Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00509

 

 

 

 

 

 

 

 

    2026           03            09                                    210/МА2026/00509                                           

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/11535 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******холбогдох,

 

Гэрээний үүрэгт 16,942,041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “...******* нь *******тоот орон сууцыг Өнө үржих үүр ХХК буюу Remax hub үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбараар зуучлуулан хариуцагч *******тай орон сууц хөлслөх түрээсийн гэрээ байгуулсан. Хариуцагч *******нь түрээсийн орон сууцанд орж амьдарсан бөгөөд урьдчилгаа болох 7,000,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлж, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр бүтэн дүнгээр шилжүүлэх байсан боловч 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, дараа нь 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөгийг цувуулж хийгээд үлдэгдэл төлбөрийг хийгээгүй. 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс тодруулахаар залгасан боловч утсаа аваагүй. Ингээд агентдаа хэлэхэд 10 дугаар сарын 15-ны өдөр 10 хоноод өгнө гэж хэлсэн боловч шилжүүлээгүй. Үүнээс хойш хариуцагч утсаа авахаа больсон бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуустал хугацаанд нийт 5 сар амьдарсан бөгөөд 2 сарын түрээсийн төлбөрийг төлж, дахин түрээсийн төлбөр төлөөгүй. Нэг сарын түрээсийн төлбөр нь 3,500,000 төгрөг бөгөөд нийт 7,000,000 төгрөгийг төлсөн.

Иймд 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд төлөгдөөгүй 3 сарын түрээсийн төлбөр болох 10,500,000 төгрөгийг, алданги 5,250,000 төгрөг, цахилгааны төлбөрт 170,650.47 төгрөг, СӨХ-ийн төлбөр сард 66,470 төгрөг буюу 2022 оны 9, 10, 11, 12, 2023 оны 01 дүгээр сар нийт 5 сарын төлбөрт 332,350 төгрөг, конторын 2022 оны 9, 10, 11, 12, 2023 оны 01 сар нийт 5 сарын төлбөр алдангийн хамт 689,041.22 төгрөг, нийлээд ашиглалтын зардал 1,192,041 төгрөг, бүгд 16,942,041 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн орон сууцыг 5 сарын хугацаатай түрээсэлж амьдарч байсан нь үнэн.

Эрүүгийн хэрэгт шалгагдаад гэнэт хоригдоод мөнгө өгч чадаагүй. Энэ хугацаанд хүүхдүүд маань дээрх орон сууцанд амьдарч байсан юм. Нэгэнт амьдарч байсан нь үнэн болохоор төлбөрийг нь төлөхөд татгалзах зүйл байхгүй...” гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 11,692,042 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,661 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээн, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 202,022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. “Анхан шатны шүүхийн шийдвэрийн алданги гаргуулах шаардлагад холбогдох дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу тухайлсан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг ноцтой зөрчсөн.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь уг ажиллагаанд удирдлага болгодог тусгай зарчим болох диспозитив зарчим буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зохигчдын санаачилга, хүсэлтийн үндсэн дээр явуулах, зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, төгсгөх асуудлаа бие даан чөлөөтэй хэрэгжүүлэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг татгалзах, эсхүл хүлээн зөвшөөрөх эрх үүрэгтэй оролцдогоороо онцлогтой байдаг.

Өөрөөр хэлбэл, Хэргийн оролцогчид хоорондоо маргаж байгаа зүйлийн талаар эвлэрэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх зэрэг харилцан зөвшилцөж, сайн дурын үндсэн дээр асуудлаа өөрсдийн хүсэл зоригоор шийдвэрлэх боломжтой байдаг. Энэхүү боломжийг хуулиар тогтоож өгсөн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог бөгөөд тусгайлсан зарчим хэрэгжих үндсийг тогтоож өгдөг билээ.

Уг маргаан бүхий тохиолдлын хувьд нэхэмжлэгч ******* нь Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээгээр тохиролцсон хөлс төлөх үүргийн хүрээнд төлөгдөөгүй төлбөр болох 10,500,000 төгрөгийг гаргуулах, түүнчлэн гэрээний 14 дүгээр зүйлд "Түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол ийнхүү хожимдуулсан хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх" талаар заасны дагуу алдангид нийт 5,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Харин хариуцагч болох *******нь шүүхэд 2025 оны 11 сарын 27-ны өдөр бичгээр гаргасан хариу тайлбартаа "...энэ айлд хүндрэл учруулсандаа уучлалт гуйж байна мөн тус иргэний нэхэмжлэлд маргалдах зүйл үгүй...” хэмээн дурдаж, түүнчлэн шүүх хуралдааны үед “... нэхэмжлэлийн тайлбарыг шуудангаар явуулсан байгаа. маргалдах зүйл байхгүй... Маргаантай зүйл байхгүй. Миний буруутай зүйлээс болж энэ айл хохирсон байгаа..." гэж тус тус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлсэн байдаг.

Ийнхүү, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч оролцсоноор талуудын хооронд тухайлсан маргаан мэтгэлцээн өрнөөгүй бөгөөд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг маргаантай хэмээн үзэхгүй тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл, хариуцагчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбарын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой буюу диспозитив зарчмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй.

Гэвч шүүхээс хариуцагчийн гаргаад буй нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна гэх тайлбарыг харгалзалгүйгээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим төдийгүй Үндсэн хуульд заасан шүүхээр хамгаалуулах эрхийг ноцтой зөрчиж байна.

4.3. Хуулийн тухайлсан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дугаар зүйлд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна хэмээн заасан байдаг. Харин шүүхийн шийдвэр “хууль ёсны байх" шаардлагыг хангахын тулд шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл, шүүх нь тухайн маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагатай агуулгын хувьд ямар ч хамааралгүй, өөр тохиолдол, харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг шийдвэрийнхээ үндэслэл болгох, хуулийн заалтыг хэт өргөжүүлэн тайлбарлан хэрэглэх зэрэг нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болохыг илтгэдэг. 

Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн алдангид 5,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дугаар зүйлийг баримталсан буюу “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэх зохицуулалтыг үндэслэсэн ба ийнхүү үндэслэлээ тайлбарлахдаа “Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичгээр хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж, ашиглаж байхдаа цагдан хоригдсон байх бөгөөд энэ нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгэж чадаагүй нөхцөл байдал үүссэн байна" гэсэн байдаг.

Гэвч, тус Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дугаар зүйлийг шүүхээс хэрэглэхдээ гэрээний үүргээ зөрчсөн талын гэм буруу ба тухайн зөрчлийн ноцтой байдлыг харгалзан үзэх шаардлагатай буюу тус хуулийн зохицуулалтын зорилго нь үүрэг гүйцэтгэгчийн багахан хэмжээний үүргийн зөрчилд хэт их хэмжээний алданги ногдуулж болохгүй гэх агуулгыг зүй ёсоор илэрхийлдэг.

Харин шүүхийн шийдвэрт үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчлийн гэм бурууг багасгаж буй үндэслэлийг цагдан хоригдсон тул гэх байдлаар дурдан үндэслэсэн нотлох баримт буюу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг нь хариуцагчийг орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж, ашиглаж байхдаа цагдан хоригдсон үйл баримтыг, тухайн цагдан хоригдсон хугацааны огноог огтхон ч нотлохгүй байгааг анхаарч үзээгүй байна. Түүнчлэн, шүүхийн хууль хэрэглээний практикаас харвал шүүх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дугаар зүйлийг баримтлан хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдалд хариуцагчийн гэм бурууг хамааруулан авч үздэг бөгөөд уг маргааны хувьд хариуцагч цагдан хоригдсон үйл баримт нь хариуцагчийг үүргийн зөрчилд гэм буруугүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч цагдан хоригдсон нь нэхэмжлэгч болон аливаа гуравдагч этгээдийн буруугаас шалтгаалаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг цагдан хоригдож буй талаар мэдээлэлгүй байсан. Мөн цагдан хоригдсон хугацаанаас хойш орон сууцанд хариуцагчийн гэр бүл амьдарсан хэвээр байсан болно. Иймд, уг хэргийн нөхцөл байдал нь нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлон шаардлага гаргах, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхийг зөрчих үндэслэл болохгүй буюу хохирлыг дан ганц нэхэмжлэгч тал хүлээх нь шударга ёсны зарчимд үл нийцэж байна.

Түүнчлэн үүргийн зөрчлийн шинж байдалд ногдуулж буй алдангийг яагаад илт их гэж үзэж байгаагаа ч шүүхээс тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232.4 дүгээр зүйлд заасны дагуу алдангийн нийт дүнг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу /төлөгдөөгүй нийт төлбөр болох 10,500,000 төгрөгөөс хуулийн зохицуулалтын хүрээ хязгаар дотор нийт 5,250,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн/ тус хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэт өндөр, илт их хэмээн үзэх боломжгүй юм.

Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/11535 дугаартай шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэлд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. “Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байсан гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 16,942,041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч, маргаагүй боловч анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. 

 

3. Талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ” байгуулж, хөлслүүлэгч *******гийн өмчлөлийн *******хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг В1 давхарт байршилтай 78-р зогсоолын хамт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаатай хөлслүүлэх, хөлслөгч *******1 сард 3,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байна. /хх-12-13/

 

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлан, талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан Орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

 

3.2. Гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлж, хариуцагч 5 сарын хугацаанд орон сууцыг ашигласан, уг ашигласан хугацаанаас 3 сарын хөлс 10,500,000 төгрөг, ашиглалтын зардалд 1,192,041 төгрөг төлөх үүрэгтэй талаар талууд маргаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасантай нийцсэн.

 

4. Харин гэрээний 14 дүгээр зүйлд түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол ийнхүү хугацаа хожимдуулсан хоног тутам төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх бөгөөд хэрэв уг хугацаанаас хойш долоо хоног өнгөрвөл түрээслүүлэгч энэ гэрээг дангаар цуцлаж, түрээслэгчийг байрнаас нүүлгэн гаргуулах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч орон сууцны хөлс 10,500,000 төгрөгөөс алданги тооцож 5,250,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх  тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж,  шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. 

 

4.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх ба талууд гэрээнд орон сууцны хөлс төлөх хугацааг хөлслөгч хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байна.

Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болох хэдий ч хариуцагч нь анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад энэ талаар хүсэлт, баримт гаргаж мэтгэлцээгүй, үндэслэлээ нотлоогүй тул шүүх алдангийг багасгах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг зөрчинө.

 

4.2. Хэргийн баримтаар анзын хэмжээг илт их гэж үзэх нөхцөлбайдал тогтоогдоогүй, хариуцагч энэ үндэслэлээр маргаагүй, гэрээнд анзын хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан 0.5 хувиас хэтрэхгүй тогтоож, нэхэмжлэгч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй шаардсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчаас алданги 5,250,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/11535 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...11,692,042 төгрөг... гэснийг ... 16,942,042 төгрөг... гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...202,022 төгрөг... гэснийг ...242,661 төгрөг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ

 

 

                 ШҮҮГЧИД                                 Н.ГЭРЭЛТУЯА

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ