| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 191/2025/05669/И |
| Дугаар | 210/МА2026/00468 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00468
2026 03 02 210/МА2026/00468
*******, *******нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/11799 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, *******нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: “*******” ХК-д холбогдох,
2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3019-2018/164-1 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөг0447ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. “*******” ХХК нь “*******” ХК-тай 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3019-2018/164 тоот зээлийн гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 06 дугаар сарын 04-ний 3019-2018/164-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Тухайн барьцааны гэрээнд *******, *******нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай *******хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай эзэмших эрхийн гэрчилгээтэй 5447 м.кв талбайтай газрыг тус тус хуурамч итгэмжлэлийн үндсэн дээр *******нь барьцаалуулсан.
1.2. Тэрээр 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *******үл хөдлөх эд хөрөнгийг “*******” ХК, “*******” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээ байгуулах эрх олгогдсон итгэмжлэл авсан байтал 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг “Асартай говь” ХХК-тай байгуулсан. Өөрөөр хэлбэл, өөрт нь эрх олгогдоогүй байхад итгэмжлэл өгөхөөс 2 хоногийн өмнө дээрх барьцааны гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн төдийгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрсөн үйлдэл. Бодит нөхцөл байдал дээр *******итгэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *******олгосон ба талууд зээлийн болон барьцааны гэрээг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, барьцаалбарыг бүртгүүлсэн байдаг. “*******” ХК нь “*******” ХХК нар ийнхүү зээлийн болон барьцааны гэрээгээ байгуулахдаа *******ын олгосон итгэмжлэлийн огноог 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэж засварлаж барьцааны гэрээг бүртгүүлсэн. Тус орон сууцны ипотекийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 370 хувийн дугаартай нотариатч гэрчилж, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байдаг. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хууль зөрчөөгүй мэт харагдуулахаар итгэмжлэлийн огноог засварласан. Иймд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч “*******” ХК, “Асартай говь” ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. “...”*******” ХК нь “*******” ХХК болон иргэн *******нартай 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №3019-2018/164 тоот зээлийн гэрээгээр 7,500,000,000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин механизм худалдан авах зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №3019-2018/164-1 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, ******* м.кв талбайтай хувийн сууц болон эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 5447 м.кв талбайтай газрын хамт барьцаалсан болно. Тус барьцааны гэрээг байгуулахдаа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 10.1-т заасны дагуу өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авч барьцааны гэрээг байгуулсан.
2.2. ******* нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Д.Нямцогтод итгэмжлэл олгож, өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай 240 м.кв талбайтай хувийн сууц, эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 5447 м.кв талбайтай газрыг *******наас авах зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалах, барьцааны гэрээнд гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгосон. Хувийн сууцны хамтран өмчлөгч *******нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *******дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалах, барьцааны гэрээнд гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон.
2.3. “*******” ХК нь зээлийн гэрээний төслийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн огноотой хэвлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр **************олгосон итгэмжлэлийг үндэслэн талууд зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, мөн өдөр нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.1-д “Гэрээ нь талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан. Иймд, талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан.
2.4. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсний дагуу зээлийн гэрээ, тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ зэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд эдгээр нь хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд. Тиймээс *******, *******нар өөрсдийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалахыг сайн дурын үндсэн дээр зөвшөөрч, холбогдох итгэмжлэлийг олгосон байх тул 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “*******” ХК-д холбогдох 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3019-2018/164-1 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 935,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. "*******” ХК, "*******” ХХК нар зээлийн болон барьцааны гэрээгээ байгуулахдаа *******ын олгосон итгэмжлэлийг /2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болгож/ гараap засаж өөрчлөн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн барьцааны гэрээнд барьцаалагчийг төлөөлж *******, *******гэсэн хэсэгт тэдний өмнөөс *******гарын үсэг зурсан байдаг. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны үеэр “дээрх гэрээнүүдийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний хэвлээд, 05-ны өдрийн итгэмжлэлийг үндэслээд 05-ны өдрөө гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн" гэж тайлбар өгсөн. Шүүх үүнийг үндэслээд нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөгүй, барьцааны эрхийг дуусгавар болгох, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох субьектив шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн. Гэтэл бодит байдал дээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдаагүй, хариуцагчийн хэлснээр 05-ны өдөр гэрээ байгуулагдсан гэдэг нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй, шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4.2. Тус хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр товлосон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаанд өмгөөлөгчийг цахимаар оролцуулах тухай хүсэлтийг шүүгчийн туслахад биеэр аваачиж өгсөн. Гэтэл шүүх хуралтай өдөр хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй шүүх хуралдаан эхлэхээс өмнө уг хүсэлтийг нарийн бичгийн дарга хэрэгт хавсаргаж шүүгчид танилцуулсан байдаг. Шүүх хуралдаанд оролцогчийг цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмын дагуу хүсэлтийг 3 хоногийн өмнө өгсөн байх ёстой гэх үндэслэлээр өмгөөлөгчийг цахимаар оролцох хүсэлтийг хангалгүй орхиж, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг минь зөрчсөн. Гэтэл дээрх журмын 3.1-д “Шүүх хуралдаанд оролцогч нь шүүх хуралдааны товыг мэдсэний дараа шүүх хуралдаанд цахимаар оролцох бол энэ тухай шүүгчийн туслахад бичгээр, эсхүл утсаар, шүүхийн Тамгын газрын албан ёсны цахим шуудангийн хаяг /цаашид "цахим шуудан" гэх аар мэдэгдэнэ”, 3.3-т ”Энэ журмын 3.1-д заасан оролцогчийг цахимаар оролцуулах эсэх шүүх хуралдаанд талаарх шүүгч, шүүх бүрэлдэхүүний хариуг шүүгчийн туслах шүүх хуралдаан эхлэхээс 3 хоногийн өмнө мэдэгдэнэ” тус тус гэж заасан. Өмнөх шүүх хуралдаан нь 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болсон байтал 3 хоногийн өмнө цахимаар оролцох хүсэлт өгөх нь боломжгүй юм.
4.3. Нэхэмжлэгч нарын зүгээс барьцааны гэрээ илт хууль зөрчиж, итгэмжлэл олгоогүй байхад гарын үсэг зурсан, мөн итгэмжлэлийг гэрээнд гарын үсэг зурснаас хойш 2 өдрийн дараа авсан зэрэг нь нөхцөл байдал байсаар байхад Улсын бүртгэлийн газар бүртгэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс энэхүү үйлдлийг хууль зөрчсөн тул хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн газар, хяналт шалгалтын газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан ч татгалзсан буюу хууль зөрчөөгүй гэсэн хариу ирүүлсэн. Бидний зүгээс уг шийдвэрийг эс зөвшөөрөн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан болно. Уг захиргааны хэрэг нь шүүгч *******хуваарилагдан, хянагдаж байгаа бөгөөд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн үйлдлийг хууль зөрчсөн эсэхийг Захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлүүлэх хүртэлх хугацаагаар буюу ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүх хуралдааны үеэр гаргасныг хангаагүйд гомдолтой.
Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1191/ШШ2025/11799 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан бөгөөд тус шүүх "...”*******” ХК нь зээлдэгч “*******” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээг *******гаас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр *******3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, *******2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *******3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг үндэслэж талууд зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж, тухайн өдрөө гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлсэн байх ба уг хэлцлийн үр дүнд нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөгүй, түүнд барьцааны эрхийг дуусгавар болгох, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох субьектив шаардах эрх үүсээгүй...” гэж зөв дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн барьцааны гэрээ 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдаагүй, шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй юм.
5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******гийн цахимаар оролцуулах хүсэлтийг хангалгүй орхисон, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь хангаагүй гэх гомдлын хувьд дээрх маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанууд зөвхөн нэхэмжлэгч талын хүсэлтээр 5 удаа хойшилсон бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зарлагдсан хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* биечлэн ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ илэрхийлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тул шүүхээс цахимаар оролцох тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй.
5.3. Нэхэмжлэгч нар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар УБЕГ, түүний даргад гомдол гаргасан ч тухайн эрх бүхий байгууллагаас хууль зөрчөөгүй гэсэн хариуг ирүүлсэн тул 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан гэжээ. 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр болсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тухайн гомдол, нэхэмжлэлийг гаргасан гэдгээ нотлох баримтаа ирүүлээгүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зориуд удаашруулах буюу цаг хожих зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан юм. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/11799 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, *******нар хариуцагч “*******” ХК-д холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3019-2018/164-1 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... *******итгэмжлэл олгохоос өмнө *******нь барьцааны гэрээ байгуулсан тул энэхүү барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус...” гэсэн бол, хариуцагч нь “...барьцааны гэрээ байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг авч, бичгээр гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул хүчин төгөлдөр...” гэжээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. “*******” ХХК болон *******, *******нар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “*******” ХХК-тай №3019-2018/164 тоот зээлийн гэрээ байгуулж, 7,500,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлэхээр тохирч,
3.2. Улмаар талууд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар мөн өдөр №3019-2018/164-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, *******, *******нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, *******хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн *******гийн эзэмших эрхийн гэрчилгээтэй 5,447 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-5-11/
Зохигч зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлийг олгосон болон зохих ёсоор буцаан төлсөн эсэх үйл баримтын талаар маргаагүй, харин барьцааны гэрээг байгуулахдаа өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлийг авсан эсэх, үүнтэй холбоотойгоор барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.
4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж тус тус заасан.
Тодруулбал, хэдийгээр энэ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь гуравдагч этгээд буюу бусдын өмчлөл, эзэмшлийн хөрөнгө байж болох ч тийнхүү барьцаалах тохиолдолд тухайн өмчлөгч, эзэмшигчээс зөвшөөрөл авах учиртай.
Энэ талаар Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ” гэж заажээ.
5. Хэргийн баримтаар барьцааны зүйл болох 240 м.кв талбай бүхий хувийн сууцны хамтран өмчлөгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, *******нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дээрх үл хөдлөх болон 5,447 м.кв талбайтай газар эзэмших эрхийг “*******” ХХК-ийн зээлийн барьцаанд тавих эрхийг *******3 жилийн хугацаатай олгосон байна.
Өөрөөр хэлбэл, ******* нь “*******” ХХК болон “*******” ХК нар зээлийн болон барьцааны гэрээ байгуулахаас урьд өмнө өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулах итгэмжлэлийг *******олгосон бол, харин *******нь талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ, мөн барьцааны гэрээ байгуулагдсаны дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулах итгэмжлэлийг олгожээ.
Энэ талаар нотариатын бүртгэлийн дэвтэрт **************олгосон итгэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрчилсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын “...итгэмжлэл олгохоос өмнө барьцааны гэрээ байгуулсан...” гэсэн тайлбар үндэслэлтэй.
6. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно” гэж заасан.
Хэдийгээр маргаан бүхий 240 м.кв талбай бүхий хувийн сууцны хамтран өмчлөгч нарын нэг нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулсны дараагаар өөрийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулах итгэмжлэлийг олгосон боловч зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй байна.
6.1 Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар *******нь “*******” ХХК болон “*******” ХК нар зээлийн болон барьцааны гэрээ байгуулсны дараа тэдгээрийн хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулах итгэмжлэлийг *******олгосон байх тул үүнийг хожим хүлээн зөвшөөрч дэмжсэн гэж үзнэ.
6.2 Түүнчлэн Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан.
Тодруулбал, **************олгосон итгэмжлэлийг үзвэл зөвхөн “*******” ХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулахыг зөвшөөрсөн байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийг анхнаасаа бичгээр итгэмжлэл авахаас өмнө төлөөлүүлэгчийг шударгаар төлөөлж түүний өмнөөс барьцааны гэрээг нэрлэн заасан тус банктай байгуулсан байх тул эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэх боломжгүй юм.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээнэ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсгийг тус тус баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.
Тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг нь хуулиар илт хориглосон буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, 56.1.2 дахь хэсэг нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар тус тус зохицуулсан. Харин нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийсэн гэсэн үндэслэлээр маргасан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
8. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх маргаан нь Улсын бүртгэлийн маргаанд хамаарахгүй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн /гэрээ хүчин төгөлдөр эсэх/ маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгох тухай маргаан, нийтийн эрх эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн эсэх талаарх маргаан тусдаа тул нэхэмжлэгч нар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэнтэй холбоотой захиргааны хэргийн шүүхэд хандсан нь иргэний хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхүй болгох үндэслэл болохгүй.
9. Шүүх хуралдааныг “нэхэмжлэгчийн өмгөөлөгч ээлжийн амралттай”, “зохигч талуудын шинээр ирүүлсэн баримттай танилцах”, “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй”, “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан”, “нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь маргаан бүхий зээлийн гэрээ”, “барьцааны гэрээний асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах байцаагчид холбогдуулан гомдол гаргасныг шийдвэрлээгүй байгаа хэрхэн шийдвэрлэх нь хэрэгт ач холбогдолтой” гэх үндэслэлээр 5 удаа хойшлуулж хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, нотлох баримттай танилцах, нотлох баримт гаргах эрхийг шүүх удаа дараа хангасан байна. 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан тул цахимаар оролцох хүсэлт ирүүлснийг хангахаас татгалзсаныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй, шүүх хуралдаанд цахимаар оролцох, өмгөөлөгчийн хамт оролцох эрхийг хангаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/11799 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...56.1.1, 56.1.2” гэснийг “...56.1.8” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 935,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Ц.ЦЭРЭНДУЛАМ