| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00170/И |
| Дугаар | 00177 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 00177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг Минжийн хангайн 14 тоотод оршин суух Баяд овогт Жамсрангийн Алтанцэцэг /РД:МЗ62011587/-ээс гаргасан Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Бaянжаргал, хүсэлт гаргагч Ж.Алтанцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Ж.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ... : Миний бие Увс аймгийн Хяргас суманд 1962 онд төрсөн. 1970 онд эцэг эхээ дагаж Зүүнхараад ирж суурьшсан.Тэгээд 1-р арван жилийн 4-р ангийг төгссөн. Анх 1975 онд Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд түр ажилчнаар ажилд орсон. 1976 оноос жинхлэн 1994 оныг дуустал тасралтгүй ногоочноор ажилласан.Бүх төрлийн нарийн ногоог тарьж, өвөлд нь бууцанд явж өвөл зунгүй ажилладаг байсан. Тухайн үедээ жимс, ногооныхон нийлээд бараг 20-иод ажилчин ажилладаг байсан.Ирэх 01 дүгээр сард тэтгэвэрээ тогтоолгоно. Гэтэл анх ажилд авсан түр тушаал байгаа. Харин 1976 оноос жинхэлсэн тушаал маань байхгүй байгаа юм. 1975 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Зүүнхараа Мандал сумын Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ногоо бригадад ногоочноор ажиллаж байсан юм. Гэтэл миний ажилд авсан тушаал 1976 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр, хөдөлмөрийн дэвтэрт 1975 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр бичигдсэн. Ийм зөрчил үүсээд байгаагаас тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна. Би 1975 оны 04 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ХААЯ-ны харъяа Зүүнхараа Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд тасралтгүй ажилласан.Иймээс дээрх байдлыг харгалзан үзэж 1975 оны 04 дүгээр сарын 01-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ийг хүртлэх хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Ж.Алтанцэцэг нь 1975 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ХААЯ-ны харъяа Зүүнхараа Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ногоочноор ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд 1977 онд олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 1976 оны 05 дугаар сарын 21-ний №121, 1978 оны 10 дугаар сарын 25-ны №278, 1980 оны 02 дугаар сарын 11-ний №24 тоот БНМАУ-ын хөдөө аж ахуйн яам Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захиралын тушаалуудын хуулбар, 1991, 1977-1982, 1978-1982 онуудын цалин олгох хүснэгтийн хуулбар, 1999 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №47 дугаар ХААИС-ийн харъяа Ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захиралын тушаал, 1984, 1996 онуудад хамт олонтойгоо авхуулсан гэрэл зургууд,
Гэрч Б.Саруултуяагийн шүүхэд өгсөн мэдүүлэг: “Би хүлээлэнд 1989 онд ажилд орсон юм. Тэгхэд Алтанцэцэг нь тус хүлээлэнд ажиллаж байсан. 1995 оныг хүртэл бид хамт ажиллаж байгаад Ж.Алтанцэцэг нь ажлаасаа гарсан гэх мэдүүлэг
Гэрч З.Баярсайханы мэдүүлэг: Би 1964 онд Хөдөө аж ахуйн сургуулийг төгсөөд Зүүнхараагийн Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилчинаар ирж ажиллаж байхад 1973 оноос Ж.Алтанцэцэг нь жимс ногооны секторт ногоочингоор ажилласан. Намайг 1992 онд тэтгэвэртээ гарах хүртэл ажиллаж байсан. Би 1992 онд тэтгэвртээ гараад хүрээлэнд ажиллахаа байсан. 1992 оноос хойш хэдэн оныг хүртэл ажилласанг мэдэхгүй байна гэх мэдүүлэг
Гэрч Б.Жамбалын мэдүүлэг: Би 1972 онд хүрээлэнд ногоочин хийж байхад Ж.Алтанцэцэг нь ирж ногоочингоор ажиллаж байсан юм. Би 1990 онд ажлаасаа түр гарч 1994 оноос тус хүрээлэндээ сахиулын ажлыг хийж эхэлсэн тэгхэд Алтанцэцэг нь ногоочингоо хийж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хүсэлт гаргагч Ж.Алтанцэцэг нь 1976 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Дарханы харъяа Зүүнхараа Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ногоочингоор ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагч П.Алтанцэцэгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагч Ж.Алтанцэцэг нь 1975 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ХААЯ-ны харъяа Зүүнхараа Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ногоочноор ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож, Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,116,118,134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Баяд овогт Жамсрангийн Алтанцэцэг нь 1975 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ХААЯ-ны харъяа Зүүнхараа Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ногоочноор ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ж.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ