Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 780

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Г.Энхгэрэл,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зотон овогт Батхолбоогийн Б.Цт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 191116680921 тоот хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын засал чимэглэл мэргэжилтэй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 16-322 тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Зотон овогт Батхолбоогийн Б.Ц /РД- ЖЯ93112937/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өглөө 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 8-143 тоотод оршин суух хохирогч Б.Мөнхбаярын гэрт унтаж байхдаа түүний “Huawei Р20 Lite” маркийн rap утсыг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би Шарлаа гэх дүүгээрээ ажил хийлгээд гэртээ хэд хонуулаад байж байтал өнөөдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 04 цагийн орчимд манай гэрийнхэн унтаж байхад Huawei Р20 Lite маркийн rap утсыг аваад явсан байна. Уг утсыг би 2018 оны 11 дүгээр сард Юнител группес лизингээр өөрийн нэр дээр 980.000 төгрөгөөр худалдан авч байсан. Huawei Р20 Lite маркийн хар өнгөтэй, шилэн наалт нь булан дээрээ цууралттай, 64гб багтаамжтай, 2 сим карт уншдаг, шинэвтэр гар утас алдагдсан. Шарлаагийн бүтэн нэрийг Батхолбоогийн Б.Ц гэдэг юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21х/

гэрч А.Жавхлантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2019 оны 6 дугаар сарын сүүлээр манай байгууллага дээр цагийн ажилтнаар ажиллаж байсан Цогоо гэх залуу ломбарданд тавьчихсан утас чөлөөлж авах уу гэхээр нь би тэгье гэж зөвшөөрч модны хоёрт оайдаг Ломбарднаас 290.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд би тэр гар утсыг ашиглаж байгаад анх чөлөөлж авсан ломбардандаа буцаагаад 250.000 төгрөгний барьцаанд тавьсан юм...” гэх мэдүүлэг.

гэрч Б.Хангайбазарын...би Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голден сейф нэртэй барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардыг 2014 оноос хойш ажиллуулж байгаа юм. Намайг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 цагт ажлаа хийгээд сууж байхад Батхолбоогийн Б.Ц гэх ЖЯ93112937 регистрийн дугаартай залуу орж ирээд Хятад улсад үйлдвэрлэсэн Huawei Р20 Lite загварын rap утсыг авч орж ирээд барьцаанд тавих гэсэн юм гэж асуухаар нь хэдэд тавих гэж байгаа юм гэж асуусан чинь хэд болох уу гэхээр нь дээд тал нь 230.000 төгрөг болно гэж хэлээд тавихаар болж барьцаанд тавьсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр А.Жавхлантөгс гэх хүн Б.Цын гар утас тавьсан бичиг баримт болон өөрийнхөө бичиг баримттай ирээд Б.Цын утсаар холбогдож байгаад гар утсыг авч явсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр А.Жавхлантөгс гэх хүн эргүүлж 250.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд тэр залуу дахиж тавьсанаас хойш эргэж ирж аваагүй. Гар утсыг манай байгууллага 10 хоногийн хугацаатай барьцаанд аваад дууссанаас хойш 10 хоног хүлээдэг журамтай учир уг журмыг анх үйлчлүүлж байгаа хүнд танилцуулаад авдаг. Тэгээд журмынхаа дагуу 10 хоног хүлээгээд ирж аваагүй учир 11 дэх өдрөөс нь эхлэн гар утсыг лангуун дээр байршуулан зарж борлуулсан байгаа. Манай байгууллагад учирсан хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/

Дамно ХХК-наас "Хулгайд алдагдсан гэх гар утсыг 748.000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээний тайлан. /хх-ийн 38-39х/, Иргэн А.Жавхлантөгс нь Голден Сейф ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт Huawei Р20 Lite маркийн rap утсыг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 250.000 төгрөгийн барьцаанд тавьсан талаарх барьцаат зээлийн 17240 дугаартай гэрээ. /хх-ийн 16х/

шүүгдэгч Б.Ц нь Голден Сейф ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт Huawei Р20 Lite маркийн rap утсыг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 230.000 төгрөгийн барьцаанд тавьсан талаарх барьцаат зээлийн 16890 дугаартай гэрээ. /хх-ийн 15х/, шүүгдэгч Б.Цын мэдүүлэг /хх-ийн 49-51х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Цыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Мөнхбаярт нийт 784.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээний тайлан гэх баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Цт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулж, хохиролыг нөхөн төлүүлэх эрүүгийн харуцлагын зорилгыг хангахаар түүнийг 3 сарын хугацаанд бусдад учруулсан хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Зотон овогт Батхолбоогийн Б.Цыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цт 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Б.Цын цагдан хоригдсон нийт 22 /хорин хоёр/ хоногийг, нэг хоногийг нь нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд шүүхээс оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 424 /дөрвөн зуун хорин дөрөв/ цагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Б.Цт шүүхээс оногдуулсан 424 /дөрвөн зуун хорин дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Цаас нийт 784.000 /долоон зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Мөнхбаяр /РД:ЧЖ80071873/-т  олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус журамлан Б.Цыг 3 /гурав/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүргийг хүлээлгэсүгэй.   

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Б.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Цт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ