Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 776

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч Ц.Батбямба /томилолтоор/,

Шүүгдэгч А.Ө /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Өт холбогдох эрүүгийн 1911 02411 0989 дугаартай хэргийг 2019 оны 10 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Сүмчин овогт Аюурзаны Өсөхбаяр, 1975 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа машин засварын ажил эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 16-238 тоотод оршин суух хаягтай, урьд:

1994 оны 12 дугаар сарын 23-ны едөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн ху[ацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД: НЮ75050476/

 

Шүүгдэгч А.Ө нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-411 тоотод “найзуудыг минь хөөлөө” гэх шалтгаанаар эхнэр Б.Ууганцэцэгтэй маргалдан улмаар автомашины засварын түлхүүрээр зүүн гар луу нь цохиж зүүн бугалга ясны доод булууны сэтэрсэн хугарал, зүүн тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч А.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч А.Өаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-37-38/ “..2019 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн үед Ууганцэцэг хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд ирээд бид 3-г хараад муу сайн архичид минь уухаа болиоч ээ наад сэгээ аваад зайл гээд манай найз Батмөнх рүү хэлэхээр нь би мөнгийг нь авчихсан шүү дээ яах гэсэн юм бэ машиныг нь засаж өгөөд явуулъя гэтэл над руу чи муу бас архичин гэсэн тэгээд би явлаа гэхээр нь би машин үлдээгээд яваарай гэтэл миний машин би өөрөө авсан гээд хэрүүл хийгээд байхаар нь миний уур хүрээд юм хийж байсан түлхүүрээрээ Ууганцэцэгийн гар луу нь цохитол Ууганцэцэг гар эвгүй болчихлоо гээд доошоо суусан тэгээд би бариад үзтэл эвгүй болчихсон байхаар нь би дүү Наранцацрал руу залгаад хэлсэн. Би өмнө нь эхнэртэйгээ маргалдах үе байна харин гар хүрсэн асуудал байхгүй..” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Б.Ууганцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-14-16/ “..2019 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд иртэл манай нөхөр гадаа согтуу сууж байсан би нөхөртөө тамхи авч өгөх гэж “Чулуут” гэх нэртэй дэлгүүр ортол нөгөө эхнэр нөхөр хоёр дахиад пиво авчихсан зогсож байсан. Тэгэхээр нь "хүүе та 2 одоо болиочээ" гэтэл Энхэр нь одоо энийг л уучихаад явлаа гэж хэлэхээр нь би тэгэх юм байх гэж бодоод юм дуугараагүй. Тэгээд тэд нар пиво уугаад дуусаад байж байтал би "одоо та 2 яв" гэж хэлтэл Манай нөхөр Өсөхбаяр надруу "чи дуугүй бай" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "чи юу яриад байгаа юм бэ? ажил төрлөө хийгээч гэж хэлтэл" манай нөхөр Өсөхбаяр машин засдаг багажаа бариад авсан тэгэхээр нь би зугтаад эхнэр нөхөр хоёрын араар зугтаад ортол Өсөхбаяр араас ирээд тэр төмөрөөрөө миний зүүн гар луу цохисон. Тэгээд миний гар өвдөөд нүд харанхуйлаад байсан тэгээд машины хажуухан очоод суугаад арай гайгүй болохоор нь хартал эхнэр, нөхөр хоёр явчихсан байсан манай нөхөр Өсөхбаяр өөрийн дүү Нараа руу утсаар залгаад "би эхнэрийнхээ гарыг төмөрөөр цохичихлоо гэж хэлсэн тэгээд Өсөхбаяр надад утсаа өгсөн тэгээд би автал дүү Нараа яасан юу болсон бэ гэж надаас асуусан тэгхээр нь би мэдэхгүй миний гар хөдлөж болохгүй байна гэж хэлтэл утсаа таслаад удалгүй дүү Нараа нь хүрээд ирсэн. Тэгээд эмнэлэг явсан. Өмнө нь цохиж зодож байгаагүй..” гэх мэдүүлэг,

 

Гэрч  А.Наранцацралаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-25-26/ “..2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 09 цаг 20 минутад миний ах Өсөхбаяр над руу эхнэр Ууганцэцэгийн утсаар залгаад би эхнэр Укагийн гарыг эвгүй болгочихлоо. Чи ирээд машин бариад эмнэлэг яваад өгөөч гэхээр нь би 10 цагийн үед яваад очтол Ууганцэцэгийн зүүн гарын тохойны дээгүүр цус хуралттай хавдартай байсан. Би аваад гэмтлийн эмнэлэг явсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Баяраагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-27-28/ “..10 цагийн үед байхаа Өсөхбаярын эхнэр Ука ирсэн. Тэгээд бид нарлуу “та нар одоо болиочээ, болохгүй бол наад сэгээ чирээд яваач” гээд уурласан, тэгтэл Өсөхбаяр эхнэрлүүгээ уурлаад “Юу яриад байгаа юм мөнгө төгрөгийг нь авчихаад” гээд уурлаж байсан би тэгэхээр нь засуулж байсан машин руугаа очоод багаажнаас нь солих хувцасаа гаргаад өмсөж байтал гэнэт Ука миний араар "Яаая" гээд гүйгээд ороод ирсэн Тэгэхээр нь яасан гэсэн чинь Ука "Өсөхөө ингээд байна хэцүү байна" гэсэн. Би тэгэхээр нь би та нарын амьдралыг мэдэхгүйшдээ гээд би гараад үүднээс нь такси бариад Дарь-Эх рүү явсан. Би тэр үед нээх согтоогүй байсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Батмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-29-30/ “..09 цагийн үед байхаа Өсөхбаярын эхнэр Ука ирсэн. Тэгээд бид нарлуу Myy сайн архичид амьтан хүн хорлоод ажлыг нь хийлгэхгүй юмаа гээд уурласан тэгтэл Өсөхбаяр машины урд хэсэгт юм хийж байсан юм. Харин манай эхнэр машины багаажнаас хувцасаа авч өмсөж байсан. Тэгтэл Өсөхбаяр гартаа барьж байсан түлхүүрээрээ эхнэрээ цохиод авсан тэгээд эхнэр нь суугаад байсан. Тэгээд хартал манай эхнэр гараад яваад өгсөн байсан. Тэгээд би бас хувцасаа өмсөөд араас нь гараад явсан. Би согтуу байсан гэхдээ болсон явдлыг сайн санаж байна..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6703 дугаартай дүгнэлтэнд: /хх-32/ “.. Б.Ууганцэцэгийн биед зүүн бугалга ясны доод булууны сэтэрсэн хугарал, зүүн тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” гэх шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч А.Өын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-41/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-50/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-411 тоотод найзуудыг минь хөөлөө гэх шалтгаанаар эхнэр Б.Ууганцэцэгтэй маргалдан улмаар автомашины засварын түлхүүрээр зүүн гар луу нь цохиж зүүн бугалга ясны доод булууны сэтэрсэн хугарал, зүүн тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэжээ.

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Өаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч А.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Өт оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч А.Өт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч Б.Ууганцэцэг нь шүүгдэгч А.Өаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Ө нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 17.5 см урттай саарал өнгийн, төмөр 19/17-ийн түлхүүр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сүмчин овогт Аюурзанын Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Аюурзанын Өсөхбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17.5 см урттай саарал өнгийн, төмөр 19/17-ийн түлхүүр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч А.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР