Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Гурван салаа гэх газар оршин суух, 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян улаан суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, Боржигон овогт Мөнхийн Отгоноос гаргасан  “төрсөн он зөвтгүүлэх”-ийг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

 Хүсэлт гаргагч М.Отгон шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Миний бие 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян улаан суманд төрсөн, 1963 онд сургуульд орж, 4 дүгээр ангид сурч байгаад сургуулиасаа гарч аав, ээж дээрээ мал маллаж байгаад 1973 онд цэрэгт яваад 1976 онд цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд тус Зүүнбаян улаан сумандаа мал маллаж байгаад 1979 онд илгээлтийн эзнээр Баруунхараад ирж мал маллаж байгаад хувьчлал болж Зүүнхараад шилжиж ирсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Зүүнхараад амьдарч, эндээ мал маллаж  байна гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                    Үндэслэх нь:

 

            Хүсэлт гаргагч М.Отгон нь 1955 онд  Өвөрхангай аймгийн Зүүнбаян улаан суманд  Мөнхийн хүү болон  төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, мэдүүлэг,  Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар-Улсын бүртгэлийн хэлтэс-төрсний бүртгэлийн 2016 оны 098 дугаар сарын 01-ний өдрийн 00/004833 дугаартай лавлагаа, Батлан хамгаалах яамны төв архивын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн лавлагаа болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн шаардлагыг хангаж, М.Отгоныг 1955 онд төрсөн болохыг  тогтоох  нь зүйтэй байна гэж үзлээ.

           

Нэхэмжлэлийг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийг удирдлага  болгон Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан Боржигон овогт Мөнхийн Отгон нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян улаан суманд 1955 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч М.Отгоны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар  шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ