Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00511

 

 

 

 

 

 

 

 

 

    2026           03            09                                     210/МА2026/00511                                          

 

 

                                        “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/10852 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “******* ХХК нь барилгын материалын худалдаа, барилгын засварын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. “*******” ХХК-д 2021 оноос хойш барилгын бараа материал нийлүүлж байгаа бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацааны тооцоо нийлэхэд “*******” ХХК нь манай компанид 58,624,000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гарсан. 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тооцоо нийлж 58,624,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг 2 тал зөвшөөрч, харилцан тохиролцсоны үндсэн дээр манай компани 55,000,000 төгрөгийг “*******” ХХК-аас нэхэмжлэхээр болж тооцооны үлдэгдлийн баталгаа, зарлагын баримтаар 2 талаас баталгаажуулсан. Гэвч одоог хүртэл харилцан тохиролцсон мөнгийг төлөөгүй тул бараа материал худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компанийн зүгээс “*******” ХХК-тай ямар нэг гэрээ, хэлцэл хийж бараа материал худалдаж аваагүй, бусад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан болно” гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 55,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 433,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 433 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч зарлагын баримт болон тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтуудыг нэхэмжлэлийн үндэслэл болгодог. Уг баримтууд нь засвартай, гараар нэмж бичсэн, компанийн тамга дарагдсан хэдий ч гарын үсэг зурсан н.Гансүх гэж хүн нь манай компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш, санхүүгийн баримтууд ч хуулийн шаардлага хангаагүй. Манай компани нэг гишүүнтэй, "*******" ХХК-тай ямар нэг гэрээ, хэлцэл байгуулан арилжаа хийсэн зүйлгүй.

4.2. Анхан шатны шүүх тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад тамга дарж, гарын үсэг зурсан нь нотлогдсон, харин нягтлан бодогч гэсний ард н.Гансүх гэж гарын үсэг зурсан нь төлөөлөх эрхтэй этгээд биш гэдгээ хариуцагч нотлоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Татгалзлаа нотлохоор тооцооны үлдэгдлийн баталгаа баримтад нэхэмжлэгч талаас гарын үсэг зурсан “*******" ХХК-ийн нягтлан бодогч *******тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж өгөхийг хүссэн. Нягтлан бодогч Г.Хандсүрэн тус компанид ажиллаж байгааг нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд хэлсэн. Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.2-т заасанд нийцэхгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзсан.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.2-т "Гэрчээр асуулгах хүний хувийн мэдээлэл, гэрийн хаяг, утасны дугаар тодорхойгүй, дуудан ирүүлэх боломжгүй бол шүүх гэрчийг дуудан ирүүлэхээс татгалзана” гэж зааж хуульчлаагүй. Харин "... хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна" гэснийг анхан шатны шүүх ноцтойгоор зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, харилцан мэтгэлцэх бололцоог олголгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хуулийг ноцтойгоор зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/10852 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг татгалзалтай холбоотой ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...******* ХХК-тай гэрээ байгуулаагүй, харин уг компанийн захирал иргэн *******бараа материал авч байсан...” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, “*******” ХХК 58,624,000 төгрөгийн тооцоотой гарсныг харилцан баталгаажуулахдаа 2 байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, нэхэмжлэгч нь компанийн санхүүгийн тамга, хариуцагч нь компанийн тамга дарсан. /хх-7/

3.2. Талууд тооцоо нийлсэн баримтаар баталсан 58,624,000 төгрөгийг 55,000,000 төгрөг болгон тохирсон талаар 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Зарлагын баримт”-д тусгасан. /хх-4-6/

 

4. Тооцоо нийлсэн баримтад хариуцагч “*******” ХХК-ийн тамга дарагдсан, тус компанийн нягтлан бодогч гарын үсэг зурсан байдлыг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй ба хариуцагч талаас уг баримтыг хуурамч, эсхүл гарын үсэг зурсан этгээд эрхгүй байсан талаар баримтаар нотлоогүй.

 Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “гарын үсэг зурсан н.Гансүх нь манай компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш” хэмээн давж заалдах гомдолд дурдсан боловч тухайн үед хүсэл зоригоо илэрхийлсэн н.Гансүх нь өөрийгөө компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэх ойлголтыг нөгөө талдаа өгсөн, мөн хоёр байгууллагын холбогдох тамга, тэмдэг дарагдсан байгаагаас дүгнэхэд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан төлөөлөх эрхтэй этгээд гэж үзнэ.

 

5. Ийнхүү хэрэгт авагдсан зарлагын болон тооцоо нийлсэн баримтыг нотлох баримтаар үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч санхүүгийн анхан шатны баримт үйлдэж, бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, үнэ, нийт өглөг авлагыг харилцан тооцож баталгаажуулсан тул бодит үйлдлээрээ худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйл, үнэ, төлбөр төлөх нөхцөлийн талаар харилцан тохиролцсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар  худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй.

Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасанд нийцсэн.

 

6. Түүнчлэн хариуцагч “*******” ХХК-ийг төлөөлж тооцоо нийлсэн баримтад хэн гарын үсэг зурж, тамга дарсныг гэрчлүүлэхээр уг баримтад гарын үсэг зурсан нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч *******гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил, хууль буруу тайлбарласан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Учир нь хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүргийг өөрөө хэрэгжүүлэх ба хариуцагч компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотой хэн төлөөлж гарын үсэг зурсан, уг этгээд эрхтэй эсэх зэрэг асуудлыг нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч мэдэх боломжгүй, маргааны гол нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол муутай юм. Энэ тохиолдолд хариуцагч маргаан бүхий баримтыг няцаах үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймээс гэрч асуух хүсэлт хангаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөнд тооцогдохгүй тул шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хариуцагч хуулийн этгээдийн нэрийг үсгийн алдаатай бичсэн нь техникийн шинжтэй алдаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болоогүйг дурдаж, “*******” ХХК гэж үүгээр залруулав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/10852 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 433,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ГЭРЭЛТУЯА

 

 

                 ШҮҮГЧИД                                 Б.МАНДАЛБАЯР

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ