Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 812

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Г.Э,

Шүүгдэгч С.Х,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Богширго овогт Самбуугийн Хүдэрболд, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогний овогт Гантулгын Энхболд нарт холбогдох эрүүгийн 1811 02815 1030 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, Богширго овогт Самбуугийн Хүдэрболд, 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1-15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХН86082511/

2. Монгол Улсын иргэн, Цогний овогт Гантулгын Энхболд, 1986 оны 9.дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Легал ХХК-нд туслах ажилтан ажилтай гэх, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 72а/1-5тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХЕ86091497/

Шүүгдэгч С.Х, Г.Э нар нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/  2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны дэргэд хохирогч П.Чанцалдуламд “..байрны нэр хурдан гаргаж шилжүүлж өгнө..” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 900.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг,

Мөн яллагдагч С.Х нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт хохирогч Б.Энхбилгүүнд “..элчинд ажилладаг танилтайгаа уулзахад хэрэгтэй байна Солонгос улсын виз гаргаж өгнө визний урьдчилгаа хэрэгтэй байна" гэх зэргээр хуурч 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 70.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус дансаар, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1.080.000 төгрөгийг бэлнээр нийт 4.350.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч С.Хоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Г.Эоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч С.Хоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-58-59, 189-190/ “.. 2018 оны 8 дугаар сарын 22-ны орчимоор манай үеэл дүүгийн найзын эхнэр Чанцалдулам надруу залгаад үл хөдлөх хөрөнгийн газар таньдаг хүн байна уу гэж асуусан. Тэгхэээр нь би яах гэж байгаа юм бэ гэсэн чинь манай эгчийн нэр дээр байдаг байоныхамтран эзэмшигчээр нөхөр нь байдаг юм байна нөхрийнх нь нэрийг хасуулмаар байна гэхээр нь би уулзаж байгаад ярилцъя гэсэн. Тэр үед манай найз Энхболд надтай хамт явж байсан бөгөөд Би Энхболдоос үл хөдлөх хөрөнгийн газар таньдаг хүн байна уу гэж асуусан чинь Энхболд нэг хүн байгаа асуугаад үзье гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 8 р сарын 27-ны өдөр Чанцалдуламтай уулзаад Чингэлтэй дүүргийн гадаа очоод Энхболд бид хоёр Энхболдын таньдаг эгч Оюунаа гэдэг хүнтэй орж уулзахад наад асуудал хууль бус хэрэв тухайн хүн нь өөрөө байгаа тохиолдолд наад асуудал чинь үндсэндээ 7-30 хоног болно гэсэн. Тэгэхээр бид хоёр буцаж гараад Чанцалдуламтай уулзаад 7,-30 хоногийн дотор гарах юм байна гэж хэлсэн. Тэгээд Чанцалдуламаас 900.000 төгрөгийг бэлнээр нь аваад Энхболд бид хоёр тухайн мөнгийг хувааж авсан. Би авсан 450.000 төгрөгөөр ломбарданд тавьсан байсан бөгжний хугацаа дуусах гээд байсан болохоор ломбарданаас бөгжөө авсан. Тухан үед мөнгөний хэрэг гарчихсан байсан болохоор 2,3 хоног мөнгийг хэрэглээд буцаагаад өгье гэж бодсон юм. Түүний дараа Чанцалдулам нь замын үүдээс гоо сайхны бараа татаж авах хэрэгтэй байна хамт яваад өг гэхээр нь би хамт явж байсан. Тэгээд тэр үед явсан замын зардалын асуудлаас болоод маргаан үүсээд мөнгө өгөх асуудал хойшилчихсон юм, 2018 оны 11 дүгээр сард байхаа Дэнжийн мянга захын хажуу талд байдаг бөө дээр очоод би үзүүлж байхдаа Энхбилгүүн гэдэг хүнтэй анх танилцаж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш нэг нэгнээ таньдаг болоод 2019 оны 01 дүгээр сарын эхээр Энхбилгүүн надаас 2 хүний визний материалыг элчин сайдын яаманд өгсөн байгаа чамд таньдаг хүн байгаа бол уг хүндээ хэлээд визийг нь хурдан гаргуулаад өгөөчээ гэж надад хэлэхээр нь би тухайн үед нэг таньдаг хүн байгаа асуугаад өгий гэж хэлсэн. тухайн үед Энхбилгүүн нэг хүний хэдэн төгрөг байдаг юм бэ гэхэд нь нэг хүний 1.500.000 төгрөг байдаг юмаа гэж хэлсэн. Намайг нөгөө хүнтэйгээ уулзаад өгөөчээ гэж хэлэхээр чи мөнгө бэлдчих гэсэн чинь бэлдчихсэн гээд яахын гэхээр нь миний хаан банкны данс руу шилжүүлжих гээд 1.500.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд би өөрийн найз Энхболдын ах Амгалан гэх хүнтэй уулзаад виз хурдан гаргах боломж байна уу гэхэд хугацаанд нь бол хугацааг нь нааш болгох боломжгүй гэхээр нь за за гэж хэлээд би явсан тэгээд дахиж Амгалан ахтай эргэж холбогдоогүй. Тэгээд удалгүй дахиад Энхбилгүүнээс дахиад 1.500.000 төгрөг шилжүүлэн авсан. Мөн өмнө би Энхбилгүүнээс мөнгө зээлж авч өгдөг байсан болохоор уг мөнгөний үлдэгдэл 350.000 төгрөгтэй нилээд нийт 4.350.000 төгрөг болж байгаа юмаа..” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Эоос мөрдөн шалгах ажиллагаааны үед мэдүүлсэн: /хх-56-57/ “..Би Чанцалдулам гэх хүнтэй анх найз Хүдэрболдоор дамжуулан танилцаж байсан. Гэтэл Чанцалдуламын нөхөр цагдаад баригдчихсан байгаа гээд Чанцадуламтай уулзахад манай эгчийн нөхөр нь хамт байж байгаад салаад явчихсан байрны эээн дээрээс хүний нэр хасалт хийлгэх хэрэгтэй байна энэ байрыг би зарж борлуулах хэрэгтэй байна гэж байна гэж Хүдэрболд надад хэлсэн. Тэгээд намайг үл хөдлөх хөрөнгийн газар таньдаг хүн байнга уу гэж асуухаар нь Чингэлтэй дүүргийн үл хөдлөх газрын мэргэжилтэн хийдэг Оюундэлгэр гэдэг хүн байгаа би асууж үзье гэж хэлээд Хүдэрболдын хамт очиж уулзахад тухайн байрны өмчлөгч нар нь өөрийн биеээр ирээд хүсэлт өгөх юм бол хасалт хийж болно гэсэн. Тэгээд Чанцалдуламаас танай эгчийн нөхөр байгаа юм уу өөрөө ирээд хүсэлт гаргах юм бол шийдэх боломтой гэж байна гэсэн. Гэтэл Чанцалдулам нь наад хүн чинь олдохгүй байгаа юм өөр арга байна уу гэсэн, Тэгээд Оюундэлгэр эгчээс дахиад асуухад нотариатаар батлуулаад ирэх юм бол болно. Тэгээд Хүдэрболд бид хоёр Оюундэлгэр эгчтэй уулзаж гарч ирэхэд Чанцалдулам надад нь 900.000 төгрөг байна та энэ мөнгөөр энэ асуудлыг шийдээд өг гээд Хүдэрболдод 900.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд бид хоёр тухайн мөнгийг хувааж хувийн хэрэгцээндээ ашигласан..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч П.Чанцалдуламаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-21-22/ “..Миний төрсөн эгч болох Энхтуяа нь Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 67 дугаар сургууль бага ангийн багшаар ажилладаг байсан юм. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээт суманд багшаар ажиллахаар шилжсэн. Манай эгч өөрийн эзэмшлийн одоо миний амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо мах 1/30-14 тоот орон сууцыг надад бэлэглэсэн. Намайг эгч маань наад байраа өөрийнхөө нэр дээр хурдан шилжүүлээд ав гэсэн. Би Сонгинохайрхан дүүргийн нэг цонхны үйлчилгээн дээр очиж байрны эзэмшигчийг өөрчлөхөд хэр хугацаа орох вэ гэж зөвөлгөө авахад хамгийн багадаа 30 хоног болно гэж хэлсэн. Манай эгчийн ажил 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эхлэх учир яаралтай байр эзэмшигчийн нэр шилжүүлэх шаардлагатай байсан болохоор надад байр эзэмшигчийн нэр хурдан шилжүүлдэг хүн хэрэгтэй байсан. Манай нөхөрийн багын найз болох Дашнямын үеэл ах Хүдэрболд нь газрын гэрчилгээ гаргаж байрны нэр хурдан шилжүүлдэг гэж би сонсож байсан болохоор Хүдэрболд гэх хүнтэй холбогдож учир байдлаа тайлбарлаж хэлэхэд Хүдэрболд наадах чинь асуудалгүй хамгийн гол нь 900.000 төгрөг бэлэн өгчих гэж хэлсэн. Би ярьсан өдрийнхөө маргааш нь Хүдэрболдтой уулзахаар тохироод Чингэлтэй дүүргийн ойролцоо уулзаад 900.000 бэлнээр өгсөн Хүдэрболд нь тэр Энхболд гэх залуутай цуг явж байсан надаас 900.000 төгрөгөө авчаад Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар луу орж хүнтэй уулзана гэж хэлээд яваад орсон. Би Хүдэрболд, Энхболд хоёрыг машин дотроо хүлээгээд сууж байсан бөгөөд Хүдэрболд, Энхболд хоёр ойролцоогоор 30 минутын дараа гарч ирээд асуудалгүй бүтэх юм байна ахын дүү гэж надад хэлсэн тэгээд тэрнээс хойш утсаар холбогдоход мөнгийг чинь буцаагаад өгнө түр хүлээж бай гэж хэлсээр байгаад өдийг хүрч байна..” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Энхбилгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-104-107/ “..Хүдэрболд нь надад өөрийгөө "би бүх салбарт ажилладаг виз гаргадаг зээл өгдөг" хэмээн ярьсан. Миний өөрийн Матоза ХХК нь Солонгос улс руу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хүдэрболдоос Солонгос руу аялалаар Монголчуудыгаа явуулах боломж бололцоо байгаа эсэх талаар асуухад Хүдэрболд нь надад "энэ санал чинь цаашид хэрэгжих боломжтой надад Солонгосын элчинд танил хүн байгаа. Тиймээс виз асуудалгүй гаргана" гэж хэлсэн. Би энэ талаар Хүдэрболдоос сонсоод эхний ээлжинд өөрийн хоёр танилыг Солонгос улс руу аялалын визэнд оруулж үзэх бодол төрсөн ба хэрвээ найдвартай явуулж чадах юм бол цаашид Хүдэрболдтой хамтран ажиллая гэж бодсон. Гэвч Хүдэрболд нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр элчинд ажилладаг хүнтэйгээ визний асуудлаар уулзана хэмээн 70.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус дансаар 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1.080.000 төгрөгийг бзлнээр нийт 4.350.000 төгрөгийг ...авсан..” гэх мэдүүлэг

Гэрч М.Оюундэлгэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-24/ “..Би Хүдэрболд, Энхболд нарыг огт танихгүй. Ойролцоогоор 2018 оны 08 дугаар "сарын дундуур манай ажлын нягтлан Рэнцэнхандын дүү гэх Энхболд гэх залуу нэрийг нь мэдэхгүй нэг залуутай манай ажил дээр ирээд надаас нэг байр өмчлөгчийн эрх шилжүүлэх гэрээн дээр танаас зөвөлгөө авах гэсэн юм гээд орж ирсэн. Ямар зөвөлгөө авах талаар асуухад хоёр өмчлөгчтэй байрнаас нэг өмчлөгчийг нь хасуулах гэсэн юм бэ энийг яах вэ гэж асуусан. Би хамтран өмчлөх хасагдах хэлцэл гэсэн гэрээ байгаа тийм гэрээг хийгээд баталгаажуулаад ир гэж хэлэхэд эгч ээ нэр хасуулах гэж байгаа хүн нь Монгол Улсад оршин суудаггүй өөр улсад амьдардаг иргэний үнэмлзхээ гээгдүүлсэн гэж хэлсэн яах вэ гэхээр нь би Гадаад харилцааны яаман дээр очиж тухайн гадаад улсад байгаа хүнээс захиран зарцуулах эрхээ шилжүүлэх итгэмжлэл авдаг гэж хэлсэн. Тэгсэн тэр хоёр залуу бид нар гадагшаа холбогдоод тантай эргээд уулзана гэж хэлээд явсан..” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-112-113/ “..Энхбилгүүн над руу залгаад Хүдэрболдтой холбогдсон уу, хүний виз гаргаж өгнө гээд алга болчихлоо. Чиний таньдаг хүн байдаг биз дээ тэр хүнээсээ мөнгө материал бичиг баримт өгсөн үү асуугаад өгөөч гэсэн. Би Амгалан ахаас асуусан чинь боломжгүй гэсэн..” гэх мэдүүлэг, хохирогч Г.Эын дансны хуулга /хх-117-120/, шүүгдэгч С.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-71/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-72/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-61/, шүүгдэгч Г.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Х, Г.Э нар 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Чанцалдуламтай уулзан “үл хөдлөх хөрөнгийн газар таньдаг хүн байна уу, манай эгчийн нэр дээр байдаг байрны хамтран эзэмшигчээр нөхөр нь байдаг юм, нөхрийнх нь нэрийг хасуулмаар байна” гэхэд С.Х наадах чинь асуудалгүй, дүүргийн үл хөдлөхийн газар таньдаг хүн байгаа гэж итгүүлж түүнээс 900.000 төгрөгийг бэлэн авч 450.000 төгрөгөөр тус тус хувааж авсан,

Шүүгдэгч С.Х нь “надад Солонгос Улсын элчин сайдын яаманд таньдаг хүн байгаа, виз асуудалгүй гаргана, тэр хүнтэйгээ визний асуудлаар уулзана, визний урьдчилгаа хэрэгтэй байна” гэх зэргээр Б.Энхбилгүүнээс 70.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, 100.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 1.500.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус өөрийн дансаар, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1.080.000 төгрөгийг бэлнээр нийт 4.350.000 төгрөгийг авсан байна.

Шүүгдэгч С.Х, Г.Э нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж шүүгдэгч нарын гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж шүүгдэгч С.Хыг дангаар болон бусадтай бүлэглэж, шүүгдэгч Г.Эыг бусадтай бүлэглэж “бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Х, Г.Э нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч  С.Хыг дангаар болон бусадтай бүлэглэж, шүүгдэгч Г.Эыг бусадтай бүлэглэж “хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч С.Хыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Эыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Х, Г.Э нар нь шүүх хуралдаан болохоос өмнө 12 хоног цагдан хоригдсон байх бөгөөд тэдгээрийн цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, эдлэх ялаас хасч тооцон, шүүгдэгч С.Хыг 204 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Эыг 144 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял биечлэн эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч С.Х, Г.Э нар нь хохирогч П.Чанцалдуламд 900.000 төгрөг, хохирогч Б.Энхбилгүүнд 3.700.000 төгрөг тус тус хүлээлгэн өгч хохирогч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгчдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Х, Г.Э нар нь шүүх хуралдаан болохоос өмнө 12 хоног цагдан хоригдсон, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Богширго овогт Самбуугийн Хүдэрболдыг дангаар болон бусадтай бүлэглэж, Цогний Гантулгын Энхболдыг бусадтай бүлэглэж хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Эыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х, Г.Э нарын шүүх хуралдаан болохоос өмнө тус тус цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож тэдгээрийн ял эдлэх ялаас хасч тооцон, шүүгдэгч С.Хыг 204 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Эыг 144 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэн эдлүүлхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х, Г.Э нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч С.Х, Г.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Х, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР