Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 774

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Г.Т, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Гансүхийн Г.Т, Боржигон овогт Батсайханы Б.Н нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911019630918 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 20-ны Хэнтий аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МҮИС-ийн ЭЗБУС-ийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 1, Хэнтий аймгийн Дархан сум 2 дугаар баг Хараат гэдэг газар оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зурагтын хуучин эцэст Баянхошуу явдаг автобусны буудлын ард талд 95 тоот хашаанд нийтийн байранд 206 тоотод түр оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гансүхийн Г.Т /РД: СЩ99082014/,

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 27-ны Сүхбаатар аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Механик инженерийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 2, найзын хамт Сүхбаатар аймаг Баруун урт 1 дүгээр баг Мандал хороолол 2 дугаар байр 8 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-77 тоотод байрлах нийтийн байрны 5 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсайханы Б.Н /РД: ЛЮ98062721/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.Т, Б.Н нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн хэрэг гардаг өдөр 17 дугаар сургуулийн хажуу талын “Дуулга” гэдэг бааранд Б.Нтэй хамт ажиллаж байсан. Тухайн өдөр 2 залуу орж ирж ууж муудалцаж байгаад микрофон эвдсэн. Б.Н очиж та микрофон эвдчихсэн байна төлж өг гэхэд Б.Нийг чирээд авч гарсан. Тэд гадаа гарч муудалцаж, зууралдаж байж байгаад Б.Нийг өшиглөсөн. Би очиж маргалдаж зууралдаж байгаад газар унаж хөмсөг нь сэтэрсэн. Манай хажуу талын байранд ажилладаг эгч цагдаа дуудаж цагдаа нар ирсэн гэв.

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Дуулга” гэх бааранд барменаар ажиллаж байсан. Хохирогч залуу нэг найзтайгаа орж ирж 3 шил пиво уусан. Дараа ширээ сэлгэж сууж өөр ширээнд сууж 3 шил пиво уусан. Эргээд өөрийн анх сууж байсан ширээн дээр очиж 5 шил пиво уусан. Гаднаас нэг эгч орж ирж 3 дуу дуулчихъя гэсэн. Дууг нь хийчихээд нөгөө ахаас микрофоноо авах гэтэл тэр залуу микрофоныг шидсэн. Би очиж та микрофон эвдчихлээ гэхэд миний урдаас хуц пизда минь гэсэн. Намайг гадагшаа чирж гадаа муудалцаж намайг нэг удаа өшиглөсөн би зөрүүлээд 2 удаа цохисон гэв.

 

Шүүгдэгч Г.Т, Б.Н нар нь бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” гэх нэртэй үйлчилгээний газар ажиллаж байхдаа, тус газраар үйлчлүүлж байсан хохирогч Т.Батчулуунтай “караокены микрофон эвдэлсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож Г.Т нь дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд шарх, гэмтэл зүүн хацарт зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл, Б.Н нь зүүн нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тус тус учруулж хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч Т.Батчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр манай багийн найз Туяабаяр /Шонх гэж дууддаг/ манай гэрт ирээд бид хоёр 18 цаг өнгөрч байхад манай гэрээс гараад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Дуулга баарны караокед ороод 3, 3 шил пиво авч уугаад 2 орчим цаг дуулсан юм. Дуулаад дуусах үед микрофон нь заримдаа ажиллахгүй заримдаа ажиллаад байсан юм тэгээд би дуулж дуусчихаад микрофоныг нь барьж байгаад унагаачихсан чинь скочтой байсан нь салчихсан юм. Би найзтайгаа гараад явах гэж байтал Дуулга караокены бармен болох өндөр шар охин, туранхай бор залуу хоёр хойноос хүрч ирээд намайг татаж чангаагаад микрофон эвдээд хаячихлаа гэж хэлсэн тэгэхээр нь манай найз Шонх төлөөд өгье гэж хэлсэн энэ үед миний хоолойноос бармен залуу боочихсон байсан болохоор би тавиулах гээд хөлөөрөө бармен охиныг өшиглөчихсөн юм. Тэгтэл бармен залуу чи эмэгтэй хүн өшиглөчихлөө ш дээ гэж хэлээд миний зүүн шанаа руу цохиод авахад би газарт унахад нөгөө залуу миний нүүр рүү өшиглөөд дэвссэн энэ үед манай найз Шонх салгасан юм. Намайг тэр залуу газарт унасан байхад дэвсэхэд миний хөмсөг шатны ирмэгт цохигдож сэтэрсэн юм. Энэ үед нөгөө бармен охин намайг бас өшиглөөд байсан. ... дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд шарх, гэмтэл зүүн хацарт зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт гэмтлийг баарны бармен гэх залуу намайг цохиод газарт унагаагаад шатны ирмэг мөргүүлээд нүүр хэсэгт өшиглөх үед үүссэн гэмтэл юм. Харин зүүн нүдний алиманд цус хуралт гэмтлийг баарны бармен эмэгтэй намайг эрэгтэй бармен залуу барьж байхад зүүн нүд рүү цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36х/,

гэрч Н.Туяабаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...бид хоёр караокенаас гараад шатан дээр явж байтал араас караокены бармен болох эрэгтэй эмэгтэй хоёр гарч ирээд манай найзыг татаж чангаагаад микрофон эвдээд хаячихлаа гэж хэлсэн тэгэхээр нь би төлөөд өгье гэж хэлсэн энэ үед тэр залуу манай найзыг заамдаад боогоод байсан бөгөөд манай найз заамдсанг нь болиулах гэж байхдаа тэр бармен эмэгтэйг өшиглөх шиг болсон тэгтэл тэр залуу чи эмэгтэй гар хүрдэг хэн бэ гээд Батчулууны баруун шанаа орчимд нэг удаа цохиход Батчулуун газарт унах гэхэд нь тэр залуу өшиглөөд газарт унагаасан юм. Тэгээд газар уначихсан байхад нь тэр залуу дээр нь дэвсээд нүүр лүү нь өшиглөсөн энэ үед би тэр залууг салгах гэхэд нөгөө хамт байсан бармен охин надаас зуураад байсан Батчулууныг өшиглөж дэвссэн залуу газар хавсраад дэвсэхдээ баруун хөмсгийг нь шатны ирмэгт хавсраад цохисон гэж бодож байна. Мөн эмэгтэй нь манай найзын нуруу хэсэгт нь өшиглөөд байсан энэ үед манай найз намайг цагдаа дууд гэсэн би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 39х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №8901 дугаартай дүгнэлтэд: “...Т.Батчулууны биед дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд шарх, зүүн хацарт зулгаралт, баруун дээд зовхи, зүүн зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /хх-ийн 46х/

Шинжээч А.Амгаланболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зүүн зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Г.Т, Б.Н нарын бүлэглэж хохирогч Т.Батчулуунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар зодож эрүүл мэндэд нь тус бүр хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Т.Батчулуунд энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролын талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул хохирогч нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Т, Б.Н нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ оролцсон оролцоо адил, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-нд хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үйлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Боржигон овогт Гансүхийн Г.Т, Боржигон овогт Батсайханы Б.Н нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Т, Б.Н нарыг тус бүр 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Т, Б.Н нарт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гураваас дээшгүй цагаар эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Т, Б.Н нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Т.Батчулуун нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Т, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ