| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 183/2024/03941/И |
| Дугаар | 210/МА2026/00354 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00354
2026 02 09 210/МА2026/00354
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ий өдрийн 192/ШШ2025/08221 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
8,737,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагч ******* ХХК-иас 19,257,634 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосон шийдвэр хүчин төгөлдөр болсон. Уг 19,257,634 төгрөгийн төлбөрөөс 10,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, алданги 5,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр багтаан төлөх үүрэгтэй байсан. Гэрээнд хамгаалагдсан хөрөнгийн мөнгөн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр урамшуулал олгоно, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 06 сараас дээш хугацаагаар үргэлжилбэл 07 дахь сараас эхлэн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх нэмэлт хөлсийг сар бүрийн 4 дэх 7 хоногт багтаан төлнө гэж заасан тул 19,257,634 төгрөгийн төлбөрөөс 420,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр түүний алданги 210,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 420,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, түүний алданги 210,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөрт тус тус багтаан төлөх үүрэгтэй болно.
“*******” ХХК-аас 19,257,634 төгрөгийг гаргуулж, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр авагч *******дансанд шилжүүлсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт "Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй" гэж заасан.
1.2. “*******” ХХК нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан өмгөөллийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд хэтрүүлсэн хугацааны хүүг Монголбанкны бодлогын хүүгээр тооцон төлөх ёстой. “*******” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр багтаан төлөх ёстой 10,000,000 төгрөгийн өмгөөллийн хөлсөнд тохирсон хүү 4,606,147.90 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөрт багтаан төлөх ёстой 5,000,000 төгрөгийн алдангид тохирсон хүү 2,129,780.30 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөрт багтаан төлөх ёстой 1,267,137.99 төгрөгийн өмгөөллийн хөлсөнд тохирсон хүү 737,652.60 төгрөr. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөрт багтаан төлөх ёстой 633,568.99 төгрөгийн тохирсон хүү 339,302.90 төгрөг. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөрт багтаан төлөх ёстой 420,000 төгрөгийн өмгөөллийн нэмэлт хөлсөнд тохирсон хүү 210,150.80 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөрт багтаан төлөх ёстой 210,000 төгрөгийн алдангид тохирсон хүү 87,987.30 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөрт багтаан төлөх ёстой 420,000 төгрөгийн өмгөөллийн нэмэлт хөлсөнд тохирсон хүү 205,459.50 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөрт багтаан төлөх ёстой 210,000 төгрөгийн алдангид тохирсон хүү 86,100.80 төгрөг, нийт 8,402,582.10 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй болно. “*******” ХХК нь энэхүү нэхэмжлэлийг гаргахад зарцуулсан нотариатын үйлчилгээний зардал 28,000 төгрөг, шуудан илгээмжийн зардал 6,600.00 төгрөг, мөнгөн төлбөрийн үнэлгээний ажлын төлбөрийн зардал 300,000 төгрөг, нийт (28,000.00+6,600+300,000)=334,600 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй болно.
Иймд “*******” ХХК-аас нийт (8,402,582.10+334,600)=8,737,182.10 төгрөгийг гаргуулж надад олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани нь өмгөөлөгч *******тай 2019 оны 02 дугаар сарын 08, 05 дугаар сарын 31, 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус тус “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, хууль зүйн үйлчилгээ авсан.
Өмгөөлөгч ******* 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх-д гаргасан Б-1/24-060 дугаар нэхэмжлэлээр манай компаниас 8,737,182 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаас үр дүнгийн хөлс 1,267,138 төгрөг, түүний алданги 633,569 төгрөг, зардал 4,400 төгрөг, нийт 1,905,107 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээтэй холбоотой шаардлагаас өмгөөллийн хөлс, алданги болон нэмэлт хөлсний 76,260,000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж, баримтаар нотлогдсон зардал 9,480 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж тогтоосон. “Багануур” ХК-тай холбоотой 1,500,000,000 төгрөгийн тохиролцоонд 10 хувь буюу 150,000,000 төгрөгийн хөлс олгохоор талууд бичгээр тохиролцсон нь нотлогдоогүй тул уг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нотариатын зардал 135,670 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзсэн. Ингээд анхан шатны шүүхээс нийт 16,900,707 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулж өмгөөлөгч *******т олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тооцооллын алдааг залруулж, хариуцагч “*******” ХХК-аас нийт 19,257,634 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор эцэслэн шийдвэрлэсэн.
2.2. Шүүхийн шийдвэрийг манай компани биелүүлж, 19,257,634 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өмгөөлөгч *******дансанд шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Нэхэмжлэгч *******“Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу нэхэмжилсэн төлбөрийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэж, манай компани төлбөрийг бүрэн төлсөн болно. Иймд нэхэмжлэгч ******* манай компаниас 8,737,182 төгрөг шаардах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “*******” ХХК-аас 8,737,182.10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,745 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 154,745 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08221 дугаар шийдвэр нь нэг эрх зүйн харилцаанаас үүдэлтэй, өмнө нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэрээний маргааны үр дагаврыг “алданги” гэх нэрийн дор дахин бие даасан маргаан болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн гэрээний үндсэн маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, гэрээний үүрэг, түүний зөрчил, мөнгөн төлбөр болон түүнээс үүдэх эрх зүйн үр дагаврыг бүхэлд нь тогтоосон. Одоо нэхэмжилж буй алданги нь үндсэн үүргийн зөрчлөөс шууд хамаарах дагалдах шаардлага бөгөөд үндсэн маргааныг хэлэлцэх үед хамтад нь шаардах боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч өмнөх хэрэгт уг шаардлагыг гаргаагүй, шүүх ч энэ нөхцөлийг үнэлээгүй байна.
4.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэнт хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдсэн асуудлыг дахин маргаан болгохгүй байх (res judicata) зарчим үйлчилнэ. Нэхэмжлэлийн нэр, хэлбэр өөрчлөгдсөнөөс үл хамааран нэг эрх зүйн харилцаанаас үүдэлтэй, гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн маргааныг дахин салган хэлэлцэхийг хориглоно. Алданги, хүү нь үндсэн үүргээс дагалдан үүсэх хариуцлага (accessory liability) бөгөөд “penalty upon penalty” буюу алдангиас алданги тооцохгүй гэсэн суурь зарчмаар тайлбарлагдана. Гэтэл анхан шатны шүүх алдангийн шаардлагыг хангахаас гадна мөнгөний үнэ цэнийн өөрчлөлтийн дүгнэлтээр өмнө тогтоогдсон дүнг нэмэгдүүлсэн нь дагалдах хариуцлагыг дахин өсгөсөнтэй адил эрх зүйн үр дагавар бий болгож, маргааныг нэг мөр эцэслэх, эрх зүйн тодорхой байдлыг хангах зарчимд харшилж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь res judicata, дагалдах хариуцлагын шинж болон алдангиас алданги тооцохыг хориглосон суурь зарчмыг зөрчсөн гэж үзнэ.
4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан хүндэтгэн үзэх шалтгааныг урьдчилан мэдэгдэж, нотлох баримтаа ирүүлэн, оролцох боломжтой нөхцөлийг тодорхой тайлбарласан байхад шүүх уг хүсэлтийг бодитоор үнэлэлгүйгээр өмгөөлөгчийн оролцоогүй шийдвэрлэсэн нь талуудыг сонсох (audi alteram partem), мэтгэлцэх, өмгөөлөгчийн туслалцаа авах процессын суурь зарчмыг ноцтой зөрчсөн байна. Энэ нь хэргийг бүрэн, бодитоор хэлэлцэх боломжийг хязгаарласан процессын ноцтой алдаа бөгөөд шийдвэрийн агуулгад нөлөөлсөн. Иймд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08221 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэжээ.
5. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хуульд заасан журмын дагуу тодорхойлон, тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр гаргуулсан санхүүгийн тооцоолол болон бусад хангалттай нотлох баримтад тулгуурлан гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан санхүүгийн тооцоолол, боломжит хүүгийн тооцооллыг хариуцагч тал маргаагүй бөгөөд миний зүгээс алданги давхар нэхэмжлээгүй болно.
5.2. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж, 222.7-д хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж тус тус заасан. Иймд хугацаа хэтрүүлж төлсөн мөнгөн төлбөрийн хүү болон нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан зардлыг хариуцагч “*******” ХХК төлөх үүрэгтэй.
Хариуцагч тал давж заалдах гомдолдоо шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулаагүй нь эрх зөрчсөн гэж дурдсан. Гэвч анхан шатны шүүх хуралдаан нийт зургаан удаа товлогдож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс хуралдаан хойшлогдож байсан. Сүүлийн гурван удаагийн товыг тогтоохдоо талуудын санал, боломжийг харгалзан мэдэгдсэн. Гэсэн хэдий ч хариуцагчийн өмгөөлөгч тухайн өдөр өөр, өмнө нь товлогдоогүй хуралдааныг сонгон оролцсон нь шүүхийн ажиллагаанд саад учруулсан шинжтэй нөхцөл байдал үүсгэсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан үндэслэл бүрдсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, хууль зүйн туслалцаа авах боломжоор бүрэн хангагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 8,737,182.10 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт шийдвэрлэсэн асуудал тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.
3. Хэргийн баримтаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/01550 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01302 магадлалаар, *******, “*******” ХХК-ийн хооронд 2019 оны 02 дугаар сарын 08, 05 дугаар сарын 31, 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 19,257,634 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй ба уг шийдвэрийн дагуу 19,257,634 төгрөгийг ******* ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр *******т төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх-10-21/
4. Нэхэмжлэгч шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон;
4.1. 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.2, 5.4-т төлбөр төлөх үүрэг, алданги төлнө гэж заасны дагуу 19,257,634 төгрөгийн төлбөрөөс 10,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлөх үүрэгтэй тул мөн хугацаанаас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 4,606,147.90 төгрөгийн хүү, алданги 5,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлөх үүрэгтэй тул мөн хугацаанаас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 2,129,780.30 төгрөгийн хүү,
4.2. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.3, 5.4-т урамшуулал олгоно, алданги төлнө гэсний дагуу 19,257,634 төгрөгийн төлбөрөөс 1,267,137.99 төгрөгийн хүүг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төлөх үүрэгтэй тул мөн өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 737,652.60 төгрөгийн хүү, алданги 633,568.99 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлөх үүрэгтэй тул мөн хугацаанаас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 339,302.90 төгрөгийн хүү,
4.3. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5.2, 5.3-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөлс авна, алданги төлнө гэсний дагуу 19,257,634 төгрөгийн төлбөрөөс 420,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлөх үүрэгтэй тул мөн өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 210,150.80 төгрөгийн хүү, алданги 210,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлөх үүрэгтэй тул мөн өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 87,987.30 төгрөгийн хүү, 420,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлөх үүрэгтэй тул мөн өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 205,459.50 төгрөгийн хүү, түүний алданги 210,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлөх үүрэгтэй тул мөн өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 86,100.80 төгрөгийн хүү, нийт 8,402,582.10 төгрөг, нэхэмжлэл гаргахад зарцуулсан нотариатын зардал 28,000 төгрөг, шуудан илгээмжийн зардал 6600 төгрөг, үнэлгээний ажлын зардал 300,000 төгрөг, нийт 8,737,182.10 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч дээрх тооцооллыг гаргахдаа хариуцагчийг нэхэмжлэгчтэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан өмгөөллийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул хэтрүүлсэн хугацааны хүүг Монголбанкны бодлогын хүүгээр тооцож 8,402,582.10 төгрөг, гэрээний үүрэгтэй холбоотой нэмэлт зардалд 334,600 төгрөг шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч тал хариуцагчийн мөнгө төлөх үүргийг гэрээгээр тохирсон хугацаанаас эхлэн тооцон шаардаж байгаа нь талуудын хооронд байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх дээрх 3 гэрээний үүрэгт хамаарах ба нэгэнт дээрх гэрээний дагуу талуудын хооронд үүссэн үүргийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрх талуудад үүсэхгүй.
Иймээс “*******” ХХК болон ******* нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний үүргийн харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй асуудлыг дахин шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
5. Харин анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах эрхээр хангаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах агуулгатай гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
5.1. Хэрэгт авагдсан баримтаар, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, товыг талуудад мэдэгдсэн, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 105 дугаар зүйлийн 105.1-т заасантай нийцнэ. Хариуцагч, түүний өмгөөлөгчид шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж шүүх хуралдааныг өмнө нь хойшлуулж байсан тул хуралдаан давхацсан гэх хүсэлтийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхино. /хх161-164/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/08221 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 8,737,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ц.ЦЭРЭНДУЛАМ