Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00510

 

 

 

 

 

 

 

 

    2026         03            09                                       210/МА2026/00510                                          

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/11741 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

 

90,930,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “...Нэхэмжлэгч *******нь “*******” ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Өсөх дэнж” нэртэй орон сууц, үйлчилгээний зориулалттай орон сууцны С блокийн 1 дүгээр орц, 9 дүгээр давхарт 40,5 м.кв талбайтай орон сууцыг захиалсан. Орон сууцны 1 м.кв-н үнийг 3,490,000 төгрөг, нийт үнийг 141,345,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг төлж, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр 1,850,000 төгрөгөөр төлөлт хийж, компанид нийт 65,150,000 төгрөгийг төлсөн боловч өнөөдрийн байдлаар тухайн барилга баригдаж дуусаагүй, цутгалт хийгдээгүй, өмнө нь эхэлсэн А, В блок барилгууд ч ашиглалтад ороогүй, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байдалд орсон тул орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж төлбөрт шилжүүлсэн 65,150,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй тул 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны байрны түрээсийн нэмэлт зардалд 18,600,000 төгрөгийг, 450 хоногийн хугацааны алдангид 5,863,500 төгрөг, нийт 90,930,770 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “...Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч байгаа. Иргэний хуулийн 204.1-т зааснаар гэрээнээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн талаарх мэдэгдэл байхгүй, Улсын дээд шүүхийн зөвлөмжөөс харвал гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүрэгтэй тул манайх 65,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Бусад төлбөрийг төлөхгүй гэж үзэж байгаа. Учир нь, гэрээнээс татгалзсан тохиолдолд алданги, хүү нь дуусгавар болдог тул төлбөр төлсөн гээд байгаа баримтын дагуу гаргасан 65 сая төгрөгийг өгч, гэрээнээс татгалзсанаар учирсан хохирол болох түрээсийн зардал нь шууд хамааралгүй гэж үзэж байгаа тул гэрээний хариуцлагад хамаарахгүй, нэхэмжлэгчээс гэрээнээс татгалзсан мэдэгдэл хүргүүлээгүй байгаа тул алданги хохирлыг хариуцахгүй.” гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК /РД-5517494/-иас 78,192,940 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,737,830 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 731,979 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 548,915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. “Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан 398/23 "Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ"-нээс татгалзаж, үр дагаврыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан гэвч Иргэний хуулийн 204.1-д заасан “гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг нөгөө талдаа хүргүүлсэн байх” нөхцөл зайлшгүй хангагдсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан гэж нэхэмжилж байгаа боловч татгалзах тухай албан ёсны мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл гэрээ хууль зүйн утгаар дуусгавар болоогүй, улмаар алданги тооцсон гэж буй хугацаанд гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

4.2. Гэрээнээс татгалзсаны дараах хугацаанд хүртэл алданги тооцуулахыг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 205 дугаар зүйл болон Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжөөр “...гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэлийг хуулиар шууд зохицуулсан байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчмын үүднээс гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар гэрээгээр тохиролцож болох боловч энэ тохиролцоо нь хуулийн заалтад нийцсэн байх ёстой...", "...гэрээнээс татгалзсанаар талуудын харилцаа харилцан буцаан олголтын дэглэмд шилжиж, гэрээний гүйцэтгэлтэй холбоотой алданги, хүү зэрэг шаардах эрх цаашид хадгалагдахгүй...” гэх эрх зүйн тайлбартай зөрчилдөж байна. Хэрэв нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу болон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д зааснаар "...2024 оны 04 дүгээр сараас нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж..." гэсэн дүгнэлтийн дагуу энэ тухай мэдэгдэлээ гэрээний нөгөө талдаа хүргүүлсэн бол гэрээ тухайн үед дуусгавар болж, алданги бодох хугацаа тэр даруй тасалдан зогсож одоогийн нөхцөл байдалд шилжихгүй байтал шүүхээс хэргийг үйл баримтыг бодитоор тогтоолгүйгээр хэт явцуу эрх зүйн дүгнэлт хийн алдангийн төлбөрийг хангаж үүргийн зөрчилд тооцож нэмэлтээр хохирол тооцож хангаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

4.3. Нэхэмжлэгчийн шаардаж буй түрээсийн зардал нь хариуцагчтай байгуулсан гэрээний шууд ба зайлшгүй үр дагавар биш, харин гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцлээс үүссэн зардал бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 3 дугаар зөвлөмжид заасан "гэрээнээс татгалзсаны үр дагавар гуравдагч этгээдэд хамаарахгүй” гэсэн тайлбарт нийцэхгүй. Нэхэмжлэгч нь хохирлыг бууруулах үүргээ биелүүлсэн, өөр сонголтгүй байсан гэх нотолгоо гаргаагүй нөхцөлд уг зардлыг Иргэний хуулийн 227.3-т заасан "зайлшгүй гарсан зардал” гэж дүгнэх боломжгүй.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар чөлөөт байдлын зарчмын хүрээнд хэлцлээр баталгаажуулан гэрээ байгуулдаг. Уг гэрээгээр талууд хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хариуцлагажуулах зорилгоор алданги тохирсон. Өөрөөр хэлбэл хугацаа хэтрэх нөхцөлд ямар хариуцлага хүлээх талаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги бодохоор тохирсон. Энэ алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заасан. Иймд, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй байна гэж үзэж алданги төлүүлчхээд нэмээд хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Учир нь, алдангиар гэрээний итгэлцлийг хамгаалах, гэрээг шударгаар хэрэгжүүлэх үр дагавартай байдаг бол нэмэлтээр хохирол учирсан гэж үзсэн нь үндэслэлтэй.

Шүүх 2024 онд орон сууцыг ашиглалтад оруулаагүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг анзаар тооцож эдийн засгийн хохирлыг нөхчхөөд нэмээд орон сууц түрээсэлсэн зардлыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжих боломжийг би болгосон. Нэг үүргийн зөрчилд ноогдуулсан хэд хэдэн мөнгөн төлбөрийн үүрэг нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж 9,000,000 төгрөгийн гаргуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан түрээсийн зардлыг хохиролд тооцон хариуцагчид ногдуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 204, 205 болон 227.1, 227.3 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. “Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан түрээсийн зардал 18,000,000 төгрөг, мөн гэрээнд зааснаар алданги 0.2 хувиар тооцож төлөхөөр нэхэмжилсэн. Шийдвэр үндэслэлтэй гарсан...” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

 

2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 65,150,000 төгрөг, байр түрээсэлсэн зардал 19,800,000 төгрөг, алданги 5,980,770 төгрөг, нийт 90,930,770 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “...65,000,000 төгрөгийг төлнө, гэрээнээс татгалзсан талаар мэдэгдээгүй тул түрээсийн зардал болон алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

3.1. Талууд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 398/23 дугаартай “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр  хариуцагч “*******” ХХК нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр, хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх дэнж” нэртэй орон сууц, үйлчилгээний зориулалттай байрны С блок, 1 дүгээр орц, 9 дүгээр давхарт 40,5 м.кв талбайтай орон сууцны барилгыг 2024 оны 1 дүгээр улиралд улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад оруулах, орон сууцны 1 м.кв талбайн үнийг 3,490,000 төгрөгөөр,  нийт 141,345,000 төгрөг, захиалагч нь орон сууцны үнийг урьдчилгаа төлбөр болон үлдэх төлбөр гэсэн нөхцөлөөр ******* тоот дансанд төлөхөөр талууд харилцан тохиролцсон. /хх-6-14/

 

3.2. Нэхэмжлэгч дээрх гэрээний үүрэгт 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хариуцагчид 65,150,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.  

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

Хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээгээр талууд тодорхой байршил, талбай бүхий орон сууцыг тодорхой үнээр худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Гэрээний зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байх бөгөөд уг хөрөнгийг бий болгоход захиалагчийн хүсэл зоригоос хамаарсан түүний заавар, удирдамж, даалгавар, хяналтын хүрээнд хийгдэх ажил бус бэлэн болсон орон сууцыг нэхэмжлэгчид өгөх үйл явцыг гэрээгээр зохицуулжээ.

Энэхүү гэрээний зорилго нь тодорхой ажил гүйцэтгүүлэх бус, ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхэд чиглэсэн байх тул уг гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.

 

5. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдагчаас худалдан авагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Гэтэл гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

5.1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д  зааснаар урт хугацаатай гэрээний  талууд гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзах буюу цуцлах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “*******” ХХК нь орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч буюу худалдан авагч тал дээр дурдсан  хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хариуцагчид үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа олгох, аль эсхүл энэ талаар сануулж байсан бол хугацаа олгосонтой адилтган үзэж гэрээнээс татгалзах эрхтэй байдаг.

Хэргийн баримтаар тухайн гэрээний зүйл бий болох эсэх нь тодорхойгүй, гэрээний зорилгыг биелүүлэх боломжгүй болсон учир Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

5.2. Ийнхүү гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах эрх зүйн үр дагавар үүсэх тул нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний үүрэгт шилжүүлсэн 65,150,000 төгрөгийг буцаан олгосон нь үндэслэлтэй.

 

6. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотой хариуцагчаас алданги, хохирол гаргуулахаар шаардсан.

Талууд гэрээнээс татгалзсанаар тэдний хооронд үүссэн үүргийн харилцаа цаашид үргэлжлэхгүй, тухайн цаг хугацаанаас гэрээний гүйцэтгэл дуусгавар болсон гэж үзнэ.

Зохигчийн байгуулсан гэрээний 4.10-т “гүйцэтгэгч барилгыг гэрээнд заасан ашиглалтад оруулах хугацааг 3 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд захиалагчийн төлсөн үнийн дүнг 0.02 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг хоног тутамд тооцон захиалагчид буцаан төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн талаарх тохиролцоо гэж үзнэ.

Алданги нь гэрээний талууд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх бөгөөд үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго агуулдаг учир Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэгэн адил үндсэн үүргээс хамааралтай үүсч, дуусгавар болдог. Нэхэмжлэгчийн шаардаж буй алданги гэрээнээс татгалзсаны дараах хугацаанд хамаарч байгаа тул цаашид алданги тооцох үндэслэлгүй тул алданги 4,042,940 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрээ дуусгавар болсон тул алданги шаардсан нь үндэслэлгүй гэх гомдол хангагдана.   

 

7. Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээний нэг тал үүрэг зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохирол гэдэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал орох тул орон сууц ашиглалтад орох байсан хугацаа буюу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 10 сарын хугацааны орон сууц хөлслөн суусны төлбөрт баримтаар тогтоогдсон 9,000,000 төгрөг гаргуулсан нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/11741 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 74,150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,780,770 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтын “...548,915” гэснийг “...528,700” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР

 

 

                 ШҮҮГЧИД                                             Ч.БАТЧИМЭГ

 

 

                                                                                                 Ц.ЦЭРЭНДУЛАМ