Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2026/00403

 

 

 

 

 

 

 

 

    2026          02            16                                        210/МА2026/00403                            

 

 

БНХАУ-ын иргэн *******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/08545 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 336,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “…Иргэн Н.******* нь надаас нөхцөлтэй зээлийн гэрээний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 5 сарын хугацаанд 700,000 юанийг Хаан банкны ******* тоот Н.*******ийн данс руу шилжүүлж өгөхөөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж тус мөнгийг зээлсэн.

1.2. Зээлийн гэрээг манай найз Монголд байдаг найз ******* хийсэн ба би мөнгийг шилжүүлсэн. Гэтэл гэрээний дагуу зээлийг хугацаандаа өгөлгүй удааж, өгнө гэсээр өдийг хүрлээ. Би Монгол улсын иргэний хууль сайн мэдэхгүй учир, өгнө гэхээр нь итгэж хүлээн, Монголд очиж чадахгүй байсаар удсан. Хэлэхээр өгнөө хүлээж бай гэнэ. Тэгээд ч хүнээс мөнгө авсан бол буцааж өгөх ёстой бөгөөд гэрээний дагуу Н.******* нь миний дансанд мөнгөө хийхгүй хохироосоор байна. Би тухайн үед Монгол улсад түр хугацаагаар байсан. Намайг Хятад улсдаа ирснийг далимдуулан мөнгийг минь өгөлгүй хохироож байгаа тул зээлийн гэрээний дагуу 700,000 юань болох Монгол мөнгөөр 336,700,000 төгрөгийг Н.*******аас гаргуулж өгнө үү…” гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “БНХАУ-ын иргэн ******* нь Монголд надад хөрөнгө оруулсан баримт хэрэгтэй гэж гуйсан тул өөрийн оршин суух виз гаргаад нэмэр болно гэж бодоод урьдын харилцааны явцад найз нөхөд тул би тус болж гэрээ хийж өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг БНХАУ-ын иргэн БНХАУ-ын иргэн ******* болон иргэн Н.******* нар байгуулсан. БНХАУ-ын иргэн *******-тай ямар ч гэрээ байгуулж мөнгө зээлж, зээлийн харилцаанд орж байгаагүй.

2.2. БНХАУ-ын иргэн *******-г төлөөлөх баримт бичиг хавтаст хэрэгт авагдаагүй хуулийн дагуу төлөөлөх эрхгүй этгээд атлаа нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* нь *******-г төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Мөн нэхэмжлэлдээ *******-ын гарын үсгийг дуурайлган зурсан болох нь хавтас хэргийн 4-5 хуудсанд авагдсан гарын үсгүүдийг харьцуулж харж болно.

2.3. Дээрх нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй ******* нь тус гэрээний үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд заасан Н.*******ийн ******* тоот Хаан банкны дан сруу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд *******-аас 700,000 юанийн орлого хэлбэрээр огт орж ирээгүй нь Н.*******ийн ******* тоот Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно. 700,000 юань нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ханшаар 326,844,000 төгрөг/ Мөн тус гэрээний 3.2-д зээлийн гэрээ нь зээлдүүлэгчид бодитойгоор мөнгийг гардуулан өгсөн банкны дансаар шилжүүлсэн, талууд гэрээний үүргээ бодитойгоор биелүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасныг үндэслэн уг гэрээний үүргийг ******* нь биелүүлээгүй бөгөөд тус гэрээ нь хүчин төгөлдөр бус болно. “*******” ХХК-aас гаргасан баримтын тухайд  ******* нь тухайн мөнгийг зээлийн зориулалтай биш өөр зориулалтаар шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.*******аас 272,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 1,841,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 1,519,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/08545 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2, 161.1-т заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

******* болон Н.******* нар гэрээ байгуулсан боловч мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул гэрээг байгуулсан гэж үзэхгүй. Харин БНХАУ-ын иргэн ******* *******700,000 юанийг ББСБ-аар дамжуулан хоёр удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул үндэслэлгүй хөрөнгөжсөн. *******, Н.******* нар Гэрээ байгуулагдаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж дүгнэсэн.

4.2. Зээлийн гэрээ байгуулсан буюу бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавиагүй тухай:

Нэхэмжлэгч ******* болон хариуцагч Н.Ган-Эрдэнэ нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нөхцөлтэй зээлийн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь зээлдэгч *******700,000 юанийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатайгаар, хүүгүй, алданги тооцохгүйгээр шилжүүлэх, зээлдэгч зээлийг хугацаанд нь буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарна. Гэвч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжээгүй тул гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй. Мөн энэ тухай шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Гэтэл БНХАУ-ын иргэн ******* болон Н.******* нар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хэлэлцэж, тус өдрөө БНХАУ-аас 700,000 юанийг “*******” ХХК-ийн мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр Монгол Улсын иргэн *******шилжүүлсэн байдаг.

Тодруулбал нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн “*******” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаартай, БНХАУ-ын иргэн *******-д хаягласан, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний тухай гэх албан бичигт “...2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр БНХАУ иргэн ******* нь 700,000 юанийг БАНХАУ-аас тус байгууллагын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр дамжуулан Монгол Улсын иргэн Намхайдорж овогтой *******ийн данс руу төгрөгт хөрвүүлэн шилжүүлэх хүсэлтэй байгаагаа бидэнд илэрхийлснийг үндэслэн манай байгууллага юанийг 389 төгрөгийн ханшаар тооцож хөрвүүлэн нийт 272,300,000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр хүлээн авагчийн данс руу шилжүүлсэн болно...” гэжээ.

Шүүх үүнийг дүгнэхдээ шийдвэрийн 4 дэх хуудас, тодорхойлох хэсгийн 6.8 дахь хэсэг, дээрээс 4 дэх догол мөрд ...Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* хариуцагч Н.******* нарын хооронд гэрээний дагуу үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй... гэжээ.

Дээрх ******* ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 75 дугаартай, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний тухай албан бичиг нь Иргэний хуулийн 43.1 дүгээр зүйлийн 43.1.2-д заасан хэлцэл хийснийг нотолсон баримт юм.

Тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно. Мөн 43.3-д заасны дагуу ******* хэлцлээр тохирсон мөнгийг ББСБ-аар дамжуулан зохих ёсоор шилжүүлж, түүнийг Н.******* хүлээн авч зарцуулсан нь нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн гэж үзэж уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282.4-д тус тус заасны дагуу мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцдог бөгөөд бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хуулиар тогтоогоогүй. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* *******мөнгө зээлдүүлсэн тухай хүлээн зөвшөөрдөг. Уг 700,000 юанийг шилжүүлэхэд өөр хүсэл зориг агуулаагүй бөгөөд агуулсан гэх шалгаан, нөхцөл үгүй тул нотлох баримт байхгүй.

Иргэний хуулийн 492-496 дугаар зүйлд заасан “үндэслэлгүй хөрөнгөжих”-тэй холбоотой зохицуулалт нь тухайн хөрөнгө шилжүүлсэн этгээдийн зөвшөөрөлгүй, хууль бусаар олж авсан хөрөнгийг буцааж тухайн этгээдэд олгох зорилготой бөгөөд хөрөнгө олж авсан этгээдийн эзэмшилд шилжиж буй хөрөнгө үндэслэлгүйгээр шилжсэн байхаас гадна ийнхүү үндэслэлгүй хөрөнгө шилжиж ирснээр тухайн этгээдийн хөрөнгө нэмэгдэх, улмаар дээрх хөрөнгийн ашигтай байдал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүргийн объект болдог онцлогтой зохицуулалт юм. Үндэслэлгүй хөрөнгөжих нь "хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй”, “бусдын зардлаар хөрөнгөжсөн байх” гэсэн 2 гол нөхцөлийг тавьдаг. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдсан, үүрэг үүссэн бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Хуулийн 492.1 дүгээр зүйлийн 492.1.1-д зааснаар “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй” бол буцаан шаардах эрхтэй байдаг. Энэхүү зохицуулалт нь эзний зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар олж авсан хөрөнгийг буцааж эзэнд нь олгох зорилготой бөгөөд "condictio" хэмээх ойлголтоос үүдэлтэй. Уг ойлголтын дагуу аливаа хөрөнгийн эрх зөвхөн түүний эзний зөвшөөрлийн үндсэн дээр л бусдад шилжих ёстой. Нэхэмжлэгч ******* нь өөрөө хөрөнгөө шилжүүлсэн байдаг бөгөөд талуудын хооронд үүрэг үүссэн юм.

4.3. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусахаар зохицуулсан. Аливаа нэмэлт хугацаа тогтоох зэрэг нэмэгдэл үүрэг нь ямагт үндсэн үүрэгтэй зэрэгцэн оршдог бөгөөд бие даасан үүрэг болж чаддаггүй билээ. Өөрөөр хэлбэл нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан ч үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Тиймээс 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил буюу шаардлага гаргаж эхэлсэн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 01-ний өдөр дууссан байна.

4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд алдаа гарсан тухай:

а. 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтээр *******, *******нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч энэхүү хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхисон болно. Гэвч гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтын бие даасан төрөл бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үнэн зөв байдлыг хангах үндсэн хэрэгсэл юм. Гэрчийн мэдүүлэг нь тухайн маргааны бодит байдлыг тогтоох, талуудын байр суурийг бодитой үнэлэхэд зайлшгүй хэрэгцээтэй нотлох баримтын нэг төрөл бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл, хууль зүйн үнэлэлтийн чанарт шууд нөлөөлдөг. Шүүхээс гэрч дуудах хүсэлтийг үндэслэлгүйгээр шийдвэрлээгүй нь талуудын тэгш байдлын зарчим, нотлох баримт гаргах, шинжлүүлэх эрхийг хязгаарласан шинжтэй.

б. Дээрх хүсэлтэд 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдөр 1888 дугаартай бэлэглэлийн гэрээгээр *******нь Бэсүд овогт *******н *******/ Орхон аймаг Баян-Өндөр сум, 3-р баг, Уурхайчин 3-р хороолол Би Би Парк Оюутны гудамж 2-28 тоот 52.64 м.кв орон сууц шилжүүлсэн байдаг. Н.******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж *******-д тооцоонд шилжүүлэх тухайгаа илэрхийлж байсан. Гэтэл *******-ийн "найзад нь наад үл хөдлөх хөрөнгө чинь хэрэгтэй байна манай хуурай дүү болох *******д шилжүүлчих" гэх хүсэлтээр шилжүүлсэн байдаг. Үүнээс нэхэмжлэгчийн зээл олгосон болох нь тогтоогдох давхар ач холбогдолтой байсан. Үл хөдлөх эд хөрөнгийг тус үнийн дүнд шилжүүлж өгсөн юм.

в. Улмаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангах үүднээс хууль зүйн хувьд битүүмжлэх боломжгүй, уг маргаан үүсэхээс өмнө гуравдагч этгээдэд худалдах худалдан авах гэрээ хийсэн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж бусдад хүнд нөхцөл бий болгосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-д зааснаар "...хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл..." бодит нөхцөлд нийцээгүй “...түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заагаагүй” байх тул 116 дугаар зүйлийн 116.2.-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” байна.

Иймээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/08545 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Эсхүл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1 дүгээр зүйлийн 167.1.2, 167.1.5, тус тус заасны дагуу хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******, ******* нар нь хариуцагч *******холбогдуулан нөхцөлтэй зээлийн гэрээний дагуу 700,000 юань буюу 336,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг надад шилжүүлээгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж тайлбарлан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

4. Хэрэгт зээлдүүлэгч *******, зээлдэгч Н.******* нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Нөхцөлтэй зээлийн гэрээ, Намхайдоржийн *******ийн Хаан банкин дахь ******* дансанд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гүйлгээгээр 150,000,000 төгрөгийг “арилжаа” гэх утгаар, мөн 122,300,000 төгрөгийг “арилжаа” гэх утгаар тус тус Хаан банкин дахь 5007635234 данснаас шилжүүлсэн баримт авагдсан ба үүнийг хариуцагч талаас “…иргэн Б*******өмчлөлийн Орхон аймагт байрлах орон сууцыг худалдан борлуулж *******-ийн тооцоонд шилжүүлэх тухай саналыг илэрхийлж байсан, түүний хүсэлтийн дагуу хуурай дүү болох Д*******өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг шилжүүлсэн...” гэж тайлбарлаж, энэ нөхцөл байдлыг тодруулах зорилгоор *******, ******* нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогч гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй гэснийг зөрчжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/08545 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,524,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

                 ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ