| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0757/Э |
| Дугаар | 763 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 763
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Жамбалын Ж.Нд холбогдох эрүүгийн 1903007690353 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Төгөл хус хотхоны 13-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Жамбалын Ж.Н /РД: ТЖ87080674/
Холбогдсон хэргийн талаар: Ж.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Н нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын зүүн талын замд "Тоёота Ланд Круйзер" маркийн 67-59 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан "Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөнөөс М.Мөнхдурсгалын жолоодон явсан "Хьюндай Азросиги" маркийн 56-16 УНН улсын дугаартай автобусыг мөргөсний улмаас уг автобусанд зорчин язсан зорчигч М.Намжил /76 настай/ нь унаж эрүүл мэндэд нь зүүн өгзөгт цус хуралт, зүүн 4, 5, 6-р хавирга хугарал, баруун уушгины дээд ба дунд дэлбэнд жижиг хийжилт бүхий гэмтэл учруулан хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч М.Намжилын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг 09 минутын орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Ард кино театрын зүүн замд автобусанд сууж яваад, буудал дөхөөд ирэхээр нь суудлаасаа босоод хаалга руу дөхөж хажуу талын бариулаас бариад зогсож байтал гэнэт автобус тоормос гишгэсэн. Тэгээд би хойшоо унах үедээ босоо бариулруу мөргөсөн. Миний биед 3 хавирга хугарсан, тухайн үед амьсгал авах үед хэцүү байсан. Одоо биеийн байдал дээрдэж байгаа. Миний эмчилгээнд 300.000 /гурван зуун мянган/ төгрөг болсон жолооч бүрэн өгсөн, мөн хоорондоо зохицоод жолоочийн зүгээс цаашид хийлгэх эмчилгээнд 5.000.000/ таван сая/ төгрөг өгсөн. Надад одоо жолоочоос нэхэмжлэх хохирол байхгүй, миний тухайд жолоочид ямарч гомдол байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
гэрч М.Мөнхдурсгалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг 09 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 хороо, Ард кино театрын зүүн замд өөрийн байгууллагын Хьюндай Аеросити маркийн 56-16 УНН улсын дугаартай автобусыг жолоодож, ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлд 1 дүгээр эгнээгээр зорчиж явах үед миний машины урдуур, баруун гар талын туслах замаас Тоёота Ландкруйзер маркийн 67-59 УНД улсын дугаартай автомашин гэнэт урдуур дарж орж ирсэн. Тэгэхээр нь би мөргөхгүй гээд тоормос гишгэсэн, энэ үед миний машин гулсаж очоод Тоёота Ланд Круйзер машинтай мөргөлдсөн. Энэ үед миний автобусанд зорчиж явсан, зорчигч М.Намжил нь багана мөргөж, шидэгдэж унасан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 8147 дугаартай шинжээчийн дүгнэлт: Намжил-н биед зүүн өгзөгт цус хуралт, зүүн 4, 5, 6-р хавирга хугарал, баруун уушгины дээд ба дунд дэлбэнд жижиг хийжилт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" /хх-ийн 31х/,
мөрдөгчөөс 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, фото зураг /хх-ийн 4-10х/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6х/, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ж.Нг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч М.Намжилд мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ж.Н нь 5.000.000 төгрөг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, мөн хохирогч “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Ж.Нд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хохиролоо сайн дураараа төлж барагдуулсан байдал, хувийн байдлыг нь харгалзан торгох ял шийтгэлийг оногдуулав.
энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэг нь хэргийн үйл баримтын тогтооход чухал ач холбогдол бүхий дүрс бичлэгийг хийж эд мөрийн баримтаар бэхжүүлж авсан байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Жамбалын Ж.Нг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Нд 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Нд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож, хэрэв торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Ж.Нд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг тус хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ