Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 828

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр

Улсын яллагч С.Энхтуул,

Шүүгдэгч Г.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Гад холбогдох эрүүгийн 1911026181085 дугаартай хэргийг 2019 оны 10 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 46-997 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Утаажав овгийн Ганболдын Ганбат /РД: ЦЖ80073177/

 

Шүүгдэгч Г.Г нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 46-997 тоотод дүү охинтой хэрүүл маргаан хийлээ гэх шалтгаанаар хүргэн Э.Баатарын нүүрэн тус газар нь цохиж улмаар эрүүл мэндэд нэг шүдний булгарал, доод уруулд язарсан шарх, цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч Г.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-21-22, 31-32х/ “... 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би орой ажлаа тараад 22 цагийн үед гэртээ ирсэн бөгөөд манай Отгонлхагва нөхөр Баатар хүүхдүүдийн хамт манай хашаанд гэрт амьдардаг юм. Ингээд би гэртээ байж байхад манай дүү Отгонлхагва нөхөр Баатартай хэрэлдээд байгаа чимээ гарсан. Би сонсож байгаад чимээгүй болчих юм болов уу гээд бодоод байж байтал 22 цаг 30 минутын үед Баатарын үүдний амбаарын хаалга дуугараад амбаарын шилэн цонх хагарах чимээ гарсан юм. Ингээд би гараад очтол Баатар эхнэр Отгонлхагвыг заамдсан байдалтай зууралдаад зогсож байсан. Би юу болоод байгаа юм бэ гэж хэлээд тавиултал Баатар над руу чамд хамаагүй гэж хэлэхээр нь би Баатарын нүүр орчим нь нэг удаа цохиод авсан юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд дурдсан гэмтлийг би Э.Баатарыг заамдах болон нүүр орчимд нь нэг удаа цохих үед учруулсан юм” гэсэн мэдүүлэг.

 

 Хохирогч Э.Баатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-10-11х/ “..2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлаа тараад 21 цагийн орчимд гэртээ ирэхэд манай эхнэр Отгонлхагва нь найз дүүтэйгээ гэртээ пиво уугаад сууж байсан бөгөөд би хоолоо халааж идчихээд байж байтал найз дүү охин нь явлаа гээд манай эхнэр гаргаж өгсөн бөгөөд буцаж орж ирсэн бөгөөд буцаж орж ирээд би найзтайгаа хамт караоке орж дуулчихаад ирье гэхээр нь би явуулахгүй гэсэн юм. Ингээд манай эхнэр гадаа гарахаар нь би араас нь гарсан бөгөөд тэгэхэд манай эхнэрийн төрсөн ах Ганбат гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэж асуухгүйгээр чи муу зайл гэж хэлээд миний нүүр орчимд нэг удаа гараараа цохиод авсан юм. Ингээд би цагдаа дуудах үед миний үүдэн шүд унасан..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12005 дугаартай дүгнэлтэнд: /хх-24х/ “... Э.Баатарын биед нэг шүдний булгарал, доод уруулд язарсан шарх, цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-с дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна..” гэх шинжээчийн дүгнэлт,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 46-997 тоотод “дүү охинтой нь хэрүүл маргаан хийлээ гэх шалтгаанаар, хүргэн Э.Баатарын нүүрэн тус газар нь нэг шүдний булгарал, доод уруулд язарсан шарх, цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт”  бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Гад оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Г.Гад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч Г.Г нь хохирогчийн эмчилгээний зардалыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Э.Баатар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Утаажав овогт Ганболдын Ганбат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ганболдын Ганбат 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР