсөн. Дараа нь 2013 оны 10 дугаар сарын 04-нд банкнаас орон сууцны зээл авч үлдэх 75 500 000 төгрөгийг төлж барагдуулсан. ”М Т Т-” ХХК нь баригдаад ашиглалтад ороход бэлэн болсон орон сууцыг худалдсан бөгөөд барилга 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баригдаж дууссан. Компанид бэлэн байсан гэрээний маягтаар худалдан авагч нартай гэрээ байгуулсан. “М Т Т-” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр улсын комисст мэдэгдэл хүргүүлж, 2013 оны 08 дугаар сарын 28-нд улсын комисс орон сууцыг хүлээн авч, айлууд нүүж орж эхэлсэн. Орон сууц улсын комисс хүлээж авсан акт нь бичгээр албан ёсоор 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарсан. Иймд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Орон сууцны ашиглалтын төлбөр 2013 оны 09 дүгээр сараас эхлэн оршин суугч нарын нэр дээр бичигдсэн талаарх баримтыг нотлох баримтаар өгсөн. Нэхэмжлэгч нь 2013 оны 09 дүгээр сард байрандаа нүүн орсноос хойш орон сууцны м.кв-ын талаар ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй, 3 жил 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02467 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч М Т Т- ХХК-нд холбогдох орон сууцны талбайн зөрүү 6.09 метр квадратын үнэ 11 571 000 төгрөг, дээрх илүү төлөлтөөс зээлийн гэрээний хүүнд төлсөн 3 000 000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 117 018 төгрөг нийт 14 688 018 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 390 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2243 дугаар магадлалаар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02467 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “255 дугаар зүйлийн 255.1.1” гэснийг “82 дугаар зүйлийн 82.1” гэж, “227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж тус тус өөрчилж, “гаргуулах” гэсний ард “тухай Ц.А-гийн” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хуульд нийцсэн байна” гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна. Учир нь Ц.А- нь “Мон топ трэйд” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр о/с 0019 дугаар “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулахдаа 56,78 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 900 000 төгрөгөөр тооцож, нийт 107 882 000 төгрөгөөр захиалан бариулах, харин гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулснаар гэрээнд заасан сууцыг захиалагчид 2013 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байдгаас Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь тодорхой байдаг. Иймд Иргэний хуулийн худалдах-худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан зохицуулалтуудыг шүүхээс хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Хариуцагч нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр о/с 0019 дугаар “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 2.2-т “...орон сууцыг холбогдох бичиг баримтын хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”, 3.1-д “гүйцэтгэгч нь орон сууцыг 2.2-т заасны дагуу ашиглалтанд хүлээлгэн өгснөөр захиалагч талд орон сууцыг актаар хүлээлгэн өгнө гэж зааснаас үзэхэд орон сууцыг өмчлөлд шилжүүлсний дараа ч тухайн орон сууцыг актаар хүлээлгэн өгөх үүргээс гүйцэтгэгчийг чөлөөлөөгүй болох нь тогтоогддог. Нэхэмжлэгч нь гэрээгээр анх тохирсон ёсоор барилгын хийц, дотор гадна засал, халаалтын систем зэрэг нь тоо хэмжээ, чанарт тохирсон ёсоор байгаа эсэхийг актаар хүлээж авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан боловч хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймээс Ц.А- нь орон сууцны талбайн хэмжээ дутуу болохыг мэдэх боломжгүй байсан юм. Нэхэмжлэгч нь гэрээнд заагдсаны дагуу төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг Төрийн банкнаас 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээний дагуу жилийн 8 хувийн хүүтэй 75 500 000 төгрөгийг зээлж авч төлж барагдуулсан. Шүүхээс гэрээнд заасан хэмжээнээс дутуу 50,69 м.кв талбай бүхий орон сууц байгааг тогтоогдсон гэж үзсэн мөртлөө гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн нэхэмжлэгч талыг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь Солонгос Улсад ажиллаж, олсон мөнгөөрөө банкны лизингээ төлдөг бөгөөд энэхүү шалтгааны улмаас шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай хэтрүүлснийг шүүх анхаарч үзээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.А- М Т Т- ХХК-с орон сууцны талбайн зөрүү мөнгө 11.571.000 төгрөг, дээрх илүү төлөлтөөс шалтгаалж банкны зээлийн хүүд төлсөн 3.000.000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 117.018 төгрөг нийт 14.688.018 төгрөг гаргуулахыг хүссэн, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Зохигчдын хооронд 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан  “орон сууц захиалгаар барих”  гэрээгээр Ц.А- М Т Т- ХХК-с Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Тэнүүн аппартмент 9 давхар орон сууцны 502 тоот 56.78 м.кв талбай бүхий орон сууцыг 107.882.000 төгрөгөөр шилжүүлэн авахаар, үнийг бүрэн төлсөн тохиолдолд компани уг орон сууцтай холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч, нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  хяналтын журмаар гаргасан гомдолдоо мөн энэ талаар дурдаж, хоёр шатны шүүх гэрээг худалдах-худалдан авах хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

Гэрээ “орон сууц захиалгаар бариулах” гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээ байгуулагдах үед тухайн орон сууц баригдсан буюу гэрээний зүйл нь бодит бий болсон хөрөнгө байсан нь тогтоогдсон талаархи хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн бөгөөд гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр шинээр хөрөнгө бий болдог тул зохигчдын хооронд тухайн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

Иймээс хоёр шатны шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

 Ц.А-гийн худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнээс 6.09 м.кв-р дутуу нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо талбайн хэмжээ дутуу боловч нэхэмжлэгч Ц.А- орон сууцыг хүлээн авахдаа буюу 2013 оны 9 дүгээр сард эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан нь доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэсэн агуулгаар дүгнэлт хийж Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг хэрэглэжээ.

Түүнчлэн тус шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзсэн байна.

 Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, тухайлбал, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн дүгнэлтийг хийж, харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг буруу тайлбарласан гэжээ.

Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж шатны шүүхийн шийдэл зөв гэж үзэж, “...нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн...” нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Гэхдээ хоёр шатны шүүх хуулийг оновчтой хэрэглээгүй гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй талаар заажээ.

Гэрээнд заасан орон сууцны талбайн хэмжээг дутуу байгаа боловч нэхэмжлэгч тухайн орон сууцыг сонгож, талууд гэрээгээр 2 өрөө орон сууц худалдан авахаар тохиролцсон бөгөөд орон сууцны зөвхөн талбайн хэмжээ дутуу байгаа нь орон сууцыг  бүхэлд нь доголдолтой гэх боломжгүй, орон сууцны талбайн хэмжээ дутуу нь үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн “талбайн зөрүү мөнгө гаргуулах” шаардлагыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зөв байна.

Нэхэмжлэгч Ц.А- хариуцагчаас банкны зээлийн хүү төлсөн болон шинжээчийн зардал төлсөнтэй холбоотой хохирол гаргуулах шаардлага гаргахдаа хариуцагч М Т Т- ХХК-г гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэсэн үндэслэл заасан ба анхан шатны шүүх эдгээр шаардлагын эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар буюу гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулах эрхээр тодорхойлсон нь оновчтой болоогүй байна.

Нэхэмжлэгчийн дээрх шаардлага гэрээнээс татгалзсантай холбоотой бус гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлтэй холбоотой байна. Худалдах-худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 22 дугаар бүлэгт үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардах эрхийн талаар илүү нарийвчлан зохицуулаагүй тул нийтлэг журмыг баримтлах бөгөөд мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх тодорхойлогдох юм.

Хариуцагчийг доголдолтой хөрөнгө шилжүүлсэн буюу гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх боломжгүй тул хохирол гаргуулах үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2243 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02467 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “ ...255 дугаар зүйлийн 255.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т...” гэснийг “...251 дүгээр зүйлийн 251.3, 219 дүгээр зүйлийн 219.1-д” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  231.390 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

                              ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ