Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 00301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Рашаантын 26 тоотод оршин суух Дугаржав овогт Жамсрангийн Цэцэгмаа /РД: ФЖ61111004, утас: 95695594 /-ээс гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Баянжаргал, хүсэлт гаргагч Ж.Цэцэгмаа нар оролцов.  

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Ж.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ... Миний бие Эрдэнэтийн Хялгантын мод боловсруулах аж ахуйд 1979 оноос 1993 он хүртэл ажиллаж байсан. Тус хялгантын мод боловсруулах аж ахуй нь хувьчлагдаж 1992 оноос Хялганат компани болоход тогоочоор 1993 оны 04 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад гэр бүлээрээ Зүүнхараа шилжихээр болж 1993 онд ажлаасаа халагдсан. Ингээд халагдсан тушаал архиваас гарахгүй байна. Би одоо 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох хэрэгтэй болсон тул миний улсад ажилласан 14 жилийг сэргээн тогтоож өгнө үү. Миний эрүүл мэнд муу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэв.

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Ж.Цэцэгмаа нь Эрдэнэт дэх Хялгантын мод бэлтгэлийн аж ахуйд 1979 оноос 1992 он хүртэл, 1992 оноос Хялганат компанид тогоочоор 993 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд  БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн харьяа Эрдэнэт дэх Хялгантын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 243 дугаартай “ ажилд томилох тухай” тушаал, Хялганат компаний Ерөнхий захиралын 1992 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/05 дугаар орон тоо батлах тухай тушаал, иргэний үнэмлэхний хуулбарууд болон

Гэрч Ц.Алтангэрэлийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1977 онд Хялгантын мод боловсруулах АА-д анх ажилд орж ажиллаж байхад Ж.Цэцэгмаа нь 1979 онд тус АА-д туслах нормчноор ажилд орж байсан. Ж.Цэцэгмаа нь 1993 он хүртэл тус АА-д ажиллаж байгаад гарсан. Би 1995 он хүртэл ажиллаж байгаад тус АА маань татан буугдаж ажилгүй болсон гэх мэдүүлэг

Гэрч Б.Улаанхүүгийн мэдүүлэг: Бид 1979 онд Хялгантын мод бэлтгэлийн аж ахуйд хамт ажилд орж байсан юм. Би уулын бригадад ажиллаж байсан, Ж.Цэцэгмаа нь зүсмэлийн цехэд ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байхад гэр бүл болж байсан гэх мэдүүлэг

Гэрч Ц.Энхтайвангийн мэдүүлэг: Би 1980 онд сургуулиа төгсөөд Хялгантын Мод бэлтгэлийн АА-д томилогдон очоод цехийн даргаар ажилласан. Тэр үед Ж.Цэцэгмаа нь тэнд ажиллаж байсан өөрөө 1979 онд ажилд орсон гэж ярьдаг байсан.1988 онд би Зүүнхараагийн Мод бэлтгэлийн АА-д шилжиж ирсэн намайг Зүүнхараад ирэхэд Ж.Цэцэгмаа нь Хялгантын АА-аа ажиллаад үлдсэн. Гэр бүлийнх нь хүн бас тэнд ажилладаг байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар

Хүсэлт гаргагч Ж.Цэцэгмаа нь Эрдэнэтийн Хялгантын мод боловсруулах аж ахуйд 1979 оноос 1992 он хүртэл нормчин,1992оноос 1993 оны 04 дүгээо сар хүртэл Хялганат компанид тогоочоор  ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ж.Цэцэгмаагийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Дугаржав овогт Жамсрангийн Цэцэгмаа нь БНМАУ-ын Ой модны аж үйлдвэрийн харьяа Эрдэнэт дэх Хялгантын мод бэлтгэлийн аж ахуйп нормчноор 1979 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 01 дүгээр сарын 01 хүртэл, Хялганат компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс 1993 оны 04 дүгээр сарын 01 хүртэл тогоочоор тус, тус ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч Ж.Цэцэгмаа нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.АЛТАНЦЭЦЭГ