Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 779

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч А.М, М.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Алтансүхийн А.М, Ваажин овогт Мягмардоржийн М.Х нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911018120812 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4,аав, ээж, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, УБ таун 81-6-13 тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 847 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Боржигон овогт Алтансүхийн А.М /РД: УШ99021437/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ион бааранд зөөгч ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамтБаянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол 42-30 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Ваажин овогт Мягмардоржийн М.Х /РД: ЗЮ98082817/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч А.М, М.Х нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Наранбаяр, Ариунболд, М.Х нарын гэрчээр өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байгаа. Ямар ч нотлох баримтгүй, камерын бичлэггүй газар намайг гаран дээр нь шил зоосон гэж байгаа. Өөрсдөө гадаа камерт намайг шилээр цохисоныгоо арай өөрөөр шидсэн мэтээр камерын бичлэгээс арай өөр зүйл ярьсан байсан. Иймээс би харилцан зодоон гэж үзэхгүй байгаа гэв.

Шүүгдэгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг пивоны шилээр зүссэн биш зоосон би нүүрээ дараад хэвтэж байхад намайг өшиглөсөн. Би ширээн дээр байсан зүйлүүдийг шидсэн ч гэсэн гартаа ямар ч шил бариагүй М.Х гаранд шил зоогоогүй. Өөрөө намайг нүүрэн дээр зүссэн гэж хэлж байгаа боловч миний нүүрэнд дүрсэн. Би нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Харилцан зодоон биш гэж үзэж байгаа гэв.

Хохирогч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед А.М нь ширээн дээр байсан пиво архины шилнүүдийг ар араас нь шидэж байсан. Тухайн үед бид 2 маргалдсан байсан. Тухайн үед миний гарыг зүссэн. Ариунболд, Наранбаатар 2 наадах чинь агсан тавиад байна явъя гээд бид 3 гарч явсан. Бид 3 гараад явж байхад А.М араас гарч ирээд зодолдъё гэхээр нь жаахан гоморхоод цагдаа дуудсан. Прокурор дээр очиж яллах дүгнэлтээ авахдаа бид 2 хоорондоо хоёулаа хэргээ аятайхан шиг шийдвэрлүүлчихье гэж ярилцаж байсан. А.М тэр үед би тухайн болсон үйл явдлыг санахгүй байна гэж хэлж байсан. Хэрвээ санаж байсан бол Наранбаяраас би яасан бэ гэж асууж тодруулах шаардлагагүй байсан байх. Шил, аягануудыг ширээн дээр хагалж хана руу шидээд байсан намайг түлхэхдээ зүссэн үү эсхүл албаар зүссэн үү гэдгийг мэдэхгүй байна. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

Шүүгдэгч А.М нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ану" паб дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Хтой маргалдаж улмаар шилээр зүүн гар тус газарт нь зүсэж эрүүл мэндэд нь "зүүн гарын сарвуунд шарх гэмтэл" бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч М.Х нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны орой Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ану" пабын гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч А.Мтой зодолдож, шилээр нүүрэн тус газарт нь зүсэж эрүүл мэндэд нь "биед тархины дух хэсгийн эдэд жижиг цэгэн цус харвалт, зүүн нүдний алимны гадна булан, зүүн хацар шанаа, нүдний зовхины гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зүсэгдсэн шарх" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч М.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо АНУ пабд 14 цагийн үед найз нарын хамт Ариука найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж орсон. Караокед орж Эдэн нэртэй 2 шил архи болон пиво авч уусан. Бид нар караокед дуулж 21 цаг хүртэл байсан. 21 цагийн үед намайг 00 өрөөнд ороод буцаж караокений өрөө рүү ороход А.М согтоод Наранбаяр болон Ариунболд нар руу агсарсан байдалтай сууж байсан. Би А.М руу очоод битгий агсам тавиад бай, боль гэж хэлэхэд А.М ширээн дээр байсан архи болон бусад зүйлийг түлхэж унагааж шидлэж байхдаа миний гарыг пивоны шилээр зоож зүссэн. А.Мыг агсам тавиад байхаар нь орхиод гарсан. Тэгтэл араас гарж ирээд зодолдьё гээд орилоод байсан. Наранбаяр, Ариунболд нар А.Мыг болиулах гэж очиход тэд нарыг холд ойртох юм бол ална шүү гээд орилоод байсан. Тэр үед миний уур хүрч бас гарыг минь архины шилээр зүсэж гэмтээсэнд гомдоод барьж байсан Сэнгүр нэртэй пивоны шилийг хагалж шидэхэд А.Мын нүүрэн тус газар, зүүн талын хацар хэсэгт онож гэмтээсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,

хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Ану гэх пабд 15-16 цагийн хооронд найз М.Х, Наранбаатар, Ариунболд болон Ариука нарын хамт орсон. Ороод бид нар 10 шил сэнгүүр нэртэй пиво болон 1 шил Эдэн, 1 шил Соёрхол нэртэй архи авч уусан 20 цаг хүртэл ууцгаасан. Би архиндаа согтоод хуучний явдлаас болоод Ариунболдруу уурласан. Тэр үед М.Х хажуу талаас надруу хандаж уурлаад байсан. Би ширээн дээр байсан архины аяга авч үүдрүү шидсэн. Өрөөн дотор зодоон цохион болоогүй. Би М.Хтой маргалдаж пабаас зодолдохоор гарсан. Гадаа гарч М.Хтой хэрэлдэж удаачгүй байтал М.Х баруун гараараа пивоны шилний хүзүү хэсгээр миний зүүн талын чих нүд хоёрын голд зүсэж гэмтээсэн. Тэгээд би ахиад М.Х дээр очоод шилээ хаячих гэж хэлтэл хаяхгүй байсан. Тэр үед Ариунболд, Наранбаяр нар ирж М.Хыг аваад явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,

гэрч Э.Энхмандахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Ану нэртэй пабд хамгаалагчаар ажилдаг юм. Тэгээд намайг 16 цагийн үед ажил дээрээ ирэхэд манай караокений 6 номерийн өрөөнд манайд зөөгчөөр ажилладаг Ариука найз нартайгаа хамт сууж байсан. Тэгээд тэд нар өрөөндөө хэрэлдэж маргалдаад байх шиг байсан. Тэгээд би гайгүй болчих байх гээд чагнаад сууж байтал гэнэт аяга хагарах чимээ гарахаар нь өрөөнд очиход хар футболк, цагаан футболк өмссөн 2 залуу хоорондоо маргалдсан бололтой ширээн дээр байсан стакан хагалчихсан найз нар 2 талд салгаад зогсчихсон байсан. Тэгэхээр нь өрөө рүү ороод та нар энд зодолдож болохгүй гэж хэлсэн. Цагаан футболк өмссөн залуу заза гарья гээд гараад явсан. Гэтэл хар футболктой залуу араас нь гараад явсан. Текэн дээр ирээд камераа хараад сууж байтал хар футболк өмссөн залуу цусаа гоожуулаад зогсож байгаа харагдсан. Тэгээд би гадагшаа гараад хэрхэн юу болсон талаар асуухад сайхан зодолдох байсан юм гээд яриад зогсож байсан. Тэгээд хамт явж байсан найз нар нь зам дээр такси барих гээд зогсож байхаар нь араас нь очоод танай найз цус алдаад одоо бараг ухаан алдаж байна гэсэн чинь буцаж ирээд хамт гэмтлийн эмнэлэг явья гэсэн чинь цусаа гоожуулаад зогсож байсан хар футболктой залуу ойртох юм бол ална шүү гээд орилоод байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,

гэрч Ж.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай ажил дээр Ану караокед ирж архи уусан. Тэгээд байж байтал А.М, М.Х 2 хоорондоо муудалцан зодолдсон" гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,

гэрч Н.Наранбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...А.М тэр үед М.Х Ариунболд бид нар руу агсарч орилоод ширээн дээр байсан пивоны шилнүүдийг авч шидээд байсан. А.М агсарч байхдаа ширээн дээр байсан пивоны шилээр М.Хыг гарыг цохиж зүсэж гэмтээсэн. Караокед өөр ямар нэгэн зодоон болоогүй. А.Мыг агсараад байхаар нь бид нар бүгд гараад явцгаасан. Тэгтэл А.М араас гарч ирээд байж бай зодолдьё гээд байсан. А.М, М.Х 2 бие биенээ цохих шиг болсон. Тэгтэл М.Х гэнэт барьж явсан пивоны шилийг шидэж А.Мын нүүрэн тус газар онож гэмтээсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,

гэрч Ц.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...А.М агсарч байхдаа ширээн дээр байсан пивоны шилээр М.Хын гарыг цохиж зүсэж гэмтээсэн. Караокед А.М, М.Х 2 хоорондоо зууралдаад байсан. Наранбаяр бид 2 А.М, М.Х нарыг салгасан. А.Мыг агсараад байхаар нь бид нар бүгд гараад явцгаасан. Тэгтэл А.М араас гарч ирээд байж бай зодолдьё гээд орилоод байсан. Тэгтэл М.Х гэнэт барьж явсан пивоны шилийг шидэж А.Мын нүүрэн тус газар зүүн хацрыг онож гэмтээсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 8057 тоот шинжээчийн дүгнэлтэнд “А.Мын биед тархины дух хэсгийн эдэд жижиг цэгэн цус харвалт, зүүн нүдний алимны гадна булан, зүүн хацар, шанаа, нүдний зовхины гадна булан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хх-ийн 37х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 8268 тоот шинжээчийн дүгнэлтэнд "М.Хын биед зүүн гарын сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 38х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч А.М, М.Х нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

А.М, М.Х нар нь шүүхийн хэлэлцүүлэгт бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч А.Мод ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, уг гэмт хэргийг гарахад өөрийн буруутай үйл ажиллагаа нөлөөлж, шалтгаан нь болсон буюу гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл хүлээж байсан хувийн байдал зэргийг нь харгалзан 550 нэгжээр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Хт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Боржигон овогт Алтансүхийн А.М, Ваажин овогт Мягмардоржийн М.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Мыг 550 нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

М.Хыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар А.М, М.Х нарыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.М, М.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ