Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 793

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Д.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Над холбогдох эрүүгийн 1911 02423 1022 дугаартай хэргийг 2019 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дамдингийн Нармандах, 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа автомашины засвар, үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлааст 7-р гудамжны 71 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 5-р хороо Өлгий 30-387 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:Х387101711/

 

Шүүгдэгч Д.Н нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 7-71 тоотод оршин суух хамтран амьдрагч Н.Одонтуяагийн гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний хүзүүнээс нь бариад газарт унагаах, нуруунд нь цохих, түлхэх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Д.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-24-25/..” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Н.Одонтуяагаас  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-18-19/ “..Би нөхөр болох Нармандахтай 2006 онд танилцаж үерхэж байгаад 2007 онд нэг гэрт орж 2007 онд гэр бүлээ албан ёсоор батлуулж түүнээс хойш 2019 оны 01 дүгээр cap хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд бид хоёр 3 хүүхэдтэй болсон ба том хүү одоо 12 настай, дунд охин 8 настай, бага хүү 4 настай. Хамт амьдарч байх хугацаанд хэрэлдэж муудалцах үе байсан боловч тухайн үедээ шийдээд л өнгөрдөг байсан. 2019 оны 01 дүгээр сараас хойш Нармандах нь өөр газар тусдаа амьдарч байгаа ба одоо нэг хүүхэдтэй болж хамт амьдарч байгаа гэсэн. 2019 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд бид хоёр хүүхнээс болж байнгын хэрүүлтэй байсан ба Нармандах ч тэр үед хүүхдүүдээ бодоод тэр хүүхнээс салсан гэж надад хэлсэн боловч салаагүй холбоотой байгаад байсан юм.. 2019 оны 5 дугаар сарын үед би Нармандах ажиллаж байсан засварын газар очиж уулзаад "би салмаар байна хэн хэн нь амьдарлаа бодъё" гэж хэлэхэд Нармандах ч өөртөө байгаа машин тэргээ зарж борлуулаад бид нарыг орох оронтой болгоод салья гэж хоорондоо тохиролцоод салсан. Тэгээд түүнээс хойш холбоогүй байж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрт ирээд бага хүүхдийн шүдийг үзүүлэх гэж ирсэн энэ үед би “чи гурван хүүхдээ харж хандахгүй байна, хүүхдүүд чинь хоол ундгүй хичээлийн хэрэглэл дутуу байна. Машин барьцаалдан зээлдүүлэх газраас хэзээ гаргаж өгөх гэж байна” гэж асуусан чинь мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд "чамаас юм асуухаар дандаа л мөнгө байхгүй гэж хэлэхийн" гэж би уурлаж "үр хүүхдээ гээд сэтгэл гаргах юм болов уу гэхээр чи дандаа ажилтай, завгүй, мөнгө байхгүй" гэхийн гэж хэлээд бид хоёр маргаад би хүүхдүүдэд хоол хийж өгч чадахгүй ясны шөлөнд будаа болгож өгч байна. Чи үүнийг хар гээд хоносон шөлөө үзүүлсэн чинь миний өөдөөс шөлийг цацсан ба би ч тэр шөлөн дээр нь халтирч унасан. Энэ үед Нармандах миний толгой руу цохисон тэгээд шилэн хүзүүн дээр дараад доош тонгойлгоод босох гэхээр босгохгүй байсан. Энэ үед манай хүү ирж салгасан ба би утсаа аваад ахдаа хэлсэн. Ах ч удаагүй ирээд цагдаа дуудсан юм. Тухайн үед Нармандах гарч явах гээд байсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Болдбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-20/ “..2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр манай дүү Нэргүй овогтой Одонтуяа нь надруу яриад нөхөр намайг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд хаана гэж асуухад гэрт ирсэн байна гэхээр нь би шууд Одонтуяагийн гэрт очиход нөхөр нь байсан. Тэгээд яагаад дүүг зодоод байгаа талаар асуухад надаас хоолны мөнгө нэхээд гэж хэлсэн. Тэгээд би чи хоолны мөнгө нэхэхээр нь зоддог юм уу гэж хэлээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Одонтуяагийн гэрт очиход үс толгой нь сэгсийсэн, өөрөө уйлсан, гэр орны эд зүйл нь эмх замбраагүй энд тэнд шидэлсэн байдалтай, гэрийнх нь 00 өрөөний хаалга эвдэрсэн байдалтай байсан.” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Н.Тэнгисээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-29/ “..аав ээжийн хүзүүнээс нь бариад газарт унагаад нуруунд нь цохиод байсан дараа нь ээж газраас босож ирээд "Болдоо ахыг дууд" гэж хэлээд аавын урдаас очоод цохих гээд байсан чинь аав гарыг нь бариад түлхээд ээж хананд цохигдоод газарт унасан..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №10755 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-33/ “..Н.Одонтуяагийн биед баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун сарвууны 4-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдадтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..” гэх шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Д.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-53/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-67/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 7-71 тоотод оршин суух хамтран амьдрагч Н.Одонтуяагийн гэрт “чи гурван хүүхдээ харж хандахгүй байна, хүүхдүүд чинь хоол ундгүй хичээлийн хэрэглэл дутуу байна. Машин барьцаалдан зээлдүүлэх газраас хэзээ гаргаж өгөх гэж байна” "чамаас юм асуухаар дандаа л мөнгө байхгүй гэж хэлэх" гэх зэрээр маргаж, шүүгдэгч хохирогчийн хүзүүнээс нь бариад газарт унагаах, нуруунд нь цохих, түлхэх зэргээр зодож түүний биед баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун сарвууны 4-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэжээ. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Н нь хамтран амьдрагч буюу хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Наас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Над оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Д.Над торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч Н.Одонтуяа нь шүүгдэгч Д.Наас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Дамдингийн Нармандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Над оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.МӨНХБАЯР