Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00315

 

 

 

 

 

 

 

 

 

    2026          02             04                                       210/МА2026/00315                                        

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/17457 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******холбогдох,

 

11,552,032 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******холбогдуулан "Худалдааны хамтран ажиллах гэрээ"-ний үүрэгт 7,702,688 төгрөг, алданги 3,851,344 төгрөг, нийт 11,554,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “бүх төлбөрөө төлсөн, өр төлбөр байхгүй” гэж нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-ээр нийлүүлэгч “*******” ХХК нь гэрээний хавсралт 1-д заасан нэр төрөл, тоо ширхэг, үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг борлуулагчийн захиалгын дагуу нийлүүлэх, борлуулагч ******* нь хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан өндөр түвшинд үйлчлэх, нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, гэрээнд заагдсан нөхцөл, хугацаанд барааны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх10-16/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг тэдний хооронд байгуулагдсан гэрээг үндэслэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

4.1. Хариуцагч ******* нь Matrix depo салоныг ажиллуулдаг ба нэхэмжлэгч “*******” ХХК-иас дээрх гэрээний дагуу үсний будаг, үс арчилгааны бүтээгдэхүүнийг гэрээний хавсралтад заасан тоо ширхэг, үнээр хүлээн авч, төлбөр тооцоог сард 2 удаа нийлж, борлогдсон барааны үнийг тооцоо нийлснээс хойш ажлын 5 хоногийн дотор “*******” ХХК-ийн дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн байна. Энэ үүргээ гүйцэтгэсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.   

4.2. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүргийг нэг тал нөгөөгөөс шаардах эрхтэй.

Хариуцагч ******* нь хүлээн авсан барааны үнийг төлж барагдуулсан гэж тайлбарлан, банкин дахь өөрийн дансны хуулга, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг нотлох баримтаар гаргасан боловч түүнийг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Нэхэмжлэх” нотлох баримтад “нийт дүн 6,000,000”, “7,702,687.8 зөв” гэж 2 өөр үнийн дүн бичигдсэнийг “нэхэмжлэгч тооцоо нийлээд 7,702,687.8 төгрөгийн үлдэгдэл гарсныг Чанцалдулам өөрөө бичиж гарын үсэг зурсан” гэж, хариуцагч нь уг баримтыг 6,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан” гэж тайлбарлан маргасан.

Хэрэгт авагдсан Номин Косметик “Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан” -гаас үзвэл 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр авлагын үлдэгдэл 8,402,687.80 төгрөг гарснаас хойш хариуцагчаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 200,000 төгрөг төлснийг тус тус хасаж 7,702,687.8 төгрөгийн авлагатай тооцоолол гарсан байна.

Анхан шатны шүүх талуудын тооцоо нийлсэн гэх баримтад бичигдсэн 2 өөр дүнг 7,702,687.8 төгрөгийг сүүлд нэмж бичсэн тул үнэн бодит гэж үнэлэхэд эргэлзээтэй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь, Номин Косметик “Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан” нотлох баримтад бичигдсэн авлагын үлдэгдэл дүн 8,402,687.80 төгрөг, 7,702,687.8 төгрөг нь талуудын тооцоо нийлсэн гэх баримттай цаг хугацааны хувьд зөрүүтэй тул талуудын хооронд тооцоо нийлсэн баримтын дүн 6,000,000 төгрөгөөр тооцооны үлдэгдлийг тооцох нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчимд нийцнэ. 

Эдгээрийг нэгтгэн дүгнээд, талууд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тооцоо нийлж 6,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарснаас хойш хариуцагч 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,244,240 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 591,340 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, нийт 2,535,580 төгрөг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсоныг хариуцагчийн төлөх үүргээс анхан шатны шүүх хасаж тооцсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байхад шүүх нотлох баримт үнэлэх журам зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги шаардсан хэсэгт эрх зүйн дүгнэлт хийгээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

5.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.5-д “төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алданги” тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ. Алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан тул гүйцэтгээгүй үүрэг 3,464,420 төгрөгийн 50 хувиар тооцож алданги 1,732,210 төгрөг, нийт 5,196,630 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

6. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хэргийг шийдвэрлэсэн ноцтой зөрчил гаргасан гэх агуулгатай гомдол гаргасан.

6.1. Хэрэгт авагдсан баримтаар, шүүх хуралдаан нотлох баримт гаргах, хариуцагчийг оролцуулах үндэслэлээр хариуцагч талын хүсэлтээр 2 удаа хойшилсон ба 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд шийдвэрлэснийг хэт нэг талын эрх ашигт нийцүүлсэн, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/17457 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 5,196,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,357,402 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 199,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 98,096 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,384 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199,782 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

 

 

 

                 ШҮҮГЧИД                                 О.ОДГЭРЭЛ

 

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ