Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 727

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч Д.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Над холбогдох эрүүгийн 1911 01024 0421  дугаартай хэргийг 2019 оны 9 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Булгууд овогт Дэлгэрмаагийн Нармандах, 1989 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дундговь аймаг Эрдэнэдалай сум 5 дугаар баг Цагаан овоо гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Тайн 5-34 тоотод оршин суудаг, урьд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 644 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ЗП89092036.

 

Шүүгдэгч Д.Н нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 64 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байсан хохирогч Ц.Ням-Эрдэнийн эзэмшлийн 9452 УБМ улсын дугаартай Тоёота Хариер маркийн автомашины шилийг чулуу шидэн хууль бусаар гэмтээсний улмаас 360.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “..Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн..” гэв.

 

Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-43-44/ “..Тухайн үед Ц.Ням-Эрдэний Хариар маркийн автомашины шилийг би Ням-Эрдэнэтэй утсаар хэрэлдсэний дараа хажуугаар нь гарахдаа чулуу шидээд хагалчихсан. Үнэхээр сэтгэл тавгүй, гомддог учраас л ийм зүйл хийсэн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Ням-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-22-23 /, “.2019 оны 3 дугаар сарын 31-ний орой 23 цаг 16 минутийн үед байрныхаа өмнөх зогсоолд өөрийн эзэмшлийн 94-52 УБМ улсын дугаартай Тоёота хариер маркийн автомашинаа байрлуулаад гэртээ орсон. Намайг машинаа байрлуулж байх үед Нармандах надруу маш олон удаа залгаад байхаар нь би утсаа аваагүй. Ер нь байнга л өдөр шөнөгүй залгадаг байсан. Гар утсаа авахаар дарамталж элдэв мессэж бичдэг байсан. Тэгээд би ч гэртээ ороод амарсан. Тэгээд маргааш өглөө нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өглөө манай нөхөр Б.Ганхөлөг машинаа асаахаар гартал миний машины урд талын шилийг хагалсан байна гэсэн. Чулуугаар хагалсан бололтой чулуу машины хажууд байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба бас даатгалыг дуудсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Чинбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-29/ “..Тухайн өдөр манай компанид Ц.Ням-Эрдэнэ гэх эмэгтэй машинтайгаа ирж үнэлгээ хийлгэх шаадлагатай байгаагаа хэлсэн. Ингээд машиныг өөрийн нүдээр үзэж хохирлыг харахад урд талын салхины шид хатуу зүйлээр цохигдсон байдалтай цуурч гэмтсэн байсан. Тэгээд уг тээврийн хэрэгслийн шилийг үнэлүүлэх үйлчлүүлэгчийн хүсэлтийг үндэслэн хохирлыг тодорхойлох шаардлагатай болсон. Тухайн тээврийн хэрэгсэл нь 2010 онд үйлдвэрлэгдсэн 2018 оны сүүлээр Монгол улсад орж ирсэн байсан. Машины шилийг үнэлэхдээ машиныг үйлдвэрлэсээ он салхины шил нь оргинал байна уу дуураймал байна уу хуучин ямар нэгэн сэвтэй байна уу зэргийг үзэж судалгаа явуулж үзсэн. Тэгэхэд уг машины шил үйлдвэрээсээ угсарсан ямар нэгэн хуучин гэмтэлгүй байсан нь тогтоогдсон тул өнөөгийн зах зээлийн ханшийг судалж үзэн үнэлгээг гарган 360.000 төгрөгөөр үнэлсэн..” гэх мэдүүлэг, Хохирогч Ц.Ням-Эрдэнэ шүүгдэгч Д.Н нарын утсаар ярьсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14/,” Ашид бүлгүүн” ХХК-ний автомашин техникийн үнэлгээ /хх-31-35/ шүүгдэгч Д.Нын иргэний үнэмлэхний хуулбар /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-46/ эд зүйлийн үнэлгээ /хх-31/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбог6долтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Ц.Ням-Эрдэнэтэй утсаар хэрэлдэж улмаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 64 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байсан хохирогч Ц.Ням-Эрдэнийн эзэмшлийн 9452 УБМ улсын дугаартай Тоёота Хариер маркийн автомашины шилийг чулуу шидэн хагалсан байна.

 

Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр Тоёота Хариер маркийн автомашины шилийг 360.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шүүгдэгч Д.Н нь уг үнэлгээ болон улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн, хохирлоо төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч Д.Н нь хохирогчийн нэхэмжилсэн 360.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Булгууд овогт Дэлгэрмаагийн Нармандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ныг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Над оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Н  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР