Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 772

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Дуут нөөнөө овогт Пунсанцогвоогийн П.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911024751013 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Донж хаус ХХК-д бригадын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 68-1084а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дуут нөөнөө овогт Пунсанцогвоогийн П.Б /РД: ВЕ74062311/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч П.Б нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Титан" караоке баарны 00 өрөөнд зөрөхдөө мөрлөлөө гэх шалтгаанаар хохирогч Б.Даваадоржтой маргалдаж, улмаар маргааныг таслан зогсоох гэсэн хохирогч Б.Должинсүрэнгийн нүүрэнд нь тохойгоороо цохиж, эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, хамрын таславчиийн мурийлт, баруун хөмсөг, хамрын нуруу, дээд уруулд цус хуралт бүхий" хөнгөн хохирол, мөн хохирогч Д.Даваадоржийн нүүрэнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь "хамрын баруун, зүүн хажуу хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, уруул орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, хүзүүнд олон тооны цус хуралт бүхий" хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 19 цаг өнгөрч байхад найз Алтанчимэгийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Титан" караокед орсон бөгөөд уг караокед ороод дуу дуулж, найзуудаа хүлээж байсан. Алтанчимэг ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин би 3 шил пиво захиалж уусан. Манай найзууд ирэхгүй маш их удсан бөгөөд 00 цаг өнгөрсөн байхад би бие засахаар 00-н өрөөнд ороход надаас дүү бололтой нэг залуу миний мөрийг хүчтэй шүргэчихаад уучлалт гуйлгүй явах гэхээр нь би хүний мөр шүргэчихаад уучлалт гуйсангүй гэхэд тэр залуу нэлээн согтсон бололтой намайг хэл амаар доромжлоод байхаар нь би надаас ДҮҮ хүүхэд байж өөрөөсөө ах хүнийг хэл амаар доромжиллоо гэж хэлээд түүнтэй зууралдаад зогсож байхад уг залуутай хамт явж байгаа бололтой эмэгтэй ирээд ямар нэг шалтгаангүйгээр миний гараас зуураад хэл амаар доромжлоод байхаар нь би гараа тавиулах гээд огцом савтал тэр эмэгтэйн нүүр орчимд нэг удаа баруун гарын тохой хэсгээрээ санамсаргүй цохичихсон. Тэгтэл нөгөө залуу миний найзыг цохичихлоо гэж хэлээд над руу бүүр дайраад байхаар нь би тэр залуугийн нүүр орчимд нэг удаа гараараа цохиод авсан. Би хохирогч нарт тус бүрд нь эмчилгээний зардал 528.000 төгрөгийг төлж барагдуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38х/,

хохирогч Б.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Титан" караокед найз Б.Даваадоржийн хамт 20 цаг өнгөрч байхад орсон. Даваадорж бие засахаар яваад удаад, орж ирэхгүй байхаар нь би бие засах өрөө рүү очиход Даваадорж үл таних ахтай маргалдаад зогсож байсан. Тэр хоёр зууралдаад байсан болохоор нь би тэр үл таних ахыг Даваадоржоос салгах гэхэд тэр ах миний хамар орчимд тохойгоороо цохисон. Би салгаж чадаагүй бөгөөд тэр ах манай найз Б.Даваадоржийн нүүр орчимд гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхэд нөгөө ахтай хамт явж байгаа бололтой нэг эмэгтэй хүн гарч ирээд салгасан. Миний биед учруулсан хохирлыг барагдуулж 400.000 төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12х/,

хохирогч Б.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би бие засахаар уг караокены бие засах өрөөнд ороход 40 орчим насны эрэгтэй хүнтэй мөргөлдсөн юм. Би нэг их тоохгүй уучлалт гуйхгүй зөрөхөд үл таних ах мөрийг шүргэсэн гээд тэр ахтай маргалдсан. Үл таних ахтай заамдалцаад зогсож байхад манай найз Должинсүрэн хүрч ирээд үл таних ахын гараас татаад намайг заамдсаныг салгах гэхэд үл таних ах гараа хүчтэй савах үед Должинсүрэнгийн гүүр хэсэгт тохойгоороо цохих шиг болсон. Ингээд би манай найзыг цохичихлоо гээд уурлахад тэр ах миний нүүр орчимд нэг удаа гараараа цохисон.Ингээд миний хамар гэмтсэн тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би эмчилгээний зардалд П.Б гэх хүнээс 400,000 төгрөг авсан бөгөөд мөн томографт харуулсан 120.000 төгрөгийг авсан. Цаашид учрах зардлаа нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,

гэрч Х.Алтанчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... П.Б бие засахаар яваад орж ирэхгүй удаад байхаар нь би яасан юм бол гэж бодоод араас нь очтол бие засах өрөөнд нэг өөрөөсөө дүү залуутай заамдалцаад хажууд нь тэр залуутай хамт явж байгаа бололтой нэг эмэгтэй хүн П.Бийг гараас нь зуурчихсан зогсож байхад би юу болов гээд салгахын хооронд П.Б гараа татаж авахдаа нөгөө үл таних эмэгтэйг нүүр хэсэгт нь тохойгоороо санамсаргүй цохиод авсан чинь нөгөө үл таних заамдалцсан залуу уурлаад П.Бийг цохих гэхэд П.Б гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиод авсан Би П.Бийг үл таних залуугаас салгаад, цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11290 тоот "...Б.Даваадоржийн биед хамрын баруун, зүүн хажуу хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, уруул орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, хүзүүнд олон тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 26х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчиин 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11291 тоот "...Б.Должинсүрэнгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөг, хамрын нуруу, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 32х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч П.Бийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Дуут нөөнөө овогт Пунсанцогвоогийн П.Бийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Бийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүл, П.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ