Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1517

 

 

 

 

 

 

 

 

 

Капитрон банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00289 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Капитрон банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрмүүн санаа” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 1 056 135 938 төгрөг гаргуулах тухай  маргаантай хэргийг

                                                                                           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Уртнасан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Жаргалмаа,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Нямдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Аззаяа захиралтай, нэг гишүүнтэй “Эрмүүн санаа” ХХК нь тус банктай 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,0 тэрбум төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар жуулчны баазын төслийн санхүүжилтэд зориулан зээлсэн. Гэрээний дагуу банк гэрээ байгуулсан өдрөө 850 000 000 төгрөгийг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 150 000 000 төгрөгийг тус тус “Эрмүүн санаа” ХХК-ийн 3053006394 тоот дансаар шилжүүлсэн. Гэрээг мөрдөх явцад зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу талууд харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр шинэчилж баталсан байдаг. Зээлийн гэрээний барьцаанд: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Оргил хотхоны 2 дугаар байрны 5 тоотод орших, 244 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005887 дугаар бүхий Д.Навчаагийн өмчлөлийн хувийн орон сууц, Баянзүрх дүүрэг, Богдхан уулын ДЦГ, Төр хурахын аманд байрлах 596,23 мкв талбайтай зочид буудлын барилга, 258,88 м.кв талбайтай рестораны барилга, 8 ханатай 3 холбоо люкс гэр, Хүннү хаус-1 ширхэг, 12 ханатай, 2 холбоо хагас люкс гэр, Хүүнү хаус-4 ширхэг, 5 ханатай дан энгийн гэр Хүннү хаус-12 ширхэгийг тус тус барьцаалж, ирээдүйд бий болох хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан.             Гэрээ байгуулснаас хойш тус компани үндсэн зээлд 100 000 000 төгрөг, хүүнд 174 456 387 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 289 755 төгрөг төлсөн. “Эрмүүн санаа” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг эхнээс нь зөрчиж тохиролцсон хэмжээгээр зээлийг эргүүлэн төлөөгүй. Банкны зүгээс удаа дараа мэдэгдэл шаардлага тавьсан ч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 900 000 000 төгрөг, хүү 143 740 105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 395 833 төгрөг нийт 1 056 135 938 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус банктай 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3053-11/165 тоот зээлийн гэрээг байгуулж, 1,0 тэрбум төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, төсөл хэрэгжүүлэх зорилгоор авсан гэх боловч бодитоор дээрх хэмжээний зээл манай компанийн дансанд орж ирээгүй. Иргэний хуулиар зээл нь зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдэж хүлээн авснаар зээл олгосон гэж үзэхээр хуульчлагдсан. Уг зээлийн 1,0 тэрбум төгрөгөөс зарим хэсэг нь орж ирснийг банк өөрөө мэдсээр байж зээлийн төлбөр, хүү нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар тус компанид мэдэгдэж байгаагүй хэрнээ шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан “Эрмүүн санаа” ХХК-иас 1 056 135 938 /нэг тэрбум тавин зургаан сая нэг зуун гучин таван мянга есөн зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж, Капитрон банкинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 664 175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 225 545 төгрөгийг улсын орлогоос, 5 438 630 төгрөгийг хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитрон банкинд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалмаа давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь: Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалмаад шүүх хуралдааны товыг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь илт үндэслэл муутай байна. Анхан шатны шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүлйин 6.1-т заасныг зөрчиж зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх болон мэтгэлцэх зарчмыг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Миний бие 2016 оны 7 дугаар сарын эхээр өвдөж улмаар 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлэхэд шинжилгээ хийлгэх, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж 7 хоногийн хугацаатай эмнэлгийн магадлагаа өгсөн бөгөөд ийнхүү дээрх хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байсан учир хурал хойшлуулах тухай хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд хүргүүлсэн. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт эмчилүүлж, сувилуулах, эсхүл өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй байгаагийн улмаас хуралдаанд биечлэн ирж чадахгүй болсоныг ойлгох ба шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй бодит нөхцөл байдлыг нотлох баримтын хамт шүүхэд урьдчилан мэдэгдсээр байтал анхан шатны шүүх нь шүүх хуралдааныг хариуцагчийг оролцуулахгүй үргэлжлүүлэн шийдвэрлэж хуулиар олгогдсон мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олголгүй хэт нэг талыг баримтлан шүүхийн шийдвэр гаргасан нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. “Капитрон банк” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Ариунаа гэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу нэхэмжлэгчийг төлөөлж буй этгээд өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичгээр тодорхойлогдохоор хуульчилсан ба Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т “... Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн банкны гүйцэтгэх удирдлагыг томилох ...” мөн зүйлийн 31.3.3-т “... гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, хариуцлагыг тогтоох ...”-оор зохицуулсан. Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Ариунааг ТУЗ-ийн тогтоолоос гадна Монголбанкны Ерөнхийлөгчөөс гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхийг хүлээн звөшөөрсөн болон эрх хэмжээг тогтоосон байхыг хууль шаардсан байтал анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан хуулийн шаардлагыг анхааран үзэлгүй орхигдуулж, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд болохыг нотолсон дээрх баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг бүрэн тодруулалгүй хянан шийдвэрлэж процессын алдаа гаргасан гэж үзэж байна. Хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-ийн зүгээс 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Д.Нямдоржийг өмгөөлөгчөөр оролцуулах болсноо илэрхийлэн хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн. Шүүх нь шүүх ажиллагаанд биеэр оролцох, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх гэх мэт баталгаатай эдлэх эрхийг минь хязгаарлаж мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байна. Тодруулбал, шүүх хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдоржид хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлаж хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй атлаа хэргийг хянан шийдвэрлэсэн ба уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч “Капитрон” банк нь хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-д холбогдуулж зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 1 056 135 938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалмаа нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн байдлаас биечлэн оролцох боломжгүй шалтгаанаар хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт шүүхэд хүргүүлсэн байна. /хх-ийн 89-90 дүгээр тал/

 

Улсын нэгдсэн төв эмнэлгийн магадлагаагаар Э.Жаргалмаа нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд “шинжилгээ хийлгэж, үзүүлсэн” талаар тэмдэглэгдсэн байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт өгч, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан зохигчийн эрхийг эдлүүлээгүй гэх үндэслэлтэй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00289 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 438 700 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                     

                                                          ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА                                                                                                         

                                                                         Г.ДАВААДОРЖ