Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00467

 

 

 

 

 

 

 

 

 

2026          03           02                                    210/МА2026/00467                                     

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/09417 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******нарт холбогдох,

 

Зээлийн төлбөрт 10,890,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрт 19,840,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие хариуцагчийн хүсэлтийн дагуу түүнд 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Хаан банкны ******* тоот данснаас 5,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, Monpay зээлийн апп-аас 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 230,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, цахим хэтэвч буюу lendMN-ээс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 60,000 төгрөг, нийт 10,890,000 төгрөгийг зээлдүүлж, хариуцагч өөрийн болон эхнэр *******дансаар хүлээж авсан. ******* нь өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтөд мөнгө төлөөгүй. Миний хувьд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх зарчим баримталж ирсэн бөгөөд зээлдэгч талд олон удаа боломж олгосон. Анх банкны зээлээ хаалгах гээд байна гээд 10,000,000 төгрөг зээлсэн. Түүнээс хойшоо мөнгөн дүнгүүд бол хувь чатаар яаралтай мөнгөний хэрэг гарлаа гээд надаас зээлж авсан. Ч.Мөнх-Дэмбэрэл, *******2 хамтран амьдардаг учраас хамтран үүрэг гүйцэтгэгчээр шүүхэд дуудсан. Хоол унд, золголттой холбоотой мөнгө, ажлын хөлсний хувьд бол зээлийн мөнгөнд ороогүй. Зээлдүүлсэн 10,890,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* миний бие *******тэй 2021 оны 08 дугаар сараас эхлэн хамтран ажиллаж эхэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн *******харилцах данснаас "даавка" гэх гүйлгээний утгатай 5,000,000 төгрөг нь 2022 оны 05 дугаар сарын дундуур хийсэн KoyoTown-ийн 108 дугаар байрны 2 лифтний ажлын хөлс, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээл гэх утгатай орж ирсэн 5,000,000 төгрөг нь KoyoTown-ийн 106 дугаар байрны лифтний ажлын үлдэгдэл болоод тус хотхоны 105 дугаар байрны лифтний урьдчилгаа цалин байсан. Үлдэгдэл 890,000 төгрөг нь 2021 оны 08 дугаар сараас эхэлж KoyoTown-ийн лифт угсрах ажлын гагнуурчин механикийн ажлын хөлсөнд 2023 оны 04 дүгээр сар хүртэлх тус хугацаанд KoyoTown-ийн 22 лифтний 16 лифт угсрах ажлын цалин хөлсний зохих хувь байсан.

2.2. Миний хувьд 1 лифтний ажил үйлчилгээ тохиргоо хийж хүлээлгэн өгснөөр 2,500,000 төгрөгийг цалин, хөлс авахаар аман байдлаар *******тэй тохиролцсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 10,890,000 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Миний бие *******гээр ахлуулсан лифт угсралтын бригадад гагнуурчнаар ажиллаж, нэг лифт угсралтын ажлын хөлсийг 2,500,000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцож, 2021 оноос 2023 он хүртэл хамтран ажилласан. Ийнхүү лифт угсралтын бригадад гагнуурчнаар ажиллаж, KoyoTown болон Белмонте хотхон, “*******” ХХК, Сэлбэ голын үерт өртсөн орон сууцны лифтний засвар, мөн “Оакс Экспрэсс Монголиа” ХХК-тай холбоотой ажлуудыг гүйцэтгэсэн. “Рояал Ти Си” ХХК-ийн барьсан KoyoTown хотхоны 103 дугаар байранд 1 лифт, 104 дүгээр байранд 1 лифт, 105 дугаар байрны 1, 2 дугаар орцонд тус бүр 2 лифт, 106 дугаар байранд 2 лифт, 108 дугаар байранд 2 лифт, Белмонте хотхонд 2 лифт угсарч гүйцэтгэсэн. Эдгээр ажлын хөлсөнд нийт 30,000,000 төгрөг авах ёстойгоос 9 удаагийн гүйлгээгээр 16,000,000 төгрөг авсан бөгөөд үлдэгдэл 14,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй байна.

Мөн “*******” ХХК-ийн 4 лифтний техникийн засвар үйлчилгээний ажил гүйцэтгэсэн. 2023 онд Сэлбэ голын үерт өртсөн 10 лифт бүхий байрны засварын ажлыг 10,000,000 төгрөгөөр хийхээр тохирч *******, н.******* нартай хамтран гүйцэтгэсэн бөгөөд үүнээс *******ийн авах ёстой 3,300,000 төгрөгийг *******олгоогүй.

Түүнчлэн “Оакс Экспрэсс Монголиа” ХХК-ийн 4 лифтийг улсын комисс хүлээн авсны дараа угсралтын хөлсний 10 хувь буюу 3,600,000 төгрөгийг авах ёстой байсан бөгөөд уг ажилд *******, н.*******, н.*******, н.*******, ******* нар оролцсон. Үүнээс *******ийн авах ёстой 9,750,000 төгрөгийг мөн олгоогүй.

Мөн KoyoTown хотхоны 103 дугаар байрны 16 хаалгыг солих ажлыг нэг хаалгыг 100,000 төгрөгөөр тооцож н.*******тэй хамтран гүйцэтгэсэн боловч *******ийн авах ёстой 800,000 төгрөгийг олгоогүй.

Түүнчлэн *******даалгавраар н.*******, н.*******, н.*******, ******* нар 22 лифтэнд сар бүрийн техникийн үйлчилгээ хийх ажлыг 1 лифтийг 75,000 төгрөгөөр тооцож, нийт 3 удаа гүйцэтгэсэн бөгөөд үүнээс *******ийн авах ёстой 990,000 төгрөгийг олгоогүй байна.

3.2. ******* нь *******тэй хамтран ажиллах хугацаанд харилцан итгэлцэлтэй байсан тул дээрх төлбөрүүдийг нэхэмжлэлгүй өнөөдрийг хүртэл хүлээж ирсэн. Гэвч *******нь өмнө олгосон зарим цалингийн шилжүүлгийг гүйлгээний утгад “зээл” гэж тэмдэглэн, улмаар түүнийг буцаан нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд хэрэв дээрх мөнгийг зээл гэж үзэж байгаа бол *******ийн гүйцэтгэсэн ажлын төлбөрт авах ёстой боловч өнөөдрийг хүртэл олгогдоогүй цалинг нэхэмжилж байна.

Иймд *******гээс гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 19,840,000 төгрөгийг гаргуулж, *******д олгуулахыг хүсэж байна” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. “******* нь гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлсөнд 19,840,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэвч ажлын гүйцэтгэлийн төлбөрийг тухай бүр дансаар шилжүүлж байсан нь дансны хуулгаар нотлогдоно.

******* нь KoyoTown, Бельмонте хотхонд нийт 9 лифтний угсралтын ажлыг 22,500,000 төгрөгөөр, мөн ОАКС Экспресс Монголиа компанийн 4 лифтний угсралтын ажлыг 6,000,000 төгрөгөөр тус тус гүйцэтгэж, нийт 28,500,000 төгрөгийн ажил хийсэн. Гэвч түүний гүйцэтгэсэн зарим ажил доголдолтой, тохиргоо бүрэн дуусаагүй, тухайлбал KoyoTown хотхоны 105, 106, 108 дугаар лифтүүд гацалттай байсан тул тухайн ажлын зарим санхүүжилтийг захиалагчаас бүрэн авч амжаагүй нөхцөл байдал үүссэн. Мөн Сэлбэ хотхоны лифтний тохиргооны ажил захиалагчийн зүгээс бараа материал дутуу нийлүүлснээс шалтгаалан бүрэн дуусаагүй болно.

4.2. Ажил гүйцэтгэх явцад ажилчдад урьдчилгаа олгож байсан бөгөөд тус бүр 650,000 төгрөгийн урьдчилгаа авсан байдаг. Харин хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ зээлийн дагуу нэхэмжилсэн мөнгөнөөс өөр ямар нэгэн төлбөр аваагүй мэтээр тайлбарласан нь дансны гүйлгээний баримтаар няцаагдаж байна.

4.3. ОАКС Экспресс Монголиа компанийн 4 лифтний угсралтын ажлыг н.*******, н.*******, н.******* нар гүйцэтгэсэн бөгөөд үүнээс 2 лифтийг *******, н.Энх-Идэр, н.******* нар угсарсан. Талуудын тохиролцооны дагуу нэг хүнд 6,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэж, уг дүнг дансаар шилжүүлсэн.

Мөн KoyoTown болон Бельмонте хотхоны лифтний ажлын төлбөрийг 2,500,000 төгрөгөөр тооцон *******болон *******ийн дансанд тайлбартайгаар шилжүүлсэн баримт хэрэгт хавсаргагдсан болно.

4.4. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 10,000,000 төгрөг нь ажлын хөлс бус, тусдаа зээлийн харилцаанд хамаарах мөнгөн дүн юм. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хүсэлтээр тухайн үед зээл авч өгөх зэрэг байдлаар санхүүгийн туслалцаа үзүүлж байсан. Гэвч хариуцагч нар зээлсэн мөнгөө буцаан төлөхөөс зайлсхийж, ажлын хөлс мэтээр тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Ажлын гүйцэтгэлтэй холбоотой бүх төлбөрийг дансаар шилжүүлсэн бөгөөд нийт 28,500,000 төгрөгийн гүйлгээний баримтыг тамга, баталгаатайгаар хэрэгт хавсаргасан.

Иймд сөрөг нэхэмжлэлд дурдсан 19,840,000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин миний гаргасан 10,890,000 төгрөг буюу зээлийн мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 242 дугаар зүйлийн 242.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******, *******нараас 10,490,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,840,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,190 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,150 төгрөгийг тус тус улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч *******, *******нараас 182,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Талуудын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээ байдаггүй. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тэй 2021 оноос эхлэн лифт засвар, угсралтын ажлыг хийж гүйцэтгэж, лифт угсралтын гэрчилгээнд гагнуурчнаар гарын үсэг зурж улсын комисст хүлээлгэн өгдөг, хариуцагч ******* нь нэг лифт тус бүрээс 2,500,000 төгрөгийн цалин авдаг байсан болох нь талуудын тайлбар болон гэрчийн этгээдүүдийн мэдүүлгээр тогтоогддог.

Нэхэмжлэгч нь хариуцагч Мөнхдэмбэрэлд цалин олгох явцдаа гүйлгээний утгыг нь зээл гэх утгаар шилжүүлсэн. 6 удаагийн гүйлгээнээс 5,000,000 төгрөгийг Даавка гэх утгаар шилжүүлсэн.  Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь хариуцагчид 25,505,000 төгрөгийг шилжүүлж нэхэмжлэгчийн хариуцагчид олгох цалингаас илүү мөнгө олгосон мэтээр үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн. Талуудын хооронд хамтран ажилласнаас хойш нийт 17 удаагийн гүйлгээг хэрхэн яаж 23 болгож тооцсон нь ойлгомжгүй.

6.2. ******* нь зөвхөн нэг удаагийн ажил буюу Коёо таун хотхонд 22 лифт хүлээлгэж өгсөн, нэг лифт тус бүрээс хариуцагч ******* нь 2,500,000 төгрөг авдаг болох нь тогтоогддог. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх нотлох баримтуудыг буруу үнэлсэн. Түүнчлэн хоёр хариуцагчийн хэн нь хэдэн төгрөг төлөх талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаагүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хариуцагч нар хамтран амьдардаг гэдэг нь аливаа этгээдийн өмнө хүлээсэн эдийн болон эдийн бус харилцаанаас үүсэх үр дагаврыг хамтран хариуцах хууль зүйн үндэслэл болохгүй. Мөн хариуцагч *******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буюу Коёо таун хотхон, Белмонте хотхон, Сворд хотхон, Сэлбэ голын үерт живсэн орон сууцны лифт засварласан зэрэг хийсэн ажлаа тодорхойлсон байхад нэхэмжлэгчийн бусад ажилд буюу 2021 онд гүйцэтгэсэн ажлын төлбөрийг сөрөг нэхэмжлэлд дурдсан ажлын төлбөрт шилжүүлсэн мэтээр нотлох баримтыг буруу үнэлж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн этгээдээр оролцсон гэрч нар нь хариуцагч *******ийг Коёо таун хотхон, Белмонте хотхон, Сворд хотхон, Сэлбэ голын үерт живсэн орон сууцны лифт засварласан зэрэг ажил хийсэн талаар мэдүүлдэг, нэхэмжлэгч нь тухайн ажлыг ******* хийсэнтэй маргадаггүй. Талуудын хооронд анхдагч харилцаа нь нэг зорилгын төлөө нэгдсэн буюу хамтран ажиллах харилцааны түвшинд холбогдох хэдий ч ******* нь хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр цалин хөлс авч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүртдэг бол нэхэмжлэгч *******нь тухайн ажлын ашиг болон алдагдлыг хүлээх байдлаар харилцан ашигтай ажиллаж ирсэн нь тогтоогддог. Гэтэл хавтаст хэрэгт ямар нэгэн байдлаар нотлох баримтаар авагдаагүй буюу нэхэмжлэгчийн гаргасан нэг талын тайлбарыг анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэлгүйгээр шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хариуцагч нарын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.

6.4. Үзлэгийн тэмдэглэлд хариуцагч нар 490,000 төгрөгийг зээлж авах тухай бичиж байсан цахим зурвас хэргийн материалд хавсаргагдсан байх боловч 10,000,000 төгрөгийг зээлэх талаар хүсэлт гаргаж байсан болон зээл авсан талаарх ямар нэгэн баримт байдаггүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн байна гэж дүгнэхдээ ямар үйл баримт нь хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар шийдвэртээ тусгаагүй. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т “******* нь гүйцэтгэсэн ажлын төлбөрөө захиалагч нараас шаардах эрхтэй” гэж тусгасан нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа буюу ажлын захиалагч нь *******ийн хувьд нэхэмжлэгч *******болох нь талуудын тайлбараар бүрэн тогтоогддог. Тиймээс хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гээс гүйцэтгэсэн ажлын төлбөрөө нэхэмжилсэн. ******* нь 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл ажиллах хугацаанд нийт Бэллмонтэ хотхонд 2 лифтын ажил хийсэн, коёо таун хотхонд нийт 22 лифтны техникийн өрөөний моторын даацын гагнуур хийж бичиг баримт сертификатаар баталгаажуулж гарын үсэг зурж улсын коммист хүлээлгэн өгсөн мөн 15 лифтэнд өөрийн биеээр удирдан чиглүүлэн угсаралт болон гагнуурын ажлыг бүрэн гүйцэт хийж дуусган болхыг комиссийн бичиг баримт болон пасспортоор баталгаажна.

6.5. Даваахүүгээс нийт авах ёстой ажлын хөлс нь 46,300,000 төгрөгийг авах ёстой байснаас 25,100,000 төгрөг дансанд цалин гэж орж ирсэн үүнээс үлдэгдэл 21,200,000 төгрөгийг аваагүй өнөөдрийг хүрээд байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийг бодит байдал нийцэхгүйгээр үндэслэлгүй дүгнэж, хариуцагч нараас 10,490,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хийсэн ажлынхаа цалинг өнөөдрийг хүртэл дутуу авч хохирсон байхад дахин 10,490,000 төгрөгийн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11-р сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/09417 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүйд болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

7.1. “Хариуцагч тал 22 лифт угсарсан гэж тайлбарласан боловч уг 22 лифттэй холбоотой баримтуудад зөвхөн гарын үсэг зурсан байдал тогтоогдсон бөгөөд тухайн лифтүүдтэй холбоотой мөнгөн төлбөрийн тохиролцоо хийгдсэн талаар нотлох баримт байхгүй. Харин лифт угсралтын бригадын хүрээнд нийт 7 лифт дээр ажил гүйцэтгэсэн нь баримтаар тогтоогдсон. Мөн хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүд хариуцагч ******* 22 лифтийг бүрэн угсарсан талаар мэдүүлээгүй байхад хариуцагч тал ийнхүү тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хариуцагч тал нэхэмжлэгч *******болон ******* нараас тус бүр хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран хариуцагч болохыг анхан шатны шүүх тогтоож, уг үндэслэлээр шийдвэр гаргасан. Тодруулбал, *******нь *******рүү мөнгө шилжүүлсэн, *******д мөнгө зээлдүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул хамтран хариуцагчийн зохицуулалтыг хэрэглэсэн болно. Иймд хариуцагч нарыг гэр бүлийн харилцаатай гэх үндэслэлээр хамтран хариуцагчаар татсан хэрэг биш юм.

7.2. Хариуцагч тал захирамжийн биелэлт хангагдаагүй гэж тайлбарласан боловч хариуцагч нь бодитоор 7 лифт угсарсан нь тогтоогдсон бөгөөд 22 лифт угсарсан гэх нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, 22 лифтний паспортод гарын үсэг зурсан нь тухайн лифтүүдийг бүрэн угсарсан гэж үзэх үндэслэл болохгүй тул уг үндэслэлээр шаардах эрх үүсэхгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд холбогдох дансны гүйлгээг нэгтгэн дүгнэж, цалин, хөлсний тооцоог хийж, 7 лифтний төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоосон. Мөн зээлийн харилцааг Иргэний хуулийн 281.1, 282.4 дүгээр зүйлд заасны дагуу зөв тодорхойлсон бөгөөд үндсэн нэхэмжлэл нь зээлийн харилцаанд хамаарах тул ажил гүйцэтгэх гэрээний маргаантай хамтатган шийдвэрлэх шаардлагагүй гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь 2 жилийн хугацаанд зээлдүүлсэн мөнгөө буцаан авч чадаагүй тул зээлээ буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд хариуцагч талаас цалин, ажлын гүйцэтгэлтэй холбоотой шаардлага гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэл нь зөвхөн зээлийн харилцаанд үндэслэсэн болно. Хариуцагч ******* зээлсэн мөнгөө төлөх талаар ярьж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож, процесс ажиллагааг удаашруулах байдлаар сөрөг нэхэмжлэл гаргах асуудлыг тавьж эхэлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр *******гээс цалин авах ёстой гэх асуудал огт дурдагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******, *******нарт холбогдуулан зээлийн төлбөрт 10,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрт 19,840,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн хүрээнд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

Талууд зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийн хэмжээний талаар маргасан байна.

 

4. Нэхэмжлэгч *******нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг “dembee zeel” гэх гүйлгээний утгаар, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 230,000 төгрөгийг “otgoo zeel” гэх утгаар тус тус хариуцагч *******д шилжүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгчээс 2023 оны 05 сарын 15-ны өдөр шилжүүлсэн 60,000 төгрөг, 2023 оны 09 сарын 26-ны өдөр шилжүүлсэн 200,000 төгрөгийг хариуцагч нар зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан гэдэгт маргаагүй байна.

 

            Хариуцагч *******, *******нарын хэн алины хүсэлтээр зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлж байсан болох нь талуудын тайлбар, мөн тэдгээрийн хооронд цахимаар харилцаж байсан талаарх баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, дипозит дансны хуулга зэргээр тогтоогдсон.

           

Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх ба хариуцагч *******, *******нар нь шилжүүлэн авсан 5,490,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч *******нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Иймээс хариуцагч *******, *******нар нь зээлийн гэрээний үүргийн хувьд хамтран үүрэг гүйцэтгэгч тул хамтран амьдардаг учраас хамтран төлнө гэх нэхэмжлэгчийн ойлгомжгүй тайлбарыг үндэслэн хоёр хариуцагчийн хэнээс хэдэн төгрөг гаргуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй хууль буруу тайлбарласан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хангагдахгүй.

 

 

4.1. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс үлдэх 5,400,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хийх хэлцлийг хийсэн” гэж үзэх бөгөөд 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт “...нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч *******нь 5,400,000 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хариуцагч *******, *******нарт шилжүүлэхээр хэлэлцэн тохиролцсон гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул тэдгээрийн хооронд энэ хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нараас 5,490,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5. Сөрөг нэхэмжлэлийн хувьд, хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгч *******нь цахилгаан шат угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр бусад этгээдтэй гэрээ байгуулсан, хариуцагч ******* нь тухайн цахилгааны шат угсралтын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой багийг ахлах, мөн гагнуурын ажлыг тус тус хийсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Хөлсөөр ажиллах гэрээгээр үйлчилгээ үзүүлэх харилцаа буюу ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагчийг 2021 оноос 2023 оны хооронд 2,500,000 төгрөгийн хөлсөөр 7 ширхэг цахилгаан шатны гагнуурын ажил, 3,000,000 төгрөгийн хөлсөөр 2 ширхэг цахилгаан шатны гагнуурын ажил тус тус хийсэн, уг ажлын хөлсөнд нэхэмжлэгчээс 25,260,000 төгрөг хариуцагчид төлсөн гэж дүгнэхдээ анхан шатны шүүх хэргийн баримтыг гүйлгээний хугацаа, утгыг харгалзан тооцож нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Иймд нэхэмжлэгчээс нэг өдрийн гүйлгээг удаа дараа гаргаж өгснийг шүүх давхардуулан тооцсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.  

 

5.1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл “Коёо таун”, “Белмонте хотхон”, “Сворд хотхон”, Сэлбэ голын үерт живсэн орон сууцны цахилгаан шат засварласан үйлчилгээний хөлс 19,840,000 төгрөгийг дутуу олгосон гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгчээс дээрх цахилгаан шатны засвар үйлчилгээний хөлсийг хариуцагчид төлсөн бөгөөд тухайн цахилгаан шат угсралтын ажил бүрэн дуусаагүйгээс гадна улсын комисс авах хүртэл засвар үйлчилгээ хийх ёстой, түүнтэй холбоотой төлбөр авах боломжгүй гэж татгалзсан байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн дээрх татгалзлыг баримтаар няцаагаагүй. Тодруулбал, цахилгаан шатны ажлын хөлсний хэмжээг хэрэгт авагдсан гагнуурын ажил гүйцэтгэсэн 22 актаар бүрэн тогтоох боломжгүй байна. Учир нь уг актанд ажлын хөлс болон огноо бичигдээгүй тул ажлын хэмжээ, хөлсийг тодорхойлох боломжгүй тул маргаан бүхий ажил үйлчилгээний хөлсийг хэрхэн тохиролцсон болох, хариуцагчаас тухайн ажилтай холбоотой хөлсийг шаардах эрхгүй.

Иймд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй, харин талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж үзсэнийг хөлсөөр ажиллах гэрээ гэж зөтгөсөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

6. Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа, ажлын хөлсний маргаан нь 2 өөр төрлийн маргаан боловч харилцан тооцогдох боломжтой гэж үзэн хамтад нь шийдвэрлэснийг процессийн хэмнэлттэй байх зарчмын хүрээнд хөндөхгүй үлдээнэ.

 

7. Иймд шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 10,490,000 төгрөг хангасныг 5,490,000 төгрөг гэж, нэхэмжлэлээс үлдэх 400,000 төгрөг хэрэгсэхгүй болгосныг 5,400,000 төгрөг гэж тус тус өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/09417 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...10,490,000” гэснийг “...5,490,000” гэж, “...400,000” гэснийг “...5,400,000” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дах заалтын “343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “359 дугаар зүйлийн 359.1” гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “…182,790” гэснийг “…102,790” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 446,340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ

 

 

                 ШҮҮГЧИД                                 Н.ГЭРЭЛТУЯА

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ