Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 514

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болдбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Гансүх, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Ш.Энхмаа,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Ш.Энхмаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Болдбаатарт холбогдох 201601070267 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Батболдын Болдбаатар, 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураг зүйн багш мэргэжилтэй, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуульд зураг зүйн багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: СЮ91091711/,

Б.Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо 7 дугаар байрны баруун талаар явж байхдаа Ж.Дөлгөөнтөрхтэй “мөнгөгүй, архи авч чадахгүй” гэсэн асуудлаас болж хоорондоо маргалдан улмаар түүний шанаа руу нэг удаа цохиж, арагшаа толгойн ар хэсгээр цементэн тайлбай дээр газар унахад нь цээжин дээр нь суугаад гараараа хувцасны энгэр хэсгээс нь зуурч, толгойгоор нь 2-3 удаа цемент мөргүүлэн зодож биед нь гавлын баруун чамархайн яснаас суурь яс, чихний суваг, хөхлөг сэртэн дайран чамархай болон зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины эдийн цус хуралт, зүүн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тенториум болон тал бөмбөлгүүдийн таславч хоорондын аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн Прокурорын газраас: Б.Болдбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Боржигин овгийн Батболдын Болдбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овгийн Батболдын Болдбаатарыг 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Болдбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Болдбаатар нь хохирогчид 3.400.000 төгрөгийн эмчилгээний зардал төлснийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Болдбаатарын цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Б.Болдбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж,

Б.Болдбаатарын урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Жамсран тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Ш.Энхмаагийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, хэрэг хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Цаашид Ж.Дөлгөөнтөрхийн биед нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний гаргасан эмчилгээний нэхэмжлэлийг шүүгдэгч Б.Болдбаатараас гаргуулж өгөхийг хүсч байна.” гэжээ.

Ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Ш.Энхмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Энэ гомдлыг 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гараагүй гэж үзэж байна. Хохирогч Дөлгөөнтөрхийн эрх зүйн байдлыг сайн тогтоогоогүй. Дөлгөөнтөрх нь хохирогчоор оролцох уу, эсхүл түүний эцэг Жамсран хохирогчооор орох уу гэдгийг нарийвчлан тогтоолгүй зөвхөн Б.Болдбаатарыг шийтгэх байр суурьнаас шүүх хуралдаан явагдсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт нэг удаа гарсан. Уг дүгнэлтэд шинжилгээ хийсэн шинжээч нарын мэдээллийг оруулалгүй орхигдуулсан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтыг зөрчсөн. Гэнэт Ж.Дөлгөөнтөрхийг өөрийг нь хохирогчоор тогтоон оруулж ирсэн хэрнээ түүний хууль ёсны төлөөлөгч Жамсранг мөн оролцуулаад яваад байдаг. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж байна. Иймд энэ байдлуудыг тогтоох хэрэгтэй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ нь миний давж заалдах гомдол гаргасан хугацаанаас нилээд хугацааны зөрүүтэй байгаа юм. Иймд давж заалдах гомдолдоо дараах байдлуудыг нэмж хэлэх нь зөв гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй байсан. Одоогийн мөрдөгдөж эхэлж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд торгох буюу хорих ял оногдуулж болохоор заасан. Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэж болно гэсэн заалт орсон. Иймд Б.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. Гэм буруугийн тал дээр өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан гэмтлийг хүнд гэмтэл үү, үгүй юу гэдэгт маргаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн процесс буруу байна шүү, хохирогчийн эрх зүйн байдал буруу тогтоогдоод байна шүү гэдэгт маргаж байсан. Нэгэнт шүүгч нар хэргийн нөхцөл байдлыг тодлорохой уншсан, гэрч нар хэргийн талаар тодорхой мэдүүлсэн, Ж.Дөлгөөнтөрхөд хүнд гэмтэл учирсан нь тодорхой байгаа. Одоогийн хуульд нийцүүлж торгох ялаар шийтгэж өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Жамсрангийн хүсэлтийг сонслоо. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч хохирлыг төлсөн. Хохирогч тал 50 гаруй сая төгрөг нэхэмжилж, Тайланд улсын эмнэлгээс ирүүлсэн хийгдэх эмчилгээний төлбөрийн баримт гаргаж өгсөн. Үүнийг бодитоор гарсан, заавал төлөгдөх ёстой зардал биш гэж үзсэн. Б.Болдбаатар өөрөө багш хүн бөгөөд бусдад тусархуу, хүний үгнээс гардаггүй гэдгийг нь тодорхойлсон баримтууд байдаг. Эдгээр байдлыг анхааран үзэж түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү.” гэв.

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар хийхэд шүүх уг гомдлын талаар шийтгэх тогтоолдоо дурдаж, няцаалт хийсэн байдаг. 2017 оны 2 дугаар сард хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж уг асуудлыг шалгасан. Шүүх сэтгэц эмгэг судлалын 299 дугаартай дүгнэлтээр Ж.Дөлгөөнтөрх нь тархины хам шинж, ойгүйтэл гэсэн гэмтэлтэй, Энэ нь олдмол эмгэг гэсэн дүгнэлт гарсан. Дүгнэлт гаргасан эмч нар дүгнэлтэд бүгд өөр өөрийн тамгыг дарж, гарын үсгээ зурсан. Энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй. Мөрдөн байцаагч дүгнэлт гаргуулахаар 4 асуулт тавьсан боловч шинжээч нар 1, 3 дугаар асуултанд хариулж 4, 2 дугаар асуултуудад хариулаагүй нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд 11-40 сая төгрөгөөр торгох, 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай боловч хохирогчийн хохирол бүрэн төлөгдөөгүй байсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийг буцаан хэрэглэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо 7 дугаар байрны орчим хохирогч Ж.Дөлгөөнтөрхтэй “Мөнгөгүй, архи авч чадахгүй” гэх зэргээр маргалдан улмаар түүний шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж, арагш толгойн ар хэсгээр цементэн тайлбай дээр газарт унагааж, улмаар хувцасны энгэр хэсгээс нь зуурч, толгойгоор нь 2-3 удаа цементэн талбайд газарт хавсран мөргүүлэн зодож биед нь гавлын баруун чамархайн яснаас суурь яс, чихний суваг, хөхлөг сэртэн дайран чамархай болон зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины эдийн цус хуралт, зүүн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тенториум болон тал бөмбөлгүүдийн таславч хоорондын аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Б.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...7 дугаар байрны дэргэд Дөлгөөнтөрх бид хоёр хоорондоо хэрэлдэж маргасан, гэхдээ чухам юунаас болж хэрэлдэж маргасанаа санахгүй байгаа юм. Тэгээд гэнэт миний дургүй хүрээд Ж.Дөлгөөнтөрхийн шанаа руу нь гараараа цохиход Ж.Дөлгөөнтөрх хойшоо саваад толгойгоороо газар унасан. ...удаагүй цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Би тухайн үед нилээд согтуу байсан. Зарим үйл явдлыг санахгүй байгаа юм. Намайг Ж.Дөлгөөнтөрхийг цохиход мод унаж байгаа юм шиг хойшоо чигээрээ толгойгоороо газар саваад унасан.” гэх мэдүүлэг /хх1, х130-131/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Жамсрангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хүү Дөлгөөнтөрх 2016 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Багануур дүүрэгт хүнд зодуулж биеийн хүнд байдалтай Улаанбаатар хотод гэмтэл согог судлалын төвд очиж эмчлүүлсэн. Дөлгөөнтөрхийн биеийн байдал хүндэвтэр, өөрийгөө удирдах чадваргүй, толгой нь байнга өвддөг, өвчин намдаах эм байнга хэрэглэж байгаа, хүн таних, орчиндоо харьцаа байхгүй. Өөрөө гэрээс гараад бие засаж чадна, харин хүндээр бие засах үед заавал хүнээр дэмжүүлж бие засдаг, өгзөгөө арчихаа мартдаг болсон. Тухайлбал ариун цэврийн цаас аваад гарах байтал авч гарахаа мэдэхгүй болсон. Хүнтэй юм ярьж чадахгүй, асуусан асуултанд өөр зүйл хариулдаг. Аавыгаа “ээж” гэж дуудаад, ээжийгээ “эмээ” гэж дуудаад байдаг болсон. Дүү нараа нэрээр нь дуудаж мэдэхгүй, дүү нараа зарим үед “чи хэн билээ” гэж нэрийг нь асуудаг болсон.” гэх мэдүүлэг /хх1, х59-60/,

гэрч Б.Жаргалбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Мягмарсүрэн, Өлзийбуян бид гурав буцаад 7 дугаар байрны баруун урд талд очиход Дөлгөөнтөрх ухаангүй дээшээ хараад хэвтэж байхад нь Б.Болдбаатар дээр нь суучихсан байхад нь Болдгэрэл Болдбаатарын цээж рүү нь хөлөөрөө жийгээд холдуулж байгаа харагдсан. Тэгэхэд Б.Болдбаатар Болдгэрэл рүү агсараад дайраад байхад нь Өлзийбуян салгах гэхэд Болдбаатар Өлзийбуянгийн шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд бид нарын хажуугаар 2 эмэгтэй зөрж өнгөрөхдөө “эд нар чинь нэгийгээ алчихсан юм биш биз дээ” гэж яриад өнгөрсөн. Тэгээд Мягмарсүрэн утсаар түргэн тусламж дуудаж, би цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд цагдаа очиж байгаа гэсэн. Тэгээд удаагүй түргэн тусламж ирээд Дөлгөөнтөрхийг аваад явсан. Тухайн үед Дөлгөөнтөрх ухаангүй газар хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х62-63/,

гэрч Т.Өлзийбуянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надтай хамт явсан Жаргалбаяр, Мягмарсүрэн бид гурав төв зам хөндлөн гараад явж байтал ард 2 хүн хэрэлдэж маргах чимээ гарахаар нь эргээд харахад Дөлгөөнтөрх Болдбаатар хоёр хоорондоо заамдалцаад, хэрэлдэж маргаад, дэргэд нь Болдгэрэл 2-3 алхамын зайтай гараараа амаа дарчихсан байдалтай зогсож байсан. Жаргалбаяр, Мягмарсүрэн бид гурав салчих байлгүй гээд хараад зогсож байтал Б.Болдбаатар зүүн гараараа заамдаж байгаад баруун гараараа Дөлгөөнтөрхийн нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд Дөлгөөнтөрх хойшоо саваад унахад Б.Болдбаатар цээжин дээр нь гараад суусан. Тэгэхээр нь бид гурав очиж байхад Болдбаатар Дөлгөөнтөрхийг 2 гараараа заамдчихсан сэгсэрээд байсан. Болдгэрэл Болдбаатарыг хөлөөрөө жийгээд Дөлгөөнтөрхийн дээрээс холдуулсан.” гэх мэдүүлэг /хх1, х65-66/,

гэрч Э.Болдгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд 7 дугаар байрны баруун урд буланд ирэхэд би утсаар яриад явж байхад Жаргалбаяр, Мягмарсүрэн, Өлзийбуян гурав урагшаа эргээд төв зам хөндлөн гараад явж байгаа харагдсан. Миний дэргэд Дөлгөөнтөрх, Б.Болдбаатар хоёр хоорондоо “чи муу юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд хэрэлдэж маргах шиг болохоор нь эргэж хараад “та хоёр болиоч” гэж хэлэх хооронд Дөлгөөнтөрх хойшоо саваад унахад Б.Болдбаатар дээр нь унасан. Тэгэхээр нь утсаа халаасандаа хийгээд очих хооронд Б.Болдбаатар Дөлгөөнтөрхийн хэвлий дээр нь суучихсан 2 гараараа заамдчихсан 2-3 удаа сэгсэрч байсан. Тэгэхэд Дөлгөөнтөрх толгой нь дагзаараа газар мөргөж байгаа харагдсан. Тэгэхээр нь гүйж очоод Б.Болдбаатарын мөр рүү хөлөөрөө жийж унагаад “чи яаж байгаа юм бэ” гээд заамдаад цааш нь чирж холдуулчихаад Дөлгөөнтөрх дээр ирээд “яасан бэ хөгшөөн” гэхэд малгай нь толгойн баруун талд уначихсан байхаар нь авахад газар цус болчихсон байсан. Дөлгөөнтөрх ухаангүй хурхираад байсан.” гэх мэдүүлэг /хх1, х67-68/,

гэрч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өлзийбуян, Жаргалбаяр бид гурав 7 дугаар байрны баруун үзүүрт ирээд урагш эргээд зам хөндлөн явган хүний гарцаар “Марал” дэлгүүр рүү чиглээд замын голд явж байхад ард тас няс хийх чимээ гарахаар нь эргээд харахад Б.Болдбаатар, Дөлгөөнтөрхийн дээр нь гараад суучихсан куртикнийх нь захнаас 2 гараараа зуурчихсан сэгсэрээд толгойн ард дагзаар нь 2 удаа газар мөргүүлсэн. Тэгэхэд тас тас хийх чимээ гарсан. Тэгэхээр нь  Өлзийбуян Жаргалбаяр руу гүйж очоод “салга” гэж хэлсэн. Тэгэхэд Өлзийбуян, Жаргалбаяр хоёрыг очиж байтал Болдгэрэл Болдбаатарыг хөлөөрөө жийгээд Дөлгөөнтөрхийн дээрээс унагаасан. Намайг Дөлгөөнтөрх дээр очтол Дөлгөөнтөрх ухаангүй, хурхирсан байдалтай хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х69-70/,

гэрч С.Бадарчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө автомашинт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг дэд ахлагч Батжаргалын хамт гүйцэтгэж “Хар-хорин” дэлгүүрийн өмнө автомашинтай зогсож байхад Галуут-10 станцаар мэдээлэл хүлээн авагч дэд ахлагч Ганзориг “7, 8 дугаар байрны голд согтуу хүн хэвтэж байна” гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Уг дуудлагын дагуу 7 дугаар байрны баруун тал буюу “Шим” цайны газрын дэргэдэх явган хүний зам дээр 20-25 орчим насны залуу дээшээ харсан байдалтай ухаангүй, толгойных нь дагз болон баруун чихнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Нэг залуу ухаангүй хэвтэж байсан залууг зодсон гэх залууг цэцгийн мандал дээр нуруугаар нь арагш дээш харуулсан байдалтай өөрөө дээр нь дарчихсан байсан. Тэгэхээр нь би зодсон гэх залууг аваад сандал дээр суулгаад Батжаргал дэргэд нь хараад зогсож байсан. Би ухаангүй хэвтэж байсан залуугийн дэргэд очоод удаагүй байж байтал түргэн тусламж ирсэн. Түргэн тусламжийн ирж ухаангүй хэвтэж байсан залууг үзээд толгойд нь боолт хийгээд авч явах шаардлагатай гээд дамнуурга дээр тавьж автомашинаар аваад явсан.” гэх мэдүүлэг /хх1, х75/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ж.Дөлгөөнтөрхийн биед гавлын баруун чамархайн яснаас суурь яс, чихний суваг, хөхлөг сэртэн дайрсан чамархай болон зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун чамархай, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай хэсгийн тархины эдийн цус хуралт, зүүн чамархай, дух, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тенториум болон тал бөмбөлгүүдийн таславч хоорондын аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх 15457 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х107/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х3/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х4-5/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх1, х23-39/ / зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Ш.Энхмаагийн гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Болдбаатарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Б.Болдбаатарт холбогдох 201601070267 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хүнд хохирол буюу хүнд гэмтэл санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шитйгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх хуралд ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Ш.Энхмаагийн гаргасан “...хорих ялыг торгох ялаар солих” тухай хүсэлт, прокурор Ж.Бүрэнжаргалын  гаргасан “...хорих ялыг дүйцүүлж хасах” тухай тайлбар зэрэгт үндэслэн Б.Болдбаатарт Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Боржигин овгийн Батболдын Болдбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Боржигин овгийн Батболдын Болдбаатарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овгийн Батболдын Болдбаатарыг 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Батболдын Болдбаатарыг арван таван мянган нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

мөн шийтгэх тогтоолд: “Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Болдбаатарын цагдан хоригдсон 104 хоногийг торгох ялын 1560 /нэг мянга таван зуун жар/ нэгжээр тооцож эдлэх ялаас 1560000 /нэг сая таван зуун жаран мянга/ төгрөгийг хассугай.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Болдбаатарт торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт өөрчлөлт тус тус оруулсугай.

4. Батболдын Болдбаатарыг нэн даруй сулласугай.

5. Ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Ш.Энхмаагийн “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ГАНСҮХ

                                                                                                Ц.ОЧ