Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00319

 

 

 

 

 

 

 

 

   2026           02             04                                       210/МА2026/00319                            

 

 

“*******” НҮТББ,

*******нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/09338 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” НҮТББ, *******нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “*******” шашны байгууллагад холбогдох,

 

Засвар хийсэн барилгын материалын үнэ болон ажилчдын цалин хөлсөнд нийт зарцуулсан 55,253,521 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хохиролд 62,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдаавуу, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “*******” НҮТББ, *******нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч *******, “*******” хийдийн лам *******, *******нартай найз нөхдийн харилцаатай. 2021 оны 10 дугаар сарын үед ******* нь *******хийдэд байрладаг хүүхдүүдтэй ханьтай хамт байж, хичээл орох боломж байна уу гэсний дагуу зөвшөөрч тус хийдийн 2 давхарт ******* ламын өрөөний хажуу талын өрөөг гаргаж өгсөн. “*******” хийдэд байрлаж бурхан бүтээх ажлыг хийхээс гадна тус хийдийн ламхай нарт хичээл орох зорилгоор “*******” хийдийн 2 давхрын 25 м.кв өрөөнд байрлаж үйл ажиллагаа явуулсан. 2022 оны 01 дүгээр сард *******тус хийдийн ловон лам болсноор тусдаа өрөөнд суух шаардлагатай учраас нэхэмжлэгчийн байрлаж буй хийдийн 2 давхарт байх 25 м.кв өрөөг суллаж өгсөн.

1.2. Нэхэмжлэгч байгууллага сургалтын үйл ажиллагаа явуулдаг учраас “*******” хийдийн 1 давхрын талбайг өөрөө засвар хийж, тохижуулж ор, харин 10 жилийн хугацаанд “*******” хийдийн ламхай нарт төвд бичиг, бурхан урлахуйн ухааны талаар хичээл заалгая гэж *******, *******нар нь нэхэмжлэгч нартай тохирсноор 1 давхрын 300 м.кв талбайд нэхэмжлэгч нар өөрийн хөрөнгөөр засвар хийж тохижуулан орсон. Ингэхдээ нэхэмжлэгч “*******” ТББ нь талбайн тог, ус дулааны мөнгийг заалтаар нь төлж 10 жилийн хугацаанд түрээсийн төлбөр төлөхгүйгээр байх буюу тус хугацаанд хийдийн ламхай нарт хичээл заах, сургалт орох байдлаар байрлахаар харилцан тохирсон.

1.3. Тухайн үед барилгыг улсын комисс хүлээж аваагүй, барилгын засварын ажил бүрэн дуусаагүй, 300м.кв талбайн 1 давхрын шал плита, хана, тааз нь хар замасктай байсан.  Нэхэмжлэгч нь тохижуулж багшийн 1 өрөө, хичээлийн том танхим 1, сургалтын жижиг өрөө 3, зээгт наамлын өрөө 1, агуулах, ариун цэврийн өрөө, гал тогоо, хоолны заал гэх мэт өрөө, тасалгаа гаргаж засвар хийсэн. Барилга бүтээцийн хувьд 2 давхраас 1 давхарт буух зориулалт байгаагүй ба гадна талаасаа ордог байсан хийцлэлтэй байсан учраас хажууд байх хэвлэлийн үйлдвэрээс тусгаарлахын тулд гаднаа төмөр шат холбож, хаалга хийж, цонх гаргасан. Паар холбох, цэвэр, бохир усны шугам холбож, агааржуулалтын хоолой, цахилгааны монтаж хийж, өрөө бүрд розетка, унтраалга, гэрэл суурилуулж, хаалгануудад түгжээ хийх зэргээр тохижуулсан. 

1.4. ******* хийдийн удирдлага солигдсон, зөрчилдөөн үүссэн гэх байдлаар засвар хийж, үйл ажиллагаа явуулснаас хойш 4 сарын дараа 2023 оны 09 дүгээр сард хийдээс хүүхдүүдэд хичээл заалгахгүй, талбайг суллаж өгөхийг шаардсан мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн. Хариуцагч тухайн талбайд 10 жилийн хугацаатай үнэгүй суулгана гэсэн учраас бид 300 м.кв талбайг өөрийн зардлаар засан сайжруулсан. Засвар хийсэн мөнгөндөө тохируулан урлахуйн ухааны захиалгат ажлыг дуусгах хүртэл хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сар хүртэл байрлаж, түрээс төлье гэх байдлаар хэд хэдэн удаа уулзалт хийсэн боловч талууд тохиролцоонд хүрээгүй, тог таслах зэргээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр талбайг хийдэд хүлээлгэж өгсөн. Талууд талбайг 10 жилийн хугацаанд ашиглуулах учраас, өөрөө засвар тохижилтоо хийгээрэй гэж тохирсон учраас л уг талбайг бид тохижуулсан. Хэрэв ингэж тохироогүй бол хэзээ ч суллаж өгөх магадлалтай талбайд ийм хэмжээний засвар, үйлчилгээ хийхгүй байх байсан нь ойлгомжтой.

1.5. Нэхэмжлэгч талаас барилгын материал болон ажилчдын цалин хөлсөнд 61,000,000 төгрөг зарцуулсан. Бид хөрөнгийн үнэлгээний компаниар тогтоогдсон засвар хийхтэй холбоотой гарсан зардал 55,253,521 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч *******нь эдгээр *******, *******лам нартай найз нөхдийн холбоотой ба 2022 онд нэхэмжлэгч нь өөрөө гуйж хийдийн 2 давхрын хурлын заалны хажуу өрөөнд байрлаж байсан. Нэхэмжлэгч нь өрөө нь урлан бүтээхэд жижиг, хүүхдүүдэд хичээл ном заах сургалтын танхим гаргаж өг гээд 2023 оны 01 дүгээр сард хийдийн 1 давхарт буусан. Ловон ламд өрөө гаргаж өгөх шаардлагатай болсон гэдэг нь үндэслэлгүй. 

2.2. Нэхэмжлэгч нь хийдийн барилгын 1 давхарт байрлахдаа өрөө тасалгааг өөрөө дур мэдэн гаргаж, үндсэн хийцлэлийг өөрчилсөн. Жижиг цонхыг том цонх болгож, өрөө тасалгаа гаргахдаа тааз болон хана, баганын хийцлэлд өөрчлөлт оруулж, өрөмдөж, цоолсон. Мөн цахилгаан болон сангийн ажил хийхдээ хийдийн үндсэн хийцлэлийг өөрчилсөн. Үүнийг тухайн үед лам ******* мэдээд хийцлэлийг өөрчилж хийж болохгүй талаар хэлэхэд нь *******би гарахдаа хийцлэлийг анхны хэлбэрт оруулж өгнө гэж хэлсэн.

2.3. Ламхай нарын сургалт 1 сар орчмын хугацаанд тогтвортой үргэлжилсэн байх, үүнээс хойш сургалтын чанар эрс муудсан ба сургалт зохион байгуулахдаа бидэнтэй зөвлөлдөж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө танилцуулж, батлуулсан зүйл байгаагүй. Ламхай хүүхдүүд багшийнхаа талаар *******багш сүүлийн үед элдэв төрлийн ажилтай гэж хичээлээ заахгүй байна, өөрийн ажилдаа туслуулж, таныг болон хийдийн лам нарын талаар муугаар яриад байх юм гэх тайлбарыг багш *******д хэлсэн байдаг.

2.4. Хийдийн 1 давхар цонх бүрийн дор паартай, завсар тохижилттой байсан. Хандиваар өгсөн паар, таазыг хийдээс Отгонбаатарт өгсөн. Мөн хийдийн үндсэн хийцлэлийг өөрчилж, хаалга гаргаж, шат хийсний өртөг зардлыг нэхэмжлэгч өөрийн зардлаар хийсэн гэх боловч тухайн үед ажилладаг хэвлэлийн үйлдвэртэй хамтарч зардлыг хувааж гаргасан гэдэг.

2.5. Нэхэмжлэгч нь хийдийн ламхай хүүхдүүдэд чанартай боловсрол олгож чадаагүй. Мөн тухайн үед хийдэд сар бүр 2,500,000 төгрөгийн үнэ, өртөг бүхий бүтээл хийж өгнө гэж амаар тохироо хийсэн боловч нэг ч бүтээл хийж өгөөгүй. Мөн *******нь Зая гэгээний төрөл тутмын 15 дүрийг 1 ширхгийг нь 350,000 төгрөгөөр зурж, бүтээж өгсөн. Үүний төлбөрийг бид бүрэн төлсөн боловч тухайн 15 дүр нь алдаа мадагтай байсан ба миний бие одоо тухайн дүрүүдийг шинээр өөр ламаар дахин бүтээлгэж байна.

2.6. Нэхэмжлэгч надтай уулзаж,  н.Пүрэвбат лам багшдаа болон бусад хүмүүст тайлан тавьдаг, тиймээс бичиг хэрэгтэй гэх зүйлийг хэлээд тухайн бичигт бичих зүйлийг надад хэлж өгч шивүүлж, гарын үсэг зурж албажуулаад 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр авсан. Тус бичиг нь 300 м.кв талбайг хүлээлцсэн талаарх бичиг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сард ******* хийдэд байрлахдаа 2,500,000 төгрөгийн бурхан бүтээж өгнө гэх байдлаар орсон. Ингээд 2023 оны 10 дугаар сард нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр талбайг чөлөөлж өгсөн.

Иймд 2022 оны 05 дугаар сараас эхлэн, талбайг хүлээлгэж өгөх хүртэл хугацаа буюу нийт 18 сарын хугацаанд ашигласан нэхэмжлэгчийн өөрийнх нь хэлснээр сар бүр 2,500,000 төгрөгийн үнэлгээтэй бүтээлийг хийж өгөөгүй учраас энэ мөнгөн дүнгээр нь тооцон 45,000,000 төгрөгийн манай орлогыг ийм хэмжээгээр хаасан гэж үзсэн.

Мөн ******* хийд 300 м.кв талбайг сарын 8,750,000 төгрөгөөр бусад этгээдэд түрээсэлж байгаа. Өнөөдрийн байдлаар түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг болж түрээсийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан. Тухайн үедээ 8,750,000 төгрөгөөр түрээслэхэд түрээслэгч нь нэхэмжлэгчийн тохижуулсан гэх зүйлийг ашиглаж, хэрэглэхгүй учраас нурааж, өөрөө тохижуулна гэх хүсэлт гаргасан учраас тус хүсэлтийг ******* хийд нь хүлээн авч засан сайжруулалт хийхэд хугацаа шаардлагатай гэсэн учраас нэхэмжлэгчийн засвар хийсэн зүйлийг буулгах, зөөхийн тулд хариуцагчаас түрээслэгч байгууллагад 2 сарын хугацаа олгосон. Хэрэв энэ хугацаа байгаагүй бол 17,500,000 төгрөгийн түрээсийн орлого алдахгүй байсан бөгөөд энэ нь ******* хийдийн олох ёстой байсан орлого юм. Иймээс нэхэмжлэгч талаас нийт 62,500,000 төгрөгийг олох ёстой байсан орлогод гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч *******ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд сар бүр 2,500,000 төгрөгийн үнэлгээтэй бүтээл бүтээж өгнө гэх тохиролцоо анхнаасаа байгаагүй. Манайд би ганцаараа байгаагүй бөгөөд багшилж байсан 4 хүн байдаг. Бид мэргэжлийн бурхан урлаач, багш учраас өөр этгээдийн байрыг засварлаж, шавь нарт нь хичээл заагаад нэмж бурхан урлаж өгөх боломжгүй.

Хариуцагч тал тайлбартаа 1 давхарт заалыг тохижуулахад ******* хийдээс паар гаргаж өгсөн гэсэн, энэ нь хуучин, зарим нь цоорсон паар гаргаж өгсөн бөгөөд үүнийг нь агуулахад үлдээсэн, хэрэглээгүй. Тухайн талбай нь хойшоо харсан 2, урагшаа харсан 1 цонхтой том заал байсан ба шинээр гаргасан өрөө бүрд паар суулгахгүй бол хүйтэн байсан учраас паар шинээр авч, нөхөж тавьсан асуудал байсан. Гэхдээ паарыг угсруулахын тулд угсралтын зардлыг нэхэмжлэгч талаас төлсөн. Ийм байхад ******* хийдийг мэдээгүй байхад өрөө, тасалгаа хийсэн байсан гэх байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Манайхыг нээлт хийх үед бүх өрөө, тасалгаа бэлэн болсон байсан, үүнийг ******* хийд өөрөө зөвшөөрсөн. Хийдээс ус, тог, цахилгаан хязгаарлаж шахалт үзүүлж өөр түрээслэгч олж, түүнтэй тохирсон түрээсийн зардлыг биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч “*******” НҮТББ-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

5.1. “…Нэхэмжлэгч нь тухайн талбайд өөрөөсөө хөрөнгө гаргаж 61,000,000 төгрөгөөр засан сайжруулалт хийчхээд ******* хийдийн ламхай нарт хичээл сургалт үнэгүй зааж, нэмж 2,500,000 төгрөгийн бурхан бүтээж өгнө гэх зүйлийг талууд тохирсон гэх боловч ийм зүйл байхгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

5.2. ******* хийд нь иргэдийн сүсэг бишрэлийн хандиваар бий болсон хийд бөгөөд лам Д.Гантөгс, *******, П.Пүрэвдаавуу нар хөрөнгө оруулалт хийж, ******* хийдийг бий болгоогүй. Зая гэгээн амьд сэрүүн байхдаа ******* хийдийг босгосон. ******* хийд нь 2 давхар бөгөөд, 2 давхарт хийдийн үйл ажиллагаа явуулж, 1 давхарт нь хийдийн үйл ажиллагаатай уялдуулан шашны сургалт, бурхан урлахуйн төвийг “*******” ТББ-ын нэрээр явуулахаар харилцан тохирч нээлт хийсэн.

5.3. 2023 оны 10 дугаар сард байрыг хүлээлгэж өгсөн акт үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан цагаас хойш урлахуйн ухааны зориулалтаар ашиглах гэж байсан байрыг баар, рестораны газрын зориулалтаар ашиглах гэж байгаа учраас ханыг нурааж, засвар хийсэн байна. Барилгыг өөр зориулалтаар ашиглах зорилгоор нураалт хийх, засан сайжруулалт хийхэд гарсан цаг хугацааны асуудлыг нэхэмжлэгч тал хариуцах үндэслэлгүй. Хариуцагч тал бусдын хандиваар бий болгосон хийдийг баар, ресторан болгож байгаа нь үйл ажиллагаагаа өөрчилж байгаа асуудал юм. Үүнтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч нараас нэхэмжлэх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1., 289 дүгээр зүйлийн 289.2.5., 227 дугаар зүйлийн 227.1., 227.3.-т заасныг баримтлан хариуцагч “*******” шашны байгууллагаас 52,280,365 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******болон “*******” НҮТТБ нарт олгож, нэхэмжлэлээс 2,973,156 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч нараас олох ёстой байсан орлогод 62,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “*******” шашны байгууллагын сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 435,417 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 472,050 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 419,351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн сацуу хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон.

Нэхэмжлэгч “*******” НҮТББ нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ц.*******д төлөөлүүлэх итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар олгосон байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг шалгаж үзэлгүй, иргэний хэрэг үүсгэж, үүсгэсэн хэргээ төлөөлөх эрх олгогдоогүй нэхэмжлэлээр хангаж шийдвэрлэсэн байгаа нь хууль зөрчсөн, нэг талд хууль зөрчиж үйлчилсэн, нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,217 төгрөгийг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******олгосон байхад буцааж аваагүй, гар бичвэр баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн гэж үзсэн нь учир дутагдалтай. Хоёр өөр нэхэмжлэгчийн нэхэмжлэл тул “*******” НҮТББ-ын шаардлагад хураамж огт төлөгдөөгүй. Мөн нэхэмжлэгч тус бүрийн хуульд заасан ямар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөнөө огт тодорхойлоогүй байхад шүүх шууд нэхэмжлэгч нар гэж авч үзэж, яг хэнийх нь ямар эрхийг сэргээн тогтоож өгсөн болохыг шүүх авч үзэлгүй шууд л мөнгө гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож өгсөн нь үндэслэлгүй.

7.2. Талуудын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, тохиролцсон зүйл байхгүй, *******лам хүүхдүүдэд хичээл зааж, манай байрыг ашигласны хөлсөнд сар бүр 2,500,000 төгрөгийн үнэлгээтэй бүтээл хийж өгөх ажлаа хэрэгжүүлээгүй. Мөн Зая гэгээн багшийн 15 дүрийг бүтээлгэхээр тохиролцсон хөлс 5,250,000 төгрөгийг *******төлсөн боловч дүрүүдийг алдаатай зурсан. *******ламд таазны материал, паар шинээр авч өгч сантехникийн ажлыг манайх өөрөө хүн гаргаж хийлгүүлсэн. *******өөрөө ч хүлээн зөвшөөрч бичсэн. Манай хийдийн хаалга нэг давхрын заалнаас тусдаа, өөр давхарт байрлаж, тусдаа хаалга шатаар орж гардаг тул *******ламын ажилд тэр бүр оролцдоггүй байсан. Гэтэл манай цонхнуудыг эвдээд хаалга нэмж гаргаад олон өрөө нэмж гаргаад өөр болгочихсон байсан тул ******* лам бид нар байшингийн үндсэн бүтцийг дураараа өөрчилсөн байна, яаралтай хэвд нь оруул гэдгийг *******ламд хэлсэн. *******гарахдаа янзална гэсээр байсан. Манайх албаны хэрэгцээнд нэг давхрын үүдний хэсэгт 12 м.кв талбайг хэрэглэх шаардлагатай болоод *******ламтай уулзаж хэлэхэд султгахгүй гээд байсан. Иймд бид байр сулла гэж мэдэгдэл өгсөн. *******лам нүүхдээ бидэнд огт мэдэгдэлгүй сэм явчихсан байсан. Харин дараа нь нэг бичиг хүнээр боловсруулж, бэлдэж ирчхээд гарын үсгээ зур, тамга дараад өг, өөр юманд хэрэг болоод байгаа гэж гуйгаад, байр хүлээлгэн өгсөн тухай бичиг тул зуруулж, тамгалуулсан байхад шүүгч нотолгооны хэрэгсэл байхгүй, нэг талын амаар яригдаж буй дурын тайлбарыг нэг талын нотлох хэрэгсэл, хэргийн үйл баримт болгох ёсгүй.

7.3. *******лам хүлээн авсан эд хөрөнгийг тохиролцсоны дагуу манай сурагчдад сургалт орох зориулалтын дагуу ашиглаагүй, сургалт эхлээд удалгүй зогссон, эд хөрөнгө ашигласны хөлс 2,500,000 төгрөгийн өртөгтэй бүтээл туурвиж өгөөгүй, манай эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг зөвшөөрөл авалгүй өөрчилж барилгын үндсэн бүтцийг өөрчилж цонхнуудыг буулгаж, хаалга гаргасан. Засаж хэвд нь оруулалгүй, хаяж явсан энэ нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болоод, гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгаж хохироож хуулийг бүхэлд нь зөрчсөн буруутай болно. Энэ нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2. хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах, 288.2.3. хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах, 288.2.4. гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах гэж заасны дагуу эрх манайд үүссэн болно. Иймд манай хийд учирсан хохирлоо шаардах эрхтэй.

7.4. Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд дурдсан дүнгээр засварын зардлыг тооцсон нь хэрэгт хамааралгүй баримтыг үндэслэсэн тул хууль зөрчсөн гэж үзэж байна. Шүүх шинжилгээ хийлгүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь шүүх өөрийн санаачилгаар үндэслэл гарган зааж, маргаанд оролцож, шинжилгээ хийлгүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх шийдэлгүй, шинжилгээний дүнгээр шаардсан нэхэмжлэлийг хангахдаа нотлох баримтгүй мөнгийг гаргасан.

7.5. Сөрөг нэхэмжлэлийн хувьд бид одоо 300 м.кв талбай бүхий байраа сар бүрийн 8,750,000 төгрөгөөр түрээсэлсэн ба үнэ 10,000,000 төгрөг болж нэмэгдсэн. *******18 сар талбайг ашигласан гэж тооцон, олох байсан орлогыг хааж хохироосон гэж үзээд 18х2,500,000=45,000,000 төгрөг дээр бодит хохирол 17,500,000 төгрөг бүгд 62,500,000 төгрөгийг хохиролд шаардан гаргуулж авахаар сөрөг нэхэмжилсэн. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй ба шүүх хэргийн оролцогч нарын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор бүрэн харьцуулж үзэлгүй, талуудын мэтгэлцээний явцад хэрэгт цугларсан баримтуудаар хэргийн үйл баримтыг нарийвчлан тогтоогоогүй, эрх зүйн үйл баримтыг гаргаж үнэлээгүй хийсвэр дүгнэлт хийсэн тул шүүхийн шийдвэр үндэслэл нотолгоогүй гарсан, Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалт зөрчигдсөн.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/09338 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. “*******” НҮТББ нээгдэхэд Монгол улс даяар мэдээгээр гарч, консул, элчин сайдын яам, Засгийн газраас Ерөнхий сайд, мөн талийгаач бурханч лам н.Пүрэвбат бүгд ирээд нээлтэд оролцож байхад хариуцагч талын  *******, *******гэх удирдлагууд нь бүгд оролцож байсан тул мэдэгдээгүйгээр засвар үйлчилгээ хийсэн асуудал байхгүй. ******* гэрчийн мэдүүлэг өгөхдөө “засвар хийж байгааг мэдэж байсан” гэдэг. Хариуцагч гомдолдоо паар өгсөн, засварын ажлыг манайх хийсэн гэж ярьдаг боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлд зааснаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй буюу ******* шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “хандиваар хийдийг барьж байхад нь илүү гарсан паараа өгсөн. Гэхдээ паар цоорхой байсан” гэж мэдүүлсэн.

8.2. 2024 онд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Хариуцагч тал шинжээч томилсон захирамжид гомдол гаргасан бөгөөд гурван шатны шүүх шинжээч томилсон нь үндэслэлтэй гэж үзэж захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Засвар хийсэн тоо хэмжээ, төсөвт өртөг гэх 2 өөр ойлголтын талаар ярьдаг. Шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулахад манай байгууллага аль алийг нь хийх бүрэн эрхтэй хөрөнгийн үнэлгээний компани учир шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж тайлбарладаг.

8.3. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хүүхдүүдийг сургаад, дээр нь 2,500,000 төгрөгийн үнэтэй бүтээл хийх ёстой гэж ярьдаг боловч энэ талаар хоорондоо тохиролцоогүй. Хийдийг 10 жилийн хугацаатай үнэгүй ашиглах бөгөөд хүүхдүүдийг урлахуй ухааны төвд үнэгүй сургаж, ашиглалтын зардал төлнө гэж тохиролцсон. Нэхэмжлэгч тал 60,000,000-70,000,000 төгрөгийн засвар хийсэн. 10 хүний байранд засвар хийж, 20 хүүхэд үнэгүй сургаж, 2,500,000 төгрөгийн өртөг бүхий бурхныг сар болгон хийж өгөх нь бодит байдалд нийцэхгүй. Бурхан урлана, бүтээх асуудлын хувьд, гар зураглалаар зурсан жижиг бурхан биш. Том бурханд тооцно. Гэтэл олон хүүхэд сургахын хажуугаар урлахуйн ухаан 2,500,000 төгрөгийн бурхан бүтээх зав болон мөнгө байхгүй. Энэ талаарх асуудал нь бодит байдалд нийцэхгүй. Нэхэмжлэл гаргах үедээ энэ талаар яриагүй байж шүүх хуралдааны явцад ярьдаг.

8.4.  Сөрөг нэхэмжлэлээр 62,000,000 төгрөг нэхэмжилсэн. Тухайн үедээ бурхан шашны урлахуйн ухаанаар тохижуулж үйл ажиллагааг явуулж байсныг нь дэмжиж нээлтэд нь оролцож үг хэлж байсан лам нар өнөөдөр урлахуй ухааны байрыг ашиглах боломжгүй болгож нураасан. Тус объектыг тамхины өрөөтэй, хоол, архи зардаг баар болгосон учраас урлахуйн ухааны тохижуулсан өрөөнд хариуцагчийн явуулж байгаа үйл ажиллагаанд нийцэхгүй учраас нураах нь зөв.

8.5. Шүүх нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэхдээ 12250 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжийг буцаасан. Дахин нэхэмжлэл гарахдаа татварын хэлтэст очих бөгөөд татвар бичилт хийхдээ шүүхээс гаргасан захирамж болон *******ын хүсэлтийг авч тусгай программд гар бичилтээр мөнгө аваагүй байна, дахин авах боломжгүй байдлаар шүүхэд улсын тэмдэгтийн хураамжийг байршуулсан гэх тэмдэглэл хийсэн. Энэ нь хууль зөрчсөн асуудал биш. Тухайн үед болсон асуудал. Татварын албанаас хүртэл энэ нь манай данснаас гараагүй гэж тодорхойлсон.

8.6. Гомдлын тухайд 08 дугаар сарын 05-нд итгэмжлэл олгож 08 дугаар сарын 06-нд нэхэмжлэлээ бичиж 08 дугаар сарын 07-нд гаргасан. Нэхэмжлэлийн хувьд техникийн буюу тооны алдаа гарсан. Сүүлд итгэмжлэл нөхөж олгосон асуудал байвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргахгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх байсан. Шүүхэд хуульд заасан хугацааг бүрэн хангасан итгэмжлэл өгсөн.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит байдалд нийцүүлж зохигчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэж бодитой дүгнэсэн. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “*******” НҮТББ, *******нар нь хариуцагч “*******” шашны байгууллагад холбогдуулан засвар хийсэн барилгын материалын үнэ болон ажилчдын цалин хөлсөнд зарцуулсан 55,253,521 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 62,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

4. Нэхэмжлэгч *******нь хариуцагч “*******” шашны байгууллагатай харилцан тохиролцож, 2021 оны 06 дугаар сараас эхлэн *******гийн 2 дугаар давхарт байрлах 25 м.кв талбай бүхий өрөөг хариуцагчаас нэхэмжлэгч *******ашиглуулахаар хүлээлгэн өгч 2022 оны 01 дүгээр сард дээрх өрөөг нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан өгсөн, үүний дараа тус хийдийн 1 дүгээр давхрын 300 м.кв талбайг нэхэмжлэгч нарт эзэмшиж ашиглуулахаар өгсөн. Нэхэмжлэгч *******“*******” холбооны удирдах зөвлөлийн дарга ба тухайн төвийн үйл ажиллагааг явуулахаар дээрх 300 м.кв талбайг уламжлалт урлангийн бүтээл хийх зориулалтаар ашиглах, ийнхүү ашиглахдаа хариуцагч “*******” шашны байгууллагын хийдийн хүүхдүүдэд төвд хэл, шүтээн урлах хичээл заахаар харилцан тохиролцсон.

4.1. Хэргийн баримтаар, хариуцагч “*******” шашны байгууллагын барьж байсан 2 давхар барилгын 1 дүгээр давхарт байрлах 300 м.кв хэмжээтэй талбайг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн, хариуцагч “*******” шашны байгууллага нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202030642 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Тасганы овоо, Хувьсгалчдын гудамж, 12 тоот хаягт байрлах, 2267,78 м.кв талбайтай шашны сүм хийдийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

5. Эд хөрөнгө хөлслөх гэрээний хувьд хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэг хүлээх ба талуудын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй боловч хариуцагчийн өмчлөлийн хийдийн барилгаас 300 м.кв талбайг нэхэмжлэгч нарын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, нэхэмжлэгч уг талбайг ашигласны хөлс төлөх үүргийг мөнгөн дүнгээр тохироогүй боловч лам хүүхдүүдэд хичээл заах байдлаар тохиролцсон хүсэл зоригийн илэрхийллийг харилцан хүлээн авч, хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсоныг зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэгт үндэслэн дүгнэж, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

6. Нэхэмжлэгч нар 300 м.кв талбайг плитан шалтай, хана, таазны дотор засал бүрэн хийгдээгүй үед хүлээн авч 2021 оны 03 сарын 12-ны өдрөөс 40 хоногийн хугацаанд засвар, тохижилт хийж ашиглаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр буцаан хүлээлгэн өгчээ. Зохигч талууд 300 м.кв талбайг ашиглуулсан талаар маргаагүй ба эд хөрөнгө хөлслөгч нь хөлслүүлэгчид дээрх талбайд засвар, тохижилт хийх талаараа мэдэгдэж зөвшөөрөл авсан эсэх, гэрээ цуцалснаас учирсан хохирлыг хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ.

 

7. Хэрэгт авагдсан “*******” шашны байгууллагын 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 23/03 дугаартай, хийдийн талбайг хүлээн авсан тухай албан бичиг, гэрч Д.Гантөгсийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч нар анх 300 м.кв талбайд үйл ажиллагаа явуулах зорилгоор хөлслөхдөө шаардлагатай засвар, тохижилт хийх талаар хариуцагч байгууллагатай тохирсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлсэн гэж үзнэ.

Учир нь хариуцагчаас 300 м.кв талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхдөө дотор заслын зарим ажлууд дутуу хийгдсэн, нэхэмжлэгч, хариуцагч нар нэг барилгад сүм хийд, шашин номын нэг төрлийн үйл ажиллагаа явуулж байсан нөхцөл байдлаас барилгын гадна талд хаалга гаргасныг мэдээгүй, дотор засвар хийж, өрөө тасалгаа гаргаж, шугам хоолой холбосон байхад барилгын өмчлөгч эдгээрийг мэдээгүй гэж үзэх боломжгүй тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирол шаардах эрхийн хүрээнд хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах эрхтэй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2-т хууль болон гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нараас 300 м.кв талбайг засаж, тохижуулахад гарсан зардлыг шүүгчийн захирамжаар уг хэрэгт томилогдсон шинжээчийн гаргасан дүгнэлтийн хэмжээгээр 52,280,365 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймээс энэ хэрэгт хамааралгүй баримтыг үндэслэсэн тул хууль зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэгч ламхай хүүхдүүдэд хичээл заахаас гадна 2023 оны 10 дугаар сарыг дуустал буюу 18 сарын хугацаанд сар бүр 2,500,000 төгрөгийн үнэлгээтэй бүтээл хийж өгөх үүргээ биелүүлээгүй учир түрээсийн төлбөрийг энэхүү хэмжээгээр тооцон 45,000,000 төгрөг, эд хөрөнгө хөлсөлсөн хугацаанд олох ёстой байсан орлого 17,500,000 төгрөгийг гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үнийн хэмжээгээр тооцож шаардсан боловч хэргийн баримтаар 2,500,000 төгрөгийн үнэлгээтэй бүтээл хийж өгөх талаар талууд тохиролцсон байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч гэрээний үүргийг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй, гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол шаардах эрхтэй боловч хохирол бодитой учирсан байхыг шаардах тул хариуцагч бусад этгээдтэй байгуулсан түрээсийн гэрээний дүнгээр хохирлыг тооцон шаардсан нь  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т нийцэхгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

10. Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгосон захирамж хүчин төгөлдөр байхад дахин төлөөгүй нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч тус бүрийн ямар эрх зөрчигдсөн нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгч нарт мөнгө гаргуулж өгсөн гэх үндэслэлээр хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч нар захирамжид заасан алдааг засаж нэхэмжлэлээ дахин гаргасан, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогын данснаас буцааж аваагүй дахин гаргасан нэхэмжлэлдээ баримтыг хавсарган, холбогдох татварын байгууллагын тодорхойлолтыг хамт өгснийг шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан гэж үзэн иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилж шийдвэрлэснийг буруутгахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч хамтран оролцож болох тул нэхэмжлэгч *******нь нэхэмжлэгч “*******” НҮТББ-ийн удирдах зөвлөлийн дарга ба тухайн байгууллагын үйл ажиллагааг эрхлэн явуулах хүрээнд хувиасаа болон байгууллагын дансаар засварын зардлыг гаргаж байсан тул хамтран нэхэмжлэл гаргасан гэсэн тул шүүх нэхэмжлэгч нарын шаардлагаар маргааныг шийдвэрлэсэн нь талуудын зарчим, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчимд нийцэх тул нэхэмжлэгч тус бүрийн ямар эрх зөрчигдсөн нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.

 

11. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/09338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 891,401 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДГЭРЭЛ

 

 

                 ШҮҮГЧИД                                 Ц.ЦЭНД

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ